Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 133/ШШ2019/00342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Д.У нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие МСҮТ-ийн төвийн захирал Г.Г-ийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн Б/35 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тус тус ажилдаа эргэн орох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан авахаар шийдвэр гарсан. Сургуулийн захирал Г.Г нь 7 сарын 25-нд миний ажилд орох тушаалыг гаргачихаад 8 сарын 1-ний өдөр надад гардуулан өгсөн. Ингэж буцаан ажилд томилохдоо хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хариуцсан ахлах ажилтнаар ажиллуулахгүй, жижүүрээр ажилла тэгэхгүй бол дахин ажлаас хална гэсэн тул одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд жижүүрээр ажиллаж байгаа. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ор гэж дуудахдаа өдөржин хүлээлгээд 07 дугаар сарын 25-ны өдөр гарсан тушаал дээр дарамталж гарын үсэг зуруулаад жижүүрээр ажиллуулж, нэг сар хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний цалин олгоод жижүүрээр томилсон тушаал 09 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Би хоёр удаа ажлаас халагдаж шат шатны шүүхээр явж эргэж ажилдаа орсон тул дахин халагдах юм байна гэж ойлгоод жижүүрийн ажил хийж байгаа. Ажлаас гаргана гээд сүрдүүлээд байгаа учир зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв харьяалагддаг тул энэ талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн зүйл одоогоор байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан болох хүртэлх хугацааны цалинг шийдвэр гүйцэтгэлээр гаргуулсан боловч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөөгүй байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд авсан тушаал гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4.536.529 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4.536.529 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн бичилт хийлгэхээр шаарджээ /хх-1-2/.

 

Хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 133/ШЗ2019/01428 дугаартай шүүгчийн захирамж 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гарч /хх-37/ хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 00 миунтад хэлэлцэхээр товлож, хариуцагчийн төлөөлөгч Г.Г-д хуульд заасан зохих журмын дагуу хурлын товыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн /хх-42/ байх боловч хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Хариуцагч байгууллагаас оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-44/.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

Нэхэмжлэгч Д.У*гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгч 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхээс гардан авсан боловч /хх-32/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллагыг бүрэн төлөөлөх эрхтэй захирал Г.Г хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.

Нэхэмжлэгч Д.У-г Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2019/00012 дугаартай шийдвэр /хх-5-11/, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай магадлал /хх-12-18/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00884 дугаартай тогтоолоор /хх-19-22/ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт, шинжилгээ мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 1.402.944 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.У-д олгохоор шийдвэрлэсэн болох нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн тогтоол зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж,

мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “зохигч ба хэргийн бусад оролцогч ...шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, 11.2-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан тул нэхэмжлэгч Д.У-г урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр биелүүлсэн байна /хх-4/.

Ийнхүү ажилд эгүүлэн тогтоосон 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэрийг ажил олгогч нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр биелүүлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.У ажилгүй байж түүний хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь хөдөлмөрлөх эрхийг ажил олгогч зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал энэхүү үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргах нь хариуцагчийн эрх тул хариуцагчийн төлөөлөгч эрхээ эдлэн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан бөгөөд ажилгүй байсан хугацаа гэдгийг ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх, мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа хамаарна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй” гэж,

103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлж, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж,

103.3-т “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно” гэж тус тус заасан тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.У-гийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 145 хоногийн хугацааны олговрыг түүний урьд авч байсан сарын цалингийн дунджийг тооцон хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.У нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан, ажил олгогчийн ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр авсан гэж тайлбарлаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх үзлээ /хх-1 арын хуудас/.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Угийн 0094207 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарын 2 дугаар хуудсанд 2008 оны, 3-р хуудсанд 2012 оны 4-р хуудсанд 2011 оны, 5-р хуудсанд 2013 оны, 6-р хуудсанд 2014 оны, 7-р хуудсанд 2015 оны, 8-р хуудсанд 2016 оны, 9-р хуудсанд 2017 оны, 10-р хуудсанд 2018 оны 1-10 дугаар саруудын цалин авсан талаарх бичилт хийгдсэн /хх-23-27/ байх боловч нэхэмжлэгчийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байх тул 2018 оны 9, 8, 7 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дунджийг тооцоход 650.710 + 456.596 + 568.441 = 1.675.747 : 3 сар = 558.582 : 21.6 = нэг өдрийн 25.860 төгрөг байх тул 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 145 хоногоор тооцож олговорт нийт 3.749.700 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгох нь зүйтэй.

Ажил олгогчийн ажилтаны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тушаалын үндэслэлийн талаар талууд маргасаны улмаас анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан байх бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгч Д.У-г шүүхийн шийдвэрээр тогтоосон ажлын байранд аваагүй жижүүрээр ажиллуулж байгаа талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан боловч нотлох баримтаар гаргасан ажилтаны нийгмийн даатгалын дэвтрийн ажил, албан тушаал өөрчлөлтийн тэмдэглэлд нэхэмжлэгчийг ажилд томилсон, өөр ажилд шилжүүлэн томилсон талаарх болон 2019 оны 8 дугаар сараас хойш цалин хөлс, шимтгэлийн талаарх бичилт огт хийгдээгүй байгааг дурдах нь зүйтэй /хх-25-27/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй бөгөөд хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг мөн хуулийн 7.2-р хориглоно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болох бөгөөд мөн хуулийн 34.1-д зааснаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэхээр тус тус заасан.

Ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй, ...байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлөх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.Угийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгах нь зүйтэй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбараа шүүхэд гаргаагүй бөгөөд зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шаардлага, татгалзлаа нотолж, нотлох баримтаа өөрсдөө гаргах үүрэгтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 74.945 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасан ба өдрийн цаг нь ажлын цаг биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цаг гэж тодорхойлсноос үзэхэд өдрийн цаг нь өглөөний 06 цагаас оройн 22 цаг хүртэлх хугацааг хамааруулан ойлгоно.

Тиймээс энэ өдрийн 14 цаг 30 минутад орсон шүүх хуралдаан 18 цаг 05 минутад дуусаж шүүх хуралдааныг хаасны дараа уг хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч Д.У зөвшөөрсний дагуу 18 цаг 10 минутад эхэлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилтаны ажилгүй байсан 145 өдөрт ногдох олговорт 3.749.700 /гурван сая долоон зуун дөчин есөн мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 786.829 /долоон зуун наян зургаан мянга найман зуун хорин есөн/ төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Угын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид  74.945 /далан дөрвөн мянга есөн зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ЯНЖИНДУЛАМ