Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00605

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00605

 

 

 

Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02880 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Гандийд холбогдох

гэрээний үүрэгт 1 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан тайлбартаа: Скайтел ХХК нь иргэн Д.Гандийтай 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Скайтел үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах №14-4 тоот лангууг түрээслэхээр харилцан тохиролцож, 49 тоот Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээг байгуулсан. Тус гэрээг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай нэг сарын түрээсийн төлбөрийг 410 000 төгрөг байхаар тохиролцсон. Д.Гандийгийн ирц 50 хувиас дээш байсан бөгөөд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байсан учир хөнгөлөлт үзүүлж, 2015 оны 1-7 саруудын төлбөрийг 205 000, 2016 оноос 260 000 төгрөг болгон бууруулсан. Д.Гандий нь 2015 оны 8,9,11,12 болон 2016 оны 1-4 саруудын түрээсийн төлбөр болох 2 680 000 төгрөгийг төлөөгүй. Үүнээс 2015 оны 9,11,12 саруудад 205 000 төгрөгөөр тооцож, нийтдээ 615 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн бөгөөд Скайтел ХХК нь түрээсийн үлдэгдэлтэй байгаа түрээслэгч нарт гүйцэтгэх захирлын А-99 тоот тушаалаар 615 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсний дагуу 1 450 000 төгрөгийг төлөх үүргийг Д.Гандий хүлээсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр талуудын аль нэг нь гэрээний үндсэн хугацаа дуусахаас өмнө цуцлах санал гаргаагүй. Д.Гандий лангууг орхиж явсан, ингэснээр түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болохгүй. Гэрээний 10.3-т зааснаар түрээслэгч ямар нэгэн шалтгаан заахгүйгээр гэрээг дангаар цуцлах эрхтэй ба цуцлах тухай саналаа 1 сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл түрээслэгч нь нэг ч удаа бичгээр мэдэгдэл ирүүлээгүй. Д.Гандий нь гэрээгээ цуцлах саналаа бичгээр мэдэгдээгүй, өөрийн буруугаас түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах дэх хэсэгт заасныг үндэслэн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт заасан Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэсний дагуу хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Түрээслэгчийн түрээсийн төлбөр төлсөн баримтуудыг бид хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны 8-12 дугаар сарын түрээсийн төлбөр 410 000 төгрөг байсан бөгөөд бид энэ хугацаанд түрээсийн төлбөрийг хөнгөлөөгүй. Учир нь ирц нь 50 хувьдаа хүрээгүй учир хөнгөлөх боломжгүй. Өмнөх саруудын хувьд бид түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн. Гэтэл 2015 оны 8-12 саруудад сар бүрийн түрээсийн төлбөр болох 410 000 төгрөгөөс сар бүр 205 000 төгрөгөөр тооцон тушаасан. Тиймээс хариуцагчаас 2015 оны 8-12, 2016 оны 1-4 дүгээр саруудын төлбөр болох 1 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 10 дугаар сард Тэди төвтэй холбогдсон шинэ салбар нээгдэж байгаа талаар мэдээд Скайтел ХХК-ийн менежертэй уулзан түрээсийн гэрээ байгуулсан. Үйл ажиллагаагаа явуулж байтал Тэди төвтэй холбогдсон хүзүүвчийг хааснаар түрээслэгч нарын ашиг орлого эрс муудсан боловч түрээслэгчид түрээсийн төлбөрийг сар бүр төлж байсан. Д.Гандий нь түрээслэгч нарын хамт 2015 оны 12 дугаар сард гэрээгээ цуцлахаар очиход нь Скайтел ХХК-ийн зүгээс та нар хүлээж бай, удахгүй Тэди төвтэй холбогдсон хүзүүвч нээгдэнэ гэсэн. Энэ гэрээг харахад Иргэний хуулийн 52 дугаар зүйлд заасан төөрөгдүүлж хийсэн хэлцэл юм. Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4-т зааснаар тохиролцооны хэлцлийг түрээслэгч нартай байгуулсан.Тохиролцооны зүйл байсан хэлцлийн талаар төөрөгдсөн, нөгөө талаас харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч зарчмын хувьд түрээсийн гэрээ нь хоёр талын тэгш эрхийн хүрээнд хийгдэх ёстой байхад хэт нэг талыг барьсан, түрээслэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн. Гэрээний 6.2, 6.2.1, 2 дугаар заалтуудад зааснаар түрээслэгч тал үүргээ биелүүлсэн гэтэл түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэрээний 6.3, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дах хэсэгт заасан эдлэх эрхээр түрээслэгч нарыг хангаагүй. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 12 дугаар сар хүртэл, 2016 оны 4 дүгээр сар хүртэл гэж тодорхойлсон ч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн кассын орлогын баримт 2015 оны 8 дугаар сарын төлбөр 205 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, 2015 оны 10 дугаар сард 9,10 дугаар сарын түрээсийн төлбөр 410 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн төлбөр 205 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 205 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 205 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр мөн адил 205 000 төгрөгийг төлсөн. Хэрэв 2 давхрын хаалгыг нээхгүй гэсэн бол бид аль эрт гэрээгээ цуцлах байсан ямар ч ашиггүй байсан ч төлбөрийг өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 292 дугаар зүйлийн 292.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Гандийгаас 1 245 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 205 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчаас хариуцан төлөх хураамжид 34 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярсүх давж заалдах гомдолдоо: 2014 оны 10 дугаар сард Тэди төвтэй холбогдон шинэ салбар нээгдэж байгаа талаар мэдээд Скайтел ХХК-ийн менежертэй уулзан түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл Тэди төвтэй холбогдсон хүзүүвчийг хааснаар түрээслэгч нарын ашиг орлого эрс муудаж, ашиг орлогогүй байсан ч түрээслэгч төлбөрийг цаг хугацаанд нь cap бүр төлж байсан. Д.Гандий нь түрээслэгч нарын хамт 2015 оны 12 дугаар сард гэрээгээ цуцлахаар очиход нь Скайтел ХХК-ийн зүгээс та нар хүлээж бай, удахгүй Тэди төвтэй холбогдсон хүзүүвч нээгдэх учир түрээсийн төлбөрөө төл гэсний дагуу төлсөөр байсан. Гэтэл анхан шатны шүүх төлсөн баримтууд болох нотлох баримтыг хангалттай үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэн бидэнд итгэл үнэмшил төрүүлж, ашиг орлого сайн олох юм байна гэж бодон гэрээг байгуулсан нь биднийг төөрөгдүүлэн хийсэн гэрээ гэж үзэхээр байна.

Мөн түрээслэгч Скайтел ХХК нь тус гэрээний 6.3-д заасан эрх эдлэх боломжоор хангуулаагүй, өөрсдөө гэрээний үүргээ зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дах хэсэгт заасан эдлэх зрхээр хангаагүй гэж үзэж байна. Бид түрээсийн төлбөрийг тавьсан шаардлагын дагуу Скайтел ХХК-ийн дансанд тушааж, түрээсийн төлбөрийг cap бүрд нь төлж байхад өмнөх саруудад суутгана гэх нэрийдлээр үйл ажиллагаа явуулсан гэж ирц гэх хангалттай баримт болохооргүй өөрсдийн хийсэн хуудсаар суусан мэт нотолж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрзв 2 давхрын хаалгыг нээхгүй гэсэн бол бид аль эрт гэрээгээ цуцлах байсан. Гэтэл гэрээнд энэ талаар ороогүй дурдаагүй гэж анхан шатны шүүх үзсэнийг эсэргүүцэж байна. Шүүх хуралд гэрчээр оролцсон н.Наранбаатар гэрчилж байхад шүүх гэрээнд зөвхөн тусгаагүй мэт үзэж шийдвэр гаргасан.

Д.Гандийгийн ирцийн хувь нь 50 -аас дээш байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан ирцийн мэдээллийн эх сурвалж нь баттай үндэслэл болохооргүй баримт байсан, бичгийн нотлох баримтад үнэлэгдэхүйц ирцийн мэдээлэл гэж үзэхгүй. Учир нь Скайтел ХХК нь ирцийн мэдээлэл гээд л тоон үсгээр тэмдэглэгээ хийж хавтаст хэрэгт хавсаргасан нь үндэслэлгүй. Бид ямар ч орлого байхгүй лангуу түрээслээд л өдөр болгон суухгүй, суугаагүй байсныг гэрчүүд нотлоно. Гэтэл удаа дараа Скайтел ХХК-аас асууж хэзээ тэр хаалгыг нээх бол гэж хүлээж сууж ашиг орлогогүй лангуу түрээсэлсээр л байсан. Бид анхнаасаа Тедитэй холбогдох бүдүүвчийг үзүүлээгүй хаалгыг онгойхгүй гэсэн бол бид ашиг орлого байхгүй лангуу түрээслэхгүй байсан. Гэтэл орлого олно, удахгүй нээнэ гээд хэлж биднийг төөрөгдүүлчихээд одоо үүргээ хүлээ гэж түрээсийн төлбөрийг нэхэж байна. Мөн түрээсийн гэрээ нь түрээслэгчийн эрхийг дордуулсан гэрээ юм. Учир нь гэрээ нь тэгш эрхийн зарчимтай харилцан хүлээх үүрэг эрх тэгш байх ёстой байтал томоохон компанийн нэрийдлээр хууль мэдэхгүй иргэдэд ингэж гэрээ байгуулах нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан 1 245 000 төгрөгийг Д.Гандийгаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөхгүй байна. Хангалттай бичгийн нотлох баримтыг үнэлээгүй, үндэслэл болохгүй ирцийн мэдээллийг шүүх өөрийн үнэлэмжээр дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд дахин хянан шалгаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, зарим нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Д.Гандийд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1 450 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Скайтел ХХК болон Д.Гандий нар нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Скайтел үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах №14-4 тоот лангууг түрээслэхээр харилцан тохиролцож, 049 тоот Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээг байгуулсан ба Скайтел ХХК нь уг лангууг Д.Гандийд хүлээлгэн өгснөөр үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдсон. /хх-6-9, 20/

Хариуцагч Д.Гандий нь нэхэмжлэгчээс шилжүүлэн өгсөн хөрөнгө болох лангууг өөрийн худалдаа эрхлэх үйл ажиллагаанд зориулан ашиглаж байсан учраас талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг бүхий түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.

Талууд дээрх гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээний чөлөөт байдлын дагуу хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр үйлдэж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

Хариуцагчийг төөрөгдлийн үндсэн дээр хэлцэл хийсэн, түүнийг төөрөгдсөн гэж үзэх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3 дах хэсэгт заасан нөхцөл тогтоогдоогүй тул энэ талаарх тайлбар гомдол үндэслэлгүй юм. Учир нь гэрээ байгуулах үед маргааны зүйл болж буй хаалга нээлттэй байгаагүй, уг нөхцөл байдалтай холбоотойгоор түрээсийн төлбөрийн үнийг өөрчлөх талаар нэхэмжлэгч байгууллага шийдвэр гаргасан байсан хугацаанд хариуцагч нь түрээсийн зүйлийг үргэжлүүлэн ашиглассаар байсан байна.

Шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргажээ.

Түрээсийн гэрээний 1.2, 4.2-т талууд Скайтел ХХК-ийн Скайтел-Тэди үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах лангууг худалдаа эрхлэх зориулалтаар түрээслэх талаар тохиролцсон байх тул түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Хариуцагчийн тайлбарт дурдаж буй Тэди төвтэй холбогдсон 2 давхрын хэсгийн орц, гарц хаагдсан нь ашиглалтын хэмжээг бууруулсан гэх тайлбар нь нэхэмжлэгч байгууллага ашиглалт буурсантай холбоотойгоор өөрөө албан ёсоор шийдвэр гарган, түрээсийн төлбөрийн үнийг тодорхой хувиар бууруулсан тухай баримтаар нотлогдсон. Мөн нэхэмжлэгчийн зүгээс түрээслэгч нарын 8 дугаар сарын төлбөрийг хөнгөлсөн атлаа гэрээндээ тодорхой дурдан тохиролцоогүй нөхцөл болох ирцтэй холбон, хариуцагчид хамаарах төлбөрийг бууруулахгүй байхаар өөртөө эрх олгосон нь гэрээний эрх чөлөөний зарчимд нийцээгүй. Түрээсийн төлбөр төлөх үүрэгт хөнгөлөлт үзүүлж байсан нөхцөл байдлаас үзвэл түрээсийн зүйлийн ашиглалтын хэмжээ буурсан гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний 1.2, 4.2-т ...Скайтел-ТЕДИ үйлчилгээний төвийн... гэж лангууны байршлыг зааснаас үзэхэд Теди төв рүү орох гарц байх нь ашиглалтад нөлөөлөх хүчин зүйл гэж үзэхээр байна. Ийм учраас Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.5 дах хэсэгт зааснаар хариуцагч нь ашиглалт буурсан гэх үндэслэлээр түрээсийн анх тохирсон 410 000 төгрөгийг 50 хувиар бууруулсан үнээр төлөхөөр шаардлага гаргах эрхтэй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид түрээсийн төлбөр төлж байсан баримт, нэхэмжлэгч байгууллагын тушаалууд, зохигчдын тайлбар зэрэг баримтаар ашиглалт буурсан хэмжээгээр хөлсийг бууруулах тухай хариуцагчийн татгалзал нотлогдож байна. /хх-14-17,57-59,63,67, 69,71/

Хариуцагч өөрөө түрээсэлсэн эд зүйлээ ашиглаагүй байх, тухайн өдөр ирээгүй байх явдлыг харгалзан ашиглалт буурсан, үүнтэй холбоотой хөнгөлөлт үзүүлэхгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн талууд 2016 оны 01,02 дугаар сарын түрээсийн төлбөр төлсөн эсэхэд маргасан. Хэргийн 71 дүгээр талд Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер гэх хуулбар үнэн дардастай бичгийн баримт авагдсан ба үүгээр 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн төлбөр 205 000 төгрөгийг төлсөн гэж хариуцагч тайлбарласан. Үүнийг нэхэмжлэгч нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй болно. Тэрээр уг баримтад засвар хийсэн талаар тайлбарлах боловч энгийн байдлаар хараад мэдэх боломжгүй юм. Нотлох баримтад заасан бичвэрийг засвар хийсэн, үнэн зөв эсэхийг шалгуулах шаардлагатай тохиолдолд хэргийн оролцогч анхан шатны шүүхэд шүүх хуралдаан эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу хүсэлтээ гаргах эрхтэй боловч гаргаагүй байна. Ийм учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлж 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлбөр төлөгдсөн гэж үзэв.

Харин хэргийн 74 дүгээр талд авагдсан 2016 оны 02 дугаар сарын 25/26/-ны өдрийн гэх 205 000 төгрөг төлсөн талаарх Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн орлогын ордерын баримтын урд хэсэг нь уншигдахгүй байх тул уг баримтыг хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

Эдгээрээс дүгнэхэд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш гэрээ цуцлах хүртэл хугацааны 3 сарын төлбөрийг төлсөн талаарх баримт хэрэгт байхгүй./хх-13/ Энэ хугацааны төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй тул түүнээс 3 сарын хугацааны түрээсийн төлбөр 835 000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний болон хариуцагчийн үүргийг тодорхойлсон дүнд өөрчлөлт оруулан, залруулах боломжтой байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02880 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 287 дугаар зүйлийн 287.1 гэснийг 318 дугаар зүйлийн 318.1 гэж 1 245 000 гэснийг 835 000 гэж, 205 000 гэснийг 615 000 гэж, 2 дах заалтын эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар гэж нэмж, 34 430 гэснийг 24 590 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 21 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Б.НАРМАНДАХ