Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01164

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01164

 

 

 

 

 

Г.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/01188 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Уын хариуцагч Б.Мт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол, 7 дугаар хороо 6 дугаар байрны 169 тоот орон сууцныхаа хажуу өрөөнд төрсөн дүү Г.Ганбаярыг, Б.Мтэй амьдруулсан. Г.Ганбаяр, Б.М нар амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр Бүгд Найрамдах Солонгос улс руу хамт явж ажиллах хүсэлтэй гэж визний баталгаанд тус бүр 5 000 000 төгрөгийг одоогоор Худалдаа хөгжлийн банк өмнөх Улаанбаатар хотын банканд данс нээлгэн байршуулах 10 000 000 төгрөг түр зээлдүүлэхийг хүссэн. Ингээд хуучнаар Улаанбаатар банканд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ганбаярт, 2018 оны 09 дүгээр сарын сарын 14-ний өдөр Б.Мт данс нээлгэн тус бүрт нь 5 000 000 төгрөгийг байршуулсан ба тэд визинд орсны дараа буцаан шилжүүлэхээ амласан. Гэвч Бүгд Найрамдах Солонгос улсын виз гараагүй тул мөнгөө буцааж авахыг шаардахад Б.М мөнгө шаардлагатай байна гэж буцаан өгөөгүй тул Б.Мээс 5 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.М 2016 оноос нэхэмжлэгч Г.Уын төрсөн дүү Г.Ганбаяртай хамтын амьдралтай болсон. Б.М нь Г.Ганбаяртай хамтын амьдралтай болсноос хойш 2016 оны 04 дүгээр сард хоорондоо харилцан тохиролцоод Г.Ганбаярын эзэмшлийн орон сууцанд амьдрах гэж байсан боловч нэхэмжлэгч Г.У нь та хоёр манай хажуу өрөөнд түр амьдарч бай, манай дүү н.Батчулууны гэр бүлийг Г.Ганбаярын эзэмшлийн орон сууцанд амьдруулъя гэсэн саналыг тавихад Г.Ганбаяр, Б.М нар хүлээж авсан байна. Түүнээс хойш 2018 онд Г.Ганбаяр Б.Мт хандаж хоёулаа Солонгос улс руу явж ажил хийе гэсэн санал тавихад нь Б.М хүлээн зөвшөөрсөн. Г.Ганбаяр нь ах Г.Уаас 10 000 000 төгрөг зээлээд 5 000 000 төгрөг, 5 000 000 төгрөгөөр нь харилцан банканд данс нээлгэн барьцаа болгож байршуулсан нь үнэн. Энэ үйл баримтад хариуцагч талаас маргах зүйлгүй. Виз гараагүй тул Г.Ганбаяр болон Б.М нар нь Солонгос улс руу явах боломжгүй болсон. Банкны барьцаанд байршуулсан 5 000 000 төгрөгөө аваад харилцах дансаа хаагаад Г.Ганбаярт ахдаа буцааж өгөөрэй гэхэд Г.Ганбаяр ах Г.Утаа өгчихлөө гэж Б.Мт хэлсэн. Анх Г.Ганбаяр нь Г.Уаас 10 000 000 төгрөгийг авсан. Энэхүү үйл баримтыг нэхэмжлэгч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ нотолдог. Тухайн цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Б.М болон Г.Ганбаяр нараас нэг ч төгрөг нэхэж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Тодруулж хэлэхэд Б.М нь Г.Утай ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй, тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа байгаагүй ба шууд хэлэхэд тэд хоорондоо харьцдаггүй байсан юм. Г.Ганбаяр нь 2019 оны 05 дугаар сараас хойш өөр хүнтэй хамтын амьдралтай болж Б.Мээс тусдаа амьдарсан. Б.М нь 2018 оны 11 дүгээр сараас Г.Ганбаярт Приус 20 маркийн автомашиныг өөрөө зээл аваад худалдаж авч өгсөн. Энэ талаарх баримтыг хавтас хэрэгт гаргаж өгсөн. Улмаар Б.М нь 2020 оны 07 дугаар сард Г.Ганбаярт холбогдуулан Приус 20 маркийн автомашинтай холбоотой нэхэмжлэлийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Тухайн хэргийн хариуцагч болох Г.Ганбаяр нь энэхүү 5 000 000 төгрөгийг Б.Мээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байдаг. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Г.У нь Б.М, Г.Ганбаяр нарын тусдаа амьдарснаас хойш буюу Налайх дүүргийн шүүхэд маргаснаас хойш маргаан бүхий 5 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Үүнээс үзэхэд Г.У нь Б.Мийг дүүтэй нь хамтран амьдрахаа больсон болохоор мөнгө нэхэж болох юм байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа нь харагдана. Хэрэгт авагдсан баримтаар мөнгийг дансанд байршуулсан нь харагддаг болохоос Б.Мт өгсөн зүйл байхгүй. Б.М нь байршуулсан 5 000 000 төгрөгөө аваад дансаар Г.Ганбаярт шилжүүлж өгсөн. Б.М, Г.Ганбаяр нар тус тусдаа Г.Ут 5 000 000 төгрөг өгнө гэсэн зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Г.Ганбаяр нь Г.Утай зээлийн гэрээ байгуулах саналыг Иргэний хуулийн 195 дугаар зүйлд 195.1-т заасны дагуу тавьсан. Энэ саналыг Г.У хүлээн зөвшөөрөөд 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.М нь Г.Ганбаярт 5 000 000 төгрөг өгсөн бөгөөд бэлнээр өгсөн тул нотлох баримт байхгүй. Г.Ганбаяр нь харин мөнгийг Г.Ут өгсөн эсэхийг мэдэхгүй. Г.У нь Налайх дүүргийн шүүх дээр маргаан гарч байх үед Б.Мээс мөнгө нэхэж байгаагүй. Г.У нь 10 000 000 төгрөгийг түр зээлэхээр гэж нэхэмжлэлдээ дурдсан байгаа үгийн шууд утгыг харвал талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Г.У нь мөнгөө Г.Ганбаяраас шаардах ёстой. Мөн Г.Ганбаяр нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ би ахдаа 5 000 000 төгрөг өгсөн гэдэг. Гэвч хариуцагч тал нэхэмжлэгчээс Г.Ганбаяр танд 5 000 000 төгрөгөө өгсөн үү гэхэд өгөөгүй ээ, би автомашин ав гээд дүүдээ үлдээсэн гэдэг. Үүнээс үзэхэд гэрч нь төрсөн ахыгаа дэмжиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Налайх дүүргийн шүүх автомашинтай холбоотой асуудлыг шийдсэнээс 5 000 000 төгрөгтэй холбоотой асуудлыг шийдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Уын хариуцагч Б.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Уын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Миний төрсөн дүү Г.Ганбаяр болон түүний хамтран амьдарч байсан Б.М нар визний баталгаа шаардлагатай байна гэж тус бүр нь 5 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлэн авч хуучнаар Улаанбаатар банканд данс нээлгэн байршуулсан. Б.М нь уг мөнгийг өнөөдрийг хүртэл надад өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.М хариу тайлбартаа Г.Ганбаяртай хамтдаа нэг өдөр мөнгийг банкнаас буцаан гаргаж бэлнээр Г.У надад өгсөн гэх боловч данснаас мөнгийг хамтдаа нэг өдөр гаргаагүй болохыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд мөн гэрч Г.Ганбаяр мөн тус мөнгийг өгөөгүй байгааг нотолсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг нотлох боломжгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Б.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дүү Г.Ганбаяраараа дамжуулан Б.Мийн дансаар 5 000 000 төгрөгийг байршуулж буцаан авна гэсэн агуулгаар тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч мөнгийг аваад дансаа хааж Г.Ганбаярт мөнгийг буцаан өгсөн гэх тайлбар гаргаж маргажээ.

 

Үүнтэй холбогдуулан 2020 оны 07 дугаар сард хариуцагч болон нэхэмжлэгчийн дүү Г.Ганбаяр нарын хооронд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан шийдвэрлэх үед дээрх 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан гэх агуулгыг талууд шүүх хуралдаанд тайлбарлажээ. /хх47-52/

 

Энэ үйл баримтаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай байхад анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар талуудаас тодруулаагүй, хэрэгт ач холбогдолтой байж болох шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, талууд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Ганбаяр, Б.М нарын хоорондын маргааны явцад нэхэмжлэгчийн одоо шаардаж буй 5 000 000 төгрөгтэй холбоотой асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Г.Ганбаяр гаргаж байсныг хэрэгсэхгүй болгосон гэх тайлбар хэлж байсан эсэхийг тодруулах шаардлагатай байна.

 

Мөн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ямар шийдвэрээр дээрх үйл баримт буюу нэхэмжлэгч Г.У болон Г.Ганбаяр нарын хооронд гэрээний үүрэгт шилжүүлсэн гэх 5 000 000 төгрөгийн маргаан шийдэгдсэн эсэх нь тодорхой бус байна.

 

Талуудын хооронд гарсан маргааны үйл баримт тодорхой бус байхад хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй.

 

Дээр дурьдсаныг тодруулж талуудын мэтгэлцүүлэх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/01188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.У давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ