Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01524

 

 

 

 

 

 

Г.Х нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00847 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Х хариуцагч ОО ОНт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 58 877 245 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Г.Хаш-Эрдэнэ нь 2017 оны 10 сарын 20-ны өдөр албан үүрэг гүйцэтгэж байх үед 12 цагийн орчим жижүүрээс гэр бүлийн хүчирхийллийн ноцтой дуудлага өгсний дагуу шуурхай очиж Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 8 дугаар байрны 12 дугаар орцны цахилгаан шатаар зорчих үед тог санаатай тасалснаас гацаж бусдын гэм буруутай үйлдлийн улмаас цахилгаан шаттай доош унасан. Уг ослын улмаас миний нурууны L5 үе хугарч, L2, L3, L4, L5 үе хоорондын диск дарагдан бяцарч, тархи доргин хавагнасан гэмтэл авсан тул Сонгинохайрхан дүүргийн Прокурор эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч шүүх эмнэлгийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын дүгнэлт, хэргийн газрын үзлэг, мэргэжилтнүүд болон лифтчин, гэрчүүдийн мэдүүлэг, бусад хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсоор байхад энэ хэргийг шалгах хугацаанд мөрдөн байцаагчийг 5 удаа сольж прокурор дээр гацааж байгаад эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж хэргийг хэрэгсэхгүй болгон яллагдагчид ял завшуулж, эмчилгээний зардлыг ч гаргуулах арга хэмжээ авалгүй намайг хохироосон. Албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж хамгийн олон хэрэг илрүүлсэн алба хаагчаар тодорч шинэхэн цол нэмсэн Монголын цагдаагийн офицер хүний мөрөөдөл, зорилгыг зогсоосноор зогсохгүй, өвчнөөр группт байдаг эхнэр, 3 хүүгийн минь ирээдүйгээр тоглосон атлаа өвчиндөө шаналан эмчлүүлж байхад уучлалт гуйх нь байтугай биеийн байдал нэг ч удаа асуулгүй хүн бусаар хандаж байгаад маш их гомдолтой байна. Миний бие олон хоногоор хэвтэн эмчлүүлж Хаан банк ХХК-аас авсан байсан цалингийн зээл, ах дүү хамаатан садан найз нөхдөөс авсан зээлийн мөнгөн хөрөнгөөр эмчилгээ хийлгэж хугарсан үе бороолсон боловч үе хоорондын бяцарсан диск хатангиршиж язран эмчилгээ авахгүй хэмжээнд хүрсний улмаас хоёр хөл бадайрч мэдээ алдан нойргүй хонож суумгай болох эрсдэлтэй болсон. Яаралтай хагалгаанд орохыг эмч шаардсан боловч хагалгааг Монгол улсад хийхэд нуруунд тавигдах аппарат байдаггүй учраас Солонгос улс руу гэмтлийн МRI зураг болон хариуг явуулсны дагуу оноштой танилцаад хагалгааны зардал 19 000 000 вон гэж ирсэн. Иймд эрүүгийн хэрэгт цугларсан эмчилгээний зардлын талаар прокурорын тогтоолд тусгагдсан 13 832 203 төгрөг, хагалгааны зардал 19 000 000 вон буюу 42 940 000 төгрөг, өвчтэй байх үеийн цалингийн зөрүү 2 105 041 төгрөг, нийт 58 877 245 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбооны дарга болон тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын дарга Э.Бат-Эрдэнэ нар хууль бусаар цахилгааны ерөнхий шийт өөр газар байрлуулан зөөлгөх шийдвэр гаргасны улмаас Г.Х биед хүндэвтэр хохирол учирсан. ОСНААУГ-ын буруутай үйл ажиллагаатай холбоотой зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл, эмч ямар эм бичсэн, Г.Хаш-Эрдэнэ хэдийг уусан зэрэг нь тодорхойгүй бөгөөд нурууны эмээс гадна өөр маш олон төрлийн эм байгаа бөгөөд үүнийг хэн, ямар заавраар уусан гэдэг нь харагдахгүй байх тул нэхэмжлэлээр юуны төлбөр шаардаж байгаа нь тодорхой бус байна. Харин Г.Хаш-Эрдэнийг эмнэлэгт хэвтсэн гэдэгт маргахгүй. 58 877 245 төгрөг хэрхэн гарсан талаар нэхэмжлэгч дэлгэрэнгүй, тодорхойлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ОО ОНаас 57 872 908 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хаш-Эрдэнэд олгож, үлдэх 1 004 337 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Хаш-Эрдэнэ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ОО ОНаас улсын тэмдэгтийн хураамжид 447 315 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Г.Х биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбооны дарга, тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын дарга болон ахлах инженерүүдийн албан тушаал, албан үүрэгтэй шууд холбоотой бөгөөд энэ талаар манай байгууллага Нийслэлийн Прокурорын газарт хандсан албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус байранд хийсэн шалгалтын материал, 2017 оны 10 сарын 20-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-ын 7000-5454 дугаарын утас болон Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-д ирсэн засварын дуудлагын бүртгэл гэх мэт нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг болон ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад зөрчил гарган бусдад гэм хорын хохирол учруулсан гэсэн дүгнэлтэд санал нийлэхгүй байна. Дээр дурдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогчоос бус албан тушаалтан нар хувийн ажлаа гүйцэтгэж байгаад бусдад гэм хорын хохирол учруулсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 58 877 245 төгрөгийн нэхэмжлэлийг нэг бүрчлэн задлан тайлбар хийж чадаагүй бөгөөд дээрх баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй. Мөн 19 000 000 вон буюу 41 990 000 төгрөг БНСУ-ын Бусан хотын Нуруу, нугас, үе мөчний Бүмин эмнэлэгт хийлгэх мэс ажилбар, эмчилгээ болон бусад зардлыг хариуцагчаар татагдсан манай байгууллага урьдчилан төлөх үүрэг үүсээгүй маргаантай ба мэс засал хийлгэх зайлшгүй зардал гэдгийг одоогийн цаг үеийн нөхцөл байдал зэргээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Г.Хаш-Эрдэнэ нь хариуцагч ОО ОНт холбогдуулан эм, эмчилгээний зардал 13 832 203 төгрөг, БНСУ-д мэс засал хийлгэх зардал 19 000 000 вон буюу 42 940 000 төгрөг, өвчтэй байх үеийн цалингийн зөрүү 2 105 041 төгрөг, нийт 58 877 245 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 89/

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Г.Хаш-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас осолд орж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан, энэхүү гэм хорын хариуцлагыг гэм хор учруулсан этгээд болох Д.Дөлгөөн, Д.Бямбадорж нарын ажил олгогч Орон сууц нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ хариуцах талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлээ, нэхэмжлэгчид ажил олгогчоос бус албан тушаалтан нар хувийн ажлаа гүйцэтгэж байгаад гэм хорын хохирол учруулсан тул тэдгээр нь хариуцна, мөн нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгийн эх үүсвэр тодорхой бус гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Д.Дөлгөөн, Д.Бямбадорж нар нь ОО ОНын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын дуудлагын цахилгаанчнаар ажиллаж байхдаа тус төвийн дарга болон ахлах инженерээс өгсөн үүргийн дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үйл ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 8 дугаар байрны шийтийг шилжүүлэн зөөх ажлыг хийх явцдаа цахилгааны холболтыг салгасан үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Х эрүүл мэндэд гэм хорын хохирол болгоомжгүйгээр учруулсан байх тул /хх 140, 159, 161/ гэм хорын хохирлыг хариуцахгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээний талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

Нэг. Эм, эмчилгээний зардал 13 832 203 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээх боловч хохирогчид учирсан эдгээр хохирол нь бодитой буюу баримтаар нотлогдох учиртай. Анхан шатны шүүх Г.Хаш-Эрдэнэд учирсан гэм хорын хохирлын мөнгөн дүнг тооцохдоо прокурорын тогтоолд дурдагдсан үнийн дүнг хэргийн бусад баримттай харьцуулан үндэслээгүй нь буруу болжээ.

Хэргийн 22-30, 39-44 дүгээр талд авагдсан нотлох баримтыг 181-192 дугаар талд авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичигдсэн эмчийн заавартай харьцуулан үзвэл, эм, эмчилгээний зардал нийт 5 046 737 төгрөгийг /Улсын 3 дугаар төв эмнэлэгт үзүүлсэн 1 268 937 төгрөг + толгой, цээжний томографи хийлгэсэн 250 000 төгрөг + толгой, нурууны томографи, MRI хийлгэсэн 780 000 төгрөг + толгой, хүзүү, сээр нуруу, бүсэлхий нурууны MRI хийлгэсэн 750 000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзлэг хийлгэсэн 8 000 төгрөг болон артифлекс, терафлекс, медикалм зэрэг эмийн үнэ 1 989 800 төгрөг /320 500 + 220 700 + 120 900 + 201 800 + 220 700 + 201 800 + 201 800 + 201 800 + 201 800 + 98 000/ хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Хоёр. Өвчтэй байх үеийн цалингийн зөрүү 2 105 041 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Хэргийн 45-48 дугаар талд байгууллагын нягтлан бодогчийн гаргасан цагдаагийн дэслэгч Г.Х 2017-2019 онд бодогдсон цалинд олгосон эмнэлгийн хуудасны тооцооны зөрүү цалин-гийн тооцоолол авагдсан байх ба хариуцагч энэ үнийн дүнгийн хэмжээнд маргаагүй учир холбогдох шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Гурав. БНСУ-д мэс засалд орох зардал 19 000 000 вон буюу 42 940 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.

Амбулаториор эмчлүүлэгсдийн картад Гэмтлийн дараа L4, L5 нугаламын мэдрэлийн ёзоор дарагдсан, Бүсэлхий нурууны L4 - L5, L5 S1 нугаламын хуучин шигдсэн хугаралтай, Цаашид мэдрэлийн мэс заслын эмчид үзүүлж мэдрэлийн ёзоор чөлөөлөх мэс засал хийлгэх шаардлагатай хэмээн дүгнэсэн байх ба хэргийн 130-131, 171-172 дугаар талд авагдсан баримтаар БНСУ-д хийгдэх мэс ажилбарын үнэ 17 000 000 19 000 000 вон болох нь тогтоогдож байна. Эмчилгээний зайлшгүй зардал 17 000 000 воноос эхэлж байхад шүүх 19 000 000 вонтой тэнцэх төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй болжээ. Иймд 17 000 000 вон / Монголбанкны 2019.08.20-ны өдрийн валютын ханш 1 вон = 2.21 төгрөг/ буюу 37 570 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдар газар ОНӨААТҮГ-аас 44 721 778 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Хаш-Эрдэнэд олгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

з

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00847 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...57,872,908... гэснийг ...44 721 778... гэж, ...1,004,337... гэснийг ...14 155 467... гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...447,315... гэснийг ...381 558... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдар газар ОНӨААТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200510839271 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 315 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР