| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 101/2016/06051/И |
| Дугаар | 210/МА2017/00374 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2017/00374
| 2017 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 210/МА2017/00374 |
Г.Баясмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01359 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Баясмаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Скайтел ХХК-д холбогдох
Ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн даатгалын санд хийсэн өөрчлөлтүүдийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,
Илүү авч байсан цалин хөлсний зөрүүд 24 063 087 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Баясмаа нь Скайтел ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудитор албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа очиход гүйцэтгэх захирал Д.Болорын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б-282 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаалыг танилцуулсан. Надад ямар мэдэгдэл өгөөгүй, мэдэгдэлд гарын үсэг зуруулаагүй. Ажилдаа ирэхэд ажлаас халах тушаал гарган танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.1, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан боловч ажил олгогч ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Иймд ажлаас халсан тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан.
Скайтел ХХК-иас миний нийгмийн даатгалын 2014 оноос хойш бичилтэд цалин хөлсийг бууруулсан байдлаар бичилт хийн нийгмийн даатгалын газарт хүсэлт гарган өөрчлөлт оруулжээ. Миний бие цалин хөлс авч байсан, хуульд заасны дагуу нийгмийн даатгалаа төлж байсан атал ажил олгогч шүүхэд хөдөлмөрийн маргаан гаргасан үндэслэлээр шүүхэд ирүүлж байсан тайлбарынхаа дагуу ажил тасалж байсан гэсэн үндэслэлээр нийгмийн даатгалд өөрчлөлт оруулж байгаа нь үндэслэлгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө бууруулах гэсэн оролдлого гэж үзэж байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй атлаа өөрсдийн үзэмжээр 2014 оноос хойш ажил тасалсан гэж үзэж цалин хөлсийг буруу олгож байсан мэтээр нийгмийн даатгалд хүсэлт гаргасан нь буруу юм. Нийгмийн даатгалд хийгдсэн өөрчлөлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Баясмаа нь нэхэмжлэлдээ ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан гэжээ. Үнэндээ ажиллах хугацаандаа байнга ажлаас хоцрох болон ажил таслах тохиолдол олон байсан. Тэр болгонд цалин хөлсийг нь бүтэн бодож өгдөг байсан. Түүнчлэн 2014 болон 2015 оны жилийн ажлын тайлангаа захирлуудын тайлангийн хуралд гаргаж танилцуулаагүй. Дотоод аудитын алба татан буугдах тухай орон тоо хасагдах болсон шийдвэр гарсныг 2016.04.01-ний өдөр гүйцэтгэх захирал Д.Болор би өрөөндөө дуудаж уулзаад ажлын байрны санал тавихад цаашид ажиллахгүй, харин тэтгэмж авах сонирхолтой байгаагаа илэрхийлж харилцан тохиролцсон. Үүний баталгаа өөрөө зөвшөөрөөд тойрох хуудсаа зуруулж дуусаад Санхүү бүртгэлийн албанаас Худалдаа хөгжлийн банкны 495032628 тоот дансаар тэтгэмж авсан. Мөн нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй байна гээд хүний нөөцийн мэргэжилтэй болон захирлын туслахаас холбогдох бичиг баримтыг авч явсан байдаг. Ингээд мэдэгдэх хуудсыг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 40 минутад гардан аваад гарын үсгээ зураагүй, 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 9 цаг 30 минутад захиргаа хүүний нөөцийн албаны захирлыг эзгүй хойгуур ширээн дээр нь мэдэгдэх хуудсыг тавьсан бөгөөд нэхэмжлэлдээ мэдэгдээгүй гэнэт нэг өдөр ажлаас халсан гэж худал хэлжээ. Гүйцэтгэх захирлын Б-282 тоот тушаал хуулийн дагуу гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д "...ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ" гэсэн байдаг. Ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой мэдэгдсэн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь "04 дүгээр сарын 08 өдөр мэдэгдлийг чинь ширээн дээр чинь орхисон шүү" гэж мессеж үлдээсэн байдаг. Мэдэгдэх хуудсыг 04 дүгээр сарын эхээр өгсөн гэдгийг бусад гэрчүүд хэлдэг, мөн тухайн үед Баясмаагаас явуулсан мессеж нотолдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах заалтыг хэрэглэх боломжгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг иш татдаг. Хуульд жирэмсэн бол халахыг хориглоно гэж заасан байдаг. Хуулийн зүйл заалтын нэг мөр ойлгож хэрэглэх ёстой бөгөөд энд халсан тухай яригдаж байна. Ажлаас халагдах тухай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан бөгөөд тушаалын үндэслэлд 131 дүгээр зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Баясмааг жирэмсэн болсныг мэдмэгцээ ажил олгогч, ажилтныг ажлаас халж байна. Жирэмсэн болсон учраас ажлаас халагдахгүй тулд энэ баталгаа орж ирсэн болохоос биш жирэмсэн болсон нь мэдэхгүй тохиолдолд хэрэглэгдэх боломжгүй. Түүнчлэн Баясмаа байгууллагадаа би жирэмсэн байсан шүү гэдгээ мэдэгдэж байсан талаарх баримт хэрэгт байхгүй. Ажлаас халах тушаал гарахаас буюу 04 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө жирэмсэн байсан шүү гэдгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Нийгмийн даатгалын дэвтэрт хувь этгээд өөрчлөлт оруулдаггүй. Нийгмийн даатгалын дэвтэрт зөвхөн Захиргааны байгууллага болон Нийгмийн даатгалын байгууллага өөрчлөлт оруулдаг. Хариуцагч этгээдэд хамааралгүй шаардлага гаргаж байна. "Скайтел" ХХК нийгмийн даатгалын дэвтэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Баясмаа нь 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай компанид ажилд орсон. Ажлын цаг ашиглалт сайжруулах тухай А-95 тоот тушаалыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан ба уг тушаалын 1.с-д хуруу уншуулаагүй бол ажил тасалснаар тооцох талаар заасан. Тус компанийн нийт ажилтнуудын цаг ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд Г.Баясмаа 2015.01.02-ны өдрөөс 2016.04.30-ны хооронд нийтдээ 2664 цаг ажиллах ёстой ч чөлөөтэй, ээлжийн амралттай, өвчтэй гэх шалтгаанаар бүрэн ажлаагүй ч нийтдээ 63 723 182 төгрөгийн цалин авсан бөгөөд дурдсан хугацаанд 1112 цаг ажилласан ч 2400 цаг ажилласнаар тооцуулан цалин авсан. Ажлаагүй цагийн цалинг буцаан төлүүлж, компанийг хохиролгүй болгох зорилгоор ажилтнуудын ажлын цаг ашиглалттай холбоотой гарсан зөрчлийг арилгах арга хэмжээг авах тухай А528 тоот тушаалыг 2016 оны 5 дугаар сарын 6-нд гаргаж Нийгмийн даатгал руу албан бичиг явуулсан ба түүний авах ёстой байсан цалин нь 36 370 522 төгрөг байх тул зохих өөрчлөлтийг Нийгмийн даатгалын мэдээллийн санд оруулсан. Иймд Г.Баясмаад илүү олгосон цалин болох 24 063 087 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжпэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ажиллах хугацаандаа дүрэм журмын дагуу цалин хөлсөө авч ажилласан, компанийн болон хувийн сургалтуудад ажил олгогчоос зөвшөөрөл авч сургалтад сууж байсан болно. Энэ хугацаанд надад ямар нэгэн зөрчил бүртгэлийн хуудас болон сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй. Хариуцагч эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа юм уу, ямар үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дах хэсэгт зааснаар 129.2 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргана гэж заасан. Хариуцагч хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан эсэх талаар баримт хэрэгт байхгүй. Г.Баясмааг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хяналт шалгалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэт заасныг баримтлан Г.Баясмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Скайтел ХХК-нд холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд хийсэн өөрчлөлтийг хүчингүйд тооцуулах, хариуцагч Скайтел ХХК-иас нэхэмжлэгч Г.Баясмаад холбогдох илүү цалин хөлс авч байсан 24,063,087 төгрөг гаргуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилсан төлсөн 278 265 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-273 дугаар тушаалаар ...дотоод аудитын ахлах аудиторын болон аудитын ажлын байр орон тоог тус тус хасжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэдэг нь тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр байхгүй болсныг ойлгоно. Скайтел ХХК-ийн гүйцэтгэлийн захирлын Б-282 дугаар тушаал нь ...хууль зөрчөөгүй байх тул тушаалыг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй болно" гэжээ. ...Нэхэмжлэгч Г.Баясмаад 45 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлээгүй, нөгөө талаар Дотоод аудитын алба татан буугдсан талаар Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын А-273 тоот тушаал, гэрч Учрал, Н.Тэгшжаргал нарын мэдүүлэг өгсөөр атал шүүх алба, хэлтэс татан буугдсаны улмаас бөөнөөр халагдсан эсэхэд дүгнэлт өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа эсэхийг авч үзээгүйгээр шууд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Г.Баясмаа нь жирэмсэн байсан талаарх нотлох баримтуудыг ирүүлсэн атал шүүх нотлох баримтыг үнэлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно" гэж заасан бөгөөд шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй байна.
Алба, хэлтсийг татан буулгасан тухай гүйцэтгэх захирлын А-273 тоот тушаалыг үнэлээгүй, гэрчүүдийн мэдүүлгээр Хүний нөөц, захиргааны албаны захирал Н.Тэгшжаргал болон Дотоод аудитын албаны аудитор Учрал нарын мэдүүлэгт алба, хэлтэс татан буугдсаны улмаас 2 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх баримтуудыг үнэлээгүй нь хэргийг тал бүрээс бодитой үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.Баясмаа нь хариуцагч Скайтел ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудитороор ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б-222 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн ба тушаалыг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гардан авч шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дээрх тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн байна.
Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б-222 дугаар тушаалаар Дотоод аудитын албаны ахлах аудиторын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Г.Баясмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ.
Ажил олгогч байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй хэдий ч уг тушаал, шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хассан нь бодитой байх ёстой бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн талаараа ажилтанд мөн хуулийн 40.5 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаас нэг сарын өмнө мэдэгдсэн байх ёстой.
Хариуцагч Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-273 дугаар тушаалаар тус компанийн Дотоод аудитын албыг Санхүү, бүртгэлийн албатай нэгтгэн, тус албаны чиг үүргийг Санхүү, бүртгэлийн албанд шилжүүлж, Дотоод аудитын албаны ахлах аудитор болон аудиторын ажлын байр орон тоог хасч шийдвэрлэсэн /хх-ийн 73/ байх бөгөөд энэ тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Г.Баясмаад 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр танилцуулсан боловч тэрээр гарын үсэг зурахаас татгалзсан /хх-ийн 173/ үйл баримт тогтоогдож байна.
Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Скайтел ХХК нь Г.Баясмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэг сарын өмнө бичгээр мэдэгдээгүй, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэл өгч, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах заасантай нийцээгүй байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгох тухай шийдвэрт заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан нэг сарын хугацааг тооцоход хамааралгүй болно.
Нөгөө талаар нэхэмжлэгч Г.Баясмаа нь хоёрдогч үргүйдэл оноштойгоор 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн эмчлүүлж 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шинжилгээгээр жирэмсэн болсон нь батлагдсан... гэж Өөжинмед ХХК-ийн эмэгтэйчүүдийн эмч Б.Цогзолмаагийн тодорхойлсон уг баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй зэргээс үзэхэд хариуцагч Скайтел ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Компанийн дүрэм, ТУЗ-ийн шийдвэр хэрэгт авагдаагүй боловч зохигчид эрх бүхий этгээд бүтэц, орон тооны асуудлыг шийдвэрлэсэн эсэх, Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Дотоод аудитын албыг Санхүү, бүртгэлийн албатай нэгтгэсэн нь Компанийн тухай хууль болон дүрэмд нийцсэн эсэх талаар тус тус маргаагүй болно.
Дээрх байдлаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, ажилтан жирэмсэн болохыг анхаараагүй зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5., 100 дугаар зүйлийн 100.1.-д заасан шаардлагыг зөрчсөн байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг талуудын хоорондын маргаанд ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Г.Баясмааг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэнээр сүүлийн 3 сарын цалингийн дундаж болох 2 950 969 төгрөгөөр тооцон ажилгүй байсан 7 сар 18 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 23 127 366 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Баясмаагийн нийгмийн даатгалын мэдээллийн санд хийгдсэн өөрчлөлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон нэхэмжлэгч Г.Баясмаагаас илүү авч байсан цалин хөлсний зөрүүд 24 063 087 төгрөг гаргуулах тухай Скайтел ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй байна.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэлд 70 200 төгрөг төлснийг буцаан олгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэж байгаа тул шүүхийн шийдвэрийн 3 дах заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01359 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Баясмааг Скайтел ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23 127 366 төгрөгийг хариуцагч Скайтел ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Баясмаад олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх нийгмийн даатгалын мэдээллийн санд хийгдсэн өөрчлөлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Баясмаагаас илүү авч байсан цалин хөлсний зөрүүд 24 063 087 төгрөг гаргуулах тухай Скайтел ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж гэж тус тус өөрчилж үлдээж гэсний дараа улсын тэмдэгтийн хураамжид 273 586 төгрөгийг хариуцагч Скайтел ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Н.БАТЗОРИГ