Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 66

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 843 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1017 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 1803000620199 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр суллагдсан, Х овогт Б-гийн Б.

Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны замд 2018 оны 01 дүгээр сарын 07-ны орой 19 цагийн үед 45-68 УНЦ дугаартай “Гуртын тавилан” нөхөрлөлийн эзэмшлийн “Тоёота приус 10” загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа эсрэг урсгалаар зөрчиж явсан С.Б-ийн жолоодсон “Ниссан Пулсар” загварын 59-22 УНЦ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, ослын улмаас 59-22 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ж.Н-ын амь насыг хохироосон, жолооч С.Б, зорчигч Т.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон удаа дараагийн шүүх хурал дээр нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхэд заасан журам зөрчсөн, хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчиж байгаа талаар гомдол, дүгнэлт гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр хүлээж авалгүй ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Шат шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 тоот тушаалын хавсралтыг гарган өгч “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах” журмын 1.6-д заасан “Гэмт хэргийн шинжтэй, зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар шалгана” гэсэн заалтын дагуу миний үйлчлүүлэгчийн цуснаас авсан шинжилгээгээр спиртийн зүйл илрээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчлэх нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэхгүй байгаа талаар дүгнэлтээ гаргасан. Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасны дагуу зүйлчлэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй тул хэргийг прокурорт буцааж шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг эргэлзээгүйгээр тогтоолгох, авто ослын үзлэгийг дахин хийлгүүлэх хүсэлт гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр хүлээж аваагүй. Миний үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх боловч драгераар үлээлгэсэн тэмдэглэл засвартай байсан. Энэ асуудлаар хүсэлт гаргасан боловч цагдаагийн албан хаагч нар хүйтэнд үзэг бээрсэн учраас давхардуулж зурсан гэсэн. Мөн цагдаагийн албан хаагч нар драгер үлээлгэж байгаа гэрэл зургийг нь авсан боловч алга болгосон гэх зүйл ярьдаг. Шүүгдэгчийг гэмтлийн эмнэлэг дээр очиж драгераар үлээлгэсэн бөгөөд гэртээ харьсны дараа авч ирж цуснаас нь шинжилгээ авсан. Гэтэл цуснаас нь спиртийн төрлийн бодис гарахгүй болохоор анхан шатны шүүх үүнийг буруу тайлбарласан. Өмгөөлөгчийн зүгээс согтуурсан гэх үндэслэлээр ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгчийн зүгээс гаргасан авто осол гарсан газарт хэргийн газрын үзлэг дахин хийлгэх хүсэлтийг хүлээн авсан мөртлөө дахин үзлэг хийлгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан талаар шүүхэд хандсан боловч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 тоот тушаалаар батлагдсан журамд зөвхөн цусны шинжилгээгээр гэж тодотгосон байтал анхан шатны шүүх тус журмын 2.2, 2.4-т зааснаас бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тухайн журмын 1.6-д зааснаар цусан дахь агууламжаар тогтоохыг ялгаа заагтай журамласан гэж үзэх үндэслэлтэй гэж өөрөөр тайлбарласан нь буруу юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасаар байтал Б.Б-ийн мэдүүлгийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосныг давж заалдах шатны шүүх залруулалгүй хэвээр үлдээсэн нь хууль зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч Б.Б-д холбогдуулан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөрөө бүрэн авсан, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу ял оногдуулахад татгалзах зүйлгүй талаар амаар болон бичгээр илэрхийлсэн, өмгөөлөгч тухайн хууль хэрэглээний талаар өмгөөллийн дүгнэлтээ бичиж шүүхэд хүсэлтээ гаргасан боловч шүүх тухайн хөнгөрүүлсэн зүйл заалтыг миний үйлчлүүлэгч Б.Б-д хэрэглээгүйд гомдолтой байна. Хяналтын шатны эрхэм шүүх бүрэлдэхүүнээс Б.Б-ийг санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэгт холбогдсон гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуульд заасан хэмжээнд ял оногдуулсан. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны замд 45-68 УНЦ дугаартай “Гуртын тавилан” нөхөрлөлийн эзэмшлийн “Тоёота приус 10” загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, эсрэг урсгалаар зөрчиж явсан С.Б-ийн жолоодсон “Ниссан Пулсар” загварын 59-22 УНЦ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, ослын улмаас 59-22 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ж.Н-ын амь насыг хохироосон, жолооч С.Б, зорчигч Т.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Ниссан Пулсар” загварын 59-22 УНЦ дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид 2.581.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хөнгөрүүлэн зүйлчлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргасан байна.

“Б.Б-ийн цуснаас авсан шинжилгээгээр спиртийн зүйл илрээгүй” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Б-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явснаа хүлээн мэдүүлсэн /1хх 171-173/ мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 217/, гэрч В.Б /2хх 167-169/, Г.У /2хх 43-45/ нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх суурь үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх нөхцөл бөгөөд шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал гэм буруугийн талаар маргасан байх тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 843 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1017 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                           Б.ЦОГТ

                                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН