Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 642

 

 

                                                       

 

 

 

 

                                                    Л.Сүхтулгад холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Г.Хатанцэцэг,

            ялтан Л.Сүхтулга /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

            ялтан Л.Сүхтулгын өмгөөлөгч Б.Уранчимэг,

  нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Сүхтулга, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Сүхтулгад холбогдох 201626020854 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Баатар ван овгийн Лхагвасүрэнгийн Сүхтулга, 1993 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эх, дүү, хойд эцгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн гудамжны 2-59 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УК93022013/

 

Л.Сүхтулга нь 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22А байрны орчим Т.Өнөржаргалын хоолойг боож, хүч хэрэглэн “Samsung Galaxy S-5 Duos” загварын гар утсыг дээрэмдсэн,

давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарт С.Бямбасүрэнд хутга тулган хүч хэрэглэхээр заналхийлж “I рhone-4” загварын гар утас болон гоо сайхны хэрэгсэл бүхий цүнхийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Сүхтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Сүхтулгыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Сүхтулгаас 800,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Өнөржаргалд, 230,000 төгрөг гаргуулж хохирогч С.Бямбасүрэнд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Л.Сүхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Бямбасүрэн, Өнөржаргал нарт хүч хэрэглэж, хоолойг боомилсон зүйл байхгүй байтал хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэндээ гомдолтой байна. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ хийлгэх, мөн харсан гэрч байсаар байтал мөрдөн байцаагч хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй, хавтаст хэрэгт миний хэлсэн гэрчийг байцаагаагүй тул хэргээ нарийвчлан шалгуулах талаар гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй, хохирогчийн хоолойг боогоогүй. Үүнийг харсан гэрчээс байцаалт аваагүй. Энэ талаар олон удаа хэлсэн боловч хүлээж аваагүй. Хэргийн газрын үзлэг хийхдээ хутга гаргаж цүнхийг хаясан гэж худал мэдүүлэг авсан. Энэ үед ямар ч гэрч байгаагүй. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Samsung Galaxy S-5 Duos” загварын гар утас 3 жилийн өмнө худалдаанд гарсан. Өнөөдрийн ханш нь 800,000 төгрөгийн үнэ хүрэхгүй.” гэв.

 

            Ялтан Л.Сүхтулгын өмгөөлөгч Б.Уранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хохирогч Бямбасүрэн нь “Миний биед гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Мөн намайг зодож, цохиж хутгаараа зүссэн зүйл байхгүй. Шууд зугтаад яваад өгсөн гэх мэдүүлэг, мөн хохирогч Т.Өнөржаргал нь шүүх эмнэлэгт үзүүлээгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад хүч хэрэглэж дээрэмдсэн гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоогоогүй. Л.Сүхтулгын үйлдэл дээрмийн гэмт хэрэг гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул  хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Л.Сүхтулга нь давтан үйлдлээр дээрмийн гэмт хэрэгт холбогдсон. Дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ Т.Өнөржаргалын хоолойг боомилж үйлдсэн. Боомилсон үйлдэл нь хохирогчийн “дуугарч чадахгүй, амьсгаа авч чадахгүй байсан” гэсэн тодорхой мэдүүлгээр нотлогддог. 2 дахь үйлдэл нь “хутга тулгаж эд зүйлээ гаргаж ир” гэж айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байдаг. Дээрмийн гэмт хэрэг нь заавал гэмтэл, хохирол шаардахгүй хэрэг юм. Т.Өнөржаргал гар утсаа 2015 онд 1,170,000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Үүнийг үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний комиссоос гар утсыг 800,000 төгрөгөөр үнэлсэн нь бодитой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал гаргаж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Л.Сүхтулга нь 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22А байрны орчим Т.Өнөржаргалын хоолойг боож, хүч хэрэглэн “Samsung Galaxy S-5 Duos” загварын гар утсыг дээрэмдсэн,

давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарт С.Бямбасүрэнд хутга тулган хүч хэрэглэхээр заналхийлж “I рhone-4” загварын гар утас болон гоо сайхны хэрэгсэл бүхий цүнхийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Хохирогч С.Бямбасүрэнгийн: “… 2016 оны 3 дугаар сарын 7-ны орой... байрны цахилгаан шатанд суухад нэг залуу араас орж ирээд хамт суусан. Тэр залуу дунд зэргийн нуруутай, цайвар шаргал царайтай, бэлтгэлийн цүнх үүрсэн, даавуун унждаг малгай өмссөн байсан. Би 6 дугаар давхарын товч дээр дарахад тэр залуу 5 давхарт бууж үлдсэн. Намайг 6 давхарт буухад урдаас гарч ирээд хутга тулгаад “цүнх, утсаа өг” гэхээр нь би айсандаа тэр чигээр нь өгсөн. Мөн өмсөж явсан куртикны халаасанд байсанд цагаан өнгийн “I рhone 4” загварын гар утсаа өгч явуулсан...” /хх-13-14/,

- Хохирогч Т.Өнөржаргалын: “... 2016 оны 2 дугаар сарын 1-ний оройн 20 цагийн үед Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 22А байрны хажуугийн сааданд гутлаа янзлаад боссон чинь гэнэт хойноос нэг хүн хүзүүгээр боомилж энгэр болон шубны халааснуудыг ухсан. Би хүзүүгээ боомилуулсан байсан учир амьсгаа авч, хашхирч чадаагүй. Тэр залуугийн гар нь арай сулараад би эргэж хартал нилээд бага насны, туранхайдуу ороолтоороо нүүрээ тагласан залуу байсан. Би тэр залуугийн царайг хараад үг хэлж чадахгүй “хөөш, чи гэтэл” намайг гайхаж харчихаад шубны баруун талын халаасанд байсан “Samsung galaxy S-5 Duos” загварын шаргал өнгөтэй гар утсыг аваад зугтаагаад алга болсон... Би алдсан гар утсаа 2015 онд “Тэди” төвөөс 1,170,000 төгрөгөөр авч байсан...” /хх-61-62, 83/,

- Гэрч У.Энхболорын: “... Сүхтулга миний гэр бүлийн хүн юм... Надад хэлэхдээ дээрмийн гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүрэгт байдаг гэрээсээ манайх руу ирж явахдаа хорооллын эцэст нэг эмэгтэйн гар утсыг нь авсан гэж надад хэлж байсан...” /хх-15-16/,

- Гэрч Д.Энхтуулын: “... Би Сүхтулгын төрүүлсэн ээж нь байгаа юм... Манайх хоол хүнс болон ахуйн хэрэгцээндээ хэрэглэдэг 4 хутгатай. Одоо манай гэрт 3 хутга л байгаа. Төмөр иштэй цагаан хутга байхгүй болсон байна. Миний хүү Сүхтулга надад хэлэхдээ тэр хутгыг гэрээсээ авч гарсан гэж байсан...” /хх-17, 18/,

- Гэрч Д.Тунгалагийн: “... 2016 оны 3 дугаар сарын 7-ны орой 21 цаг өнгөрч байхад гаднаас Бямбасүрэн орилоод орж ирэхээр нь юу болсныг асуухад “хүнд дээрэмдүүлчихлээ, над руу нэг шар залуу хутга тулгаад “цүнх, утсаа өг” гээд байхаар нь би цүнхээ тэр чигт нь өгөөд явуулсан” гэж учир зүггүй айчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-20/,

- Гэрч Э.Амартүвшингийн: “... Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний хажуу талын “KING” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. Манайд  Лхагвасүрэн овогтой Сүхтулга нэрээр 2016 оны 2 дугаар сарын 1-ний орой 21 цаг 51 минутанд “Samsung galaxy S-5” загварын гар утас барьцаалж 180,000 төгрөг зээлж авсан...”/хх-21/ гэсэн мэдүүлгүүд,

- Хохирогч С.Бямбасүрэн, Т.Өнөржаргал нарын дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-11, 59/,

- Л.Сүхтулгын “KING” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт гар утас барьцаалж зээл авсан талаарх баримт /хх-22/,

- Л.Сүхтулгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-36/,

- Л.Сүхтулгын сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.

 

Анхан шатны шүүх, Л.Сүхтулгыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулсан. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Л.Сүхтулга нь хохирогч Т.Өнөржаргалын хоолойг боомилж халааснаас нь гар утсыг нь дээрэмдсэн, давтан үйлдлээр хохирогч С.Бямбасүрэнд хутга тулган айлган сүрдүүлж гар утас, эд зүйлийг нь дээрэмдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг болон Л.Сүхтулгын сэжигтнээр “... Би дээрэм хийх гэж гэртээ байсан хоол, хүнс бэлтгэхэд хэрэглэдэг хутгыг авч гарсан... хутгаа бариад лифтний үүдэнд зогсч байтал хохирогч гарч ирээд хутга хараад “намайг битгий алаач” гээд хойшоо сөхөрч суусан. Тэгээд “гар утас, цүнхээ өг” гээд авсан ...”, яллагдагчаар “... тэр эмэгтэй гар утсаараа оролдоод явж байхаар нь араас нь дагасан. 22А байрны сааданд суухаар нь баруун мөрнөөс нь татаж унагаад зүүн талын халаасанд нь байсан гар утсыг нь аваад зугтсан ...” гэх мэдүүлгүүд, гэмт хэрэг үйлдсэн талаар ярьж байхыг сонссон хамтран амьдрагч У.Энхболорын мэдүүлэг, гэрт нь байсан хутга алга болсон талаар эх Д.Энхтуулын мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй нотлогдсон болно.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж буй үйлдлийн эсрэг хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийсэн үйлдлээр илрэх ба ялтны өмгөөлөгчийн гомдолд дурьдсанчлан уг үйл ажиллагааны улмаас хохирогчид эрүүл мэндийн хохирол учирсан байх нь энэ гэмт хэргийн заавал байх шинж биш юм. Гагцхүү уг үйлдлийн улмаас хохирогч гэмт хэрэгтний хүчинд автаж эд зүйлээ шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой. Харин бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг нь хохирогчийн анхаарал суларсан, сонор сэрэмж алдсан байдлыг ашиглан гэнэдүүлэн ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр эд зүйлийг нь авч, тэр даруйдаа зайлан одсон байдаг шинжээрээ дээрмийн гэмт хэргээс ялгаатай. 

 

Л.Сүхтулга нь хохирогч Т.Өнөржаргалын хоолойг боомилж халааснаас нь гар утсыг нь авсан, хохирогч С.Бямбасүрэнд хутга тулган айлган сүрдүүлж гар утас, эд зүйлийг нь авсан үйлдэл нь дээр тайлбарласан дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байна.

 

Хохирогч нарын дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт өндөрөөр үнэлэгдсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж, хийгдвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, булаах гэмт хэргээр Л.Сүхтулгын үйлдлийг зүйлчлэх” талаар ялтан Л.Сүхтулга, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

         1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Сүхтулга, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                                     ШҮҮГЧИД                                                      Д.ОЧМАНДАХ

 

                                                                                       М.ПҮРЭВСҮРЭН