Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/00293

 

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/00293

 

 

 

Л.Бямбаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/05707 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Бямбаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Нарантуяа, Г.Гантуяа нарт холбогдох

 

Хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 30 дугаар байр, 29 тоот, 41.2 м.кв, Ү-2205029371 бүртгэлийн гэрчилгээ, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөх тухай ХААН банк ХХК-ийн 2015 оны 7 сарын 30-ны өдрийн 05115/274 тоот албан бичгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 10 850 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинжаргал

Хариуцагч Д.Нарантуяа

Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Оюунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.  

 

Нэхэмжлэгч Л.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байрныхаа гэрчилгээг барьцаанд тавиад 15 000 000 төгрөгийн зээл авч Д.Нарантуяад өгсөн. Миний өөрийн байрны гэрчилгээ 5 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан бөгөөд тэр зээлийг хаагаад Д.Нарантуяа зээл авахаар тохиролцсон. Д.Нарантуяа нь мөнгө багадаад байна ахиад зээл авмаар байна гэсэн хүсэлт гаргасны дагуу өөр газраас 20 000 000 төгрөгийн зээл авсан. Сүүлдээ хариуцагч нь хамтарч ажиллая, компани байгуулъя гэж биднийг хуурсан. Д.Нарантуяа нь өөрөө банкны найдваргүй зээлдэгч учраас охин Г.Гантуяагийн нэр дээр ХААН банкнаас зээл авсан. Би Г.Гантуяад зээл авахад нь итгэмжлэл хийж өгсөн. 2014 онд Д.Нарантуяа нь манай байрны гэрчилгээг барьцаанд тавьж, 85 000 000 төгрөгийн зээл авсан байсныг эхнэр бид 2 сүүлд мэдэж уг мөнгөнөөс 3 500 000 төгрөгийг хэл ам хийж байж авсан. Цагаан сарын баярын өдөр ХААН банкны ажилчид манай гэрт ирж, зээлийн барьцаанд байрыг маань битүүмжилж, биднийг нүүлгэх гэж сандаргасан. Энэ үед бид өөрөөсөө Д.Нарантуяагийн авсан зээлийн төлөлтөнд нэг сая төгрөг төлсөн. Ноднин жилийн наадмаар хөдөө ажиллаж байгаад гэртээ ирсэн чинь гадаа 2 портер машин ирчихсэн, байрыг маань 85 000 000 төгрөгийн өрөнд байрыг авахаар ирсэн байсан. Би мөнгө хүүлэгчдээс 5 000 000 төгрөг зээлж, ХААН банканд төлж, түр намжаасан. 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр миний бие Д.Нарантуяагийн хойноос 20 хоног хөөцөлдөж байж, түүнийг олсон бөгөөд албан хүчээр зээлийг нь тушаалгасан. Хариуцагч нар нь манай байрыг барьцаанд тавьж, 85 000 000 төгрөгийн зээл аваад 3 автомашин авсан байсан. Д.Нарантуяа нь одоо охинтойгоо хамт манай ээжийн байранд амьдарч байгаа. Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 30 дугаар байр, 29 тоот 41 мкв 1 өрөө байрны ордерийг хариуцагч нараас гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Бямбаатай 2 жил шахуу хамт амьдарсан, хамаатан садан хүмүүс. Би "Саруул" худалдааны төвд америк хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. Дэлгүүртээ нэхэмжлэгчийн эхнэр Т.Түвшинжаргалыг хаяа худалдагчаар ажиллуулдаг байсан. Т.Түвшинжаргал нь хэдэн жилийн өмнө надаар 500 000 төгрөг хүнээс зээлүүлж, аваад буцааж, өгөөгүй. Нөгөө хүн нь надаас мөнгөө өдөрт 30 гаруй удаа нэхэж, залгадаг байсан. Би Т.Түвшинжаргалд Ж.Цоггэрэл гэдэг хүнээс сарын 30 хувийн хүүтэй зээлж авч, өгсөн. Т.Түвшинжаргал нь ОХУ-ын Хиагт руу гараад алга болсон. Би тухайн үед 300 000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан хэрнээ 500 000 төгрөгийг нь нэхэмжлэгчийн эхнэрийн өмнөөс нь төлсөн. Охин маань хувьдаа Хаппи Фүүд гэдэг нэртэй компани байгуулсан. Т.Түвшинжаргал над дээр ирээд "Би чамд өртэйгөө мэднэ. Надад чамд төлөх өр байгаа. Чи манай байрны ордерыг барьцаанд тавиад Турк яваад ир" гэж хэлсэн. Тэр үед би өдрийн 1 000 0001 500 000 төгрөгийн орлоготой Америк барааны дэлгүүр ажиллуулдаг байсан. Туркээс ирээд 7 хонож байтал "Саруул" худалдааны төвд гал гарч, 100 000 000 гаруй төгрөгийн бараагаа галд алдаж шатсан. Хамгийн анх Л.Бямбаа эхнэртэйгээ над дээр ирээд зээлээ чөлөөлж, зээл авахыг гуйсан. Би тэдний өр болох 5 000 000 төгрөгийг нь төлж, нэмж зээл авч, Туркээс бараа оруулж, ирсэн. Тэр үед нэхэмжлэгч нь зээлээ төлөх чадваргүй байсан болохоороо давхар санаа агуулан надад ордероо өгсөн байсныг сүүлд ойлгосон. Т.Түвшинжаргал нь зарын сонин авч орж ирээд "Чи энэ 15 000 000 төгрөгийн зээлээ зээл чөлөөлдөг хүнээр чөлөөлүүлээд, нэмж зээл аваач" гэж санал болгосон. Би "Саруул" худалдааны төвийн захирлаас нөхөн олговорт авсан 20 000 000 төгрөгөөрөө 15 000 000 төгрөгийн зээлээ хааж, дахин 20 000 000 төгрөгийн зээл авсан. Т.Түвшинжаргал нь нөхрийнхөө тэтгэврийн зээлийг хүртэл ав гэсэн санал тавьж байсан. Нэхэмжлэгч болон түүний эхнэр 2 нь ямар нэгэн ажил хийдэггүй учраас банк 5 000 000 төгрөгөөс илүү зээл олгох боломжгүй байсан. Би гаднаас авчирсан бараагаа гаалиас авахын тулд зээл авсан. Ззэлийн батлан даагчаар нь манай охин гарын үсгээ зурсан. Би бараа материалуудаа аваад Т.Түвшинжаргалд мөнгө өгсөн ба тэрээр гэрийнхнээсээ нууж тавьсан зээлээ төлсөн. Би нэхэмжлэгч болон түүний эхнэртэй хамтран ажиллах саналыг нэг ч удаа тавьж байгаагүй. Хамтран ажиллаж, ажлаа даалгах итгэл хүлээхээр чадвартай хүмүүс биш юм. Т.Түвшинжаргал нь зээл авах бүрт мөнгө авдаг байсан ба авсан мөнгөө хүүтэй нь төлнө гэж хэлж байсан. Намайг америк барааны дэлгүүр ажиллуулж байхад ХААН банкны Пирамид төвийн захирал хамтран ажиллах, зээл гаргах санал тавьж байсан. ХААН банк дээр очиж, 3 контейнер бараагаа үзүүлэхэд хөдлөх эд хөрөнгө гэдэг байдлаар зээл гаргаж болно гэж хэлсэн. Манай охин Шанхайд угаалгын нунтаг захиалгаар үйлдвэрлүүлээд оруулж ирсэн. Угаалгын нунтаг учраас хурдан зарагдахгүй байсан. Л.Бямбаагийн төрсөн охин "Дарханд залилан хийсэн учраас шоронд орох гээд байна. 10 000 000 төгрөгийн авилгал шүүгчид нь өгвөл бид хүүхдээ гаргаж авах гээд байна" гэж Т.Түвшинжаргал хэлсэн. Тэгэхэд нь манай охин Г.Гантуяа 1 000 000 гаруй төгрөг өгсөн. Дараа нь Т.Түвшинжаргалын дансаар охин маань 800 000 төгрөг, 900 000 төгрөг 2 удаа мөнгө шилжүүлсэн. Т.Түвшинжаргал нь надаас өдөр болгон мөнгө нэхдэг байсан. Би нэхэмжлэгчийн байрны гэрчилгээг барьцаалаагүй. ХААН банкны зээл хаах үед нэхэмжлэгч нь 15 хоногийн дотор цалингийн зээл авч, надаас авсан мөнгөө өгсний дараа би байрны гэрчилгээг нь өгөхөөр тохиролцсон юм. Нэхэмжлэгчийг надад төлөх ёстой мөнгөө төлсний дараа би гэрчилгээг нь өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Гантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Бямбаагийн эхнэр Т.Түвшинжаргалд "Дамоа" ББСБ-ын 5 000 000 төгрөг, Нэт капиталын 6 200 000 төгрөг, дансаар нэг удаа 1 800 000 төгрөг, бэлнээр 1 300 000 төгрөгийг удаа дараалан өгч байсан ба 3 жилийн дотор хүү, алданги огт аваагүй болно. Т.Түвшинжаргал, Л.Бямбаа нар нь 1 удаа 5 000 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг удахгүй өгнө гэж хуурсаар өдийг хүрсэн тул миний ээж Д.Нарантуяагийн сөрөг нэхэмжлэлд дурдсан мөнгийг Л.Бямбаа, Т.Түвшинжаргал нараар төлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Нарантуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид анх ББСБ-ын зээл хаахдаа төлсөн 5 150 000 төгрөг, Т.Түвшинжаргалын дансаар 4 удаагийн гүйлгээ хийж өгсөн 3 500 000 төгрөг, Нэт Капитал ББСБ-аас зээл авахад Т.Түвшинжаргалын авсан 5 000 000 төгрөг, /энэ мөнгийг би 6 200 000 болгож төлсөн/, Т.Түвшинжаргал нь банканд зээлийн төлөлтөд 4 000 000 төгрөг төлсөн байсныг хасч тооцохоор нийт 10 850 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Л.Бямбаа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Нарантуяа нь манай байрыг барьцаалж зээл авч байгаагийнхаа хариуд 5 000 000 төгрөгийн зээлийг чөлөөлж байна гэж ойлгосон. Уг 5 000 000 төгрөгийн зээлд авсан мөнгөөр манай эхнэр гэр бүлээ тэжээдэг байсан. Л.Бямбаа нь намайг хөдөө ажиллаж байхад надруу ярьсан нь үнэн. Эхнэрээсээ асуухад "5 000 000 төгрөгөөс өөр мөнгө Д.Нарантуяагаас аваагүй" гэж хэлсэн. Сүүлд авсан 85 000 000 төгрөгийн зээлээс бид 3 500 000 төгрөгийг авснаа 5 000 000 төгрөг болгож ХААН банканд төлчихсөн. Нэт Капитал ББСБ-аас авсан зээлээс 5 000 000 төгрөгийг бид аваагүй. Хариуцагч нь "Саруул" зах дээр хүний лангуун дээр худалдагч хийж байсан. Манай орон байрыг барьцаанд тавьж, нийт 115 000 000 төгрөгийн зээл авч хэрэглэсэн. Энэ зээлүүд нь надад ямар ч ашиггүй харин хариуцагч нарт ашигтай байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Нарантуяа, Г.Гантуяа нараас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 30 дугаар байр, 29 тоот, 41,2 мкв орон сууцны Ү-2205029371 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөх тухай "Хаан банк" ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05115/274 тоот албан бичгийн хамт гаргуулж, нэхэмжлэгч Л.Бямбаад олгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан Л.Бямбаагаас 3.500.000 төгрөг гаргуулж, Д.Нарантуяад олгож, сөрөг шаардлагаас үлдэх 9.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийг хэвээр улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 69.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бямбаад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Бямбаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.1 дэх заалтыг баримтлан Л.Бямбаа надаас 3 500 000 төгрөгийг гаргуулж, Д.Нарантуяад олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхээс нэхэмжлэгчийн Дамоа ББСБ-ын зээлийг хаасан асуудлаар зохигчид зөрүүтэй тайлбар гаргаж байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй байна. Гэсэн хэдий ч 15 000 000 төгрөгийн зээл авахын тулд 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид хариу төлбөргүй өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж, нэхэмжлэгчийг 5 000 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Д.Нарантуяа нь миний охины Хаппи фүүдс ХХК импортоор АНУ-аас бараа материал татах шаардлагатай байгаа учир Хаан банкнаас 85 000 000 төгрөгийн зээл авах хэрэгтэй байна, Энэ зээл бүтвэл та нарт авсан зээлийнхээ 50 хувийг өгнө гэсэн тул Л.Бямбаа миний бие 2013 оны 12-р сарын 03-ны өдөр Ү2205029371 улсын бүртгэлийн дугаартай 1 ороо орон сууцыг барьцаанд /зээлийн/ тавих, үүргийг гүйцэтгэх, хангуулах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сүхбаатар дүүрэг 7-р хороо 11-р хороолол 7-135 тоот хаягт оршин суух Д.Нарантуяагийн охин Ганхүү овогтой Гантуяад 2 жилийн хугацаатай итгэмжлэн олгосон. Уг итгэмжлэлийн дагуу манай орон сууцыг Д.Нарантуяа болон түүний охин Г.Гантуяа нар нь өөрийн Хаппи фүүдс ХХК-иар дамжууулан 2014 оны 2-р сарын 13-ны өдөр Хаан банктай ЗГ/596 тоот зээлийн, БГ/596 тоот барьцааны гэрээ байгуулан 85 000 000 төгрөгийн эргэлтийн зээл авсан байсан боловч бидэнд уг зээл бүтэхгүй байна гээд зээл авахаараа өгнө гэсэн мөнгөө өгөөгүй бөгөөд зээл авсан талаараа ч хэлээгүй байсан. Бидэнд 2 удаагийн гүйлгээгээр 3 500 000 төгрөгийг өгсөн нь үнэн. Гэвч 2015 оны 07 дугаар сард Хаан банкнаас зээлийн төлөлт хэтэрсэн учраас бидний орон сууцыг өрөнд авна байр сулла гэсэн шаардлага тавьсан учир байраа алдахгүйн тулд Хаан банкинд 5 сая төгрөгийг зээлийн өрөнд гэж шилжүүлсэн.

Л.Бямбаа миний бие Хаан банкны зээлийн барьцаанд тавигдсан өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдын зээлсэн өрөнд алдахгүйн үүднээс 5 000 000 төгрөгийг Хаан банкны зээлэнд төлсөн. Д.Нарантуяа нь миний өмчлөлийн Ү2205029371 улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, зээл авч ашиглахын тулд бидний өмнөөс зээлийн үлдэгдэл 5 сая төгрөгийг төлсөн бөгөөд миний байрыг барьцаанд тавьж нийт 120 000 000 төгрөгийн зээл авч өөртөө ашигласан нь тогтоогдсон байхад намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 3.5 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.Бямбаа нь хариуцагч Д.Нарантуяа, Г.Гантуяа нарт холбогдуулж өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 30 дугаар байр, 29 тоот, 41.2 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхийн Ү-2205029371 бүртгэлийн гэрчилгээ, орон сууцыг барьцаанаас чөлөөлөх тухай ХААН банк ХХК-ийн 2015 оны 7 сарын 30-ны өдрийн 05115/274 тоот албан бичгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 10 850 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Бямбаа нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 30 дугаар байрны 29 тоот орон сууцны өмчлөгч болох нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй болно. Хариуцагч нар нь дээрх орон сууцны гэрчилгээг хууль болон гэрээний үндсэн дээр эзэмших эрхтэйг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч буюу орон сууцны өмчлөгч орон сууцны гэрчилгээг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай ХААН банк ХХК-ийн 2015 оны 7 сарын 30-ны өдрийн 05115/274 тоот албан бичгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн хүрээнд хамааруулан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Д.Нарантуяа нь нэхэмжлэгч Л.Бямбаагийн Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-д төлөх зээлийн төлбөрт 5 150 000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн, Нэт Капитал финанс корпораци ББСБ ХХК-иас авсан 20 000 000 төгрөгийн зээлийн 5 000 000 төгрөгийг Т.Түвшинжаргал авсан, үүнийг 6 200 000 болгож төлсөн гэж, мөн ХААН банкнаас авсан 85 000 000 төгрөгийн зээлийн 3 500 000 төгрөгийг Т.Түвшинжаргал авсан, үүнээс 4 000 000 төгрөгийг төлсөн тул хасч нийт 10 850 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Гэвч хариуцагч нь Нэт Капитал финанс корпораци ББСБ ХХК-иас авсан 20 000 000 төгрөгийн зээлээс 5 000 000 төгрөгийг Т.Түвшинжаргалд шилжүүлсэн болохоо нотлоогүйгээс гадна уг шаардлагыг нэхэмжлэгч Л.Бямбаа хариуцах үндэслэлгүй тул 6 200 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй, мөн Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-д нэхэмжлэгчийн өмнөөс 150 000 төгрөгийг хүүд төлсөн байдлаа мөн нотлоогүй байх тул эдгээр шаардлагыг хангах үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Л.Бямбаагийн Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-д төлөх зээлийн төлбөрт 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн талаар маргаагүй боловч түүний орон сууцыг барьцаалахад ашигласнаар уг төлбөрийг хариуцагчид төлөхгүй байхаар тохиролцсон гэх тайлбараа нэхэмжлэгч Л.Бямбаа баримтаар нотолж чадаагүй, тэрээр хариуцагчаас 3 500 000 төгрөг цувуулан авч буцаан 5 000 000 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримт тогтоогдсон тул шүүх 1 500 000 төгрөгийг хариуцагчид илүү төлсөн гэж үзэж Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-д төлсөн 5 000 000 төгрөгөөс хасч тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлах нь тухайн маргаанд илүү тохиромжтой гэж үзэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 7 350 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Мөн шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч багасгасан байхад хэрэгсэхгүй болгож буй үлдэх хэсгийг буруу тооцсон, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсныг тус тус залруулан өөрчлөх нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэж, харин шүүхийн хууль хэрэглээний болон тооцооны алдааг шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/05707 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 496 дугаар зүйлийн 496.1 гэж, 9 500 000 гэснийг 7 350 000 гэж, 3 дугаар заалтын хариуцагч Г.Гантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 69.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бямбаад олгосугай гэснийг хариуцагч Д.Нарантуяа, Г.Гантуяа нараас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бямбаад, нэхэмжлэгч Л.Бямбаагаас 70 950 төгрөг гаргуулж хариуцагч Д.Нарантуяад тус тус олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Бямбаагийн төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ