Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/00318

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/00318

 

 

Бизнесийн оргил ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/01218 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Бизнесийн оргил ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Энхбаатард холбогдох

 

6 023 076 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

73-43 УНЯ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Болормаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунболор

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.  

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр "Бизнесийн Оргил" ХЗХ-оос Ц.Энхбаатар 13/09 дугаартай зээлийн гэрээг байгуулан 15 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй микро автобус нэмж авах зорилгоор микро автобуснуудаа барьцаалж авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасан болон зээлийн гэрээний 2.1.10-д заасан ноцтой зөрчил гаргасан бөгөөд 2015 оны 10 сарын 15-ны өдрийн байдлаар Ц.Энхбаатар үндсэн зээл 3 733 610 төгрөг, зээлийн хүү 1 907 805 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 381 561 төгрөг, нийт 6 023 076 төгрөг байна. Иймд 6 023 076 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн зориулалт нь Hyundai grace маркийн микробус 73-43 УНЯ улсын дугаартай автомашиныг худалдаж авах байсан. Худалдан авсан дээрх автомашиныг өмнөх өмчлөгч буюу худалдагчаас өмчлөх эрхийг Ц.Энхбаатар би өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл Бизнесийн оргил ХЗХ-ны захирал нь зээлийн барьцааны гэрээ байгуулсан атал уг автомашиныг барьцаалбараар эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүй, харин хууль эрх зүйн мэдлэг дутуу байдлыг ашиглан өмчлөгчөөр өөрийнхөө нэрийг бичүүлэхийг шаардсан. Уг шаардлагыг тавихдаа зээлийн төлбөрийг төлж дууссаны дараа би ямар нэгэн асуудалгүй чиний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж өгнө, би барьцааны зүйлийг өөрийнхөө нэр дээр өмчлөгчөөр тогтоолгож байж зээл олгодог ба хэрэв өмчлөгчөөр тогтоолгохгүй бол зээл олгохгүй гэх мэтээр хууль бус шаардлага тавьсан. Үүний улмаас автомашины өмчлөх эрхийг Ж.Болормаагийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд "Бизнесийн Оргил" ХЗХ-д төлвөл зохих зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бизнесийн Оргил" ХЗХ-д төлвөл зохих зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул "Hyundai Grace" маркийн микробус 73-43 УНЯ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч болох эрхтэй гэж үзэж байна. Иймд 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн "Барьцааны гэрээ"-ний дагуу "Бизнесийн Орил" ХЗХ-ны захирал Ж.Болормаагийн өмчлөлд барьцаалсан "Hyundai Grace" маркийн микробус, 73-43 УНЯ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн барьцааны 17-43 УНР, 73-43 УНЯ, 11-07 УНС дугаартай автомашинуудыг барьцаалсан бөгөөд 11-07, 17-43 дугаартай автомашинууд осол гаргасан учраас 2015 оны 07 дугаар сард Оюунболорын нэр дээр шилжүүлж авсан. 73-43 УНЯ дугаартай автомашиныг зээлээ төлж дуусгаад шилжүүлж авах байсан. 3 733 610 төгрөгийг барагдуулсны дараа шилжүүлж өгөхөд ямар ч асуудал байхгүй. Микро автобус миний нэр дээр байдаг боловч тухайн хүмүүс хэрэглэж ашиг орлого олж, үр шимийг нь хүртдэг байсан учир энэ хүмүүсийн өмчлөх, ашиглах эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. 2014 оны 12 дугаар сарын 10-нд тулгалт хийсэн зээлийн хүүд 281 286 төгрөг, зээлд 418 714 төгрөг төлөөд 3 733 610 төгрөг үлдсэн гэж тооцоо нийлсэн, гарын үсэг зурсан байдаг. 2015 оны 01 дүгээр сарын 29-нд хамгийн сүүлийн хүүгээ төлөөд явсан байдаг учир үүнээс хойш хүүгээ тооцож нэхэмжилж байгаа. Зээлийн хүүд 110 000 төгрөг төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Энхбаатараас нийт 6 023 076 /зургаан сая хорин гурван мянга далан зургаа/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч "Бизнес Оргил" ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан "Бизнесийн Оргил" ХЗХ-ны 2013 оны 04 сарын 23-ны өдрийн 13/09 дугаар Барьцааны гэрээний дагуу барьцаалсан 73-43 УНЯ улсын дугаартай Хуандай грейс маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох хариуцагч Ц.Энхбаатарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Бизнес Оргил" ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид телсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч "Бизнес Оргил" ХЗХ-оос шинжээчийн зардалд 330000 төгрөгийг гаргуулж "Лэндс" ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчиж үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. 2015 оны 01-р сарын 29-ний өдрөөс 2016 оны 12-р сарын 18-ны өдөр хүртэл 22 cap, 19 хоногийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоход үндсэн зээл 3 733 610 төгрөг, зээлийн хүү 5 062 775 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 012 555 төгрөг байна. Нийт төлбөр 9 808 940 төгрөг болгож нэхэмжлэлийг 3 785 864 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Энэ төлбөр тооцоог шинжлүүлэх шаардлагатай гэж анхан шатны шүүхээс үзэхэд шүүхийн шинжилгээний хүрээлэн шинжээч томилуулах шаардлагагүй гэж үзсэн нь зээлийн картыг хэн ч харсан ойлгомжтой гэж үзсэнийх гэж бодож байна.

... Шийдвэрийн 6-р нүүрт 13/09 гэрээнд 2013 оны 05-р сарын 23-ны өдрөөс 2015 оны 10-р сарын 23-ны өдөр cap бүр зээлийн төлбөрт 500 000 төгрөг, зээлийн хүүнд 870 000 төгрөгөөс 30 000 төгрөгийг, зээлийн нийт төлбөрт 28 050 00 төгрөгийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж тооцсон нь учир дутагдалтай байна. Учир нь Б.Оюунболор осол хийснээр зээлээ төлж чадахгүй болсон гэдэг нь зээлийн нэрийн картны 2013 оны 12-р сарын 22-ны өдрөөс зээлийн нэрийн картын 2-р нүүрний 1-р мөрөөс эхэлж төлөлт зээлийн гэрээний графикийн дагуу явагдаж чадахаа больсноор харагдаж байна. Иймээс шүүгчийн хийсэн тооцоололт бол зөвхөн зээлийн гэрээний графикаар төлсөн тохиолдолд гарах тооцоолол юм. Энэ нь учир дутагдалтай бөгөөд зээлийн нэрийн картын 2-р нүүрний 40-р мөрөнд хамгийн сүүлийн төлөлт 2015 оны 1-р сарын 29-ний өдөр зээлийн хүүнд 110 000 төгрөг төлсөн бөгөөд Б.Оюунболор өөрийн биеэр гарын үсгээ зурж баталгаажуулсан.

 

Шүүхийн шийдвэрийн 2 нүүрт Б.Оюунболорын тайлбарт 36 960 222 төгрөг төлсөн гэдэг. Шийдвэрийн 3 нүүрт дурьдагдсан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт хариуцагч 38 сая төгрөг төлсөн гэдэг. Энэ хоёр мэдүүлэг зөрүүтэй байгаа нь ч гэсэн энэ иргэд худал ярьж байгааг гэрчилж байна. Ямар ч хүнд ойлгомжтой гүйлгээ болгоны ард зээлдэгч хүлээн зөвшөөрсөн учир гарын үсэг зурж баталгаажуулж явсан. Зээлийг өдөр болгон төлөхийг шаарддаг байсан гэж анхан шатны шүүх хурал дээр Б.Оюунболор хэлж байсан энэ нь ор үндэсгүй бөгөөд Б.Оюунболор осол хийснээр 2 зээл битгий хэл 1 зээлээ ч төлж чадахгүй болсон гэдэг нь зээлийн нэрийн картны 2013 оны 12-р сарын 22-ны өдрөөс зээлийн нэрийн картын 2-р нүүрний 1-р мөрөөс эхэлж төлөлт зээлийн гэрээний графикийн дагуу явагдаж чадахаа больсноор харагдаж байна. Иймээс шүүхэд өгсөн тиймээс өмгөөлөгч С.Цацралтуяагийн анхан шатны шүүхэд мэдүүлсэн шиг зүгээр зээлээ хэвийн төлж байгаа зээлдэгчээ шүүхэд өгсөн зүйл биш. 2015 оны 01-р сарын 29-нээс хойш 10 cap хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй бөгөөд зээл төл гэж шаардахад өмгөөлөгч авсан зээл төлөх шаардлагагүй болсон гэдэг байсан. 2015 оны 11-р сард шийдвэр гүйцэтгэл дээр ирж С.Цацралтуяа надад хууль бус санал тавьж байсан. "Бизнесийн Оргил ХЗХ-ны 6 сая төгрөгний зээлийн нэхэмжлэлээ татаж авбал 70 сая төгрөгний зээлийн хашаа байшингаас чинь гарч өгье тэгэхгүй бол цаг хугацаа их орно гэж намайг сүрдүүлж байсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн шийдвэрийн 3 нүүрт дурьдагдсан тайлбарт үнэлгээний компаний дүгнэлтэд 22,3 сая төгрөг төлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байсан. Үнэлгээний компани ингэж дүгнэлт гаргасаар байтал ийм шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг хүлээж авч тухайн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Бизнесийн оргил ХЗХ нь хариуцагч Ц.Энхбаатарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 6 023 076 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, "Хьюндай Грэйс" маркийн 73-43 УНЯ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

"Бизнесийн Оргил" ХЗХ нь 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Энхбаатартай 13/09 дугаартай зээлийн гэрээг байгуулан түүнд 15 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, гэрээнд заасан хугацаанд зээл эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор, "Хьюндай Грэйс" маркийн 73-43 УНЯ, 11-07УНС, 1743УНС улсын дугаартай автомашинуудыг барьцаалсан гэрээг бичгээр байгуулжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн төлбөрт 21 183 057 төгрөг төлсөн гэж, хариуцагч нь 38 575 922 төгрөг төлсөн гэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээчид Ц.Энхбаатар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн эсэх, "Бизнесийн Оргил" ХЗХ-ны гүйцэтгэх захирал Ж.Болормаагийн ХААН банкин дахь дансанд төлсөн төлөлтүүд тус Хадгаламж зээлийн хоршооны санхүүгийн тайланд тусгагдсан эсэх гэсэн 2 асуулт тавигдсан ба шинжээч нь зээлдэгчийн нэрийн карт гэх баримтад тусгагдсан дүн нь санхүүгийн тайлан; тусгагдсан эсэхийг Аудитын байгууллагаар шалгаж тогтоолгоно уу гэж 2 дах асуултад хариулаагүй байна.

 

Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлт дээрх байдлаар бүрэн бус гарсан, талууд зээлийн төлбөрт хариуцагчийн төлсөн дүнгийн талаар эрс зөрүүтэй тайлбарласан байхад хэнийх нь тайлбар илүү үндэслэлтэй болохыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнээгүй атлаа хариуцагчийн төлсөн төлбөрийг 28 050 000 төгрөг гэж зөвхөн гэрээнд зааснаар тодорхойлсон нь учир дутагдалтай болжээ.

 

Зохигчдын хоорондох дээрх зээлийн гэрээнээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Болормаа нь Ц.Энхбаатар, Б.Оюунболор нарт 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13/01 тоот зээлийн гэрээгээр 70 000 000 төгрөг зээлдүүлсэн тухай маргаантай хэргийг шүүх шийдвэрлэсэн байдаг ба 70 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт төлөгдсөн төлбөрийг ХЗХ-ны энэ зээлийн төлбөрт төлөгдсөн төлбөр, мөн өмнөх 5 000 000 төгрөгийн зээлийн төлбөр зэргийг "Бизнесийн Оргил" ХЗХ-ны санхүүгийн анхан шатны баримт, санхүүгийн тайлан зэрэг баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд ялган дүгнэх боломжгүй юм.

 

Нөгөө талаар хариуцагч Ц.Энхбаатарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Болормаа барьцааны зүйлийг өөрийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлж, хууль зөрчсөн гэж барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байгаа эсхүл үндсэн үүрэг дуусгавар болсноор барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж байгаа алин болохыг тодруулах шаардлагатай болно.

 

Түүнчлэн барьцааны зүйлийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй гэж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дах заалтад нийцээгүй байгааг шүүх анхаараагүй байна.

 

Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, сөрөг шаардлагын үндэслэл тодорхойгүй байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2016/01218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Бизнесийн Оргил" ХЗХ-ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 893 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ