Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/00030

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/00030

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамж, 115 тоот хаягт хаягт оршин суух, 44 настай, эрэгтэй, Шаазгай овогт Гомбосүрэнгийн Гэрэлт-Од /РД: ЧО72032417/,

Нэхэмжлэлийн шаардлага: Г.Гэрэлт-Одыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийг төлөөлж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст 9 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн ахмад А.Алтансүх, гуравдагч этгээд Г.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлт гаргагчийн төлөөлөгч А.Алтансүх шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хорооны оршин суугч Гомбосүрэнгийн Гэрэлт-Од нь 70 гарсан өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг. Намайг энэ хороонд ажилласан 2 жилийн хугацаанд албадан эмчилгээнд явсан ч архи уусан. Байнга архидан согтуурч байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд түүний ээжийн гаргасан өргөдлийн дагуу архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна. Өөрөө энэ удаа хичээж архинаас гарна гэж амлалт өгсөн гэв.

Гуравдагч этгээд Г.Гэрэлт-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 оноос хойш архи ууж эхэлсэн. Энэ хугацаанд олон удаа эрүүлжүүлэгдсэн. Архи уух мөнгөө ажил хийж, ээжээсээ авч уудаг. Ээжийн өгсөн өргөдөл болон цагдаагийн газрын тодорхойлолт бүгд үнэн. Албадан эмчилгээнд өмнө 3 удаа хамрагдсан. Одоо дахин явахад татгалзахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь гуравдагч этгээд Г.Гэрэлт-Одыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Гуравдагч этгээд Г.Гэрэлт-Од нь байнга архидан согтуурдаг, архинд донтох эмгэгтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байна.

Гуравдагч этгээд нь архи байнга хэрэглэдэг, архидан согтуурсан үедээ зөрчил гаргасан, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан, 3 удаа албадан эмчилгээнд хамрагдсан зэрэг нь эх Должинсүрэнгийн болон өөрийнх нь тайлбар, цагдаагийн байгууллагын АСАП сангийн бүртгэл, зөрчлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн  шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэсэн нөхцөл байдал бий болсон байх тул гуравдагч этгээд Г.Гэрэлт-Одыг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шаазгай овогт Гомбосүрэнгийн Гэрэлт-Од /РД: ЧО72032417/-г албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлэхээр тогтоосугай.

2. Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Г.Гэрэлт-Одыг архины албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

3. Гуравдагч этгээд Г.Гэрэлт-Одыг албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчилгээний нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан хугацаа, журмыг баримтлан хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч болон гуравдагч этгээд шийдвэр гарсан, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ