Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00553

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00553

 

 

 

Тайж инвест ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00127 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Тайж инвест ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: И.Мөнхбаясалд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4 275 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Тайж инвест ХХК болон И.Мөнхбаясал нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр №СА-0001 тоот зээлийн гэрээг байгуулж, 2 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр И.Мөнхбаясал зээлж авсан. Тэрээр зээл авснаас хойш зээлийн гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл сунгаж, 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацааны 4 сарын хүү болох 700 000 төгрөгийг төлсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу бүрэн төлөөгүй болно.

Мөн И.Мөнхбаясал зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож 2016 оны 7 сарын 7-ны өдөр №СА-0001 тоот Фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 2600 УНЧ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 2600 УНЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашин нь И.Мөнхбаясалын эзэмшилд байсаар байна. Тус гэрээний 3.1.4-т барьцаалуулагч нь графикийн дагуу зээлийн үндсэн төлбөрөөс төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаалагч тал барьцаа болох автомашиныг хураан авч, зогсоолд байршуулан үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулсан нөхцөлд барьцаалуулагчийн өмчлөлд буцаан шилжүүлнэ. Хэрэв барьцаалуулагч 5 хоногийн дотор төлбөрөө төлөхгүй бол энэхүү гэрээний 4.6 заалтын дагуу шийдвэрлэх эрхтэй гэж заасан.

Зээлийн болон фидуцийн гэрээний дагуу үндсэн төлбөр 2 500 000 төгрөг, зээлийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болон 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 2 сарын хүү 350 000 төгрөг, зээлийн график зөрчсөний алданги буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн хүүгийн алданги 4 725 төгрөг /175 000 x 0,1 %х27хоног=4 725 төг/, гэрээнд заасан 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 285 хоногийн 4 061 250 төгрөг /2 500 000 +350 000 х 0.5% х 285 хоног/, нийт алданги 4 065 975 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж 1 425 000 төгрөгийн алданги тооцсон. Өөрөөр хэлбэл, зээл 2 500 000 төгрөг, хүү 350 000 төгрөг, алданги 1 425 000 төгрөг бүгд зээлийн гэрээний төлбөрт 4 275 000 төгрөгийг хариуцагч И.Мөнхбаясалаас гаргуулж Тайж инвест ХХК-д олгож Мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт зааснаар 2600 УНЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, хэрэв мөнгө илүү гарсан тохиолдолд буцаан олгогдохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч И.Мөнхбаясалаас 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тайж инвест ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 286 дугаар зүйлийн 286.2, 286.3, 286.5 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэлээс хүү, алданги 1 775 000 төгрөг гаргуулах болон УНЧ 2600 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэл дэх мөнгөн шаардлагыг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83 350 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч И.Мөнхбаясалаас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тайж инвест ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантулга давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт И.Мөнхбаясалаас 2 500 000 төгрөгийг гаргуулж Тайж инвест ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тайж инвест ХХК-тай зээлийн гэрээ байгуулаад зээлийн гэрээний хүүг тогтмол төлж дуусгасан бөгөөд үндсэн зээлээс 500 000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ тухай баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжоор шүүх хангалгүйгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийсэнд гомдолтой байна. Тайж инвест ХХК энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан боловч санаатайгаар нуун дарагдуулж илүү мөнгө нэхэмжилсэн нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 2 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг хасч 2 000 000 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад харьцуулан үнэлж чадаагүй, тухайн маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Тайж инвест ХХК нь хариуцагч И.Мөнхбаясалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 275 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Тайж инвест ХХК болон И.Мөнхбаясал нь 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр №СА-0001 тоот зээлийн гэрээг байгуулж, 2 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлсэн, мөн өдөр И.Мөнхбаясал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №СА-0001 тоот фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 2600 УНЧ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгө 2 500 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-5-8, 9-10, 37/

Зохигчдын хоорондын зээлийн гэрээний 2.1.4-т гэрээний хугацааг 3 сар байхаар талууд тохиролцсон байх ба гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан гэж тайлбарлах боловч хэрэгт нотлох баримт байхгүй болно.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх тул хэргийн 10 дугаар талд авагдсан гэрээний сунгалт гэх хэсэгт бичигдсэн нэг талын гарын үсэг бүхий бичвэрээр гэрээний хугацааг сунгасан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хугацаатай гэрээ бичгээр байгуулагдсан учир бичгээр байгуулсан гэрээг сунгахдаа өмнөх хэлбэрийг баримтлах тул зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэд хэдэн удаа тодруулсан, 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр зээлийн гэрээний төлбөрт 4 275 000 төгрөгийг хариуцагч И.Мөнхбаясалаас гаргуулах, 2600 УНЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулахаар шаардаж өөрчилжээ./хх-16,35/

Шүүх талуудын хоорондын Фидуцийн гэрээг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн хоёр дах шаардлага болох УНЧ 2600 улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэлийн мөнгөн хөрөнгийн шаардлагыг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэргийн 4 дүгээр талд авагдсан Тайж инвест ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй атлаа зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээдийн эрхийн хүрээнд зээлийн нөхцөлийг тохиролцож, зээлдүүлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардахаар, зээлдэгч нь Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасан үүрэг хүлээхээр харилцан тохиролцжээ. Гэтэл Тайж инвест ХХК банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй тул тухайн төрлийн зээлийг олгосон гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч барьцааны болон барьцаалан зээлдэх журмаар зээл олгохтой холбоотой хуулийн зохицуулалтыг зөрчсөн, шүүх талуудын байгуулсан гэх барьцааны болон фидуцийн гэрээг үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дах хэсэгт заасан гэрээний эрх, үүрэг талуудад үүсэхгүй.

Тайж инвест ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох эрхтэй хуулийн этгээд хэдий ч хэрэгт авагдсан зээлийн гэрээний утга, агуулгыг харьцуулбал талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх эрх, үүрэг бүхий зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлдүүлэгчийн мөнгөн хөрөнгө 2 325 000 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Зээлдүүлэгч зээлийн гэрээний хугацааны буюу гэрээгээр тохиролцсон 3 сарын хүү буюу 525 000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй бөгөөд зээлдэгчийн төлсөн 700 000 төгрөгөөс үлдэх 175 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч, зээлдэгчийн хүлээх үүргийг тодорхойлох хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгчийн хариуцагч 700 000 төгрөг төлсөн гэх тайлбарыг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтаар үгүйсгэж няцаагаагүй, 700 000 төгрөгийг төлөхдөө хүү гэдэг зориулалтаар төлсөн болон хариуцагчийн гомдолд дурдсан үндсэн зээлээс 500 000 төгрөг төлсөн гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6 дах хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан. Зээлийн гэрээний 2.1.2-т Нэмэгдүүлсэн хүү: 0.5 хувь гэснийг талууд дээрх хуульд заасан алдангийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй ба шүүх алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг буруутгах боломжгүй.

Харин шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн заалтуудыг баримталж хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах шаардлагатай байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн байх атал хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгасан тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дугээр зүйлийн 71.1, 71.2 дэх хэсгийг зөрчсөн байгаа боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч И.Мөнхбаясал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантулга нарт гардуулсан, тэдэнд 2017 оны 11 дүгээр сарын 07, 09-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн бөгөөд /хх.13, 15, 21, 42/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх тайлбар болон нотлох баримтаа хуульд заасан хугацааны дотор шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Шүүх хэргийн оролцогчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангасан байх ба шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. /хх-40/

Мөн хариуцагч И.Мөнхбаясал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. Гантулга нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь хэргийн 43 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09ий өдрийн 101/ШШ2018/00127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 286 дугаар зүйлийн 282.1, 286.2 гэснийг хасч 2 500 000 гэснийг 2 325 000 гэж, 1 775 000 гэснийг 1 950 000 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 16 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Б.НАРМАНДАХ