Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 215/МА2019/00031

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, ерөнхий шүүгч Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2019/00342 дугаар шийдвэртэй,

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалантын 1- ... тоотод оршин суух Х овгийн Д.У-ийн /РД: Д.........../ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь МСҮТ холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие МСҮТ-ийн төвийн захирал Г.Г-ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тус тус ажилдаа эргэн орох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан авахаар шийдвэр гарсан. Сургуулийн захирал Г.Г нь 7 сарын 25-нд миний ажилд орох тушаалыг гаргачихаад 8 сарын 1-ний өдөр надад гардуулан өгсөн. Ингэж буцаан ажилд томилохдоо хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хариуцсан ахлах ажилтнаар ажиллуулахгүй, жижүүрээр ажилла тэгэхгүй бол дахин ажлаас хална гэсэн тул одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд жижүүрээр ажиллаж байгаа. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ор гэж дуудахдаа өдөржин хүлээлгээд 07 дугаар сарын 25-ны өдөр гарсан тушаал дээр дарамталж гарын үсэг зуруулаад жижүүрээр ажиллуулж, нэг сар хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний цалин олгоод жижүүрээр томилсон тушаал 09 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Би хоёр удаа ажлаас халагдаж шат шатны шүүхээр явж эргэж ажилдаа орсон тул дахин халагдах юм байна гэж ойлгоод жижүүрийн ажил хийж байгаа. Ажлаас гаргана гээд сүрдүүлээд байгаа учир зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв харьяалагддаг тул энэ талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн зүйл одоогоор байхгүй.

 

Анхан шатны шүүх хуралдаан болох хүртэлх хугацааны цалинг шийдвэр гүйцэтгэлээр гаргуулсан боловч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөөгүй байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд авсан тушаал гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4.536.529 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгуулж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ-өөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан 145 өдөрт ногдох олговорт 3.749.700 /гурван сая долоон зуун дөчин есөн мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х овогт Д.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 786.829 /долоон зуун наян зургаан мянга найман зуун хорин есөн/ төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ даалгаж. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ-өөс улсын тэмдэгтийн хураамжид 74.945 /далан дөрвөн мянга есөн зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2019/00342 дугаар шүүхийн шийдвэрээр 2018 оны 7, 8, 9 дүгээр саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцон нэг өдрийн дундаж цалинг 25.860 төгрөг байхаар, 2019 оны 1 дүгээр сарын 04-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 145 хоногоор тооцож олговорт нийт 3.749.700 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамын харьяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ-өөс гаргуулан нэхэмжлэгч Д.У-д олгохоор шийдвэрлэжээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдийн 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 4-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн /жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох гэх мэт/ тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого/ унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заажээ.

 

Д.У 2018 оны 7 дугаар сарын цалинд 20400 төгрөгний хоолны мөнгө, 2019 оны 08 дугаар сарын цалинд 57800 төгрөгийн хоолны мөнгө, 2019 оны 09 дүгээр сарын цалинд 68000 төгрөгийн хоолны мөнгө нийт 146200 төгрөгийн хоолны мөнгө орсон байна. Иймд дундаж цалин хөлс тодорхойлохдоо хоолны мөнгийг хасаж тооцож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У нь Говь-Алтай аймаг дахь МСҮТ холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.У-г Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн хяналт, шинжилгээ мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 133/шш2019/00012 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 09 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00884 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-19-22, хх-5-11, хх-12-18/

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 133/шш2019/00012 дугаар шийдвэрийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь МСҮТ 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр биелүүлсэн байх тул дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцон хариуцагчаас гаргуулахдаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар хавсралтын 7-т зааснаар ... дундаж цалин хөлсийг тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2019/00342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Г-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.945 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж

 

ШҮҮГЧИД Ч.Э

 

Ш.Б