Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02108

 

 

 

 

 

 

 

 

 

М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02325 дугаар шийдвэртэй,

 

М.Мөнх-Одын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Ариунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 21 дүгээр байрны 24 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг М-, Т.Сандагдорж нар 5 хүүхдийн хамтаар хамтран өмчилдөг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус орон сууцыг 84 280 000 төгрөгөөр үнэлэгдсэн тул дуудлага худалдаанд оруулна гэсэн албан бичгийг ирүүлсэн. Орон сууцны үнэлгээ хийлгэхдээ бидэнд мэдэгдэлгүй, санал авалгүйгээр үнэлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Уг орон сууц нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13/100 тоот зээлийн гэрээгээр 125 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан бол Барилга.мн сайтаас харахад одоогийн зах зээлийн ханш 145 000 000 төгрөг орчим байхад үнэлгээний компани хэт доогуур үнэлж, үнэгүйдүүлсэнд гомдолтой байна.

Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээ гаргасан ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14.1.6-д зааснаар үнэлгээчний хариуцлагын даатгалд даатгуулсан байх ёстой байтал энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Мөн хуулийн 9.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээг хийх тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаар заавал тусгагдаж, хавсралтаар авагдсан байх ёстой. Тайланг нэг бүрчлэн судалж үзэхэд үнийн тайланг тодорхойлон жишиг үнэ, өртгийг гаргасан. Гэтэл орлогын тайлангийн талаар тооцоолол судалгаа байхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээний судалгааг хийхдээ 2018 оны 01 дүгээр сарын судалгааг ашигласан байна. Үнэлгээг 2019 оны 12 дугаар сард хийлгэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчид үнийн саналаа 118 000 000 төгрөгөөр үнэлж байгаа талаар амаар хэлсэн байдаг.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр Б.Анхбаяр, М- нараас 95 074 246 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Б.Анхбаяр, М- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2205029102 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 21 дүгээр байрны 24 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 19280089/1 дугаартай тогтоолоор хураасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан хөрөнгийн үнийн санал асуухад төлбөр төлөгч тухайн үед 128 000 000 төгрөгөөр авч байсан, одоогоор үнэлэх боломжгүй гэх тайлбар өгсөн тул үнийн саналаа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ирж өгөхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах хуудас өгсөн боловч энэ хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/28 тоот тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж, тус байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 84 280 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Ү-2205029102 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 21 дүгээр байрны 24 тоот дахь 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 72.2, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хураасан өдрөөс хойш 1 сарын дотор үнэлгээг хийлгэж, шинжээч тайланг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн, үнэлгээний тайлан болон мэдэгдлийг шүүхэд баримтаар гаргаж өгсөөр байтал шийдвэр гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй, хяналт тавиагүй мэтээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож байгаад гомдолтой байна.

Шинжээчийн тогтоосон үнэлгээ болон дүгнэлтэд шийдвэр гүйцэтгэгч хяналт тавих эрхгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М- нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00415 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 891 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1275 дугаар тогтоолоор Б.Анхбаяр, М- нараас 95 074 246 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205029102 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байр, 24 тоот хаягт байрших, 40 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх16-31/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205029102 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байр, 24 тоот хаягт байрших, 40 м.кв 3 өрөө орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 28ы өдөр битүүмжилж, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19280089/1 тоот тогтоолоор уг орон сууцыг хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. /хх 34, 37/

 

Хариуцагч байгууллага нь М-од 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/15361 тоот албан бичгээр эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн саналыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн, ба төлбөр төлөгч болон төлбөр авагчийн хэн аль нь тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй байна. /хх 41, 44/ Иймд хариуцагч байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилсон ажиллагааг буруутгах боломжгүй байна.

 

Шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь уг орон сууцны зах зээлийн үнийг гаргахдаа өртгийн, орлогын болон жишиг үнийн хандлагын аргаар үнэлгээг хийж харьцуулан дүгнэж 84 280 000 төгрөгөөр үнэлсэн нь байна. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд 2018 оны эдийн засгийн судалгаа, орон сууцны үнийн индекс, график авагдсан боловч шинжээчийн дүгнэлт гаргахдаа үндэслэл болгож, харьцуулсан 3 орон сууцны үнийн мэдээллийг 2019 оны байдлар цуглуулж дүгнэсэн байна. /хх142, 143/ Иймд шинжээч үнэлгээ гаргахдаа цаг хугацааны хувьд 1 жилийн өмнө буюу 2018 оны орон сууцны үнийн дүнтэй харьцуулан үнэлгээг тогтоосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалаар Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярт хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгосон нь 111200205 тоот гэрчилгээгээр, тус компани нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх152, 153, 116/

 

Иймд шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн судалгааг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар гаргахдаа 2018 оны 1 дүгээр сарын орон сууцны индексээр тооцоолж, орон сууцтай хамааралгүй буюу оффис, таун хаус зэргийн зах зээлийн хандлагыг харьцуулан дүгнэсэн, шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан шаардлагыг хангаагүй үнэлгээг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, талуудад мэдэгдсэн гэж анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгожээ.

 

Нэхэмжлэгч үнэлгээг бодит байдалтай нийцээгүй, зах зээлийн судалгаанд тулгуурлаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА