Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00552

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00552

 

 

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00039 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ө.Баянзул, Б.Од-Эрдэнэ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 18 698 985 28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ю.Батболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Хас банк ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ө.Баянзул, Б.Од-Эрдэнэ нар Хас банк ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1080016942 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, жилийн 29,4 хувийн хүүтэй, 25 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Банк 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ө.Баянзулын Хас банк ХХК дах 5000923509 дугаартай харилцах дансанд мөнгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд хариуцагч нар үндсэн зээлд 15 887 778 төгрөг, зээлийн хүүнд 7 266 180 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 37 942 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 1080016942 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр Б.Од-Эрдэнийн өмчлөлийн 16-66 УБҮ улсын дугаартай Тоёота клугер маркийн суудлын автомашиныг барьцаанд тавьсан ба хариуцагч Б.Од-Эрдэнэ нь хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч нарт банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24.3 дах заалтыг үндэслэн дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд зээлийн үндсэн төлбөрт 9 112 228 28 төгрөг, зээлийн үндсэн хүү 8 711 744 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 875 019 төгрөг, нийт 18 698 985 28 төгрөгийг хариуцагч Ө.Баянзул, Б.Од-Эрдэнэ нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Баянзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хас банк ХХК-иас нийт 9 удаа зээл авч байсан найдвартай зээлдэгч бөгөөд энэ зээл маань 10 дахь удаагийн зээл байсан юм. Тус банктай 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөг авч, зээлээ төлж байсан. Гэтэл хийж байсан бизнес маань уналтад орж, улмаар Цэцэрлэгт хүрээлэнд 00 түрээслэн ажиллаж, өдөрт олсон мөнгөө нийлүүлээд тушаадаг байсан. 2016 онд хийж байсан түрээсийн ажил маань үргэлжлэх боломжгүй болж, Цэцэрлэгт хүрээлэн-гийн дарга өөрчлөгдсөнөөс ажлыг маань булааж авсан. Түүнээс хойш мөнгө төлөх боломж олдоогүй. Би зээлээсээ нийт 23 000 000 төгрөгийг төлсөн. Банкийг гомдоосондоо харамсч байна. Гэхдээ би өөрийн боломж бололцоог ашиглаж зээлээ төлөхийг чармайж ирсэн. Орлогогүй болоод тэтгэврийн мөнгөнөөс илүүг төлж чадахгүй байна. Би 18 000 000 төгрөг төлж чадахгүй, миний амьдралын боломж бололцоог харж, үнийн дүнгээс хасаж өгнө үү. Банкинд 4 000 000-5 000 000 төгрөг төлөх боломжтой гэжээ.

Хариуцагч Б.Од-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ө.Баянзул нь Хас банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Зээл авах үед хамтран зээлдэгч заавал байх ёстой гээд хүү Б.Од-Эрдэнэ нь хамтран зээлдэгч дээр гарын үсгээ зурж, өөрийн машиныг зээлийн барьцаанд тавьсан. Өөр оролцоо байхгүй. Банк мөнгийг Ө.Баянзулын дансанд шилжүүлсэн. Уг мөнгийг Ө.Баянзул бизнестээ хэрэглэсэн, Б.Од-Эрдэнэд нэг ч төгрөг аваагүй. Ө.Баянзулы хувьд 10 дахь удаагийн зээл бөгөөд 2015 оны 5 сар хүртэл зээлийн төлбөрийг хугацаандаа хийж байсан. Ө.Баянзулын бизнес 2015 оны 8 дугаар сараас хойш уналтад орж, Цэцэрлэгт хүрээлэнд 00 түрээсэлж, өөрийн бололцоогоор зээлийг төлж байсан. Төлсөн төлбөрийг нь хүү гэж аваад үндсэн зээлээс нь хасч байгаагүй. 2015 оны 4 дүгээр сарын 21-нөөс 2017 оны 3 дугаар сарын 30 хүртэл 23 190 900 төгрөгийн зээл төлсөн. 2014 оны 5 дугаар сарын 21-нөөс 2015 оны 5 дугаар сарын 01 хүртэл үндсэн зээл, хүүг хугацаандаа төлж байсан. 1 000 000 төгрөг, 100 000 төгрөг, 70 000 төгрөг, дахин 70 000 төгрөгийг тус тус төлсөн. Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн. 2017 оны 7 дугаар сард Хас банк ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 17 915 284 28 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан. Дахин нэхэмжлэл гаргахдаа 1 174 000 төгрөг нэмснийг ойлгохгүй байна. Нэмэгдүүлсэн хүүг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан, баримтлан хариуцагч Ө.Баянзул, Б.Од-Эрдэнэ нараас 18 698 985 28 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251 445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Баянзул, Б.Од-Эрдэнэ нараас 251 445 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Од-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдолдоо: Ө.Баянзул нь Хас банк ХХК-иас нийт 10 удаа зээл авч байсан найдвартай зээлдэгч байсан юм. Тус зээлийг аваад гэрээний дагуу зээлээ төлж байсан боловч эрхэлж байсан бизнес нь эрсдэлд орж зээлээ төлөх боломж олдоогүй. Нийт 23 000 000 төгрөгийг төлсөн. Хас банк ХХК нь 2017 оны 7 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэгч тал ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан. Хас банк ХХК-иас шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн хүүг яаж тооцоолсон талаар удаа дараа асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж нотолж чадаагүй бөгөөд зээлийн хүүг тооцох тооцооллоо тайлбарласан. Хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, мөн нэмэгдүүлсэн шаардлага болох мөнгийг хэрхэн тооцоолж гаргасан шаардлага үндэслэлээ нотолж чадахгүй байхад шүүх эдгээр нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Ө.Баянзул, Б.Од-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 698 985 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хас банк ХХК болон Ө.Баянзул, Б.Од-Эрдэнэ нар нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1080016942 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, жилийн 29,4 хувийн хүүтэй, 25 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.Од-Эрдэнийн өмчлөлийн 16-66 УБҮ улсын дугаартай Тоёота клугер маркийн суудлын автомашиныг барьцаалсан, зээлдүүлэгч 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ө.Баянзулын Хас банк ХХК дах 5000923509 дугаартай харилцах дансанд 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлд 15 887 778 төгрөг, зээлийн хүүнд 7 266 180 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 37 942 төгрөгийг төлсөн ба 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй, үндсэн зээлийн 9 112 222 төгрөгийн үлдэгдэлтэй зэрэг үйл баримт нь зээлийн болон барьцааны гэрээ, дансны хуулга, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, зохигчдын тайлбараар тогтоогдсон./хх-10-12, 14-17, 18,19/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Харин хамтран зээлдэгч зээлийн гэрээний үүрэг хүлээх эсэх, зээлдэгч нар гэрээний хэтэрсэн хугацааны хүү төлөх үндэслэлтэй эсэхэд маргасан байна.

Зээлийн гэрээний 3.3.1-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч банк зээлийн гэрээний үүргийг Ө.Баянзул, Б.Од-Эрдэнэ нараас шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасанд нийцсэн. Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан байхад Хас банк ХХК нь энэ хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг гэрээнд заагаагүй байна. Талууд зээлийн гэрээндээ хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн хэмжээг тодруулсан буюу тодотгож зээлийн үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэхгүйгээр ямар хэмжээтэй байх талаар тодорхой заасан байх ёстой. Энэхүү зохицуулалт нь хуулийн дагуу зээл, үйлчилгээ үзүүлж буй этгээдэд үүрэг хүлээлгэсэн, заавал биелүүлэх заалт тул гэрээндээ тухайлан хэтэрсэн хугацааны хүүгийн талаар заагаагүй учир үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэтэрсэн хугацааны хүү шаардаж буй үндэслэлээ гэрээний 3.2.7-д зээлийг ашигласны хариу төлбөр болох хүү болон гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн төлж дуустал төлөхөөр заасан гэж тайлбарлах боловч энэхүү тохиролцоог дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тусгасан гэж үзэхгүй. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь буруу болно.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч Хас банк ХХК нь 20017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хугацааны буюу хэтэрсэн хугацааны хүү 1 174 353 төгрөгийг шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу зээлийн гэрээний 4.1.-д үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна. Шүүх үндсэн зээл, зээлийн гэрээний хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Ө.Баянзул хэргийн материалтай танилцсан тухай баримтад гарын үсэг зураагүй байх боловч анхан шатны шүүхэд хэрэг хянаж шийдвэрлэх ажиллгааны явцад өмгөөлөгчийн хамт хэрэгтэй танилцсан талаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч тайлбарласан болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан 1 174 353 төгрөгийн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй гэх гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00039 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 18 698 985 гэснийг 17 524 632 гэж, Хас банк ХХК-д гэсний дараа ... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 174 353 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй ... гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 445 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Б.НАРМАНДАХ