Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0266

 

        Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Д.Нямбат, хохирогч Д.Д , шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Б.Оюунзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Г.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03158 1075 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Б овгийн Г.А а, Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн оюутан, ам бүр гурав, өвөг эцэг, эмэг эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ..... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ......., эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

            Шүүгдэгч Г.А  нь 2019 оны 06 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт .....хоолны газарт “хоолны ширээг чинь нийлүүлж сууна” гэх шалтгаанаар Д.Д тай маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Г.А а нь 2019 оны 06 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” хоолны газарт “хоолны ширээ нийлүүлж суусан” гэсэн шалтгаанаар Д.Д тай маргалдан зодож, түүний бие махбодод “...2 шүдний булгаралт, 2 шүдний сулрал, буйл, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Г.А ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө ажлаа ажлынхаа 2 охин болон 4 залуугийн хамт хоолонд орох гээд явсан юм. Тэгээд хоолны газрын гадаа эрэгтэйчүүд нь тамхи татах гээд үлдсэн бөгөөд 2 эмэгтэйгээ түрүүлж ороод хоолоо захиалж бай гэж хэлсэн. Удалгүй хоолны газар руу ороход  манай 2 охин тэнд байсан 2 ахтай хэрэлдэж байсан. Тухайн үед чимээгүй байж бай гэж хэлчхээд ширээн дээрээ суусны дараа учрыг асуухад манай хоёр охин “бид хоёрыг орж ирсэн чинь хоол ундны мөнгө байгаа юм уу, хаанаас олж ирсэн НӨТ-ийн баримтаа уншуулаад байгаа бэ” гээд байсан гэж хэлсэн. Нөгөө 2 ах хоолоо идчихээд босоод явсан юм. Тэгсэн миний хажууд байсан нэг охин хоолных нь ширээг татсан чинь нөгөө 2 ах буцаж ирээд хоолоо идэж дуусаагүй байхад яагаад хоолны ширээ татаад байгаа бэ гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь за ахаа уучлаарай гэж хэлсэн чинь хохирогч та нар зүгээр битгий давраад байгаарай гээд миний шилэн хүзүүн дээр дарахаар нь ахаа одоо больчхооч дээ гэж хэлсэн. Тэгсэн хохирогч сэрээ барьж дайрахад хамт явж байсан найз нь боль гэж хэлээд болиулсан боловч дараа нь сандал аваад цохих гээд байсан. Энэ үед хоолны газрын хамгаалагч ирээд болиулсан. Хохирогч тухайн үед “ах нь та нарын насан дээр хүнтэй зодолдчихоод гоё салдаг байлаа, тэнэг бацаан нар” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ “та нар юугаа чаддаг юм гараад ир” гээд намайг угз татаад байсан. Тэгээд хохирогч бид 2 хоолны газрын үүд рүү явж байгаад би “та намайг тавьчих, би өөрөө гарчихъя” гэж хэлээд тавиулсан бөгөөд хохирогчийг тавьсных дараа нь би түүнийг шатны ойролцоо нэг удаа цохичихсон юм...” гэсэн мэдүүлэг;

            2. Хохирогч Д.Д ын шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “.....” хоолны газар хоолонд орж байгаад А ын найзтай нь муудалцсан. Тэгээд хоолны газраас гарах гээд явж байхад А а ардаас ирээд үүдэн шүдний 3 шүдийг хуга цохичихсон. Би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тухайн үед 2 шүд нь угаараа мултарч унасан. Одоо хиймэл шүдтэй явж байгаа, хүнтэй юм ярихаар унаад хэцүү байна. А аас 185,000 төгрөгийн хохирол авсан. Нэг шүд хийлгэхэд 3,000,000 төгрөгөөр хийлгэдэг юм билээ. Тэгэхээр 3 шүд хийлгэхэд 9,000,000 төгрөг болж байна. Би одоо урьдчилгаа 3,000,000 төгрөг шүдээ хийлгэх гээд эмнэлэгтээ өгчихсөн байгаа. Иймд 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

            3. Хохирогч Д.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 09-ээс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед найз А гийн хамт ажлаасаа буугаад .....хоолны газарт хоол идээд сууж байхад А а гэгчтэй хамт явж байсан найз нь ширээ татахаар нь хоорондоо маргалдсан. Тэгээд шатан дээр эргээд хартал А а баруун гарын шуу хэсгээрээ миний ам руу нэг удаа цохиход амнаас цус гараад үүдэн 2 шүд хугарч, нэг шүд хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас);

- Хохирогч Д.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...баримтаар учирсан 185,000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай 9,100,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас);

4. Гэрч Х.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Д ын хамт хоол идээд сууж байтал гаднаас 4 эрэгтэй 2 эмэгтэй орж ирсэн. Тэр хүмүүсийн нэг нь манай ширээг татсан Та нар хоолоо идээд дуусчихсан байгаа биз дээ бид нийлүүлээд сууя гэсэн. Түүнээс болж бид хоорондоо маргасан, тэгээд би найзыгаа аваад гарах гэж байтал манай найзын ам руу тохойгоороо нэг удаа хүчтэй цохиод манай найз хойшоогоо унасан. Тэгээд босоод ирэхэд шүд нь унасан байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас);

5. Гэрч Б.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 05 цагт ажлаас буугаад У , А а, М , Б , Б нарын хамт .....орсон. Эхлээд У гийн хамт ороод сууж байхад хажууд байсан 2 ах хоол авсан юм уу, мөнгө хэрэгтэй юу гээд байсан. Тэгтэл гаднаас манай 4 найз орж ирсэн. Олуулаа явж байгаа юм чинь ширээгээ нийлүүлээд сууя гээд би хажуу талын хүмүүс хоолоо идээд дууссан байсан болохоор ширээг нь татсан. Тэгээд хоорондоо маргаад хохирогч ах сандлаа өргөөд А а руу дайраад байсан. Тэгээд нэлээн маргаж байгаад нөгөө 2 ахын хамт шат хүртэл яваад, би араас нь очиход А а хохирогчийг цохичихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас);

6. Гэрч Т.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ширээг нь татаад суухад нөгөө хохирогч ах уурласан. Тэд шат руу явах шиг болсон. Араас нь очиход амнаас нь цус гараад байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас);

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7084 дугаартай “Д.Д ын биед 2 шүдний булгаралт, 2 шүдний сулрал, буйл, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 32 дугаар хуудас);

8. Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт диск 1 ширхэг (хх-ийн 58-59 дүгээр хуудас), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4 дүгээр хуудас);

9. Шүүгдэгч Г.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 64 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59 дүгээр хуудас);

10. Шүүгдэгч Г.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...шатны хажууд над руу дайраад хоёулаа эр хүн зодолдъё гээд байхаар нь Д ын нүүр рүү нэг удаа цохиход газар унаад амнаас нь цус гарсан. Босож ирэхэд шүд нь хугарчихсан байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 45 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Д ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Г.А ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Д ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.А ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Д  нь баримтаар нэхэмжилсэн 185,000 төгрөгийг хүлээн авсан байх тул шүүгдэгч Г.А ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж,  хохирогч цаашид шүдээ хийлгүүлэхэд 9,100,000 төгрөгийг нэхэмжилж байна, үүнээс урьдчилгаа 3,000,000 төгрөгийг эмнэлэгтээ өгчихсөн байгаа гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримтгүй байх тул хохирогч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатанд хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хамгийн бага нэгжээр торгож өгнө үү...” гэв.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс орлогод нийцүүлэн дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт этгээдийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А  нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Г.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А д оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Г.А д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Д  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А  нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.А д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА