Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00524

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00524

 

 

 

Өнөрдөлгөөн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02740 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Өнөрдөлгөөн ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Флора говь ХХК, Э.Цэлмэг нарт холбогдох

Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40 801 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 33 113 442 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 400 000 төгрөг, алданги 6 912 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Хишигзаяа

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шинэ-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус 2016 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гэрэлт хотхоны 1 дүгээр давхрын 170 м.кв талбайг үсчин, гоо сайхны зориулалтаар түрээслэхээр Флора говь ХХК-ийн захирал Э.Цэлмэгтэй тохиролцож, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 04/016 тоот Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Флора говь ХХК нь түрээсийн гэрээний урьдчилгаа төлбөрөө төл гэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, түрээсийн гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 20 801 000 төгрөгийг захирлын өгсөн данс руу нь шилжүүлсэн. Бид түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 60 сарын хугацаатай, 1 м.кв талбайн түрээсийн үнийг 40 000 төгрөгөөр тооцож, түрээсийн төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс тооцож эхлэхээр тохиролцсон. Ийнхүү төлбөр тооцож эхлэх өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэгч нь түрээсийн байр руу орох нийтийн хэрэглээний дулаан, цахилгааны монтаж, халуун хүйтэн, бохир усны шугам, усны тоолуур, шалны халаалтыг цутгалтын хамт хийх, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гадна зогсоолын талбайг ашиглалтад оруулах, түрээслэгч талыг үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай нөхцөл боломжоор хангах гэх мэт ажлуудыг хийхээр тохирсон. Гэвч гэрээ байгуулснаас хойш түрээслүүлэгч Флора говь ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлуудаа хийгээгүйгээс манай компани ч мөн заслын ажлаа хийх боломжгүй болсон. Энэ хугацаанд хариуцагч компаниас гэрээгээр тохиролцсон ажлуудаа хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, албан тоот хүргүүлж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Түрээсэлсэн талбайн хэмжээ дутуу байсан тул 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Гэрээний хавсралтыг байгуулан, талбайн хэмжээг багасган, түрээсийн төлбөр тооцож эхлэх хугацааг хойшлуулж, гадна тохижилт зэрэг ажлуудыг бүрэн хийж дуусгах, мөн түрээслүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслэгч тал дангаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд түрээслүүлэгч тал гарсан бүх зардлыг үл маргах журмаар бүрэн барагдуулах үүргийг хүлээсэн. Гэсэн хэдий ч хариуцагч нь мөн л гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд бидний зүгээс маш их хэмжээний дотоод заслын материал, үсчин, гоо сайхны тоног төхөөрөмж худалдан авч их хэмжээний зардал гарган хохироод байна. Иймд Флора говь ХХК-тай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04016 тоот Түрээсийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Гэрээний хавсралтаас татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40 801 000 төгрөг, энэ хугацаанд манай компаниас гарсан зардал буюу гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд болон түрээслэн авсан талбайд салгаж авах боломжгүй засварын зардалд 33 113 442 төгрөг, нийт 73 914 442 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч анх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийг баримталж гэрээнээс татгалзаж 40 801 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 28 930 000 төгрөг, нийт 69 700 000 төгрөг нэхэмжилсэн. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд тухайн мөнгөн дүнг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулах гэж шүүх хуралдаан хойшлогдсон. Анх шүүхийн шийдвэр 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гарч, үндэслэл нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах зүйл гэж хариуцагч тал ойлгосон. Гэрээнээс татгалзаж түрээсийн төлбөрт төлсөн 40 801 000 төгрөг, түүнээс үүдэлтэй хохирлоос 33 113 442 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлтүүдээс хамгийн сүүлийн шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагаар гэрээнээс татгалзсан байна. Бид Иргэний хуулийн 313 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсанд аль аль тал маргахгүй байна. Түрээсийн гэрээний нэмэлт гэрээ 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан. Түрээсийн гэрээний хугацааг 05 дугаар сарын 16-ны өдрөөс тооцож эхэлнэ. Түүнээс өмнө хэд хэдэн ажлуудыг хийлгэхээр дурдсан. Шалны халаалт тавих шал цутгах, бохирын усыг бүрэн бүтэн угсарч дуусгаж 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр түрээслүүлэгч нар хүлээж авсан. Гэрээнд манай талаас өөрчлөлт оруулъя гэсэн шаардлага тавиагүй. Учир нь түрээсийн гэрээ байгуулаад аль аль тал нь үйл ажиллагаа явуулъя гэж үзсэн. Тухайн объектод 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг. Манай гадна ойролцоогоор 30 машин зогсох боломжтой хоосон талбай байсныг авто машины зогсоол болгоё гэж тохиролцсон. Гадна талбай ганц Өнөрдөлгөөн ХХК дангаараа ашиглах биш бусад үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж байгаа байгууллагууд ашиглах зүйл байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл гэрээтэй холбоотой маргааны талаар Өнөрдөлгөөн ХХК-иас өгсөн 5 албан бичиг байгаа. Хамгийн анхны мэдэгдэл 03 дугаар сарын 29-ний өдрийн 0129 дугаартай албан бичиг байдаг. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цонхны доод талын бетонон хэсгийг нурааж тэгшилж авах, сонголт хийх тухай хүсэлт өгсөн. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Флора говь ХХК-д мэдэгдэл өгдөг. Энэ бол хавсралт гэрээ байгуулахаас өмнөх зүйлүүд. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 4 дүгээр Өнөрдөлгөөн ХХК-иас Флора говь ХХК-д мэдэгдэл өгсөн. Цонхны бетонон суурийн доод хэсэг хүртэл засвар хийх мэдэгдлийг өгсөн. Мэдэгдлүүдийг харахаар нэхэмжлэгчийн нөхөр н.Бямбацогт гэж хүн гарын үсэг зурсан. Гэрээтэй холбоотой 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 09 дугаартай мэдэгдэх хуудас өгсөн. Цаашид засвар хийх бололцоогүй байна. Гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө мэдэгдэл өгсөн. Үүнд гадна талбайн зогсоол, авто зогсоол гэх мэт зүйлийг шийдвэрлэж өгнө үү гэсэн. Нэмэлт гэрээний 7 дугаар зүйлд заасан шалны халаалт тавих, шал цутгах, бохир дулааны ажил дуусгаагүй ажлаа дуусгах гэдгийг мэдэгдэл дээр дурдаагүй. Өмнөх шүүх хуралдаан дээр доогуур ажлаа хийж, пильтагаа цутгаад тухайн үед явахдаа зарим зүйлээ салгаж аваад явсан гэж нэхэмжлэгч тал шүүхэд хэлсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Гэрээний үүрэг зөрчсөн аль нэг тал татгалзах эрхтэй юу гэдгийг ярихад 5 хуудас нотлох баримт байгаа. Өөр баримт хэрэгт байхгүй. Шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн бичлэг тухайн үед олохгүй байж байгаад сүүлд олсон. Манай тал гэрээтэй холбоотой зөрчсөн зүйл байхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд 170 м.кв буюу сүүлд хэмжилт хийгээд 160 мв болсон метр квадрат талбайг түрээсэлсэн. 20 гаруй түрээслүүлэгчийнхээ эрх ашгийг бодож гадна талбайг хийж өгье гэж гэрээнд нэмэлтээр хийж өгсөн болохоос түрээсийн үр шимээ хүртэхэд нь саад учруулах зүйл биш гэж үзэж байна. 160 м.кв объект нь 2 талдаа хаалгатай. Нэг тал нь хотхоноор гардаг, төв замаараа гардаг нь дамжин өнгөрдөг боловч нэвт гарах боломжтой. 160 м.кв объектыг түрээслэгч тал хүссэн байсан бол үр шимийг хүртэх боломжтой байсан. Дутуу ажил гэдэг нь мэдэгдлээр нотлогдоно. Дутуу байсан ажлыг сүүлийн мэдэгдлээр шүүхэд нотлох баримт болгож өгсөн н.Бямбацогтын гарын үсэгтэй албан бичгээс харахад гадна талбайн зураглал, авто зогсоолын, зам цутгах зэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн. Шалны ажил дутуу байна гэснийг мэдэгдэлдээ дурдаагүй. Талууд хэл амаа ололцохын тул бичиг цаасаа солилцож байя гэсэн боловч объектыг хаяад түлхүүрээ хүлээлгэж өгөөгүй учир бид ашиглаж болохгүй байсан. Утсаар холбогдоод 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ирж нэхэмжлэгч түлхүүрээ өгсөн. 10 дугаар сараас өмнө түрээсэлсэн бол маргааны дүн бага байж, өмнөх түрээсийн 40 801 000 төгрөгийг яаж төлөх талаар маргах дүн багасах байсан. Түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй учраас гэрээ хэвээр гэж үзэж байна. 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл урьдчилгаа төлбөрөө авсан учир бид нар санаа зовохгүй байсан. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш аль нэг нь гэрээнээс татгалзсан гэрээг цуцлах талаар нэг ч мэдэгдэл аваагүй. Энэ талаар хэргийн материалд байхгүй байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзах гэдгийг барьж байна. Гэрээнээс татгалзах гэдэг нь өгч авснаа буцаах ёстой. Түрээсийн гэрээн дээр цуцлах асуудал яригдахаас биш татгалзах зүйл яригдахгүй гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар түрээсийн гэрээ байгуулчихаад шүүхэд 2016 оны 12 дугаар 08-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар гэрээнээс татгалзсан гэж байна. 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааг яаж үзэх юм бэ, энэ хугацааг хүлээн зөвшөөрч байгаа юм уу үүнийг хууль зүйн талаас нь авч үзвэл нэхэмжлэгчийн үндэслэл хуульд нийцэхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иргэний хуулиар гэрээнээс татгалзах гэдэг нь гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн гэдгийг нотлох асуудал байна. Амаар яриад байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлсэн юм уу, биелүүлээгүй юм уу, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, тодорхойгүй байна. Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн талаар тогтоогдохгүй, гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр учраас гэрээний үр шимийг хүртэх, нэхэмжлэгч байшингаа яаж ашиглах нь өөрийн эрх. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр байгаа тул түрээсийн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгөнд өөрчлөлт оруулсан бол түрээсийн гэрээний хугацаа дуусаад түрээслэгч талд үлдэх ёстой. Тухайн үед материалуудаа хураагаад авсан. Дараа нь үсчнийхээ ажлыг өөр газар явуулахдаа материалуудаа аваад явсан. Гипсэн хана үлдсэн байсан. Өөр үлдсэн зүйл байхгүй. 160 мкв 33 000 000 төгрөгийн материал оруулсан гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Бараа материалуудыг нэхэмжлэгч аваад явсан үл хөдлөх хөрөнгөнд орсон зүйл байхгүй. 3 000 000 төгрөгийн ажил хийгдсэн гэж яриад байгаа боловч байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээч томилуулсан бол маргаан шийдэгдэх байсан. Тухайн үед хангаж шийдээгүй учраас 33 000 000 төгрөгийн эд хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгөнд орсон гэдгийг нотлох зүйл байхгүй. Хана нураасан гэж яриад байгаа боловч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч тал хүсэлт тавьж манай талаар авахуулсан. Урагшаагаа хаалга гаргуулах гэж байсан. Ажиллаж байсан талбайн нэг талыг буулгаж аваад явчихсан гэж ярьж байгаа боловч тухайн үед маргаан гараагүй. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Цэлмэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Флора говь ХХК болон Өнөрдөлгөөн ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 04/016 тоот Түрээсийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Гэрээний хавсралт /нэмэлт өөрчлөлт/-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 1 давхрын 170 м.кв складын зориулалттай талбайг үсчин, гоо сайхны чиглэлээр түрээслэхээр харилцан тохирсон. Өнөрдөлгөөн ХХК нь гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нийт 40 801 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүний 6 800 000 төгрөг нь барьцаанд, 34 001 000 төгрөг нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 5 сарын түрээсийн төлбөрт тооцож шилжүүлсэн. Өнөрдөлгөөн ХХК нь түрээсийн талбайг өөрсдөө цоожилж, уг түрээсийн талбайд хийж байсан засварын ажлыг зогсоож, бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Манай компани гэрээний дагуу түрээсийн талбайг шилжүүлсэн учир төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 38 400 000 төгрөг, алданги 6 912 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Шинэ-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь уг түрээсийн гэрээ нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хэрэгжих боломжгүй болсон бөгөөд талбайг түрээсийн зориулалт буюу үсчин, гоо сайхны зориулалтаар ашиглах боломж гараагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 233 дугаар зүйлийн 233.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Флора говь ХХК-иас түрээсийн төлбөрт урьдчилан шилжүүлсэн 40 801 000 төгрөг, гэрээнээс татгалзсан хохиролд 5 900 000 төгрөг, нийт 46 701 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Өнөрдөлгөөн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 213 440 төгрөгийг болон Э.Цэлмэгт холбогдох гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохиролд 73 914 442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Флора говь ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 312 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Өнөрдөлгөөн ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 506 610 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 20 913 төгрөг, хариуцагч Флора говь ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 321 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 267 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Флора говь ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 391 455 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өнөрдөлгөөн ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүү давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбар болон хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан түрээсийн гэрээ, нэмэлт гэрээг хууль буруу хэрэглэн тайлбарлаж илтэд ташаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...гэсэн үүргээ зөрчсөний улмаас Өнөрдөлгөөн ХХК нь гэрээнд заасан талбайг ашиглаж, /үсчин, гоо сайхан/ үйл ажиллагааг явуулж чадаагүй болох нь Өнөрдөлгөөн ХХК-ийн Флора говь ХХК-д хүргүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/29 дүгээр, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/-1-04 дүгээр, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр албан бичгүүдээр нотлогдож байна. гэж зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай албан бичгүүдийг үнэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Өнөрдөлгөөн ХХК-ийн Флора говь ХХК-д хүргүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 9 дүгээр Мэдэгдэл хүргэх нь гэх албан бичигт ... манай заслын ажилд саад учирч цаашид засал хийх нөхцөл бололцоогүй болсон. Иймд 3 хоногийн дотор дээвэр болон гадна тохижилт Үүнд: гадна талбайн гар зураглал, авто зогсоол. шат зам гэх зэрэг/-ын ажлуудыг хийж өгөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү. гэсэн агуулга бүхий мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд шүүхээс тус албан бичгийг нотлох баримтаар үнэлээгүй нь шүүхийн шийдвэрээс тодорхой харагдаж байна. Хариуцагч нь түрээслэгчийн эзэмшил. ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлсэн бөгөөд тухайн түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж үр шимээ хүртэх эсэх нь нэхэмжлэгчийн хариуцлагын асуудал гэж үзэж байна.

Түрээслэгч тал нь гэрээ байгуулснаас хойш түрээслүүлэгч талд уг түрээсийн гэрээнээс татгалзах эсхүл цуцлах тухай бичгээр болон амаар мэдэгдээгүй бөгөөд түрээсийн байранд барилгын материалаа хийж хаалгыг түгжээд явсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн уг түрээсийн гэрээнээс татгалзаж байгаагаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Түрээслүүлэгч тал уг шүүх хурал дээр л түрээслэгчийг гэрээнээс татгалзаж байна гэж үзсэн. Иймд уг түрээсийн гэрээ байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байсан бөгөөд уг гэрээнээс татгалзах эсхүл цуцлах тухай мэдэгдлийг түрээслүүлэгч талд гаргаагүйг шүүх авч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдолтой байна. Түрээсийн гэрээ нь урт хугацаанд хэрэгждэг хиймэгц биелдэг гэрээ биш юм. Мөн анхан шатны шүүхээс түрээслүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үзвэл учир дутагдалтай байна. Учир нь талууд уг гэрээний үүргийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлцэхээр харилцан тохиролцсон байсан бөгөөд түрээслэгч тал нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш түрээсийн талбайг цоожлоод ирээгүй бөгөөд уг түрээсийн талбайг ашиглаж үр шимээ хүртэх эрхээ эдлээгүй нь түрээслүүлэгч талын буруутай үйлдэл биш болохыг шүүхээс харгалзан үзээгүй болно. Түүнчлэн хариуцагчийн зүгээс хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох бичлэгийг шүүхэд гаргаж өгч уг нотлох баримтад үзлэг хийлгэн нотлох баримтаар хэрэгт авахуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Уг нотлох баримтаар нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тухайн байранд ирж барилгын материалаа авч явсан бичлэг байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Өнөрдөлгөөн ХХК нь хариуцагч Флора говь ХХК, Э.Цэлмэг нарт холбогдуулан түрээсийн гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 40 801 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 33 113 442 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 400 000 төгрөг, алданги 6 912 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган шаарджээ.

Өнөрдөлгөөн ХХК болон Флора говь ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гэрэлт хотхоны 1 дүгээр давхрын 170 м.кв талбайг үсчин, гоо сайхны зориулалтаар түрээслэхээр тохиролцож, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 04/016 тоот түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байх ба 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрээний зүйл болох талбайн хэмжээг 160 м.кв болгон багасгасан байна. Түрээсэлгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 20 801 000 төгрөгийг тус тус төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /Х.х-ийн 1-9-11,12, 22 дугаар тал/

Шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ болох талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний агуулгыг тодорхойлсон, хүсэл зоригоо ирлэрхийлж бичгээр хийх хэлцлийн хуулиар тавигдах шаардлагад нийсэн гэрээ байгуулжээ.

Зохигчдын хоорондох түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус түүний нэг хэсэг байх тул түрээсийн гэрээг бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагагүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт "Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэжээ.

Хэргийн 12, 13-17, 191-195 дугаар талд авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байгуулсан гэрээний хавсралт /нэмэлт өөрчлөлт/, Өнөрдөлгөөн ХХК-ийн мэдэгдлүүд, фото зураг, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Флора говь ХХК нь түрээсийн гэрээний 2.6, 2.7, гэрээний хавсралтын 13, 15-д заасан үүргээ биелүүлээгүй, түрээслэгч үсчин, гоо сайхны салоны зориулалтаар хэвийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болох нь нотлогдсон байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2 дах хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан.

Дээрх бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь сантехникийн шугам болон цэвэр бохир усны шугам монтажийг цэгцлэн янзлах, шугамыг татах, цахилгааны шугамыг зөөж оруулах, шалны халаалт болон тэгшилгээг цутгалт хийх, дээвэр, гадаад талбайг тохижуулах ажлуудыг хийж дуусгахыг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргэх, дээрх ажлуудыг хийж дууссаны дараа өдрөөс төлбөр төлөх хугацааг шинээр хуанлийн 50 хоног байхаар тогтоох зэргээр хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан, нэмэлт хугацаа тогтоож байсан байх тул Өнөрдөлгөөн ХХК нь гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагаврыг буюу түрээсийн гэрээний төлбөрийн барьцаа болон төлбөрт шилжүүлсэн 40 801 000 төгрөгийг шаардах эрхтэй болно.

Мөн түрээслүүлэгч үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг шаардах эрхтэй, нотлох баримтаар нотлогдсон байрны интерьерийн зураг төсөл хийлгэсэн зардал 2 000 000 төгрөг, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд төлсөн 3 900 000 төгрөг нийт 5 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан гоо сайхны салоны зориулалтаар авсан тоног төхөрөөмжийн үнэ, хил гаалиар бараа нэвтүүлэхтэй холбоотой зардал зэрэг хохирлыг гэрээнээс учирсан бодит хохирол болох нь нотлогдоогүй, хариуцагч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу үсчин гоо сайхны зориулалтаар тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс, төлбөр шаардах эрхгүй, түрээслэгч гэрээнээс татгалзсанаас учирсан гэх хохирлоо эргэлзээгүй баримтаар нотлоогүй гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар талууд гомдол гаргаагүй болно.

Түүнчлэн шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн /хх-2-16/, нэхэмжлэгч анх нэхэмжлэлдээ түрээсийн гэрээнээс татгалзсан болохоо тодорхойлсон, 2017 оны 03 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж байсан хэдий ч 2017 оны 07 сарын 04-ний өдөр анх шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлээ дэмжиж буйгаа тодруулж, эдгээр нэхэмжлэлийг тухай бүр шүүх хариуцагчид гардуулж байсан /хх-1-114-117, 197-198/ байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгасан боловч хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр шинжээч дүгнэлт гаргах боломжгүй, тогтоолгохыг хүссэн нөхцөл байдал ач холбогдолгүй болсон буюу маргааны зүйл болж буй түрээсийн талбайг засварлан дараагийн түрээслэгч үйл ажиллагаа явуулж байгаа шалтгаанаар энэхүү хүсэлтээсээ татгалзсан байх тул магадлал биелүүлээгүй гэж үзэхгүй юм./1хх-ийн 237-238, 2хх-ийн 8-9 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02740 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ