Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 643

 

 

 

 

 

 

  А.Анхтуяад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Ц.Гансүлд,

            ялтан А.Анхтуяа /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

            ялтан А.Анхтуяагийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

            хохирогч “Макс Эксим” ХХК-ийн төлөөлөгч М.Өлзийбат,

            нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Анхтуяа, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Анхтуяад холбогдох 201626010317 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Алтанчимэгийн Анхтуяа, 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Макс Эксим” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 27-317 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: АА87031809/,

 

            А.Анхтуяа нь 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд “Макс Эксим” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа давтан үйлдлээр “Уно-Фреско” ХХК-д 3 удаагийн үйлдлээр зээлээр борлуулсан барааны үнэ 4,000,000 төгрөг, “Мастер Фүүдс” ХХК-д зээлээр борлуулсан барааны үнэ 3,000,000 төгрөг, “Цэцэг-Трейд” ХХК-д зээлээр борлуулсан барааны үнэ 2,124,240 төгрөг, “Нарантөгс” ХХК-д зээлээр борлуулсан барааны үнэ 1,000,000 төгрөг, “Алтанжолоо”, “Боса”, “Хоом Плаза” төвүүдээс зээлээр борлуулсан барааны үнэ 331,900 төгрөг, буюу нийт 10,456,140 төгрөгийг бэлнээр буюу дансаар авч “Макс Эксим” ХХК-ийн дансанд тушаалгүй хувьдаа завшсан гэмт хэрэгт,

- мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ “Макс Эксим” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо хийсэн актын компанид үлдэх баримтад 9,675,310 төгрөг гэж бичиж, харилцагч “Уно-Фреско” ХХК-нд очих баримтад 5,398,860 төгрөг гэж,

2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Макс Эксим” ХХК-тай тооцоо хийсэн актад 10,926,119 төгрөг гэж бичиж, “Мастер Фүүдэс” ХХК-нд очих баримтад 7,926,119 төгрөг гэж арилдаг балаар засварлан өөрчилж хуурамч баримт үйлдэж, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.Анхтуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Анхтуяагийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр, “Алтан-жолоо”, “Боса”, “Хоом плаза” төвүүдээс буцаасан 331,900 төгрөгийн барааг завшсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

А.Анхтуяаг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг давтан үйлдлээр завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жил, 1 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Анхтуяагаас 10,124,240 төгрөг гаргуулж, хохирогч “Макс Эксим” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

            Ялтан А.Анхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Макс эксим” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр 2015 оны 2 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа  харилцагч байгууллага болох “Уно-Фрэско”, “Мастер фүүдс”, “Цэцэг трейд”, “Наран төгс” зэрэг дөрвөн байгууллагаас зарагдсан барааны мөнгө болох 10,124,240 төгрөгийг тооцоо нийлэн авч компанид тушаалгүй банкны зээлээр авсан хашаа байшингийн зээлээ төлж, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа сайтар ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Өөрийн хариуцлагагүй, болчимгүй байдлаасаа болж анх удаа гэмт хэрэгт холбогдлоо. Би дөрвөн настай охинтой бөгөөд одоо цэцэрлэгт ч орж чадахгүй хүний асрамжид харах хүнгүй байна. Надад охиныг минь харж хандах төрөл садан байхгүй, охинынхоо ирээдүйд санаа зовж байна. Иймд анх удаа  гэмт хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, охиныг минь эцэг, эхтэйгээ амьдрах зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.

 

            Ялтан А.Анхтуяагийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан хугацаанд ялтан А.Анхтуяа, ар гэрийн зүгээс хохирогч байгууллагад учирсан хохирол болох 10,124,100 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. А.Анхтуяа нь хувийн байдлын хувьд нөхөр, 4 настай охинынхоо хамт амьдардаг. Нөхөр нь охиноо харж, эрхэлсэн тодорхой ажилгүй амьдралын хүнд нөхцөлд байна. А.Анхтуяагийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж, гэм хорыг арилгасан, мөн ялтны хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.

 

Хохирогч “Макс Эксим” ХХК-ийн төлөөлөгч М.Өлзийбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан А.Анхтуяа нь манай компанид төлүүлэхээр шийтгэх тогтоолд заасан хохирлыг бүрэн төлсөн учир компаний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд түүний гаргасан давж заалдах гомдлыг харгалзан үзэж оногдуулсан ял, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

А.Анхтуяа нь 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд “Макс Эксим” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа “Уно-Фреско” ХХК-д зээлээр борлуулсан барааны үнэ 4,000,000 төгрөг, “Мастер Фүүдс” ХХК-д зээлээр борлуулсан барааны үнэ 3,000,000 төгрөг, “Цэцэг-Трейд” ХХК-д зээлээр борлуулсан барааны үнэ 2,124,240 төгрөг, “Нарантөгс” ХХК-д зээлээр борлуулсан барааны үнэ 1,000,000 төгрөг буюу нийт 10,124,240 төгрөгийг бэлнээр буюу дансаар хүлээн авч “Макс Эксим” ХХК-д тушаалгүй хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- “Макс Эксим” ХХК-ийн худалдааны төлөөлөгч А.Анхтуяа тус компанид 10,124,240 төгрөгийн дутагдал гаргасан талаарх “Макс групп” ХХК-ийн дотоод аудитын албаны шалгалтын тайлан, тэмдэглэл /хх-28-33, 38-39/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... “Макс Эксим” ХХК-ийн дотоод аудитын 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн тайлангаар илэрсэн зөрчил нь үндэслэлтэй байна. Харин шинжилгээ хийх явцад “Макс Эксим” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтээр тогтоосон нийт 11,042,740 төгрөгийн төлбөрөөс 586,600 төгрөгийн барааг харилцагч байгууллага хүлээн аваагүй, буцаалт хийсэн гэх боловч хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй байх тул мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай байна. Худалдааны төлөөлөгч А.Анхтуяа нь “Макс Эксим” ХХК-д нийт 10,465,140 төгрөгийн дутагдал гаргасан байна...” гэсэн шинжээчийн №15 дугаар дүгнэлт /хх-58/,

- Хохирогч “Макс Эксим” ХХК-ийн төлөөлөгч М.Өлзийбатын: “... А.Анхтуяа нь 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон бөгөөд түүний үүрэг нь импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүр, баар, ресторан хувь хүмүүст төлбөрийг нь дараа төлөх нөхцөлөөр нийлүүлж гэрээний дагуу харилцагч байгууллагаас сар бүр гэрээнд заасан хугацаанд тооцоог бэлнээр болон дансаар авах байсан... А.Анхтуяа нь харилцагч байгууллагаас бэлнээр болон дансаар нийт 10,124,240 төгрөг хүлээн авсан боловч тус мөнгийг компанийн дансанд тушаалгүй хувьдаа завшсан байна. Түүний мөнгө завших арга нь харилцагч байгууллагаас барааны мөнгө хүлээн авсан баримт дээр цэнхэр өнгийн арилдаг балаар бичээд үнийн дүнг засварлаж байсан байна...” /хх-13-14, 187/,

- Гэрч Б.Сувдын: “... Манай байгууллага “Макс Эксим” ХХК-тай байнга гэрээний дагуу харьцдаг бөгөөд тухайн байгууллагын ажилтан А.Анхтуяа сарын сүүлээр ирж зарагдсан бараа бүтээгдэхүүний мөнгийг ирж авдаг байсан. 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зарагдсан барааны мөнгө болох 1,000,000 төгрөгийг 500,000 төгрөгөөр 2 удаа “ХААН” банкны дансаар шилжүүлж авсан. Уг мөнгийг компанидаа тушаагаагүй байсныг дараа нь буюу А.Анхтуяа, Учрал нягтлан бодогчтой хамт ирж тулгалт хийх үед мэдсэн...” /хх-15/,

- Гэрч О.Учралын: “... Би “Макс Эксим” ХХК-нд нягтлан бодогчоор ажилладаг... 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үед борлуулалтын ажилтан А.Анхтуяа хүний оронд ажиллаж байгаад хүн нь ажилдаа орох болоод ажил хүлээлцэх үед зарсан бараа бүтээгдэхүүний тооцоог нийлж үзэхэд барааны мөнгөнөөс 10,124,240 төгрөг дутаад А.Анхтуяагаас асуухад хувьдаа завшаад үрсэн талаараа хэлсэн...” /хх-18-19, 21/,  

- Гэрч Б.Бямбацогтын: “... Манай байгууллага “Макс Эксим”-тай гэрээний дагуу ажилладаг. Ажилтан А.Анхтуяад 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөг өгсөн нь үнэн...” /хх-20/,

- Гэрч С.Оюунмаагийн: “... “Макс Эксим” ХХК-ийн ажилтан А.Анхтуяа гэх эмэгтэйг мэднэ. Тэрээр 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллага дээр ирээд зарагдсан барааны үнэ болох 3,000,000 төгрөгийг бэлнээр авч явсан. Харин сүүлд сонсоход тэрээр тус мөнгийг компанидаа тушаагаагүй юм билээ...” /хх-188/,

- Гэрч Б.Мөнхзулын: “... “Макс Эксим” ХХК-ийн ажилтан А.Анхтуяад 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 1,143,700 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 764,800 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 952,140 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 363,600 төгрөг буюу нийт 2,124,240 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гарын үсэг бүхий баримтын хуулбарыг манай ажилтан Лхамсүрэн өгсөн...” /хх-189/ гэсэн мэдүүлгүүд,

- А.Анхтуяаг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн худалдааны төлөөлөгчөөр ажилд томилсон “Макс эксим” ХХК-ийн захирлын 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 05/08 дугаар тушаал /хх-151/,

            - А.Анхтуяагийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ. 

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлсний үндсэн дээр А.Анхтуяад холбогдох хэргээс “Алтан-жолоо”, “Боса”, “Хоом плаза” төвүүдээс тушаасан 331,900 төгрөгийг завшсан үйлдэл нь нотлогдоогүй, мөн “бусдын эд хөрөнгийн завшихдаа санхүүгийн баримтыг засварласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй” гэж үзэж хэрэгсэхгүй болгоод, А.Анхтуяаг байгууллагын өмчийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

 

            Харин харилцагч байгууллагуудад зээлээр борлуулсан барааны үнийг “Макс Эксим” ХХК-д төлөөгүй удаа дараагийн үйлдэл нь нэг эх үүсвэртэй, үргэлжилсэн шинжтэй байхад давтан гэмт хэрэг гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            А.Анхтуяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан байх тул түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй. Энэ талаар ялтан А.Анхтуяа, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан А.Анхтуяад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “... давтан үйлдлээр...” гэснийг хасч, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогч “Макс Эксим” ХХК-д 10,124,240 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. А.Анхтуяа нь энэ хэрэгт нийт 50 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ЗОРИГ

 

                  ШҮҮГЧИД                                                Д.ОЧМАНДАХ

 

                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН