Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 01584

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/01584

 

 

Улаанбаатар хот

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Өнөрдөлгөөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Өнөр хороолол 1-47 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011091110, регистрийн дугаар 5126347/

 

Хариуцагч: “Флора Говь” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, Гэрэлт хотхон, 17/10 тоотод байрлах/

 

Хариуцагч: Адаацаг овогтой, Энхцацралын Цэлмэгт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, АШ 26 дугаар байр, 15 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 74 дүгээр байр, 20 тоотод оршин суух, регистрийн дугаар УШ94101659/

 

            Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40.801.000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 33.113.442 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Хишигзаяа, хариуцагч болон хариуцагч “Флора Говь” ХХК-ийн төлөөлөгч Э.Цэлмэг, түүний өмгөөлөгч Б.Пүрэвхүү, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Өнөрдөлгөөн” ХХК-ийн төлөөлөгч Т.Шинэ-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани үсчин, гоо сайханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гэрэлт хотхоны 1 дүгээр давхрын 170 м.кв талбайг үсчин, гоо сайханы зориулалтаар түрээслэхээр “Флора Говь” ХХК-ийн захирал Э.Цэлмэгтэй тохиролцож, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 04/016 тоот Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. “Флора Говь” ХХК-ийн захирал Э.Цэлмэгтэй анх уулзах үед түрээсийн гэрээний урьдчилгаа төлбөрөө төл гэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөг, түрээсийн гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 09-ны өдөр 20.801.000 төгрөгийг түүний өгсөн хувийн данс руу нь шилжүүлсэн. Бид түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 60 сарын хугацаатай, 1 м.кв талбайн түрээсийн үнийг 40.000 төгрөгөөр тооцож, түрээсийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс тооцож эхлэхээр тохиролцсон. Ийнхүү төлбөр тооцож эхлэх өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэгч нь түрээсийн байр руу орох нийтийн хэрэглээний дулаан, цахилгааны монтаж, халуун хүйтэн, бохир усны шугам, усны тоолуур, шалны халаалтыг цутгалтын хамт хийх, 2016 оны 6 дугаар сарын 01-ны өдөр гэхэд гадна зогсоолын талбайг ашиглалтанд оруулах, түрээслэгч талыг үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай нөхцөл боломжоор хангах гэх мэт ажлуудыг хийхээр тохирсон. Гэвч гэрээ байгуулснаас хойш түрээслүүлэгч “Флора Говь” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлуудаа хийгээгүйгээс манай компани ч мөн заслын ажлаа хийх боломжгүй болсон. Энэ хугацаанд хариуцагч компаниас гэрээгээр тохиролцсон ажлуудаа хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, албан тоот хүргүүлж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Түрээслэсэн талбайн хэмжээ дутуу байсан тул 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Гэрээний хавсралтыг байгуулан, талбайн хэмжээг багасган, түрээсийн төлбөр тооцож эхлэх хугацааг хойшлуулж, гадна тохижолт зэрэг ажлуудыг бүрэн хийж дуусгах, мөн түрээслүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслэгч тал дангаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд түрээслүүлэгч тал гарсан бүх зардлыг үл маргах журмаар бүрэн барагдуулах үүргийг хүлээсэн. Гэсэн хэдий ч хариуцагч нь мөн л гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд бидний зүгээс маш их хэмжээний дотоод заслын материал, үсчин, гоо сайханы тоног төхөөрөмж худалдан авч их хэмжээний зардал гарган хохироод байна. Иймд “Флора Говь” ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04016 тоот Түрээсийн гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Гэрээний хавсралтаас татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40.801.000 төгрөг, энэ хугацаанд манай компаниас гарсан зардал буюу гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд болон хөлслөн авсан талбайд салгаж авах боломжгүй засварын зардалд 33.113.442 төгрөг, нийт 73.914.442 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь уг түрээсийн гэрээ нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хэрэгжих боломжгүй болсон бөгөөд талбайг түрээсийн зориулалт буюу үсчин, гоо сайханы зориулалтаар ашиглах боломж гараагүй гэв.

           

Хариуцагч Ж.Цэлмэг, “Флора Говь” ХХК-ийн төлөөлөгч Ж.Цэлмэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Флора Говь” ХХК болон “Өнөрдөлгөөн” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 04/016 тоот Түрээсийн гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Гэрээний хавсралт /нэмэлт өөрчлөлт/-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 1 давхарын 170 м.кв складны зориулалттай талбайг үсчин, гоо сайханы чиглэлээр түрээслэхээр харилцан тохирсон. “Өнөрдөлгөөн” ХХК нь гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нийт 40.801.000 төгрөгийг төлсөн бөгөөд үүний 6.800.000 төгрөг нь барьцаанд, 34.001.000 төгрөг нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 5 сарын түрээсийн төлбөрт тооцож шилжүүлсэн. “Өнөрдөлгөөн” ХХК нь түрээсийн талбайг өөрсдөө цоожилж, уг түрээсийн талбайд хийж байсан засварын ажлыг зогсоож, бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Манай компани гэрээний дагуу түрээсийн талбайг шилжүүлсэн учир төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

             Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

            “Өнөрдөлгөөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Флора Говь” ХХК, Э.Цэлмэгт холбогдох иргэний хэргийн “Флора Говь” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, Э.Цэлмэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Өнөрдөлгөөн” ХХК-ийн “...түрээсийн гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөр болон түрээсийн төлбөрт шилжүүлсэн 40.801.000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол болон түрээсийн талбайд засвар хийсэн зардалд 33.113.442 төгрөг, нийт 73.914.442 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Цэлмэг, “Флора Говь” ХХК хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...түрээсийн талбайг шилжүүлсэн тул гэрээний дагуу түрээсийн үлдэгдэл төлбөр 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөг, нийт 45.312.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийг хариуцагч “Флора говь” ХХК гаргаж талууд мэтгэлцжээ.

 

“Флора Говь” ХХК, “Өнөрдөлгөөн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04/016 дугаар “Түрээсийн гэрээ”-ээр  түрээслүүлэгч “Флора Говь” ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Гэрэлт хотхон 1 давхарын 170 м.кв талбайг үсчин, гоо сайхан үйлчилгээний зориулалтаар түрээслэгч “Өнөрдөлгөөн” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 60 сарын хугацаатайгаар 1 м.кв-ыг 1 сарын 40.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон байх бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 04/016 дугаар “Гэрээний хавсралт /нэмэлт өөрчлөлт/”-аар түрээсийн төлбөрийн хугацааг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тооцох боловч түрээслүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж шалны халаалтыг тавих, шал цутгах, бохирын шугам бүрэн угсарч дуусаагүй учраас дээрх ажлуудыг бүрэн хийсний дараа өдрөөс эхлэн хуанлийн 50 хоног байх, түрээсийн талбайн хэмжээ 160 м.кв байхаар тохирсон байх ба гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар түрээсийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 17/10 Б тоот үл хөдлөх эд хөрөнгө нь түрээслүүлэгч “Флора Говь” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө бус Э.Цэлмэгийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдож байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04/016 дугаар “Түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г байгуулсан гэж дүгнэв.

 

1. Эд хөрөнгө хөлслүүлэгч “Флора Говь” ХХК нь гэрээний 1.3-т “...түрээсийн байрлуу орох хэвийн үйл ажиллагааг хариуцна”, 2.6-д “гадна зогсоолын талбайг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ашиглалтад оруулна”, гэрээний хавсралтын 13, 15-д “...гадна талбайн ажлыг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд дуусгаж, талбайн тохижилт, авто зогсоолын ажлыг бүрэн дуусгана” гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хөлслөгч “Өнөрдөлгөөн” ХХК нь гэрээнд заасан талбайг ашиглаж, /үсчин, гоо сайхан/ үйл ажиллагааг явуулж чадаагүй болох нь хариуцагч “Флора Говь” ХХК-ийн төлөөлөгч Э.Цэлмэгийн шүүх хуралдаанд гаргасан “...гадна заслын ажил одоог хүртэл дуусаагүй” гэсэн тайлбар, “Өнөрдөлгөөн” ХХК-ийн “Флора Говь” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/29 дүгээр, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1-04 дүгээр, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч “Өнөрдөлгөөн” ХХК нь гэрээний 4.2.1, гэрээний хавсралтын 9, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 194.1.3, 294.2.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04/016 дугаар гэрээг цуцлах эрхтэй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч “Өнөрдөлгөөн” ХХК нь “гэрээний 2.3-т заасны дагуу шилжүүлсэн 6.800.000 төгрөг, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 34.001.000 төгрөг, нийт 40.801.000 төгрөг”-ийг хариуцагч “Флора Говь” ХХК-иас шаардах эрхтэй юм.

 

Мөн нэхэмжлэгч “Өнөрдөлгөөн” ХХК нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирол болон хөлслөн авсан эд хөрөнгийг өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зардлыг гэрээний хавсралтын 9, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч “Флора Говь” ХХК-иас шаардах эрхтэй хэдий боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн 19-20, 24-63 дугаар талд авагдсан гэрээ, зарлагын баримт, төлбөрийн баримт, бараа материалын зарлагын падаан, бэлэн мөнгөний орлогын баримтууд нь “гэрээнээс учирсан хохирол, хөлслөн авсан эд хөрөнгөд хийсэн засварын зардалд 33.113.442 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг нотлохгүй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлйин 25.2.2-т зааснаар нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх баримтууд нь гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Гэрэлт хотхон 1 давхарын 160 м.кв талбайд хийгдсэн засварын ажилд хамааралтай болох нь нотлогдохгүй байх бөгөөд хавтаст хэргийн 57-63 дугаар талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх ба 19-21 дүгээр талд авагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажил гүйцэтгүүлж, ажлын хөлсийг төлсөн талаар холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

Иймд хариуцагч “Флора Говь” ХХК-иас дэнчинд олгосон 6.800.000 төгрөг, хөлс төлөхөөр шилжүүлсэн 34.001.000 төгрөг, нийт 40.801.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Өнөрдөлгөөн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээнээс учирсанхохирол хөлслөн авсан эд хөрөнгөд хийсэн засварын зардалд 33.113.442 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, маргааны зүйл болох 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04/016 дугаар “Түрээсийн гэрээ” нь “Флора Говь” ХХК, “Өнөрдөлгөөн” ХХК-ийн хооронд байгуулагдаж, дээрх компанийн хүсэл зориг, эрх, үүргийг тусгасан байх тул Э.Цэлмэгт холбогдох гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40.801.000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол, хөлслөн авсан эд хөрөнгөд хийсэн засварын зардалд 33.113.442 төгрөг гаргуулах тухай “Өнөрдөлгөөн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Хариуцагч “Флора Говь” ХХК-ийн “...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөг, нийт 45.312.000 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь хөлслүүлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, түүний хавсралтад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хөлслөгч гэрээнд зааснаар үсчин, гоо сайханы үйл ажиллагааг явуулж чадаагүй байх тул гэрээний хавсралтын 7-д “...төлбөр тооцож эхлэх хугацааг түрээслүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж... ажлуудыг бүрэн хийж дуусны дараа өдрөөс эхлэн хуанлийн 50 хоног байх”, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч “Флора Говь” ХХК-ийн түрээсийн төлбөрт 38.400.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд мөн алдангид 6.912.000 төгрөг шаардах эрхгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 233 дугаар зүйлийн 233.1, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 294.2.1-д заасныг баримтлан хариуцагч “Флора Говь” ХХК-иас дэнчинд олгосон 6.800.000 төгрөг, хөлс төлөхөөр шилжүүлсэн 34.001.000 төгрөг, нийт 40.801.000 төгрөгийггаргуулан нэхэмжлэгч “Өнөрдөлгөөн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээнээс учирсан хохирол болон хөлслөн авсан эд хөрөнгөд засвар хийсэн зардалд нийт 33.113.442 төгрөг гаргуулах болон Э.Цэлмэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч “Флора Говь” ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох эд хөрөнгө ашигласны хөлс 38.400.000 төгрөг, алданги 6.912.000 төгрөг, нийт 45.312.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Хишигзаяагийн “...“Өнөрдөлгөөн” ХХК-ийн захирал Т.Шинэ-Эрдэнэ нь БНСУ-д ажлаар явсан бөгөөд хуралд биечлэн оролцох шаардлагагүй, өмгөөлөгчөө оролцуулахыг илэрхийлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, хариуцагч Э.Цэлмэг, “Флора Говь” ХХК-ийн төлөөлөгч Э.Цэлмэгийн “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй танилцсан, анх шүүхэд гаргасан нэхэмжлэл хэвээр байна. Иймээс шүүх хуралдаанд тайлбараа өгөх боломжтой тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү. Мөн сөрөг нэхэмжэлийн шаардлагаас түрээсийн байранд учруулсан хохирол 9.200.000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна” гэсэн хүсэлт гаргасныг тус тус хангасан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 233 дугаар зүйлийн 233.1, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 294.2.1-д заасныг баримтлан хариуцагч “Флора Говь” ХХК-иас 40.801.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Өнөрдөлгөөн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33.113.442 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Э.Цэлмэгт холбогдох гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохиролд 73.914.442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч “Флора Говь” ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45.312.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Өнөрдөлгөөн” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 506.610 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 20.913 төгрөг, хариуцагч “Флора Говь” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 321.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 267.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Флора Говь” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 361.955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Өнөрдөлгөөн” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД