| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/00069/И |
| Дугаар | 192/ШШ2025/07302 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/07302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, м ургийн овогтой ц Э/РД: /,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, тоотод хаягт байрлах “Х ш” ХХК /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, тоот хаягт оршин суух хаягтай, Боржигон ургийн овогтой Х С /РД:/-д холбогдох,
3,330,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн,
9,057,827 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ц.Э, “Х ш” ХХК нь хариуцагч Х.Сд холбогдуулан 3,330,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Х ш ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тархи, мэдрэлийн Бхувийн эмнэлгийг ажиллуулдаг, Ц.Энь тус эмнэлгийн захирал юм. Тус эмнэлэг нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай М-1 блокийн 9 давхарт байрлах нийт 416.37 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг эмнэлгийн зориулалтаар ашиглах үүднээс тус барилгын халаалт, халуун хүйтэн усан хангамж, бохир ус зайлуулах систем, сантехникийн холболтууд, цахилгаан шугам сүлжээ, дохиолол холбоо, шилэн кабель, интернэт, гал команд болон бусад техникийн зураг төсөл боловсруулах, дотоод засал, интерьерийг хийлгэх шаардлагатай болсон.
Ингээд хариуцагч Х.Стай Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээг нэг талаас захиалагч Х ш ХХК, гүйцэтгэгч Х.С нар 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1 сарын хугацаатай байгуулсан ба компанийг төлөөлж үүсгэн байгуулагч Ц.Эгарын үсэг зурсан.
Захиалагчийн зүгээс гэрээний үүргийнхээ дагуу урьдчилгаа төлбөрт 2,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Мөн хариуцагч Х.Сгийн хүсэлтийн дагуу түүнийг манай Бхувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилсэн. Уг зардал 830,000 төгрөг /эмчийн үзлэг 30,000 төгрөг, ор хоногийн төлбөр 800,000 төгрөг/ болсон бөгөөд төлбөрийг зураг төслийн ажлын хөлсөнд тооцсон.
Гэвч өнөөдрийг хүртэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж хийгээгүй, ажлаа шаардахаар утсаа авдаггүй, мессеж бичихээр хариу өгдөггүй. Маш удаан хугацаанд шаардан байж ирүүлсэн зураг нь техникийн ямар ч шаардлага хангадаггүй. Ирүүлсэн зургийг нь үзүүлэхээр халаалт, цэвэр бохир ус, цахилгаан, агааржуулалт, холбоо дохиолол, галын зураг байхгүй. 00-ийн өрөөнүүдийг нар тусдаг ашигтай байрлал болох цонхон талд нь гаргаж байрлуулсан бохир зайлуулах системд холбох ямар ч боломжгүй, өрөөнүүдийн тойм зураг хийж өгөөд холбоо барихаа больж зугтаасан.
Гэрээний хугацаа дууссанаас хойш 9 сар гаран болж байхад гэрээний үүргээ биелүүлэхгүй байх учир бид гэрээг цуцалж, урьдчилгаанд мөнгөөр төлсөн 2,500,000 төгрөг, мөн гэрээний төлбөрт тооцсон буюу эмнэлэгт түүний хэвтэн эмчлүүлсэн 10 хоногийн төлбөр 830,000 төгрөг нийт 3,330,000 төгрөгийг Х.Сгаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Х.С хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Энь төдийгөөс өдий хүртэл намайг ашиглах гэж л эмнэлэг дээрээ байн байн дуудсан. Юм хийгээд өгөөч гээд өдөр шөнөгүй шаардан гуйна. Шаардсан хойноо намайг эмчилгээ хийлгээд зугтаасан болгосон. Хэрэв намайг оргон зугтаасан гэж байгаа бол тухайн үед нь гэрт ирээд цагдаа сэргийлэх гээд явахгүй яасан юм. Би энэ хаягтаа сүүлийн 7 жил амьдарч байна.
Одоо бол цэвэр гүтгэн мушгин гуйвуулж, гутаах, залхаах байдлаар удаа дараалан ийм ажиллагаа явуулж байна гэж бодож байна. Энэ мэтчилэнгийн ажилгүй явган хэрүүлтэй хүмүүс миний өвчнөөр далимдуулж, гүтгэн доромжиллоо гэж би дахин шүүхдэнэ.
Хэрэв ямар нэгэн байдлаар гүтгэн доромжилж, шүүхэд байн байн дуудагдаж, миний үнэтэй цаг хором бүрийг бусниулж, шинжилгээ, эмчилгээг минь тасалдуулсан энэ мэт байдал удаан үргэлжилбэл мөн бусад дайралтын хувьд манай ар гэрийнхэн бүгд мэдэж байгаа тул би цаашид ямар нэгэн юм тохиолдвол амь насны өр нэхнэ.
Эдгээр хүмүүсийн сүүлийн тайлбараас харахад интерьерийн зураг төсөл гэдэгт юу багтаж, юу хийдгийг огт мэддэггүй гэдэг нь харагдаж байна. Надаас цоо шинэ барилгын зураг нэхэж байгаа нь гэрээг ч зөрчсөн хэрэг болж байна. Мөн ахин сануулан хэлэхэд интерьер дизайны ажлын зурагт дараах зургийн жагсаалт багтдаг болно. Үүнд: Байгуулалт, нураах ханын байгуулалт, шинээр хийгдэх ханын байгуулалт, технологийн байгуулалт, шалны байгуулалт, таазны байгуулалт, гэрэлтүүлгийн байгуулалт, разетканы байгуулалт, унтраалгын байгуулалт, худалдаж авах тавилгын тэмдэглэгээ, ханын дэлгээс тэмдэглэгээ, ханын дэлгээс, захиалгаар хийгдэх тавилгын тэмдэглэгээ, тавилгын байгуулалт гэсэн зургийн бүрдлээр бий болдог.
Энэ ажлуудын дарааллаар зохих зураг төслүүд гараад явж байхад дахин эхнээс өөрчлүүлэхийг шаардсан, энэ бол зураг төслийн ажлын явцад гардаг хамгийн ноцтой хүндрэл бэрхшээл. Ажлыг дахин дахин өөрсдийнх нь хүсэлтийн дагуу засварлах нь уг ажлыг хэд дахин шинээр хийхтэй тэнцэх тийм цаг хугацааг зарцуулдаг. Гэтэл энэ тал дээр харилцан ойлголцоогүй болно. Энэ нь тухайн захиалагчийн зураг төсөл интерьерийн ажлын талаарх оюуны ачаалал болон мэргэжлийн онцлогийг огт мэддэггүй бас үнэлдэггүйтэй холбоотой гэж үзэж байна.
Ямар ч төлөвлөсөн ажил өгсөн захиалсан даалгаврын дагуу хийгдээд, түүнийг өгөхөд оршдог. Гэтэл энэ үйл ажиллагааны процесс шууд зөрчигдсөн. Зүй нь захиалагчийн зүгээс тухайн эмнэлгийн интерьер дизайныг ямар нэгэн засваргүйгээр маш сайн төлөвлөөд зургийг хийлгэх захиалгыг өгөх ёстой. Ямар ч байгууллагын интерьер дизайн ингэж явдаг зарчимтай. Дээрх зураг төслийг хийхэд, бий болгоход план төлөвлөлт, төлөвлөлтийн дагуу нийт босголт, рендер зураг хийгдэхэд программ хангамж, түүнийг хангах хэрэгслүүд, альбом катологи, үндсэн хөрөнгийн элэгдэл, цагийн үнэлгээ, байрны ашиглалт болон бусад зүйлс мөн 30 моделиуд гэх мэт үнэлэгдэх зүйлүүд орж байгааг тайлбарлах нь зүйн хэрэг байх. Миний ажил мэргэжлийг гутаан доромжилж, хийсэн ажлыг минь хийгээгүй мэт гүтгэн, гутаасан, өөрийн энэ салбарт 12 жил хүчин зүтгэсэн хөдөлмөрийг минь үл хүндэтгэж байгаа тул салбарынхаа өмнөөс өөрсдийн хөдөлмөрийг зөв зохистой үнэлүүлж байх үүднээс, Ц.Ээмч мэтийн захиалагч нарыг хүний хөдөлмөр, ажил мэргэжлийг үнэгүйдүүлж, хүн ашигладаг байдлын эсрэг хатуу зогсож гомдлоо барагдуулмаар байна.
Тухайн үед 10 хоногт хажууд нь байхад план төлөвлөлт баталчихсан, рендер зураг руу орчихсон ажлын 50-иас илүү хувь явчихсан эмнэлгээс гарч байхад ахин дахин эмч болон найзуудаасаа асуулаа, ингэмээр байна тэгмээр байна гэсэн өөрчлөлтүүдийг оруулан ажлыг удаашруулсан. Ажил зарчмын дагуу явагдсаныг мэйл болон чатын хэсгүүд батална. 2 хүн хоорондоо тохиролцон ажлаа явуулж байгаа тохиолдолд хурлын тэмдэглэл хөтлөхгүй. Мөн захиалагчийн өгсөн даалгаврын дагуу интерьерийн зураг төсөл боловсруулагддаг. Хавсралтаар захиалагчийн өөрийнх нь гараар сараачсан болон надад хэвлэн өгсөн даалгаврын ахин оруулав. Миний бие цаашид эмчилгээ болон хяналтад байнга байх бөгөөд хотод суурин байх боломжгүй тул үнэн зөв шударгаар шүүн асуудлыг минь даруй шийдэж өгнө үү” гэж маргажээ.
3. Хариуцагч Х.Сгаас нэхэмжлэгч Ц.Эт холбогдуулан 9,057,827 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие Х.С нь “Г п” ХХК-д захирлын алба хашдаг. Бэмнэлгийн захирал буюу эмч Ц.Эын эмнэлэгт анх 2021 оны 4 дүгээр сард хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед эмнэлэгт нь ажлын холбогдолтой хүмүүс их холбогдох учир суурин компьютертой хэвтэн эмчлүүлж байсан. Хэвтэн эмчлүүлж байхдаа өдөрт нэг цаг компьютер дээрээ ажиллаж байсан. Тэр үед Ц.Ээмч надад би удахгүй эмнэлгээ шинэчлэх гэж байгаа, тэр үед эгчдээ туслаад өгөөрэй гээд өнгөрсөн. Дараа нь 2022 онд Ц.Ээмч холбогдон манайх шинэ салбартаа интерьерийн зураг төсөл хийлгэх гэсэн юм гээд надтай холбогдсон бөгөөд би тухайн үед таны саналыг хүлээн авах боломжгүй гэсэн.
Гэвч удаа дараа холбогдон надад санал тавьсаар байсан бөгөөд манайд хэвтэн эмчлүүлж байх хооронд зураг төслөө гүйцэтгээд эхэлчих, эгч нь эмчилгээг нь үнэ төлбөргүй хийгээд өгье, харин үнэ хөлсөө сайн доошоо буулгаад тохиролцооч гээд хэд хэдэн удаа шалж, санал тавьсны эцэст, ажлыг нь зөвшөөрөн, хэвтэн эмчлүүлж байх өдрөөс эхлэн ажлыг нь, гүйцэтгэж эхэлсэн.
Тухайн үед иж бүрэн компьютер эмнэлэгт авчран ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явцын дагуу бүх зүйл эхэлсэн: Үүнд: 1/ Захиалагчаас ажлын даалгавар болон барилгын холбогдолтой бүхий л мэдээллийг авах /Гэвч захиалагч хангалтай сайн мэдээлэл өгөөгүй/. Өөрсдийнх нь өгсөн даалгавар, мэдээллийн дагуу план боловсруулсан бөгөөд тухайн үед захиалагч баталсан. Надад өгсөн даалгаврыг хавсаргав. 2/ Консепт дизайн батлуулах, 3/ План батлуулах, 4/ Рендер зураг батлуулах, 5/ Ажлын зураг гэсэн дарааллын дагуу явагдсан бөгөөд эмнэлгээс гарсны дараа захиалагч рендер зураг эхнээсээ батлагдаад явж байсан ажлыг ахин өөрчилж план буюу давхрын байгуулалт дээрээ хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Ажлын үйл явцын хувьд байж болох хувилбарыг аль хэдийн баталчихсан план зургийг өөрчлүүлсэн, ажлыг олон дахин хийлгэсэн, өөрийн хүсэл сонирхол, шаардлагаар тухайн ажилд нийцэхээргүй, зургийн техникийн хувьд байж боломгүй өөрчлөлтүүдийг шаардсан.
Эдгээр нь зураг төслийн ажил хийгдэж байх явцыг тухайн захиалагч өөрийнхөө зүгээс саатуулж, зогсооход хүргэсэн. Зохих интерьер дизайны ажлын зурагт дараах зургийн жагсаалт багтдаг болно. Үүнд: 1/ Байгуулалт, 2/ Нураах ханын байгуулалт, 3/ Шинээр хийгдэх ханын байгуулалт, 4/ Технологийн байгуулалт, 5/ Шалны байгуулалт, 6/ Таазны байгуулалт, 7/ Гэрэлтүүлгийн байгуулалт, 8/ Розетканы байгуулалт, 9/ Унтраалгын байгуулалт, 10/ Худалдаж авах тавилгын тэмдэглэгээ, 11/ Ханын дэлгээс тэмдэглэгээ, 12/ Ханын дэлгээс, 13/ Захиалгаар хийгдэх тавилгын тэмдэглэгээ, 14/ Тавилгын байгуулалт гэсэн зургийн бүрдлээр бий болдог бөгөөд захиалагч интерьер дизайны ажлын зураг гэдэг утгаа үл ойлгон бусад өөр төрлийн инженерийн хийх ажлыг надаас шаардан ажлыг мөн удаашруулсан, үл ойлголцолд хүрсэн. Үүнд: барилгын халаалт, халуун хүйтэн усан хангамж, бохир ус зайлуулах систем, сантехникийн холболтууд, цахилгаан шугам сүлжээ, холбоо дохиолол, шилэн кабель, гал команд зэрэг. Энэ ажлуудын дарааллаар зохих зураг төслүүд гараад явж байхад дахин эхнээс өөрчлүүлэхийг шаардсан, энэ бол зураг төслийн ажлын явцад гардаг хамгийн ноцтой хүндрэл бэрхшээл. Ажлыг дахин дахин өөрсдийнх нь хүсэлтийн дагуу засварлах нь уг ажлыг хэд дахин шинээр хийхтэй тэнцэх тийм цаг хугацааг зарцуулдаг. Гэтэл энэ тал дээр харилцан ойлголцоогүй болно.
Энэ нь тухайн захиалагчийн зураг төсөл интерьерийн ажлын талаарх оюуны ачаалал болон мэргэжлийн онцлогийг огт мэддэггүй бас үнэлдэггүйтэй холбоотой гэж үзэж байна. Ямар ч төлөвлөсөн ажил өгсөн захиалсан даалгаврын дагуу хийгдээд, түүнийг өгөхөд оршдог. Гэтэл энэ үйл ажиллагааны процесс шууд зөрчигдсөн. Зүй нь захиалагчийн зүгээс тухайн эмнэлгийн интерьер дизайныг ямар нэгэн засваргүйгээр маш сайн төлөвлөөд зургийг хийлгэх захиалгыг өгөх ёстой. Ямар ч байгууллагын интерьер дизайн ингэж явдаг зарчимтай. Тус эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 16-нд гаргасан нэхэмжлэх дээрээ худал гүтгэлэг хийж, миний нэр төрд халдсан тул маш их гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэх гарган намайг нааш цааш явуулж хэвийн үргэлжилж байсан ажлыг тасалдуулсанд маш их гомдолтой байгаа тул гомдлыг минь барагдуулж өгнө үү. Мөн миний ажил мэргэжлийг гутаан доромжилж, хийсэн ажлыг минь хийгээгүй мэт гүтгэн, гутаасан тул өөрийн энэ салбарт 12 жил хүчин зүтгэсэн хөдөлмөрийг минь үл хүндэтгэж байгаа тул салбарынхаа өмнөөс хүчтэй дугарч нэр төр болоод салбар нэгт хүмүүсийнхээ өмнөөс өөрсдийн хөдөлмөрийг зөв зохистой үнэлүүлж байх үүднээс, Ц.Ээмч мэтийн захиалагч нарыг хүний хөдөлмөр, ажил мэргэжлийг үнэгүйдүүлж хүн ашигладаг байдлын эсрэг хатуу зогсож гомдлоо барагдуулмаар байна.
Мөн худал хэлж, залилан миний биеийн муу байдлыг ашиглан хэт хямд ямар ч ашиггүй гэрээ хийлгэн, ажлаас минь чөлөө авхуулж, эмнэлэг дээрээ өөрийн эмнэлгийн ажлыг эмчилгээний хажуугаар сайн амарч хэвтэн эмчлүүлэх байтал ажлаар шахан намайг дарамтад оруулан ажлаа хийлгэсэн тул миний бие тус ажилд хийсэн үнэлгээгээр тухайн болоод одоогийн ханшаар зургийн үнэлгээгээ тооцуулан авах хүсэлтэйг минь гаргуулж өгнө үү. Үүнд: 1/ Рендер зургийн тухайн үеийн үнэ ханшаар тооцуулан гаргасан ажлын хөлс. Нийт 100м2 буюу 4,500,000 төгрөг, ажлын зураг нийт 70% хувьтай үйл явц, нийт 416.37м2 буюу 6,557,827 төгрөг, 416.37 м2 босголт 500,000 төгрөг, нийт 11,557,827 төгрөгөөс урьдчилгаа 2,500,000 төгрөгийг хасаад 9,057,827 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгч Ц.Эхариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие “Б” хувийн эмнэлгийн захирал бөгөөд тархи мэдрэлийн эмчээр ажилладаг. Х.Стай анх 2021 онд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь танилцсан ба барилгын зураг төсөл хийдэг мэргэжилтэй гэж ойлгосон. 2022 онд манай эмнэлэг Мишээл лайф стайл ХХК-иас эмнэлгийн зориулалтаар ашиглахаар худалдан авч байгаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл сити хотхонд баригдаж буй 9 давхрын 3, 4, 5, 6, 7 дугаар өрөөний нийт 416.37 м2 талбайд барилгын зураг төсөл хийлгэх хэрэгтэй байсан. Х.Стай утсаар холбогдож танайхтай гэрээ хийгээд хийлгэвэл болох уу, би танай ажил дээр яваад очих уу гэж асуусан. Тэгэхэд Х.С би ойрд ядраад байгаа танай, эмнэлэгт хэвтэж эмчлүүлье гэж бодоод байж байсан юм, тэгвэл намайг хэвтэхээр үзэж хараад ярилцаад шийдье гээд хэвтсэн.
Хэвтэхдээ ажлын холбогдолтой хүмүүс их холбогддог, ажлаа бас хажуугаар нь хийхгүй бол болдоггүй гээд палатандаа том ширээ тавьж ажлын суурин компьютер байрлуулсан. Х.Сг эмчлүүлж байх үед нь барилгын зураг төсөл хийх талаар ярилцаж тохиролцоод 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 сарын хугацаанд хийж дуусгах Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид урьдчилгаа төлбөр болох 2,500,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гэрээнд гүйцэтгэгч нь дараах ажил үүргийг гүйцэтгэж ажлыг гэрээний заасан хугацаанд бүрэн, чанартай хийж захиалагчид хүлээлгэж өгнө гэж заасан байгаа. Гэрээгээр хийх гүйцэтгэгчийн ажил, хүлээх хариу болон биелэлтийн хувьд:
1/ Интерьерийн бүрэн зураг төсөл /Эмнэлгийн өрөөнүүдийн план зураг, бүтэц зохион байгуулалт/: Ажлын даалгаврын дагуу боловсруулсан өрөө тасалгаануудын байршил, хэмжээ, 1 хүнд ноогдох талбайн хэмжээ стандарт зөрчсөн, банн, шүршүүр, гар угаалтуур, 00 өрөөнүүдийн байршлыг дурын газар байрлуулж зурснаас болж цэвэр, бохир усан хангамжийн системд холбох, бохирыг дамжуулах гадагшлуулах инженерийн шугам сүлжээнд холбох ямар ч боломжгүй инженерийн шийдэлгүй зураг хийсэн, эмнэлгээр үйлчлүүлэгчид хэвтэх өрөөнүүдийн ашигтай талбайг багасгаж 00 өрөөнүүдийг наран талд нь цонхны дагуу байршуулсан, угаалга, гал тогооны өрөөнүүдийг халуун хүйтэн усанд холбох, бохир усыг зайлуулах ямар ч боломжгүй, инженерийн шугам сүлжээгүй газар байрлуулж зурсан план зураг * хаягаар ирүүлсэн. Шаардлага огт хангахгүй энэ план зураг дээр хийсэн 3D интерьер дизайн, 3D босголт А4 дээр хийсэн ажлын зураг нь нэгэнт барилгын суурь план зураг буруу зурагдсан учраас хэрэггүй болсон. Барьж буй барилгын компани болон инженерүүдтэй нэг ч холбогдоогүй, асууж тодруулаагүй. Бохир зайлуулах хоолой хаана хийхийг ч асуулгүй мэдэхгүй байж худлаа зураг зурж биднийг залилсан.
2/ Гэрэлтүүлэг болон разетка, унтраалгын байгуулалт /цахилгаан хангамжийн хэлхээний зураг/-ын тухайд: Зургийн ажил огт хийгдээгүй.
3/ Цэвэр, бохир усны хоолой явах ерөнхий зураглал /Усан хангамжийн сүлжээний зураг/-ын тухайд: Зургийн ажил огт хийгдээгүй.
4 / Хүчилтөрөгчийн хоолойн схем зураг /эмнэлгийн орнуудыг хүчил төрөгчтэй холбох зураг/-ийн тухайд: Зургийн ажил огт хийгдээгүй.
5/ Барилгын зургийн дагуу үүсэх аливаа хариуцлагыг бүрэн хариуцах тухайд: Х.С эмнэлгээс гараад эргэж уулзаагүй зугтаасан. /Утсаа авдаггүй, мессежиндээ хариу өгдөггүй/.
6 / Мэргэжлийн туршлагатай ажилтнуудыг багаар ажиллуулах тухайд: Мэргэжлийн хүн ажилуулаагүй, ядаж зөвлөгөө аваагүй.
7/ Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, заавар стандартын дагуу шуурхай удирдлагаар хангаж ажиллана гэсний хувьд: Огт хэрэгжээгүй.
Х.С бол эмнэлэгт хэвтэж байхдаа зургийн гэрээ хийж мөнгө авах, эмнэлгийн төлбөрөө гэрээний үнэнд оруулж үнэгүй эмчилгээ авах муу санааны зорилгоо хэрэгжүүлж аваад зугтаасан. Эмнэлгээс гараад эргэж холбогдоогүй, одоо л шүүх дээр уулзах гэж байна. Х.Сгийн сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар зөвшөөрөхгүй. Үүнд:
1/ Рендер зураг 100 м2 буюу ханш нь 4,500,000 төгрөг байна гэсэн үг өгүүлбэр гэрээнд байхгүй. Барилгын суурь зургаа хийгээгүй байж гоёл чимэглэлийн рендер зураг зурах нь хэнд ч хэрэггүй ажил юм. Бид рендер 100 м2 зураг хүлээж аваагүй. Бид уулзаагүй. Үндсэн суурь зураг цахилгаан, цэвэр бохир усны хоолойн зургийн ажил огт хийгдээгүй учраас рендер зураг хүлээн авах ямар ч боломж үгүй.
2/ Ажлын зураг нийт 70 хувьтай байна, нийт талбай 416.37 м2 буюу үнэлгээ нь 6,557,827 төгрөг болжээ гэсэн ажил болон харилцан уулзаж ярилцсан хурлын тэмдэглэл протокол байхгүй. Гэрээнд ийм заалт байхгүй.
3/ Нийт 416.37 м2 талбайн зургийн босголтын үнэ 500,000 байна гэж гэрээнд заагаагүй. Иргэний болон Барилгын бусад хууль тогтоомжийн дагуу Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ-г гүйцэтгэгч Х.Стай 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2022030102 дугаар бүхий гэрээ 1 сарын хугацаатай байгуулсан юм. Гэрээний үнийн дүн нийт 5,000,000 төгрөг. Гэтэл Х.С гэрээний үнийн дүнгээс давсан 11,557,827 төгрөгийн ажил гүйцэтгэсэн үндэслэл байсан бол яагаад нэхэмжлэхгүй зугтаад явсан юм бэ. Гэрээний дутуу төлбөр 2,500,000 төгрөгөө яагаад нэхэмжлэхгүй байгаа юм бэ. Энэ нь ямар ч баримт нотолгоогүй, гэрээ хэлцлийн гадуур асуудал үүсгэжээ гэж харагдаж байна.
Бид гэрээний хүрээнд л асуудлаа ярих ёстой гэж ойлгож байна. Х.С нь мэргэжлийн давуу байдлаа ашиглан биднийг хууран мэхэлж мөнгө олох 5,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж эмнэлэгт хэвтэж байхдаа зураг зурж байгаа дүр үзүүлж байгаад эмнэлгээс гарахдаа эмчилгээний төлбөрөө төлөлгүй эргэж уулзаж гэрээний дагуу ажиллана гэж хэлээд зугтсан нь анхнаасаа эхлээд залилангийн шинжтэй байсан нь тодорхой гэж үзэж байна. Х.С нь утсаа авдаггүй, мессеж бичихээр хариу өгдөггүй, бид гэрийн хаягийн дагуу очиж уулзах гэхээр тодорхой хаяг дээр байдаггүй Улаанбаатарт түр оршин суугч гэсэн статустай амьдардаг хүн гэдэг нь тодорхой болсон. Барилгын архитектор, мэргэжлийн хүмүүст Х.Сгийн хийсэн зургийг үзүүлэхэд ийм зураг гэж байхгүй ээ, архитектор техникийн ямар ч шаардлага хангахгүй зураг байна. Халаалт, цэвэр бохир ус, цахилгаан, агааржуулалт, холбоо дохиолол, галын зураг байхгүй байна, 00-ийн өрөөнүүдийг нар тусдаг ашигтай байрлал болох цонхон талд нь гаргаж байрлуулсан, бохир зайлуулах системд холбох ямар ч боломжгүй өрөөнүүдийн тойм зураг л байна гэж дүгнээд үзээд дахин зураг хийлгэхийг шаардсаны дагуу дахин зураг төслийн гэрээ байгуулж хийлгэсэн. Х.С нь хохирогч биднийг битгий хэл шүүхийг дуудахад ирдэггүй, албадан ирүүлж шүүхийн ажилд хүндрэл учруулдаг, 2023 оны 3 дугаар сарын 17-ны болон 2023 оны 4 дүгээр сарын 03-ны шүүх хурлуудад хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг нь ямар хүн болохыг нь харуулж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч нараас Ц.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, план зураг /хх 5, 8-13, 106/, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ /хх 6-7, 109-110/ , Х.Сгийн бакалаврын дипломын хуулбар /хх 14/, эмчилгээний төлбөрийн нэхэмжлэх /хх 15, 107/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 117/, Б.Сайнбаярын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 120/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 121/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 172/ итгэмжлэл /хх 181/, Итгэмжлэл /2хх 28/, Баярмед эмнэлгийн интерьерийн зураг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Захиалагчаас ирсэн даалгавар /хх 48-57/, консепт дизайн /хх 58-66/, интерьер дизайн /хх 67-85/, ажлын зураг /хх 86-94/, 3Д босголт /хх 95-97/, 2022 оны 3 дугаар сарын 21-нд Батлагдсан план төлөвлөгөө /хх 127-136/, төлөвлөлтийн ноорог /хх 137-139/, телеграм чат /хх 139-141/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 208/, Тайлбар /хх 225/, “Батдах” ХХК-ийн тодорхойлолт /хх 226/, Бэмнэлгийн интерьер дизайны ажлын зураг /1хх231-2хх-21/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, сиди зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсны дагуу Барилгын хөгжлийн төвийн албан тоот /2хх 44/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн албан тоот /2хх 49/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.Э, “Х ш” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Х.Стай Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж хийгээгүй, ирүүлсэн зураг нь халаалт, цэвэр бохир ус, цахилгаан, агааржуулалт, холбоо дохиолол, галын зураг байхгүй гэрээнд заасан шаардлагыг хангаагүй. Иймд гэрээг цуцалж, урьдчилгаанд мөнгөөр төлсөн 2,500,000 төгрөг, мөн гэрээний төлбөрт тооцсон буюу эмнэлэгт түүний хэвтэн эмчлүүлсэн 10 хоногийн төлбөр 830,000 төгрөг нийт 3,330,000 төгрөгийг Х.Сгаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч Х.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Нэхэмжлэгч нь намайг эмчилгээ хийлгээд зугтаасан болгосон. Энэ ажлуудын дарааллаар зохих зураг төслүүд гараад явж байхад дахин эхнээс өөрчлүүлэхийг шаардсан, энэ бол зураг төслийн ажлын явцад гардаг хамгийн ноцтой хүндрэл бэрхшээл. Ажлыг дахин дахин өөрсдийнх нь хүсэлтийн дагуу засварлах нь уг ажлыг хэд дахин шинээр хийхтэй тэнцэх тийм цаг хугацааг зарцуулдаг. Гэтэл энэ тал дээр харилцан ойлголцоогүй. Энэ нь тухайн захиалагчийн зураг төсөл интерьерийн ажлын талаарх оюуны ачаалал болон мэргэжлийн онцлогийг огт мэддэггүй бас үнэлдэггүйтэй холбоотой гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.
4. Хариуцагч Х.С нэхэмжлэгч Ц.Эт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Миний биеийн муу байдлыг ашиглан хэт хямд ямар ч ашиггүй гэрээ хийлгэн, ажлаас минь чөлөө авхуулж, эмнэлэг дээрээ өөрийн эмнэлгийн ажлыг эмчилгээний хажуугаар сайн амарч хэвтэн эмчлүүлэх байтал ажлаар шахан намайг дарамтад оруулан ажлаа хийлгэсэн тул миний бие тус ажилд хийсэн үнэлгээгээр тухайн болоод одоогийн ханшаар зургийн үнэлгээгээ тооцуулан авах хүсэлтэй байна. Үүнд: 1/ Рендер зургийн тухайн үеийн үнэ ханшаар тооцуулан гаргасан ажлын хөлс нийт 100м.кв буюу 4,500,000 төгрөг, ажлын зураг нийт 70% хувьтай үйл явц, нийт 416.37м.кв буюу 6,557,827 төгрөг, 416.37 м.кв босголт 500,000 төгрөг, нийт 11,557,827 төгрөгөөс урьдчилгаа 2,500,000 төгрөгийг хасаад 9,057,827 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Эаас гаргуулж өгнө үү.” гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч Ц.Эхариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...Барилгын суурь зураг цахилгаан, цэвэр бохир усны хоолойн зургийн ажил огт хийгдээгүй учраас рендер зураг хүлээн авах ямар ч боломж үгүй. Ажлын зураг нийт 70 хувьтай байна, нийт талбай 416.37 м2 буюу үнэлгээ нь 6,557,827 төгрөг болжээ гэсэн ажил болон харилцан уулзаж ярилцсан хурлын тэмдэглэл протоколгүй. Гэрээнд ийм заалт байхгүй. Нийт 416.37 м2 талбайн зургийн босголтын үнэ 500,000 байна гэж гэрээнд заагаагүй. Халаалт, цэвэр бохир ус, цахилгаан, агааржуулалт, холбоо дохиолол, галын зураг байхгүй, 00-ийн өрөөнүүдийг нар тусдаг ашигтай байрлал болох цонхон талд нь гаргаж байрлуулсан, бохир зайлуулах системд холбох ямар ч боломжгүй өрөөнүүдийн тойм зураг байна гэж дүгнээд бид өөр байгууллагаар зураг төслийн гэрээ байгуулж хийлгэсэн.” гэж няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 Нэхэмжлэгч “Х ш” ХХК нь 2022 оны 3 сарын 01-ний өдөр 2022030102 тоот “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-г хариуцагч Х.Стай байгуулж, хариуцагч Х.С “Баяр” эмнэлгийн барилгын нийт 420 м.кв талбайтай интерьер зураг төслийг 2022 оны 3 сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн, чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч “Х ш” ХХК нь ажлын зураг төсөл боловсруулахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх, ажлын хөлс 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ. /хх-6-7/
6.2 Нэхэмжлэгч дээрх гэрээний төлбөрийн урьдчилгаанд 2022 оны 3 сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөгийг хариуцагч Х.Сд төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-4/
7. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
8. 2022 оны 3 сарын 01-ний өдөр тоот “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан хугацаанд гүйцэтгэгчээс “Баяр” эмнэлгийн барилгын нийт 420 м.кв талбайтай интерьер зураг төслийг боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн эсэх, мөн гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь талуудын маргааны зүйл болжээ.
9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан.
Хариуцагч Х.С гэрээний ажлын хөлсний урьдчилгаанд 2,500,000 төгрөгийг хүлээн авсан атлаа гэрээнд заасан ажлын үр дүн буюу барилгын интерьер зургийг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
10. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д "зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдэл гэж тодорхойлжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 сарын 01-ний өдөр 2022030102 дугаар “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1-т Гүйцэтгэгч дараах үүргийг хүлээнэ. 2.1.1-т Ажлыг гэрээнд заасан хугацаанд бүрэн, чанартай гүйцэтгэж,... Гүйцэтгэгч нь интерьерийн бүрэн зураг төсөл, гэрэлтүүлэг болон разетка, унтраалгын байгуулалт, цэвэр, бохир усны хоолой явах хэсгийн ерөнхий зураглал, хүчилтөрөгчийн хоолойн схем зургуудыг Монгол улсад дагаж мөрдөгдөж буй зураг төслийн ажлын техникийн нөхцөл, стандарт, барилгын норм, дүрэмд нийцсэн байдлаар хийж гүйцэтгэх гэж заасан байна.
Нэхэмжлэгч нар нь “...хариуцагчаас зураг төслийг хүлээн аваагүй, гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгээгүй, ирүүлсэн зураг нь халаалт, цэвэр бохир ус, цахилгаан, агааржуулалт, холбоо дохиолол, галын зураг байхгүй гэрээнд заасан шаардлагыг хангаагүй...” гэсэн тайлбар гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзалтайгаа холбогдуулан хийсэн ажил гүйцэтгэлийн хувийг мөн 1 ширхэг сидийг шүүхэд ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасныг хангаагүй тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг хариуцагч үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй гэж үзнэ.
Хариуцагчаас “...Ажлыг дахин дахин өөрсдийнх нь хүсэлтийн дагуу засварлах нь уг ажлыг хэд дахин шинээр хийхтэй тэнцэх тийм цаг хугацааг зарцуулдаг...” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 сарын 01-ний өдөр 2022030102 тоот “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.3.2-т “захиалагч нь ажлын явцтай тухай бүр танилцаж саналаа илэрхийлэх, хяналт тавих эрхтэй” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ажлын явцтай тухай бүр танилцаж саналаа илэрхийлсэн гэж үзэхээр байна.
11. Дээрх гэрээний 1.2, 2.1.1-т зааснаар хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу 420 м.кв талбайтай интерьер зураг төслийг нэхэмжлэгчид хэзээ, хэрхэн хүлээлгэн өгсөн, ямар шалтгаанаас гэрээнд заасан хугацаа буюу 30 хоногт хоногт багтаан боловсруулах боломжгүй болсон талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч Х.Сг хугацаа хэтрүүлсэн, мөн барилгын дотоод ажлын зураг төсөл боловсруулахдаа тухайн барилгын зориулалт, бүтэц, ашиглалтын нөхцлийг харгалзан үзэх шаардлагатай ба зураг төсөл нь барилгын гол шаардлагуудыг хангах учиртай бөгөөд “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1.5-т заасныг хэрхэн хэрэгжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй гэж үзнэ.
12. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээг цуцлах, мөн гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч Х.С 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс “Баяр” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн үйл баримт тогтоогдсон ба хэрэгт авагдсан Х.Сгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмчилгээний төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтаар хариуцагч нь хэвтэн эмчлүүлэх явцад эмчийн үзлэг 10,000 төгрөг, 10 хоногийн 800,000 төгрөг нийт 830,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээг авсан байх бөгөөд уг эмчилгээний төлбөр 830,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.
13. Дээрх үндэслэлээр хариуцагч Х.Сгаас гэрээний төлбөрийн урьдчилгаа 2,500,000 төгрөг, эмчийн үзлэг, эмчилгээний төлбөрт 830,000 төгрөг нийт 3,330,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ш” ХХК, Ц.Эт олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.
14. Түүнчлэн, хариуцагч Х.Сгаас хийсэн ажил болох рендер зургийн ажлын хөлс нийт 100м.кв буюу 4,500,000 төгрөг, ажлын зураг нийт 70% хувьтай үйл явц, нийт 416.37м.кв буюу 6,557,827 төгрөг, 416.37 м.кв босголт 500,000 төгрөг, нийт 11,557,827 төгрөгөөс урьдчилгаа 2,500,000 төгрөгийг хасаад 9,057,827 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Эаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
15. Хариуцагч Х.Сгаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж 1 дүгээр хавтаст хэргийн 51-97, 106, 133-140, 142-143 хуудас, 1 ширхэг сидийг шүүхэд ирүүлсэн ба уг баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна. Эдгээр баримтаар нэхэмжлэгч Ц.Эаас хийсэн ажлын хөлсөнд 9,057,827 төгрөгийг төгрөгийг хариуцагч шаардах эрхтэй болох нь тогтоогдоогүй гэж үзнэ.
Учир нь хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу дээрх баримтад үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч энэхүү шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжээгүй тул уг бичмэл нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт бэхжүүлэх боломжгүй ба тухайн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үндэслэлгүй болно.
16. Мөн 2022 оны 3 сарын 01-ний өдөр 2022030102 дугаартай “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ”-ний захиалагч нь “Х ш” ХХК, гүйцэтгэгч нь Х.С бөгөөд нэхэмжлэгч Ц.Энь уг гэрээний оролцогч биш байх тул түүнд холбогдуулан гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэв.
17. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.” гэж заасны дагуу шүүхээс “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн хаягт хүргүүлсэн. Гэтэл хариуцагч нь хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй боловч энэ талаар огт мэдэгдээгүй болно.
18. Иймд нэхэмжлэгч Ц.Эт холбогдуулан 9,057,827 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Х.Сгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,230 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,875 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 68,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Сгаас 3,330,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ш” ХХК, Ц.Эт олгож, нэхэмжлэгч “Х ш” ХХК, Ц.Эаас 9,057,827 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Х.Сгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,230 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,875 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 68,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х ш” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ