Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2018/00039

 

                             

 

 

 

 

 

 

     2018 оны 01 сарын 03 өдөр

 Дугаар 183/ШШ2018/00039

               Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 2578697 регистрийн дугаартай, Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар хороо,  Нүхт, 26-6 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, 60 настай, ХЖ:58060109 тоот регистрийн дугаартай, Өндөр дархан овогт Өнөржавын Ө.Б,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар хороо,  Нүхт, 26-6 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 33 настай, ХЖ:85042815 регистрийн дугаартай, Борнууд овогт Бат-Очирын Б.О нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18.698.985,28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч Ө.Ө.Б, хариуцагч Б.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ө.Ө.Бын өмгөөлөгч Ю.Батболд, хариуцагч Б.О-н өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Чогчмаа нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Тусгай активын хэлтсийн захирал М.Батмөнхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө.Ө.Б, Б.Б.О нар Х банктай 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1080016942 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, жилийн 29,4 хувийн хүүтэй, 25.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Банк  зээл авсан өдөр буюу 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ө.Ө.Бын Х банкин дахь 5000923509 дугаартай харилцах дансанд мөнгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд хариуцагч нар үндсэн зээлд 15.887.778 төгрөг, зээлийн хүүнд 7.266.180 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 37.942 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 1080016942 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр Б.Од-Эрдэнийн өмчлөлийн 16-66 УБҮ улсын дугаартай Тоёота клугер маркийн суудлын автомашиныг барьцаанд тавьсан ба хариуцагч Б.Б.О нь хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч нарт банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24.3 дахь заалтыг үндэслэн дараахь төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд зээлийн үндсэн төлбөрт 9.112.228,28 төгрөг, зээлийн үндсэн хүү 8.711.744 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 875.019 төгрөг, нийт 18.698.985,28 төгрөгийг хариуцагч Ө.Ө.Б, Б.Б.О нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч Ө.Ө.Б, хариуцагч Б.Од-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд нар зээлд төлсөн мөнгийг зөвхөн хүүнд авч, үндсэн зээлээс хасаагүй гэж ярьж байна. Банк гэрээ байгуулахдаа зээл эргэн төлөлтийн хуваарь гаргасан ба тэр хуваарийн дагуу төлбөрөө авдаг. Зээлдэгч нар зарим үед илүү төлөлт хийвэл хүүг тооцож аваад үндсэн зээлээс хасаж, дутуу төлсөн бол дараа сараас тооцох, мөн хугацаа хэтэрч төлвөл нэмэгдүүлсэн хүүг тооцож авдаг. Банк нэг ч төгрөг илүү авдаггүй, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололын хүснэгт дээрээс тодорхой харагдаж байгаа гэв.

 

Хариуцагч Ө.Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х банкнаас нийт 9 удаа зээл авч байсан найдвартай зээлдэгч бөгөөд энэ зээл маань 10 дахь удаагийн зээл байсан юм. Тус банктай 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөг авч, зээлээ төлөөд явж байсан. Гэтэл хийж байсан бизнес маань уналтад орж, улмаар Цэцэрлэгт хүрээлэнд 00 түрээслэн ажиллаж, өдөрт олсон мөнгөө нийлүүлээд тушаадаг байсан. 2016 онд хийж байсан түрээсийн ажил маань үргэлжлэх боломжгүй болж, “Цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга өөрчлөгдснөөс болж ажлыг маань булааж авсан.  Түүнээс хойш мөнгө төлөх боломж олдоогүй. Би зээлээсээ нийт 23.000.000 төгрөгийг төлсөн. Банкыг гомдоосондоо харамсч байна. Гэхдээ би өөрийн боломж бололцоог ашиглаж зээлээ төлөхийг чармайж ирсэн. Орлогогүй болоод тэтгэврийн мөнгөнөөс илүүг төлж чадахгүй байна. Би 18.000.000 төгрөг төлж чадахгүй, миний амьдралын боломж бололцоог харж, үнийн дүнгээс хасаж өгнө үү. Банкинд 4.0-5.0 сая төгрөг төлөх боломжтой гэв.

 

Хариуцагч Б.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 4  дүгээр сарын 25-ны өдөр Ө.Ө.Б нь Х банктай зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Зээл авах үед хамтран зээлдэгч заавал байх ёстой гээд хүү Б.Б.О нь хамтран зээлдэгч дээр гарын үсгээ зурж, өөрийн машиныг зээлийн барьцаанд тавьсан. Өөр оролцоо байхгүй. Банк мөнгийг Ө.Ө.Бын дансанд шилжүүлсэн. Уг мөнгийг Ө.Ө.Б бизнестээ хэрэглэсэн, Б.Б.О нэг ч төгрөг аваагүй. Ө.Ө.Б гуайн хувьд 10 дахь удаагийн зээл бөгөөд 2015 оны 5 сар хүртэл зээлийн төлбөрийг  хугацаандаа хийж байсан. Ө.Ө.Бын бизнес 2015 оны 8 дугаар сараас хойш уналтад орж, Цэцэрлэгт хүрээлэнд 00 түрээслэж, өөрийн бололцоогоор зээлийг төлж байсан. Төлсөн төлбөрийг нь хүү гэж аваад үндсэн зээлээс нь хасч байгаагүй. 2015 оны 4 дүгээр сарын 21-нөөс 2017 оны 3 дугаар сарын 30 хүртэл 23.190.900 төгрөгийн зээл төлсөн. 2014 оны 5 дугаар сарын 21-нөөс 2015 оны 5 дугаар сарын 01 хүртэл үндсэн зээл, хүүг хугацаандаа төлж байсан. 1.000.000 төгрөг, 100.000 төгрөг, 70.000 төгрөг, дахин 70.000 төгрөгийг тус тус төлж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн. 2017 оны 7 дугаар сард Х банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 17.915.284,28 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан. Дахин нэхэмжлэл гаргахдаа 1.174.000 төгрөг нэмснийг ойлгохгүй байна. Нэмэгдүүлсэн хүүгээ хасуулах хүсэлтэй байна гэв.

 

   Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

    Нэхэмжлэгч Х банк ХХК хариуцагч Ө.Ө.Б, Б.Б.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18.698.985,28 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

          Ө.Ө.Б, Б.Б.О нар Х банк ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 29.4  хувийн хүүтэй зээлж, Б.Од-Эрдэнийн өмчлөлийн 00380662 гэрчилгээний дугаартай, Тоёота клугер маркийн 16-66 УБҮ улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан 1080016942 тоот зээл болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 

   Ө.Ө.Б, Б.Б.О нар гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 23.191.900 төгрөг төлж, өөр төлөлт хийгээгүй гэх ба нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч нараас үндсэн зээлд 9.112.228,28 төгрөг, хүүгийн төлбөрт 8.711.744 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 875.019 төгрөг, нийт 18.698.985,28 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

    Хариуцагч Ө.Ө.Б 2015 оны 4 дүгээр сарын 21-нөөс 2017 оны 3 дугаар сарын 30 хүртэл 23.190.900 төгрөг төлсөн, хүү нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, бизнес уналтад орсон тул зээл төлөх боломжгүй, 4.0-5.0 сая төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч, харин хариуцагч Б.Од-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд нь Б.Б.О хамтран зээлдэгч дээр гарын үсгээ зурж, өөрийн машиныг зээлийн барьцаанд тавьсан, өөр оролцоо байхгүй, банк мөнгийг Ө.Ө.Бын дансанд шилжүүлж, уг мөнгийг Ө.Ө.Б бизнестээ хэрэглэсэн тул Б.Б.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан тус тус маргаж байгаа болно.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1  дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т.. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, 452 дугаар зүйлийн 452.2-т… Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч төлөөгүй хугацааны хүүнд нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэх шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ 3 жилийн хугацаатай байгуулагдаж, гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан ба зээлдэгч Ө.Ө.Б, Б.Б.О нар нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 23.191.900 төгрөг төлж, өөр төлөлт хийгээгүй болох нь  Ө.Ө.Бын Х банкин дахь 1080016942 тоот дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Х банк зээлдэгчийн дансны хуулга,  зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололын хүснэгтийг үндэслэн хариуцагч Ө.Ө.Б, Б.Б.О нараас үндсэн зээлд 9.112.228,28 төгрөг, хүүгийн төлбөрт 8.711.744 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 875.019 төгрөг, нийт 18.698.985,28 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч нараас 18.698.985,28 төгрөгийг гаргуулж, Х банк ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

   

      Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд Б.О-г хамтран зээлдэгч дээр гарын үсгээ зурж, өөрийн машиныг зээлийн барьцаанд тавьснаас өөр оролцоо байхгүй, банк мөнгийг Ө.Ө.Бын дансанд шилжүүлж, уг мөнгийг Ө.Ө.Б бизнестээ хэрэглэсэн тул Б.Б.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байх боловч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.1-т...”Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч байна” гэж тохирч, улмаар гэрээнд гарын үсгээ зурсан, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т... Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж болохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн Ө.Ө.Б, Б.Б.О нараас гэрээний үүргийн биелэлт шаардсаныг буруутгах үндэслэлгүй юм.

 

     Хариуцагч Б.О-ийн өмчлөлийн 00380662 гэрчилгээний дугаартай, Тоёота клугер маркийн 16-66 УБҮ улсын дугаартай автомашин зээлийн барьцаанд байгааг дурдах нь зүйтэй.

 

     Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Ө.Б, Б.Б.О нараас 18.698.985,28  төгрөгийг гаргуулж, Х банк ХХК-д болгосугай.   

 

      2.Хариуцагч Б.О-ийн өмчлөлийн 00380662 гэрчилгээний дугаартай, Тоёота клугер маркийн 16-66 УБҮ улсын дугаартай автомашин зээлийн барьцаанд байгааг дурдсугай.

 

  3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251.445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ө.Б, Б.Б.О нараас 251.445 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгосугай.

 

             4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН