Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2020/00847

 

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2020/00847

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч С.Буд, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, Ж овогт Г. Х/РД:ЧБ83/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг оршин байрлах /цаашид ОНӨААТҮГ гэх /хуулийн этгээдийн регистрийн дугаар:21/-т холбогдох,

 

Гэмт хорын хохиролд 58,877,245 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Х  би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр албан үүрэг гүйцэтгэж байх үед 12 цагийн орчим жижүүрээс гэр бүл хүчирхийллийн ноцтой дуудлага өгсний дагуу шуурхай очиж Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 12 орцны цахилгаан шатаар зорчих үед тог санаатай тасалснаас гацаж бусдын гэм буруутай үйлдлийн улмаас цахилгаан шаттай доош унасан. Уг ослын улмаас миний нурууны L5-үе хугарч, L2, L3, L4, L5-р үе хоорондын диск дарагдан бяцарч, тархи доргин хавагнасан гэмтэл авсан тул Сонгинохайрхан дүүргийн прокурор эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч шүүх эмнэлгийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын дүгнэлт, хэргийн газрын үзлэг, мэргэжилтнүүд болон лифтчин, гэрчүүдийн мэдүүлэг, бусад хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсоор байхад энэ хэргийг шалгах хугацаанд мөрдөн байцаагчийг 5 удаа сольж прокурор дээр гацааж байгаад эцэст нь шүүх хуралдаанд хохирогч миний эрхийг ноцтойгоор зөрчин хурлын талаар мэдэгдэлгүй хуралдаан явуулж шийдвэр гарган буцааж улмаар эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж хэргийг хэрэгсэхгүй болгон яллагдагчдад ял завшуулж, эмчилгээний зардлыг ч гаргуулах арга хэмжээ авалгүй намайг хохироосон юмаа. Албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж хамгийн олон хэрэг илрүүлсэн алба хаагчаар тодорч шинэхэн цол нэмсэн монголын цагдаагийн офицер хүний мөрөөдөл, зорилгыг зогсоосноор зогсохгүй, өвчнөөр группт байдаг энхэр, 3 хүүгээ хүний зэрэгтэй авч явсан хүний хань аав хүнийг хагас хүн болгож 3 хүүгийн минь ирээдүйгээр тоглочхоод 1 жил 6 сарын хугацаанд өвчиндөө шаналан эмчлүүлж байхад уучлалт гуйх нь байтугай биеийн байдал нэг ч удаа асуулгүй хүн бусаар хандаж бүхэл бүтэн гэр бүлийн хувь заяагаар тохуурхаж байгаад маш их гомдолтой байгаа болно. Миний бие олон хоногоор хэвтэн эмчлүүлж Хаан банкинд цалингийн зээл, ах дүү, хамаатан садан, Найз нөхдөдөө багагүй хэмжээний өр зээл тавьж эмчилгээ хийлгэж хугарсан үе бороолсон боловч үе хоорондын бяцарсан диск хатингаршиж язран эмчилгээ авахгүй хэмжээнд хүрсний улмаас хоёр хөл бадайрч мэдээ алдан нойргүй хонож суумгай болох эрсдэлтэй болоод байгаа учраас яаралтай хагалгаанд орохыг эмч шаардсан боловч хагалгааг монгол улсад хийхэд нуруунд тавигдах аппарат нь байдаггүй учраас солонгос улс руу гэмтлийн МРИ-ны зураг болон хариуг явуулсны дагуу оноштой танилцаад хагалгааны зардал 19 сая вон гэж ирсэн. Иймд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл нь:

Хавтаст хэрэгт цугларсан эмчилгээний зардлын талаар прокурорын тогтоолд тусгагдсан 13,832,203 төгрөг, хагалгааны зардлын19 сая вон буюу 42,940,001 төгрөг, өвчтэй байх үеийн цалингийн зөрүү 2,105,041 төгрөг,нийт 58,877,245 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус газар нь Г.Х ийн  гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Х ийн  биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбооны дарга Д.Ядгайчойндон болон тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын дарга Э.Б  нар хууль бусаар цахилгааны ерөнхий шит өөр газар байрлуулан зөөлгөх шийдвэр гаргасны улмаас хохирол учирсан байгаа учир Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны Дэвшил-8 Сууц өмчлөгчдийн холбоо болон Э.Б  нарыг хамтран хариуцагчаар татаж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ОСНААУГ-ын буруутай үйл ажиллагаатай холбоотой зүйл байхгүй. ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ын ажилчид хувийн ажил хийж байгаад ийм зүйл болсон. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг өмнө нь хохирлыг барагдуулна гэсэн зүйл байхгүй. Хэрэв манай буруутай гэдэг нь тогтоогдвол манайх төлнө гэж байсан болохоос амлалт өгсөн зүйл байхгүй. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг харахад ямар төлбөрийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа. Эмч ямар эм бичсэн, Х хэдийг уусан зэрэг нь тодорхойгүй бөгөөд нурууны эмээс гадна өөр маш олон төрлийн эм байгаа бөгөөд үүнийг хэн, ямар заавраар уусан гэдэг нь харагдахгүй байна. Харин Х ийн эмнэлэгт хэвтсэн гэдэгт маргахгүй байгаа. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Х ийн эмнэлгийн 3 дэвтрийг өгнө гэж байсан боловч өнөөдөр 1 дэвтэр өгч байна. Тэгэхээр яаж 58,877,245 төгрөг болж байгааг нэхэмжлэгч нь задалж хэлж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Х  нь хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдуулан Гэм хорын хохиролд 58,887,245 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Х  Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн офицероор ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 12 дугаар орцонд дуудлагын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад цахилгаан шат доош унаж, уг ослын улмаас түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд тухайн осолд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын ажилтан, дуудлагын цахилгаанчин Д.Д , Д.Б нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгасан байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1922 дугаар шүүгчийн захирамжаар Д.Д , Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 65 дугаар прокурорын тогтоолоор дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоолоор хохирогч Г.Х ийн  гаргасан гомдлыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгосон 65 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Д.Д , Д.Б нар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 12 дугаар орцны цахилгаан шитэнд засвар үйлчилгээ хийхээр цахилгаан эрчим хүчийг таслахдаа тухайн орцны лифтчинд цахилгаан таслах талаар мэдэгдэж хамт байлцуулаагүй, тэнд зорчигч байгаа эсэхийг шалгаж үзээгүй лифтний хүчдэлийг шууд тасалсан ба хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Г.Х ийн  эрүүл мэндэд бүсэлхийн 5-р нугамалын үеийн хоорондох хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хэрэгт авагдсан Эрүүгийн хэргийн шинжээчийн дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 1708022601044 дугаар тогтоол, 2018 оны 1922 дугаар тогтоол, 2018 оны 65 дугаар тогтоол, 2018 оны 60 дугаар тогтоол, 2019 оны 05 дугаар тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 5-6, 7-9, 10-13, 18-21, 31-32, 33-36 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....бусдын гэм буруутай үйлдлийн улмаас цахилгаан шаттай доош унаж, нурууны L5-үе хугарч, L2, L3, L4, L5-р үе хоорондын диск дарагдан бяцарч, тархи доргин хавагнасан гэмтэл авсан.

үе хоорондын бяцарсан диск хатингаршиж язран эмчилгээ авахгүй хэмжээнд хүрсний улмаас хоёр хөл бадайрч мэдээ алдан суумгай болох эрсдэлтэй болоод байгаа учраас яаралтай хагалгаанд орохыг эмч шаардсан боловч хагалгааг Монгол улсад хийхэд нуруунд тавигдах аппарат нь байдаггүй учраас Солонгос улс руу гэмтлийн МРИ-ны зураг болон хариуг явуулсны дагуу оноштой танилцаад хагалгааны зардал 19 сая вон гэж ирсэн.

Хавтаст хэрэгт цугларсан эмчилгээний зардлын талаар прокурорын тогтоолд тусгагдсан 13,832,203 төгрөг, хагалгааны зардлын 19 сая вон буюу 42,940,001 төгрөг, өвчтэй байх үеийн цалингийн зөрүү 2,105,041 төгрөг,нийт 58,877,245 төгрөгийг гаргуулан өгнө үү гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...ОСНААУГ-ын буруутай үйл ажиллагаатай холбоотой зүйл байхгүй. ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ын ажилчид хувийн ажил хийж байгаад ийм зүйл болсон.

..ямар төлбөрийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа.

нурууны эмээс гадна өөр маш олон төрлийн эм байгаа бөгөөд үүнийг хэн, ямар заавраар уусан гэдэг нь харагдахгүй байна.

яаж 58,877,245 төгрөг болж байгааг нэхэмжлэгч нь задалж хэлж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ., мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

 

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын ажилтнуудын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг арилгуулахыг, мөн эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэрэг бүртгэх албан мөрдөн байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор яллагдагч Д.Д , Д.Б нарын гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилтан Д.Г ийг иргэний хариуцагчаар татсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-ийн 15 дугаар тал/

 

Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг болон ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад зөрчил гарган бусдад гэм хорын хохирол учруулсан тохиолдолд түүнийг ажиллуулж байгаа байгууллага, хуулийн этгээдэд хариуцлагыг хүлээлгэн гэм хорыг арилгуулах нь зөвхөн ажилтан хөдөлмөрийн гэрээний болон ажил олгогчийн өгсөн үүрэг зааврыг биелүүлэн хөдөлмөрлөж байгаа үйл явцад нь хамаарах бөгөөд ажилтны зөрчил нь гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатайгаар хүсэж эсхүл болгоомжгүй хэлбэрээр буюу хөнгөмсгөөр найдсан хайхрамжгүй хандсан байдлаар илэрхийлэгдэнэ. Үр дүн нь бусдын эрх ашиг нь зөрчигдөж, улмаар гэм хорын хохирол учруулсан байна.

 

Өөрөөр хэлбэл ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ийн ажилтан Д.Д , Л.Б нарт 9 дүгээр орцны ерөнхий салбарын гал хамгаалагч халсан байгааг солих үүргийг Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ийн цахилгааны инженер Д.З  өгч, дээрх үйлдлийг хийхдээ хамгаалалтын бүсэд ажил гүйцэтгэх байгууллага ажил эхлэхийн өмнө тухайн цахилгаан байгууламжийн ашиглалт үйлчилгээг хариуцагч байгууллагад ажил гүйцэтгэх хүмүүсийн мэдээллийг өгч, бичгээр зөвшөөрөл авах, Ашиглалтад байгаа цахилгаан байгууламж, түүний хамгаалалтын бүсэд ажил гүйцэтгэхдээ ашиглагч байгууллагын эрх бүхий ажилтнаас ажил эхлэх зөвшөөрөл авалгүйгээр, түүнчлэн хянагч ажилтан томилогдсон тохиолдолд түүнгүйгээр ажлаа эхлэхийг хориглоно, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна. /18.2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх- гэж заасныг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Х  нь өндрөөс унаж биед нь хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон гэж үзэн тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн, буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 5-6, 33-36 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан баримтаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ийн дуудлагын ажилтан Д.Д , Д.Б нар нь тухайн хариуцагч байгууллагын ажилтан болох талаар маргаагүй энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ийн ажилчид хувийн ажил хийж байгаад бусдад гэм хор учруулсан гэж тайлбарлах боловч тэрээр үүнийг баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэм хорын хохирлыг хариуцахгүй гэх тайлбар гаргаж татгалздаг боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Г.Х д учирсан хохирлыг Д.Бямбадорж, Д.Д  нарын өмнөөс хариуцан арилгах үүрэгтэй юм.

 

Харин хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын нэхэмжлэгч Г.Х д учирсан гэм хорын хохиролд хууль бус үйлдэл, учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоонд шууд гэм буруутай этгээд гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь өөрийн гэм буруутай үйлдлээр гэм хорын хорын хохирол учруулаагүй боловч өөрийн байгууллагын ажилтны бусдад учруулсан гэм хорын хохирлыг ажил олгогчийн хувьд хариуцах үүрэгтэй юм.

 

Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Г.Х ийн  эрүүл мэндэд учирсан хохиролд эмнэлгийн шинжилгээ, эмчийн үзлэгийн зардалд, эм тариа, эмчилгээ болон мэс ажилбар, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөрт нийт 13,777,867 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх зардлуудтай холбоотой санхүүгийн баримт болон амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 22-30, 39-44 дүгээр тал/

 

Гэмтлийн улмаас Г.Х ийн  нурууны L4-L5 нугалмын мэдрэлийн ёзоор дарагдсан, L4-L5, L5-S1 хуучин шахагдсан хугаралтай бөгөөд мэдрэлийн ёзоор чөлөөлөх мэс засал хийлгэх шаардлагатай талаар, мөн бүсэлхийн нурууны MRI оношилгоо, Г.Х ийн  амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтаар цаашид эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай буюу нурууны L5-S1-д мэс ажилбар, эмчилгээ, физик, эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь тогтоогдож байна.

 

Ослоос хойш нэхэмжлэгч удаа дараа эмнэлэгт хэвтэх зэргээр эмчлүүлсэн боловч цаашид нурууны L5-S1-д мэдрэлийн ёзоор чөлөөлөх мэс ажилбар хийлгэх зайлшгүй шаардлагатай талаарх эмчийн дүгнэлт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогджээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Х  нь Бүгд Найрамдах Солонгос улсын Пусан хотын Нуруу нугас үе мөчний Бүмин эмнэлэгт хийлгэх мэс ажилбар, эмчилгээ болон бусад зардал нэхэмжилсэн ба уг төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, энэхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Г.Х  нь дээрх ослын улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардал, акттай үеийн эмнэлгийн хуудасны дагуу тооцооны зөрүү цалин нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Х  нь гэмтлийн улмаас мэс ажилбар, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон тул энэхүү зардлыг хариуцагчаас шаардсан нь хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг зөрчөөгүй байна.

 

Дээрх мэс ажилбар, эмчилгээ хийлгэхэд гарах зардал 19,000,000 вон буюу 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Монгол банкны вонтой харьцах төгрөгийн ханшны лавлагаагаар тодорхойлсон 2.21 төгрөгт тооцон 41,990,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотын аялал жуулчлалын газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын тодорхойлолт зэрэг бусад баримтуудаар тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгч Г.Х ийн  эмчилгээний зардалд төлсөн 13,777,867 төгрөг, өвчтэй байх үеийн цалингийн зөрүү 2,105,041 төгрөг, Бүгд Найрамдах Солонгос улсад мэс ажилбар болон эмчилгээ хийлгэх зардалд 19,000,000 вон буюу 41,990,000 төгрөг, нийт 57,872,908 төгрөгийг хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Г.Х д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,004,337 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүх иргэдийн төлөөлөгчид 2020 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хуралдааныг хийлгэх гэсэн хүсэлтүүдийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас 57,872,908 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Х д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,004,337 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Х  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 447,315 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС

 

ШҮҮГЧИД С.БУД

 

Т.ЭНХТУЯА