Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01000

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02880 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 605 дугаар магадлалтай

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Г-д холбогдох

Гэрээний үүрэгт 1 450 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С” ХХК нь иргэн Д.Г-тай 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “С” үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах №14-4 тоот лангууг түрээслэхээр харилцан тохиролцож, 49 тоот Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээг байгуулсан. Тус гэрээг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай нэг сарын түрээсийн төлбөрийг 410 000 төгрөг байхаар тохиролцсон. Д.Г-гийн ирц 50 хувиас дээш байсан бөгөөд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байсан учир хөнгөлөлт үзүүлж, 2015 оны 1-7 саруудын төлбөрийг 205 000, 2016 оноос 260 000 төгрөг болгон бууруулсан. Д.Г- нь 2015 оны 8,9,11,12 болон 2016 оны 1-4 саруудын түрээсийн төлбөр болох 2 680 000 төгрөгийг төлөөгүй. Үүнээс 2015 оны 9,11,12 саруудад 205 000 төгрөгөөр тооцож, нийтдээ 615 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн бөгөөд “С” ХХК нь түрээсийн үлдэгдэлтэй байгаа түрээслэгч нарт гүйцэтгэх захирлын А-99 тоот тушаалаар 615 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсний дагуу 1 450 000 төгрөгийг төлөх үүргийг Д.Г- хүлээсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр талуудын аль нэг нь гэрээний үндсэн хугацаа дуусахаас өмнө цуцлах санал гаргаагүй. Д.Г- лангууг орхиж явсан, ингэснээр түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болохгүй. Гэрээний 10.3-т зааснаар түрээслэгч ямар нэгэн шалтгаан заахгүйгээр гэрээг дангаар цуцлах эрхтэй ба цуцлах тухай саналаа 1 сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл түрээслэгч нь нэг ч удаа бичгээр мэдэгдэл ирүүлээгүй. Д.Г- нь гэрээгээ цуцлах саналаа бичгээр мэдэгдээгүй, өөрийн буруугаас түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь дэх хэсэгт заасныг үндэслэн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт заасан Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэсний дагуу хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Түрээслэгчийн түрээсийн төлбөр төлсөн баримтуудыг бид хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны 8-12 дугаар сарын түрээсийн төлбөр 410 000 төгрөг байсан бөгөөд бид энэ хугацаанд түрээсийн төлбөрийг хөнгөлөөгүй. Учир нь ирц нь 50 хувьдаа хүрээгүй учир хөнгөлөх боломжгүй. Өмнөх саруудын хувьд бид түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн. Гэтэл 2015 оны 8-12 саруудад сар бүрийн түрээсийн төлбөр болох 410 000 төгрөгөөс сар бүр 205 000 төгрөгөөр тооцон тушаасан. Тиймээс хариуцагчаас 2015 оны 8-12, 2016 оны 1-4 дүгээр саруудын төлбөр болох 1 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 10 дугаар сард Тэди төвтэй холбогдсон шинэ салбар нээгдэж байгаа талаар мэдээд “С” ХХК-ийн менежертэй уулзан түрээсийн гэрээ байгуулсан. Үйл ажиллагаагаа явуулж байтал Тэди төвтэй холбогдсон хүзүүвчийг хааснаар түрээслэгч нарын ашиг орлого эрс муудсан боловч түрээслэгчид түрээсийн төлбөрийг сар бүр төлж байсан. Д.Г- нь түрээслэгч нарын хамт 2015 оны 12 дугаар сард гэрээгээ цуцлахаар очиход нь “С” ХХК-ийн зүгээс та нар хүлээж бай, удахгүй Тэди төвтэй холбогдсон хүзүүвч нээгдэнэ гэсэн. Энэ гэрээг харахад Иргэний хуулийн 52 дугаар зүйлд заасан төөрөгдүүлж хийсэн хэлцэл юм. Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4-т зааснаар тохиролцооны хэлцлийг түрээслэгч нартай байгуулсан. Тохиролцооны зүйл байсан хэлцлийн талаар төөрөгдсөн, нөгөө талаас харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч зарчмын хувьд түрээсийн гэрээ нь хоёр талын тэгш эрхийн хүрээнд хийгдэх ёстой байхад хэт нэг талыг барьсан, түрээслэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн. Гэрээний 6.2, 6.2.1, 2 дугаар заалтуудад зааснаар түрээслэгч тал үүргээ биелүүлсэн гэтэл түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэрээний 6.3, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дахь хэсэгт заасан эдлэх эрхээр түрээслэгч нарыг хангаагүй. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 12 дугаар сар хүртэл, 2016 оны 4 дүгээр сар хүртэл гэж тодорхойлсон ч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн кассын орлогын баримт 2015 оны 8 дугаар сарын төлбөр 205 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, 2015 оны 10 дугаар сард 9,10 дугаар сарын түрээсийн төлбөр 410 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн төлбөр 205 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 205 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 205 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр мөн адил 205 000 төгрөгийг төлсөн. Хэрэв 2 давхрын хаалгыг нээхгүй гэсэн бол бид аль эрт гэрээгээ цуцлах байсан ямар ч ашиггүй байсан ч төлбөрийг өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02880 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 292 дугаар зүйлийн 292.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-гаас 1 245 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 205 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчаас хариуцан төлөх хураамжид 34 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 605 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02880 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “287 дугаар зүйлийн 287.1” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1” гэж “1 245 000” гэснийг “835 000” гэж, “205 000” гэснийг “615 000” гэж, 2 дахь заалтын эхэнд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар” гэж нэмж, “34 430” гэснийг “24 590” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 21 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 605 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс “Тэди төвтэй холбогдсон 2 давхрын хэсгийн орц, гарц хаагдсанаар ашиглалтын хэмжээг бууруулсан гэх тайлбар нь нэхэмжлэгч байгууллага ашиглалт буурсантай холбоотойгоор өөрөө албан ёсоор шийдвэр гарган, түрээсийн төлбөрийн унийг тодорхой хувиар бууруулсан тухай баримтаар нотлогдсон”

“С” ХХК болон Д.Г- нар нь 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 049 дүгээр “Гар утасны худалдаа эрхлэх, лангуу ашиглах түрээсийн гэрээ”-гээр лангууны сарын төлбөрийг 410 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ямар баримтыг үндэслэж “Түрээсийн төлбөр төлөх үүрэгт хөнгөлөлт үзүүлж байсан нөхцөл байдал нь түрээсийн зүйлийн ашиглалтын хэмжээ буурсан “С” үйлчилгээний төвөөс Тэди төвтэй холбогдсон 2 давхрын хаалга хаагдсан нөхцөл байдал нь түрээсийн зүйлийн ашиглалтын хэмжээг бууруулсан” гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Учир нь “С” ХХК-иас түрээслэгчид бүрэн эзэмшиж, ашиглах боломжтой лангууг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл ““С” үйлчилгээний төв” нь дээрх дамждаг хаалга хаагдсан болон хаагдаагүйгээс үл хамааран үндсэн хойшоо харсан хаалгатай /дагавар баруун тийшээ харсан хаалгатай/ тул үйлчлүүлэгч, түрээслэгч, албан хаагчид тус хаалгаар бүрэн нэвтэрч орж үйлчлүүлэх боломжтой байтал дамждаг хаалга хаагдсан нөхцөл байдлыг түрээсийн зүйлийн ашиглалтыг бууруулсан гэж үзэж хариуцагчид хөнгөлөлттэй үнээр түрээсийн төлбөрийг төлөх эрхийг олгож байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн дээрх дамждаг хүзүүвчний хаалга нь “С” ХХК-иас шалтгаалахгүйгээр хаагдсан. Учир нь “С” ХХК нь тус үйлчилгээний төвийг “Тахько” ХХК-иас түрээсэлдэг бөгөөд 2016 онд дээрх хүзүүвчийн хаалгыг “Тахько” ХХК-ийн зүгээс 2014 оны 10 сарын 10-ны өдөр түрээслэгч Д.Г-тай гэрээ байгуулахаас өмнө хаасан байдаг. “С” ХХК-иас “Тахько” ХХК-д холбогдуулан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож /хаалгыг нээж/, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд гуравдагч этгээд “Мобиком корпораци” ХХК нь “хүзүүвчний хаалгыг байнга нээлттэй байлгаснаар манай компанийн бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдахаас гадна, барилгад гар утасны худалдаа эрхлэгч түрээслэгч нарын болон Мобикомын бараа материал, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй галын аюултай нөхцөл байдал үүсэж ихээхэн хэмжээний эрсдэл үүснэ”, гуравдагч этгээд “Ньюком проперти” ХХК-ийн зүгээс “дээрх нэхэмжлэл нь МА-2 барилгын 2-4 давхрыг түрээсэлж буй Ньюком проперти ХХК-ийн 2 давхрын МА-1 барилгатай холбогдсон буюу тусгаарласан ханатай байх эрхийг зөрчиж байна” хэмээн маргадаг бөгөөд энэхүү маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Иймээс “С” ХХК тухайн хүзүүвчний хаалгыг хаагаад түрээслэгч нарынхаа эрх ашгийг зөрчиж, ашиг орлогыг бууруулж, эзэмшиж ашиглах боломжгүй лангуу шилжүүлсэн үйлдэл огт байхгүй төдийгүй ашиг орлого муу, сайн байх нь түрээслүүлэгчийн хүлээх үүрэг биш ба ашиг орлого муу байна гэж үзсэн тохиолдолд гэрээг цуцлах бүрэн эрх нь түрээслэгчид байсан болно.

Иймд шүүхээс “С” ХХК-иас ашиглалтыг бууруулсан гэж дүгнэн “С” ХХК хөнгөлөлт үзүүлэхгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгчээс түрээслэгчид түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, үзүүлэхгүй байх нь түрээслүүлэгчийн эрхийн асуудал байтал хөнгөлөлттэй үнээр түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байна гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс “... нэхэмжлэгчийн зүгээс түрээслэгч нарын 8 дугаар сарын төлбөрийг хөнгөлсөн атлаа гэрээндээ тодорхой дурдан тохиролцоогүй нөхцөл болох ирцтэй холбон, хариуцагчид хамаарах төлбөрийг бууруулахгүй байхаар өөртөө эрх олгосон нь гэрээний эрх чөлөөний зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй... иймээс ... хариуцагч нь ашиглалт буурсан гэх үндэслэлээр түрээсийн анх тохирсон 410 000 төгрөгийг 50 хувиар бууруулсан үнээр төлөхөөр шаардлага гаргах эрхтэй хэмээн дүгнэсэн байна. Гэтэл талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу түрээсийн төлбөрийг сарын 410 000 төгрөг байхаар тохирсон ба түрээслэгч харилцан тохиролцсон төлбөрийг төлөх ёстой байтал шүүхээс “төлбөрийг бууруулсан үнээр шаардах эрх үүссэн, үндсэн үнээр нэхэмжлэх эрхгүй энэ нь гэрээний чөлөөт байдлын зарчимд иийцээгүй” гэж хуулийг эсрэгээр нь тайлбарласан байдаг.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 605 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №049 дугаартай “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээслэх гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээгээр Д.Г- нь “С” үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах №14-4 тоот лангууг нэг жилийн хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрт сард 410 000 төгрөг төлөхөөр, “С” ХХК нь лангууг зориулалтын дагуу эзэмшүүлж, ашиглуулахаар харилцан тохиролцсон, 2016 оноос сарын түрээсийн төлбөрийг 260 000 төгрөг болгон бууруулсан байна.

Нэхэмжлэгч 2015 оны 8-12 сарын үлдэгдэл төлбөр 410 000 төгрөг, 2016 оны 1-4 дүгээр сарын түрээсийн төлбөр 1 040 000 төгрөг,  нийт 1 450 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч эс зөвшөөрч, худалдааны төвийн хоёр давхарт байрлах “Тэди” төвтэй холбоотой хаалгыг удахгүй нээнэ гэж худлаа хэлснээс гэрээ байгуулсан, хаалга нээгдэхгүй байсаар орлого багасч, улмаар түрээсийн төлбөр төлж чадахгүйд хүрсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Гэрээний хугацаа дууссан боловч талууд үргэлжлүүлэн ажиллаж байсан тул гэрээг анх байгуулсан хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгасанд тооцсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх заалтад нийцсэн байна.

Тус худалдааны төвийн “Тэди” төвтэй холбоотой хаалга хаагдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь тодорхой хугацааны түрээсийн төлбөрийг 50%-иар багасгаж, бууруулж чөлөөлж байсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 1 245 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг буруу тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн  гэж тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1. дэх заалтад нийцжээ.

Харин түрээсийн төлбөрийн тооцоог дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргаснаас зөрүүтэй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч нь түрээсийн үлдэгдэл төлбөрт 1 450 000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан баримтаар 410 000 төгрөг төлсөн нь тогтоогдсон байх тул үлдэгдэл 1 040 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 605 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02880 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар хариуцагч Д.Г-гаас 1 040 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 410 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...34 430 төгрөг...” гэснийг “...29 510 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД