Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 111/2017/0015/З |
Дугаар | 221/МА2018/0276 |
Огноо | 2018-05-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2018/0276
2018 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 221/МА2018/0276 | Улаанбаатар хот |
Ж.Ц-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С, Жаргалант сумын 3 дугаар багийн Засаг дарга А.Л, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Ж.Ц-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Жаргалант сумын 3 дугаар багийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2018/0006 дугаар шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хулуийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 52 дугаар зүйлийн 52.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Жргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дүгээр тогтоол, Жаргалант сумын Засаг даргын Д.С болон “БЦ” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн салааны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “БЦ” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ”-г тус тус илт хууль бус болохыг тогтоологох, дээрх хууль бус тогтоол болон хууль бус нөхөн сэргээлтийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч нараар нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэхээр Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2018.0.03.-ны өдрийн 0003 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон байх хэдий ч аль этгээд /хариуцсан шүүгч эсхүл бусад этгээд/-ийн саналаар, ямар үндэслэлээр бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх болсноо дурдаагүй бөгөөд энэ талаарх шалтгаан, үндэслэлийг дурдсан баримт хэрэгт авагдаагүй, шалтгаан үндэслэлийг нэхэмжлэгч болон хэргийн бусад оролцогчдод мэдэгдсэн зүйл байхгүй болно.
Харин шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч Ч.О нь тухайн хэргийг өмнө нь шийдвэрлэхэд оролцсон тул уг шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасныг /2018 оны 01 дүгээр сард гаргасан/ шүүх шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор /энэ тогтоол мөн 1 дүгээр сард гарсан/ татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг. Татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрт тухайн үед нь гомдол гаргах хуулийн зохицуулалт байхгүй тул шүүгч Ч.О хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орж хэргийг шийдвэрлэсэн болно.
Өмнө нь тухайн акт болон гэрээг хуульд нийцсэн эсэхийг тогтоох ажиллагаанд оролцож байсан, хуульд нийцсэн эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгч байсан, энэ талаар ажиллагаа хийж, нотлох баримт цуглуулж байсан шүүгч нь дахин тухайн акт, гэрээг хуульд нийцсэн эсэхийг тогтоох, энэ талаарх ажиллагаанд шүүгчээр оролцох, шийдвэр гаргах үндэслэлгүй юм.
... Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.6-д заасны дагуу татгалзан гаргах нөхцөл үүссэн байхад шүүгч татгалзан гараагүй, татгалзан гаргах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангалгүйгээр хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
... шинжээч нарыг гэрчээр асуулгах, шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг 2 удаа шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй болно.
Дээрх шинжээч нарыг гэрчээр асуух гол зорилго нь хэргийн оролцогчдын маргааны зүйл буюу тогтоол, гэрээ нь алт олборлолт хийлгэх зорилготой байсан уу эсхүл дан нөхөн сэргээлт хийлгэх зорилготой байсан уу гэдгийг тогтоохын тулд нэхэмжпэгчийн эзэмшлийн газарт хээрийн судалгаа хийж, үнэлгээний тайлан гаргасан этгээдүүдээс дор дурдсан асуудлуудыг зайлшгүй тодруулах шаардлагатай байсан...
Гурав. Аймгийн тусгай хамгаалалттай газарт газар эзэмшсэн гэх үндэслэлийн тухайд Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчид газрыг олгохоос өмнө уг газрыг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн тусгай хамгаалалттай хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” 16/2 дугаартай тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авсан тул тусгай хамгаалалттай газарт газар эзэмших эрх олгох ёсгүй байсан, энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 болон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33.1.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Сумын Засаг дарга нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгож, газар эзэмших гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогддог. Үүнд:
Засаг дарга нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй. Учир нь, тусгай хамгаалалтад авах тухай аймгийн ИТХ-ын 16/2 дугаартай тогтоолоор Жаргалант сумын газар нутгийг бүхэлд нь тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн болох нь энэхүү хэрэгт шүүхээс томилогдсон шинжээч Б.О-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүхэд ирүүлсэн дүгнэлт, хохирлын үнэлгээний тайлан гаргасан “Э” ХХК-ийн тайлан болон шинжээч Б.О-ийн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбар зэргээр нотлогддог. Тусгай хамгаалалтад авах тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16/2 дугаартай тогтоол нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 /ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох/, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 /тусгай хамгаалалтад авах, хилийн цэс хамгаалалтын горимоо хурал өөрөө тогтоох/-т заасны дагуу Байдрагийн голын ай сав газрыг усны нөөц хэмээн үзэж аймгийн тусгай хамгаалалтад авах болсноо дурдсан байх бөгөөд тогтоолын зорилго нь тухайн бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох зорилгоор батлагдсан болох нь уг тогтоолоос /тогтоолын тэмдэглэх болон тогтоох хэсгээс/ харагддаг...
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасны дагуу аймгийн тусгай хамгаалапттай газарт чацаргана тарих зориулалтаар газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн буюу тус хуулиар хориглоогүй байна
Мөн өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Байгаль орчны сайдын 07 дугаартай тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” журмын 4 дүгээр зүйлийн 4.7-д “Орон нутгийн хамгаалалтад авсан ... усны нөөц газрыг аймаг, нийслэл, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тодорхой хугацаа, төлбөртэйгээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлж болно” гэж заасанчлан орон нутгийн тусгай хамгаалалтад авсан усны нөөц газарт газар эзэмшүүлж болохоор байна.
Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “сумын засаг даргаас нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосноор Тусгай хамгаапалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Засаг дарга нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр олгохдоо Газрын тухай хуулийн 31.2, 31.3. 33.1.1 дэх заалтуүдыг зөрчөөгүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ сумын засаг даргаас нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосноор Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
... Шүүх сумын засаг даргаас нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэр нь дээр дурдсан холбогдох хуулиудыг зөрчсөн гэж дүгнэхдээ дор дурдсан нотлох баримтуудыг хэрэгт аваагүй, тэдгээрээр нотлоогүй болно.
... Захиргааны ерөнхий хуулинд захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдүүлэх, энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй гэсэн зохицуулалттай тул аймгийн ИТХ-ын 16/2 дугаартай тогтоол эрх зүйн үйлчлэлтэй эсэх, дагаж мөрдөх нөхцөл нь тухайн үед бүрдсэн байсан эсэхийг шүүх тодруулаагүй энэ талаарх лавлагаа, баримтыг холбогдох этгээдээс гаргуулаагүй болно.
...Газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтад авсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 16/2 дугаартай тогтоолтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай шийдвэрийг шүүх хэрэгт нотлох баримтаар авсан бөгөөд уг хэрэг нь 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байдаг атал шүүх давах болон хяналтын шатны шүүхүүдийн дор дурдсан шийдвэрүүдийг хэрэгт нотлох баримтаар авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
...Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасанчлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй хэмээн дурдсан байдаг.
Нэхэмжлэгч эзэмшлийн газартаа 2012 болон 2013 онуудад мод тарьсан /зориулалтын дагуу ашигласан/, 2013 онд тарьсан мод цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнхи нь ургалгүй үхсэн болохыг шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар дээрээ дурдсан байдаг.
Нэхэмжлэгч нь 2013 оноос хойш буюу 2014, 2015 онуудад газраа бодитой ашиглаагүй бөгөөд шалтгаан нь чацарганы суулгац, үр байхгүй байсан /өмнө үрээрээ тарьсан боловч амжшттай ургуулж чадаагүй, ишнэ үр авах шаардлага үүссэн тул шинэ үр авах хүртэл газраа өнжөөж байсан.
Тариалангийн тухай хууль /2004 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар үр, суулгац дутагдалтай улмаас тариалангийн газрыг 2 жил дараалан ашиглахгүй байж болдог онцлогтой атал шүүх үүнийг анхааран үзээгүй буюу “хүндэтгэн үзэх шалтгаан” байгаагүй гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй болно. Анхан шатны шүүхээс “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэх талаарх нотлох баримт, тайлбарыг хэрэгт аваагүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй хэмээн шууд дүгнэсэн.
Мөн хариуцагч засаг дарга Д.С, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж буй Ж.У нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар бол нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглахгүй байгааг хариуцагч нар /ялангуяа сумын засаг дарга/ аль эрт мэдэж байжээ. Түүнчлэн, энэ нөхцөл байдлыг хариуцагч 2015 онд “БЦ” ХХК-тай маргаан бүхий гэрээг байгуулах үедээ, мөн 2016 онд “БЦ” ХХК нэхэмжлэгчийн эзэмшлийн газар алт олборлолт /дахин боловсруулалт/ хийх үед мэдэж байсан буюу мэдэх бүрэн боломжтой байсан.
...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоол илт хууль бус байх үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлийн тухайд Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийнхээ талаар нэмэлт тайлбар гаргах нь”, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Шүүх хуралдаанд тайлбар гаргах тухай” тайлбарууддаа 2/09 дугаартай тогтоолыг илт хууль бус болох үндэслэлүүдийг дэлгэрэнгүй дурдсан болно.
Шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсгээс, мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад шийдвэр гаргахад баримталсан хуулийн заалтуудаас үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 2/09 дугаартай маргаан бүхий тогтоол нь нөхөн сэргээх зорилготой байсан /зөвхөн нөхөн сэргээх/. Алт олборлолт хийх зорилгыг агуулаагүй зэргээр дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн хэрэг юм.
...Энэ тогтоолыг баталсан зорилго, тогтоолын агуулга нь эвдэгдсэн газрын солбицол гэх дээрх баримт бичигт дурдсан солбицол бүхий талбайд дахин боловсруулалт буюу алт олборлолт хийлгэх, алт олборлолт хийж олсон орлогоос нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлэх, мөн сумдаа хандив авах агуулга, зорилготой болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дор дурдсан нотлох баримтуудаар тогтоогддог...
2/09 дугаартай тогтоолын дагуу нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлолт хийлгэх газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцсан /шүүх 57% нь давхцсан гэж, харин нэхэмжлэгч 72% нь давхцсан гэж үзэж байгаа/ тул уг тогтоол нь нэхэмжлэгчийн субъектив эрхийг хөндсөн акт юм.
Энэхүү актыг 2015 онд батласан тул 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан илт хууль бус байх шинжүүд байгаа эсэхийг шалгах учиртай бөгөөд анхан шатны шүүх 2016.07.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийг баримтлсан нь үндэслэлгүй юм.
Учир нь, акт гаргаж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй, ирээдүйд мөрдөгдөх хуульд актаа нийцүүлэх, уг хуулийг баримтлах үндэслэлгүй юм. Түүнчлэн гаргаж буй акт нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд нийцсэн байх, уг хуулийг баримтласан байхыг хуулиар шаарддаг.
Түүнчлэн, ашигт малтмал олборлох эрхийг олгодог этгээдийг хуульд тусгайлан зааж өгсөн атал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд иштны Хуралд төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бурэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ... ” гэж заасныг зөрчин өөрт эрх олгогдоогүй буюу бусад байгууллагад харъяалуулсан асуудлаар шийдвэр гаргажээ.
Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлал нь 2/09 дугаартай тогтоолыг батлах эрх хэмжээгүй байгаа нь илт хууль бус болох нэг үндэслэл болжээ.
...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоол нь холбогдох хуулийн заалтад үндэслэгдээгүй, үндэслэсэн заалтууд нь буруу заалтууд байна.
Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн /алт олборлох эрх олгосон/, хуулийн холбогдох заалтыг хэрэглэхгүйгээр буруу заалтад үндэслэн 2/09 дугаартай тогтоолыг гаргасан нь уг тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад уг тогтоолыг баталж мөрдүүлснийг илтгэж байна. Энэ нь тус тогтоол илт хууль бус болох нэг үндэслэл болжээ.
Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн, уг актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй.
...Мөн Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байхад буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт дахин боловсруулалт хийх /алт олборлолт хийх/ эрхийг олгосон нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 42 дугаар зүйлийн 42.3-т нийцэхгүй, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалтыг зөрчсөн буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдсан захиргааны акт болжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл (1) тогтоол гаргах эрх хэмжээгүй, (н) тогтоол гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, мөн (111) нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад холбогдох хууль тогтоомжийг зөрчин баталж, мөрдүүлсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2/09 дугаартай тогтоол нь илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү тогтоолын алдаа, зөрчлийг аль ч этгээд харсан олж мэдэх боломжтой, илэрхий алдаатай байна.
Хамтран ажиллах гэрээ илт хууль бус байх үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлийн тухайд Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан “Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийнхээ талаар нэмэлт тайлбар гаргах нь” тайлбартаа Баянхонгор аймгийн Жаргалант сумын засаг дарга Д.С болон “БЦ” ХХК-ийн хооронд 2015 оны 7-р сарын 6- ны өдөр байгуулсан “Баянхонгор аймгийн Жаргалант сумын бөөргийн баруун, зүүн салааны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “БЦ” ХХК, Жаргалант сумын засаг дарга, хөндлөн булаг 3-р багийн засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ” (цаашид “Хамтран ажиллах гэрээ” гэх) нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хэрхэн зөрчсөн талаар, мөн уг гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох болсон үндэслэлүүдээ дэлгэрэнгүй дурдсан болно.
Дээрх гэрээний хавсралт болох дахин боловсруулалт хийлгэх газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцсан /шүүх 57% нь давхцсан гэж, харин нэхэмжлэгч 72% нь давхцсан гэж үзэж байгаа/, нэхэмжлэгчийн субъектив эрхийг зөрчсөн захиргааны гэрээ юм.
Иймд өмнө дурдсанчлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын илт хууль бус 2/09 дугаартай тогтоолд үндэслэсэн, уг тогтоолыг хэрэгжүүлэх нарийвчилсан харилцааг зохицуулсан гэрээ нь мөн адил илт хууль бус байх үр дагавартай.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтад заасны дагуу хууль зөрчсөн захиргааны гэрээ нь илт хууль бус байдаг.
...Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маргаан бүхий тогтоол, гэрээг илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Нөхөн сэргээлт, дахин боловсруулалт хийлгэхээр тогтоол, гэрээний хавсралтаар баталсан солбицол бүхий талбай нь бүхэлдээ эвдэрсэн газар мөн байсан эсэх, тэдгээр тогтоол, гэрээний дагуу эрүүл газарт алт олборлолт хийх эрх олгогдсон эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой байсан боловч энэ талаар ямар нэг дүгнэлт хийлгүйгээр нөхөн сэргээлгэхээр тогтоол баталж, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй байна хэмээн үндэслэлгүй, өрөөсгөл дүгнэлтийг шууд хийсэн байна.
...Нэхэмжлэгч газарт учирсан хохирлоо Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.1, 498 дугаар зүйлийн 498.2-т тус тус заасны дагуу хариуцагч нараар /тэдгээрийн ажилладаг байгууллагаар/ нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх бүрэн боломжтой юм.
...Анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй, тогтоох хэсэгтээ баримталсан хуулийн заалтууд нь буруу байх зэрэг зөрчлүүд байна.
...Түүнчлэн шүүх хариуцагч засаг дарга Д.С-ээс гарган өгсөн нөхөн сэргээлтийн ажлын тайлан гэх баримт бичгийг үндэслэн, хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулж, нягтлалгүйгээр маргаан бүхий тогтоол, гэрээний агуулга нь алт олборлолт бус нөхөн сэргээлт хийлгэх зорилготой байсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.
Хариуцагч засаг дарга нь уг нотлох баримтыг “Б” ХХК-аас авсан гэх боловч шүүхээс “Б” ХХК, Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Баянхонгор аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагаас өмнө нь удаа дараа шаардахад тийм нотлох баримт гарч ирээгүй, мөн уг тайланд байгаа зургуудад засаг дарга Д.С гараараа тайлбар бичсэн, тайланд гарын үсэг зурсан уурхайн даргын нэр нь өөр хүн байгаа зэргийг нягтлан үзэлгүйгээр нотлох баримтаар үнэлсэн байдаг.
Эцэст нь дүгнэхэд, нэхэмжлэгчийн зүгээс эвдэгдсэн болон эрүүл газарт дахин боловсруулалт /алт олборлолт/ хийх эрх олгож, нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт алт олборлолт хийлгэсэн илт хууль бус тогтоол, гэрээний улмаас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг сэргээлгэхээр шүүхэд хандсан бөгөөд нэхэмжлэгч /газар эзэмшигч/ төрийн өмчийн газрыг эрүүл байлгах, эвдэгдсэн тохиолдолд буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх буюу газрыг аль ч тохиолдолд эрүүл байлгах шаардлагатай тул маргаан бүхий тогтоол болон гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, тэдгээр хууль бус шийдвэрийн улмаас өөрийн эзэмшлийн газарт учирсан хохирол болох 229 653 790.26 (нэг зуун хорин есөн сая зургаан зуун тавин гурван мянга долоон зуун ер зууны хорин зургаан) төгрөгийг хариуцагч нараар /тэдгээрийн ажилладаг байгууллагаар/ нөхөн төлүүлэх үндэслэлтэй хэмээн үзэж байна.
Иймд энэ гомдолд дурдсан үндэслэлүүдийн дагуу анхан шатны шүүхийн 0006 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.22-ны өдрийн 0006 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Ж.Ц-аас “Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дүгээр тогтоол, Жаргалант сумын Засаг дарга Д.С болон “БЦ” ХХК-ийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн баруун, зүүн салааны уулзвар хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “БЦ” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, Хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ”-г тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх хууль бус тогтоолууд болон хууль бус нөхөн сэргээлтийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч нараар нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн эзэмшил газарт нөхөн сэргээлт хийгдсэнээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн, уг захиргааны актууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлд заасан илт хууль бус үндэслэлүүдэд хамаарч байна хэмээн маргасан байна.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2/09 дүгээр тогтоолоор тус сумын эвдэгдсэн газрын судалгаанд орсон солбилцол бүхий Мандалын Бөөрөг, Баруун салаа, Анагийн талбайд дахин боловсруулалт, техник болон биологийн нөхөн сэргээлт хийлгэж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээж авахаар тогтоож, уг тогтоолыг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “БЦ” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, Хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж, “БЦ” ХХК-аар нөхөн сэргээлтийг хийлгэжээ.
Уг нөхөн сэргээлт хийгдэх судалгаанд орсон талбайд нэхэмжлэгч Ж.Ц-т тус сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр захирамжаар чацаргана тарих зориулалтаар эзэмшүүлсэн 1 га газрын 0.57 га талбай давхцалтай, харин нэхэмжлэгчид олгосон 1 га газар нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” 16/2 дугаар тогтоолын хавсралтаар баталсан тусгай хамгаалалттай газрын хилийн цэс, солбицол бүхий талбайд хамаарч байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэрч С.Х-ын “...Ж.Ц-ын эзэмшлийн газрын 10 хувь нь эвдэгдсэн, 90 хувь нь эрүүл газар байсан, 10 хувийн эвдрэлтэй газар мод тарьж зүлэгжүүлсэн...”, гэрч Д.М-ийн “...ургасан мод байхгүй...”, Ц.Г-ын “...зураг дээр эвдэгдсэн байдал нь харагдаж байгаа. Овон товон хонхор байсан, Ямар хэмжээний газар юунаас эвдэгдснийг сайн мэдэхгүй...”, гэрч газар зохион байгуулагч ажилтай Г.Э-ын “...нэхэмжлэгч Ж.Ц-ын эзэмшлийн газарт нөхөн сэргээлт хийхээс өмнө газрын байдал нь эвдэгдсэн уг газарт гар аргаар алт олборлохоор 5 трактортой хүмүүс байсны дотор нэхэмжлэгч Ж.Ц байсан, уг үйл ажиллагааг нь зогсоож, торгуулийн арга хэмжээ авсан...”, гэрч сумын цагдаа Н.А-ын “...тухайн газар дээр 2013, 2014, 2015 онуудад очиж байсан. Мөн удаа дараа Мандалын Бөөрөгийн баруун салаанд бага оврын трактороор газар эвдэж байна гэсэн мэдээллээр очиход Ж.Ц бөөргийн баруун салааны эхэнд, наад талд нь овгор шороотой, цаад талд нь харагдахааргүй байдлаар ажиллаж байсан. Тухайн үед сумын Цагдаагийн дарга С.Э, Засаг даргын орлогч Н.Г, мөрдөн байцаагч Б.Б, байгаль орчны байцаагч Д нар хамт очиж, тракторыг нь буулгаж, Ж.Ц-ыг сумын төв дээр авчирч шалгаж байсан..., Ж.Ц нь эзэмшил газраа нөхөн сэргээсэн зүйл байхгүй. Овон товон эвдрэлтэй байсан. Чацаргана тариалаагүй. Баруун салааны доод руу жоохон газар хэдэн мод суулгасан...”, гэрч Ц.М-ийн “...Ж.Ц нь өөрийн эзэмшлийн газартаа ах дүү, хамаатан саднуудынхаа хамт байнга алт олборлодог байсан..., тухайн эзэмшил газар дээр нь очиж цэгийг баталгаажуулахдаа Ж.Ц-ын эзэмшил газрыг мэдсэн...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд нэхэмжлэгч Ж.Ц-ын эзэмшлийн 1 га газар нь түүний болон бусад хүмүүсийн хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн, нөхөн сэргээлтэд хамрагдах хэмжээнд хүрсэн болох нь тогтоогдож байх ба шинжээчийн дүгнэлтээр ямар хэмжээнд эвдэгдсэн байсан эсэхийг тогтоох боломжгүй талаар шүүхэд тайлбар ирүүлсэн ч хэрэгт авагдсан дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримт, фото зургуудаар нотлогдож байна.
Түүнчлэн маргаан бүхий тогтоол гаргах өдрийн хуралдааны тэмдэглэлд “бичил уурхай эрхлэгчдийн буруутай үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрууд болох Мандалын баруун салаа, Анагт нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа” хэмээн тэмдэглэгдсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасан тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд л Захиргааны хэргийн шүүх нь уг захиргааны актыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус акт гэж үзэн илт хууль бус болохыг тогтоох замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой.
Энэ маргааны тухайд нэхэмжлэгчээс нөхөн сэргээлт хийлгэхээр шийдвэрлэсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны тогтоол, уг тогтоолыг үндэслэн байгуулагдсан хамтран ажиллах гэрээг илт хууль бус хэмээн маргаж байгаа, маргаж буй тогтоолоор судалгаанд орсон солбицолд нэхэмжлэгчийн эзэмшил газрын 0,57 га газар хамрагдсан нь тогтоогдсон ч энэ нь түүний газар эзэмших эрхийг зөрчсөн бус харин маргаж буй газарт нэхэмжлэгчийн өөрийнх нь болон бусад хүмүүсийн хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэгдэн нөхөн сэргээлт хийгдэх хэмжээнд хүрсэн нөхцөл байдал бий болсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон дээрх гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул тухайн газарт нөхөн сэргээлт хийгдсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдсан гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, шүүх нь зөвхөн иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд гаргасан маргааныг хөндлөнгийн хараат бусаар шийдвэрлэдэг тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны тогтоол нь дахин боловсруулалт хийх гэх мэт агуулга болон хуулийн зүйл заалтыг буруу бичсэн зэрэг алдаа байгаа ч энэ нь хэн нэгэнд хууль ёсны дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бол шүүх захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт нь олгогдсон эрхийн дагуу гаргасан захиргааны актыг хүчингүй болгох эрх хэмжээгүй ба ийм тохиолдолд уг шийдвэрээ Хурал өөрөө хүчингүй болгох эсхүл зөвтгөх эрх хэмжээтэй болно.
Захиргааны ерөнхий хууль батлагдаж гараагүй байхад буюу 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “БЦ” ХХК, Жаргалант сумын Засаг дарга, Хөндлөн булаг 3 дугаар багийн Засаг дарга нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд одоо мөрдөгдөж буй Захиргааны ерөнхий хуулиар захиргааны гэрээтэй холбоотой зохицуулалт шинээр бий болж, захиргааны хэргийн шүүх захиргааны гэрээтэй холбоотой маргааныг энэ хуульд нийцүүлэн хянахаар байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү гэрээг Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/09 дүгээр тогтоолыг үндэслэж байгуулагдсан илт хууль бус захиргааны гэрээ гэж үзэн илт хууль бусад тооцуулахаар маргаж байгаа бөгөөд уг гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан “Захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, захиргааны гэрээгээр зохицуулагдахгүй харилцааг зохицуулсан, захиргааны гэрээ байгуулсан захиргааны байгууллага тодорхой бус, захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан, захиргааны байгууллага захиргааны гэрээнд хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг амласан, захиргааны байгууллага гэрээний талуудаас хууль зөрчсөн зүйл шаардсан, илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий, эрх зүйн чадваргүй этгээд хүсэл зоригоо илэрхийлсэн, аль нэг тал нь эрх зүйн чадамжгүй, насанд хүрээгүй хүний зөвшөөрлийг авах шаардлагыг зөрчиж байгуулсан, хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн бус, талууд ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхэлсэн, хүчинд автсан, хуульд заасан хэлбэрийг зөрчсөн, төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан” тохиолдолд илт хууль бус байхаар хуульчилсан, маргаж буй хамтарсан гэрээ нь дээрх шинжүүдийг агуулаагүй байна.
Анхан шатны шүүх Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Нөхөн сэргээлт хийлгэх тухай” 2/9 дүгээр тогтоол нь илт хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул тогтоолыг үндэслэн байгуулагдсан гэрээг илт хууль бус болохыг тогтоож, хохирол гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Захиргааны хэргийн шүүх дараахь хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ” 74.1.3-т “Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн байх ба шүүгч Ч.О-ыг тухайн хэргийг өмнө нь шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 111/ШШ2018/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ