Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/01241

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/01241

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.О ХЗХ -ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ц.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,733,610 төгрөг, зээлийн хүү 5,936,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,187,288 төгрөг, нийт 10,857,338 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хьюндай Грейс маркийн ... улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 4 сарын 23-ны өдөр ******* ХЗХ-оос Ц.Э 13/09 дугаартай зээлийн гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй микро автобус нэмж авах зорилгоор микро автобуснуудаа барьцаалж авсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадлагамж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйл, Иргэний хуулийн 284.1-д заасан болон зээлийн гэрээний 2.1.10-т заасан ноцтой зөрчил гаргасан тул зээлийг төлөх боломжгүй болсон гэж үзэж хугацаанаас өмнө шүүхэд өгсөн болно.

2015 оны 10 сарын 15-ны өдрийн байдлаар Ц.Э үндсэн зээл 3,733,610 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Хариуцагч тал энэ 3,733,610 төгрөгийг төлсөн гэж үзсэн байдаг. Зээлдэгчийн зүгээс 21,183,057 төгрөгийг төлсөн байдаг. Миний дансанд төлөөд явдаг.

Өөр шүүгч дээр надаас зээлсэн 70,0 сая төгрөгийн асуудал шийдэгдсэн. 70,0 сая төгрөгийн асуудал орж ирэхэд 33,200,000 төгрөгийг төлсөн гэдэг. 21,183,057 төгрөг төлсөн талаар бэлнээр болон банкаар орж ирсэн болох нь энэ зээлийн картанд туссан байдаг.

Манайхаас өмнө нь Ц.Э 6-7 удаа зээл авч байсан.

Банкаар хийсэн төлбөр, бэлнээр төлөгдсөн төлбөр хоёр нь нэг өдөр хийгдсэн байдаг. Банкинд төлбөр төлчихөөд дараа нь манайд ирээд төлбөр төлөөд байгаа. Нэг өдөр зэрэг адилхан дүнтэй төлбөр төлнө гэж байхгүй.

Иймд, хариуцагч Ц.Э-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,733,610 төгрөг, зээлийн хүү 5,936,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,187,288 төгрөг, нийт 10,857,338 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2013 оны 4 сарын 23-ны өдөр БО ХЗХ-той зээлийн гэрээ байгуулаад 15,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж авсан.

Хэдийгээр төлбөр төлөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь байгаа боловч нийтийн тээвэрт микро автобусаар зорчигч тээвэрлэн олсон орлогоосоо өдөр өдөрт нь хуваариас гадуур мөнгө төлдөг байсан. Иргэн Ж.Б-н дансаар 15,089,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг хавтаст хэрэгт банкны орлогын баримтаар тусгаж өгсөн.

Зээлийн картанд бүртгэгдсэн дүн 22,668,753 төгрөг байгаа. Энэ бол дансаар төлснөөс тусдаа юм. Зээлийн картанд бүртгэгдсэн мөнгөнүүдийг бэлнээр өгсөн гэж үзэж болно.15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг бүрэн төлөөд дуусгачихсан.

Хариуцагчийн зүгээс хуулийн мэдлэг байхгүй, санхүүгийн мэдлэг байхгүй зэргээс хэтэрхий олон төлөлт хийгдсэн. 70,0 сая төгрөгийн асуудал нь жичдээ шийдвэрлэгдээд дуусчихсан.

Нэхэмжлэгчийн шаардлага өөрөө тодорхойгүй, тооцооны хувьд баримжаагүй, хэдэн төгрөг нь үндсэн зээлд, хүүнд хэдэн төгрөг төлөгдсөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох ёстой.

Төлбөр төлөхдөө 70,0 сая төгрөгийн зээл, 15,0 сая төгрөгийн зээл шүү гэж ялгаж салгасан зүйл байхгүй гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ц.Э миний бие БО ХЗХ-той 2013 оны 4 сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулж нийт 15,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

Ц.Э миний бие БО ХЗХ-нд төлвөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Хьюндай Грейс маркийн ... улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Зээлийн барьцааны гэрээнд ..., ..., ... улсын дугаартай авто машинуудыг барьцаалсан байдаг. ..., ... улсын дугаартай авто машин нь осол гаргасан учир 2015 оны 7 сард О-н нэр дээр шилжүүлж өгсөн.

... улсын дугаартай авто машиныг бол зээлээ төлж дуусгаад шилжүүлж авах байсан. 3,733,610 төгрөгийг барагдуулсны дараа шилжүүлж өгөхөд ямар ч асуудал байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БО ХЗХ нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,733,610 төгрөг, зээлийн хүү 5,936,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,187,288 төгрөг, нийт 10,857,338 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч Ц.Э эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 4 сарын 23-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 2015 оны 10 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,733,610 төгрөг байгаа гэж тайлбарладаг бол хариуцагч нь 15,089,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 22,668,753 төгрөгийг бэлнээр өгч, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргадаг.

 

Шүүх дараах үндэслэлээр БО ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Талууд 2013 оны 4 сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Ц.Э нь зээлдүүлэгч БО ХЗХ-оос 15,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан үйл баримтын талаар маргадаггүй.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх ба зээлдэгч Ц.Э нь зээлж авсан мөнгөн хөрөнгө болон гэрээгээр тохиролцсон хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч талаас өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотолж зээлдэгч Ц.Э-н Зээлдэгчийн нэрийн карт-ыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

 

Энэхүү Зээлдэгчийн нэрийн карт-аас үзэхэд Ц.Э нь 5,000,000 төгрөг, 15,000,000 төгрөг, 70,000,000 төгрөгийн зээлийг тус тус авсан болох нь тогтоогдож байх ба зээлдүүлэгч БО ХЗХ нь эдгээр зээлд нэг Зээлдэгчийн нэрийн карт хөтөлсөн байна.

 

Шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээчийн дүгнэлтэд Ж.Б-н хувийн дансанд шилжүүлсэн дүн 15,089,000 төгрөг, зээлийн картанд бүртгэгдсэн дүн 22,668,753 төгрөг болох талаар дурдсан байх ба энэ нь хэрэгт авагдсан банкны орлогын мэдүүлэг, зээлдэгчийн нэрийн картаар баталгааждаг.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ... шинжээч нь зээлдэгчийн нэрийн карт гэх баримтад тусгагдсан дүн нь санхүүгийн тайланд тусгагдсан эсэхийг Аудитын байгууллагаар шалгаж тогтоолгоно уу гэж 2 дахь асуултад хариулаагүй байна гэж, мөн ... талууд зээлийн төлбөрт хариуцагчийн төлсөн дүнгийн талаар эрс зөрүүтэй тайлбарласан байхад хэнийх нь тайлбар илүү үндэслэлтэй болохыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнээгүй атлаа хариуцагчийн төлсөн төлбөрийг 28,050,000 төгрөг гэж зөвхөн гэрээнд зааснаар тодорхойлсон нь учир дутагдалтай болжээ хэмээн тэмдэглэснийг анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарах учиртай.

 

Санхүүгийн Зохицуулах хорооны 2015 оны 10 сарын 22-ны өдрийн 9/4426 тоот албан бичигт иргэн Ц.Э-н тус ХЗХ-оос авсан 15,000,000 төгрөгийн зээл нь ХЗХ-ны зээлийн тайланд бүртгэлгүй, ... зөрчлүүд гаргасан хэмээн дурдсан байдаг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б нь үүнийг няцаагаагүй, мөн эргэн төлөлтийг өөрийн хувийн дансаар авч байсан болохоо хүлээн зөвшөөрдөг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 10,857,338 төгрөг шаардсан атлаа зээлдэгчийн нэрийн карт-нд бүртгэгдсэн аль дүн нь уг 15,000,000 зээлийн эргэн төлөлтөд хамаарч байгаа талаар, түүнийг 70,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөс хэрхэн ялгаж салгах талаар буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чаддаггүй ба шүүхийн зүгээс тодруулахад тодорхой хариулт өгдөггүй.

 

Түүнчлэн, талууд өмнө 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар шүүхэд маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрснийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг учир тухайн 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн дүнгийн талаар аливаа дүгнэлтийг хийгээгүй байдаг.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд тус тусдаа зээлийн гэрээ байгуулагдаж, тус тусдаа зээлийн харилцаа үүссэн байхад зээлдүүлэгч нь эдгээрийг нэг зээлдэгчийн нэрийн карт-нд бүртгэж, зээлдүүлэгчээс төлж байсан эргэн төлөлтүүдийг аль зээлийнх нь төлбөр болох талаар ялгаж тэмдэглэгээ хийж байгаагүй, 15,000,000 төгрөгийн зээлийг Хадгаламж зээлийн хоршооны тайланд бүртгээгүй зэргээс аль төлбөр нь 15,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хамаарах, аль төлбөр нь 70,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хамаарах талаар шүүхийн зүгээс болон шинжээчийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, улмаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хийх боломжгүй юм.

 

Иймд, хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч БО ХЗХ-ийн өмнө 10,857,338 төгрөгийн үүргийг хүлээсэн болох нь нотлогдохгүй, мөн 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэсэн хариуцагч Ц.Э-н тайлбарыг нэхэмжлэгч ******* ХЗХ нь баримтаар няцааж чадаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч БО ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авах тухай хүсэлт гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болох тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.Э-с зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,733,610 төгрөг, зээлийн хүү 5,936,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,187,288 төгрөг, нийт 10,857,338 төгрөгийг гаргуулах тухай БО ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар БО ХЗХ-нд холбогдох, Хьюндай Грейс маркийн ... улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлээ Ц.Э татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч Ц.Э-т олгосугай.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 14,953 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгч БО ХЗХ-нд олгож, нэхэмжлэгч БО ХЗХ-ноос шинжээчийн зардалд 330,000 төгрөгийг гаргуулан Л ХХК-д олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР