Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 748

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Насандэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “М” ХХК 

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, иргэдийн төлөөлөгч Н.Л, нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “... “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд нийт 15834 м.кв 3 хэсэг газрыг эзэмшдэг, манай эзэмшлийн 178013/0025 нэгж талбарын дугаартай 7997 м.кв эзэмшил орон сууц үйлдвэрлэлийн зориулалт бүхий газарт "М" ХХК дур мэдэн үйлдвэрийн сэндвичэн барилгыг 2012 онд зөвшөөрөлгүйгээр барьж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ашиг олж байгаа юм.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гарган манай эзэмшлийн газарт "М" ХХК үйлдвэрийн сэндвичэн барилга барихдаа нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих зөвшөөрөл авсан эсэх талаарх лавлагааг хүссэн.

Манай хүсэлтийн хариуд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 тоот албан бичгээр "М” ХХК-ийг зөвшөөрөлгүй барилга барьсныг тогтоон, газар дээрх зөрчлийг арилгуулах буюу “М” ХХК-ийн зөвшөөрөлгүй баригдсан барилгыг эрчим хүчээр хангахгүй байхыг хангагч байгууллагуудад мэдэгдэж хамтран ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн бичгийн хувийг бидэнд ирүүлсэн.

Бидний зүгээс "М" ХХК-ийн захирал н.Г*******тай удаа дараа уулзаж, газар чөлөөлж өгөхийг хүссэн. Тэрээр зөвшөөрөлгүй барилга барьсан  гэдгээ хүлээн зөвшөөрч "Э" үйлдвэрийн барилгаа өөрийн газартаа нүүлгэх болно гэж байнга мэдэгддэг байсан.

Гэтэл "М" ХХК нь өнөөдрийг хүртэл манай газрыг чөлөөлж өгөөгүй, хууль бусаар барьсан барилгаа ч буулгаагүй, бидэнтэй уулзахгүй далдуур бусадтай нийлж манай эзэмшил газрыг өөрийн болгох зорилготой хууль бус үйл ажиллагаа явуулсаар байна.

“М” ХХК нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "М" ХХК-ийг хариуцагчаар татаж газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаснаар байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Бийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 дүгээр “газрын тухай” дүгнэлт гарсныг мэдсэн.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 албан тоотын хариуг бүтэн дөрвөн сар хүлээлгэсний эцэст улсын байцаагч С.Б гэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02/04-129/1459 тоот дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж "М” ХХК нь газар эзэмших эрхгүй зохих байгууллагын зөвшөөрөлгүй, барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн барилга барьж ашиглаж байгааг тогтоосон ба тухайн газар дээрх зөрчлийг арилгуулах, эрчим хүчээр хангахгүй байхыг хангагч байгууллагууд руу мэдэгдэл өгч хамтран ажиллахыг хүссэн байхад энэ бичгийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн нэрээр улсын байцаагчийн дүгнэлт гаргасан нь хууль бус.

Дүгнэлтийн нэг дэх хэсэгт “М” ХХК нь шинээр нэмж 8000 м.кв газар эзэмших хүсэлт гаргасан, уг газар нь 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа манай эзэмшил газрын үргэлжлэл талбай учраас Газрын тухай хуулийн 31.2 заалтад хамаарахгүй.

Манай компани 2011 онд эзэмшил газрынхаа зориулалтыг өөрчилж, төсөл боловсруулан, эзэмшил газрын хэмжээг нэмж авах хүсэлтийг зохих байгууллагуудад гаргаж, улмаар төрийн байгууллагууд хянан шийдвэрлэж нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар баталгаажуулан, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдож, мөн дуудлага худалдааны анхны үнийг хуулийн дагуу төлсөн ба газрын төлбөрийг хугацаанд нь төлж байгаа болно.

Дүгнэлтийн хоёр дахь заалтад газар доорх дулааны шугам, үерийн хамгаалалтын далан дээр газар олгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд улсын байцаагчийн дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагад ирүүлсэн 02/1711 тоот албан бичгийг Дэд бүтцийн хяналтын хэлтэс шалгаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэст шилжин ирснээр хэлтсийн дарга Д.Б******* нь "Холбогдох материал дээр дүгнэлт гаргах" цохолттойгоор Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б надад хүлээлгэн өгсөн, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 02-02/515 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжийг боловсруулж дэд дарга Э.Бнаар батлуулан хяналт шалгалтыг хуульд заасан хугацаанд эхлүүлсэн. Уг удирдамжийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газар, "М" ХХК, "М" ХХК-иудыг хамруулан хяналт шалгалтыг эхлүүлсэн. Шалгалтаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын архиваас шалгалтад шаардлагатай нотлох баримтуудыг гаргуулан авахаар 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр холбогдох газар зохион байгуулагч, "М" ХХК-ийн менежер, “М” ХХК-ийн менежертэй уулзсан, мөн газар дээрх нөхцөл байдалтай очиж танилцсан.

Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52 дахь “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлт гаргахад шаардлагатай хяналтын хэмжилтийг хийлгүүлж ирэх талаар зөвлөгөө өгөхөд “М" ХХК нь хяналтын хэмжилтийг геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр 1:500-ны масштабтай зураглалыг хийлгэж ирэхээр болсон.

Шалгалтын хугацаанд нотлох баримт болох хяналтын хэмжилт хийж ирээгүйгээс удирдамжийн хугацаа нь дууссан тул дахин 2015 оны 08 дугаар сарын 05-ны  өдрийн 02-03/589 тоот "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт  хийх тухай" удирдамжийг боловсруулж дэд дарга С.Дгээр батлуулсан. "М” ХХК-ийн захиралтай удаа дараа холбогдсоны эцэст 8 хуудас материалыг авчирч өгсөн.

Дээрх хяналтын хэмжилтийг 2015 оны 07 дугаар сард геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй "Т" ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд эцсийн байдлаар 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр надад авчирч өгсөн бөгөөд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй” гэж заасныг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн албан бичиг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл ... зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасныг үндэслэн хяналт шалгалтыг хийсэн.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн 02/1711 тоот албан бичигт "М” ХХК-ийн эзэмшил газрын баруун талд "М" ХХК нь ... тухайн газрыг шалгаж тухайн газар дээрх зөрчлийг арилгуулах асуудал тусгагдсан байсан. 

Энэ  асуудлыг  шалгаж үзэхэд  Газрын  тухай  хуулийн  60  дугаар  зүйлд тусгагдсан маргаан биш уг асуудлыг шийдвэрлэх төрийн байгууллага нь “Газрын тухай хууль, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох" журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчлийг, мөн "М" ХХК нь Газрын тухай хууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2011 оны 102  дугаар  тогтоолд  заасан  заалтуудыг  мөрдөөгүй зөрчлийг илрүүлэн улсын байцаагчийн эрхийн хүрээнд 03-11-0223:2013 стандартын дагуу дүгнэлт гаргасан.

Анх нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай захирамжаар "М" ХХК-д 14120 м2 газрыг Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн газрын алба 8013/0031 тоот газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 0003600 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгож, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18639309******* дугаартайгаар бүртгэгдсэн байна. Үүнээс хойш "М" ХХК-ийн эзэмшил газарт байсан барилгууд худалдагдсантай холбоотой талбайн хэмжээ нь хасагдаж, нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаартай захирамжаар "М" ХХК-д 7827 м2 газрыг Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн   хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн газрын алба 8013/0025   тоот  газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 0229575 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр олгож, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18639309******* дугаартай бүртгэгдсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01  дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дугаартай захирамжаар "М" ХХК-д 5650 м2, 2187 м2, 7997 м2 нийт 15834 м2 гурван нэгж талбар газрыг Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт  орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн газрын алба /хуучин нэрээр/ 178013/0071, 178013/0072, 178013/0025 тоот газар эзэмшүүлэх гэрээнүүдийг байгуулж, 0293464, 0293466, 0293465 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2012 оны 02 дугаар сарын 03-ны  өдөр олгож,  газрын  кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 186393094*******, 186393*******, 186393******* дугаартайгаар тус тус бүртгэгдсэн байна.

"Монре кокстракшн" ХХК-ийн 1/33 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд "Өөрийн эзэмшлийн 7827 м2 газраа “18639309******* дугаартай нэгж талбар/ 3 хэсэгт 2184 м2, 5650 м2, 8000 м2 гэж хуваан газрын гэрчилгээ авах тухай" хүсэлт гаргасан бөгөөд 8000 м.кв газар нэмж хүссэн байна. 

Уг   хүсэлтийг   Нийслэлийн   газрын   албаны   мэргэжилтэн Ц.Шижир нь судлах явцдаа "М" ХХК-ийн эзэмшлийн 7827 м2 газрыг гурав хуваах нэрийн дор 2187 м2, 5650 м2 хэмжээгээр хоёр хэсэг болгон нэгж талбаруудад хуваасан мөн шинээр газар доорх дулааны шугам болон үерийн хамгаалалтын далан дээр 8000 м2 газрыг олгох асуудлыг журамд заасны дагуу бүрэн судлахгүйгээр   15834  м2  газар  болгон  шийдвэрлүүлэхээр  захирамжийн  төслийг бэлтгэж алдаа гаргасан байхад нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн А/40 дугаартай захирамжаар "М" ХХК-д 7997 м2 газрыг орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтаар үерийн хамгаалалтын далан дээр шинээр олгож шийдвэрлэсэн байна. Энэ нь "М" ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу суурин болон хээрийн судалгааг бүрэн хийлгүйгээр талбайг 7997 м2 хэмжээгээр газрыг нэмж газар доорх дулааны шугам, үерийн хамгаалалтын далан дээр олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2.5-д “Инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүстэй давхцаж буй эсэхийг шалгах”, 5.2.6-д “Үер усны ам, далан болон ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын бүсэд хамрагдаж буй эсэхийг шалгах”, 6 дугаар зүйлийн 6.2.3-т “Үер, усны ам, эрчим хүчний шугамын аюулгүй болон ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын бүсэд оршиж буй эсэхийг нягтлах” гэсэн заалтуудыг зөрчин газар эзэмшүүлсэн.

Уг дүгнэлтээр "М" ХХК болон "М" ХХК-иуд нь хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд холбогдох арга хэмжээ авахуулах талаар 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-02/2954, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02/2990 тоот албан бичгүүдийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. 

Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Т” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сард гүйцэтгэж Д.Болдбаатар шалгасан хэмжилт,  нэгж талбаруудын кадастрын зургийг давхцуулсан байдлаас “М" ХХК-ийн 186393******* дугаартай нэгж талбар нь бүхэлдээ газар доорх дулааны шугам, үерийн хамгаалалтын далан дээр мөн далангийн хамгаалалтын зурваст тус тус орсон байна.

"М" ХХК-ийн 186393******* дугаартай нэгж талбар нь газар доорх дулааны шугам, үерийн хамгаалалтын далан дээр мөн үерийн хамгаалалтын зурваст тус тус орсон байгаа нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2-т “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадаад ирмэгээс гадагш 10 метр, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын тэнхлэгээс 5 метр байхаар тогтооно”, 2.3-д “Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц барих, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх болон Захирагчийн ажлын албанаас зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байсан.

"М" ХХК-ийн хүсэлтийн дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 1/714 тоот албан бичигт 2010-2013 оны сансрын зурагтай давхцуулсан байдлаар хариуг хүргүүлсэн. Үүнээс харахад "М" ХХК-ийн 1863******* дугаартай нэгж талбар нь бүхэлдээ инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан дээр мөн далангийн хамгаалалтын зурваст тус тус орсон байна.

Улсын байцаагч С.Б би бодит нөхцөл байдлыг үндэслэн хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлж улсын байцаагчийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийг гаргасан тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Бт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн зүгээс доорх үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нийслэлийн Мэргэжлийн хяналтны газрын улсын байцаагч С.Бийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

“М” ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12779 м2 талбайтай газрыг нийслэлийн Засаг даргын А/221 дугаартай захирамжаар эзэмшсэн бөгөөд уг маргаан бүхий газар дээр өөрийн үйлдвэрийн барилгыг зөвшөөрөлгүй барьсан нь “М” ХХК-д бус харин нийслэлийн эрх бүхий байгууллагад хамаарах асуудал юм.

Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар “М” ХХК-д 7997м2 газрыг нэмж олгосон үйлдэл нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.5, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолын 2 дутаар зүйлийн 2.2 дах заалтуудыг тус тус зөрчиж олгогдсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч талаас өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Бийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлт нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна" гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь тус шүүхэд хандаж “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “М” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд тус компанийн захирал Э.М******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийн тус компанид холбогдох хэсгийг  хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн , энэ шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг шаардлагаар хэргийг шийдвэрлүүлэхээ илэрхийлсэн болно.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар  “М” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5650 м2, 2187 м2, 7997 м2 нийт 15834 м2 гурван нэгж талбар газрыг орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх 178013/0071, 178013/0072, 178013/0025 тоот гэрээ байгуулан, 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн 0293464, 0293466, 0293465 тоот гэрчилгээ олгож, газрын  кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 186393094*******,     186393*******, 186393******* дугаартайгаар тус тус бүртгэжээ. 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/221 дүгээр захирамжаар “М” ХХК-д мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12779 м2 газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх 178013/0016 тоот гэрээ байгуулан, 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн 0232187 тоот гэрчилгээ олгож, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18639309296377 дугаартайгаар бүртгэжээ.

 “М” ХХК өөрийнх нь эзэмшлийн газарт “М” ХХК  зөвшөөрөлгүй үйлдвэрийн барилга барьж үйл ажиллагаа явуулж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа талаарх гомдлын хүрээнд уг барилга нь зөвшөөрөлтэй баригдсан эсэхийг шалгуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан хүсэлтийн дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 тоот албан бичгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийг арилгуулахаар хандсаныг үндэслэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлтийн 1, 2, 3 дахь заалтаар “М” ХХК-ийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.6, 6.2.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолын 2.2, 2.3-т заасныг зөрчсөн гэж, 4 дэх заалтаар “М” ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг зөрчсөн гэж тус тус үзсэн байна.

Нэхэмжлэгч “М” ХХК улсын байцаагчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ  “...“М” ХХК-ийн эзэмшлийн газарт “М” ХХК үйлдвэрийн барилга барьж зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа, ийнхүү бусдын эзэмшлийн газар дээр үйлдвэрийн барилга барихдаа барилга барих зөвшөөрөл авсан эсэх лавлагааг авахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргасан, энэ дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар шалгаад зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “... “М” ХХК нь бусдын эзэмшлийн газарлуу халдан газар эзэмших эрхгүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй үйлдвэрийн барилга барин ашиглаж байна. Иймд тухайн газар дээрх зөрчлийг арилгуулж, эрчим хүчээр хангахгүй байхыг хангагч байгууллагуудад мэдэгдэхээр” хандсан байхад, өөрөөр хэлбэл шалгалт хийлгэхээр хандсан хүсэлт, мэдээлэл, хяналт шалгалтын удирдамжид заасан хүрээнээс хальж хяналт шалгалтыг хийсэн төдийгүй хяналт шалгалт хийх процесс зөрчсөн” хэмээн, хариуцагчаас “хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд холбогдох хууль дүрэм журмын дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг явуулсан...” хэмээн тус тус маргажээ. 

“М” ХХК газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18639309296377 дугаартай бүртгэгдсэн 12779 м2 газартай хил залгаа орших газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 186393******* дугаартай бүртгэгдсэн “М” ХХК-ийн эзэмшлийн газарт өөрийн үйлдвэрийн барилгыг барьсан байх бөгөөд “М” ХХК нь бусдын эзэмшлийн газарт барилга барьсан талаараа болон уг барилга барьсан талбайг өөрийн эзэмшлийн гэж, “М” ХХК-ийн эзэмшлийн газар биш гэж, уг газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан гэж, эсхүл  газрыг давхцуулан олгосон гэж маргаагүй байна. 

Харин “М” ХХК-д 7997 м2 газар эзэмших эрхийг хууль бусаар олгосон гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн  “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар “М” ХХК нэхэмжлэл гаргасныг шүүх захиргааны хэрэг үүсгэн энэхүү захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар  түдгэлзүүлсэн байна. 

Иймд  “М” ХХК-д 7997 м2 газар эзэмшүүлсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий энэ хэргийг шийдвэрлэхэд дүгнэхгүй.

Улсын байцаагч дээрхи дүгнэлтийг гаргахдаа нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 тоот “ ... “М” ХХК нь бусдын эзэмшлийн газарт луу халдан газар эзэмших эрхгүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй үйлдвэрийн барилга барин ашиглаж байна. Иймд тухайн газар дээрх зөрчлийг арилгуулж, эрчим хүчээр хангахгүй байхыг хангагч байгууллагуудад мэдэгдэх” агуулга бүхий “Зөрчил арилгуулах тухай” албан бичгийг үндэслэсэн, тодруулбал шалгалт хийгдэх үндэслэл болгосон албан бичигт “М” ХХК-ийн зөрчлийн талаар мэдээлсэн, энэ хүрээнд хяналт шалгалт хийгдэхээр байхад хяналт шалгалт хийх хүрээг хэтрүүлэн “М” ХХК-д газар эзэмшүүлсэн асуудлыг шалгаж, улмаар “зөрчилтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.3-т “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж  заасантай нийцээгүй, хяналтын хамрах хүрээг хэтрүүлсэн байна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 дугаар бүхий “Зөрчил арилгуулах тухай” дээрх агуулга бүхий албан бичгийг үндэслэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Бн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 02-02/515 тоот удирдамжаар шалгалтыг 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хийхээр заасан байхад удирдамжид заасан энэ хугацаанд хяналт шалгалтыг хийгээгүй, дэд дарга С.Д 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 02-03/589 тоот 8 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 10 хоногт хийж гүйцэтгэх “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” удирдамжийг дахин гаргасан хэдий ч мөн удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг хийгээгүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол тухайн обьект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй” заасныг зөрчсөн байна. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж заасан байхад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн мэдээлэлд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр удирдамж баталсан байгаа нь хяналт шалгалтын ажлыг эхлүүлэх дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны 1 хувийг өгөх”-өөр, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг  хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал, дүгнэлт, шалгуулагч этгээдийн санал, хүсэлтийг тусгана”, 5.10-т “Шалгуулагч  этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэж заасныг улсын байцаагч үйл ажиллагаандаа баримталж ажиллаагүй болох нь хэргийн материалд авагдсан “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-д шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал дүгнэлт, шалгуулагч этгээд болох “М” ХХК-ийн санал дүгнэлтийг огт тусгаагүйн дээр тэмдэглэлтэй танилцсан шалгуулагч этгээд гарын үсэг зурах хэсэгт газар зохион байгуулагч Ц.О******* гэж гарын үсэг зурснаас тогтоогдож байна.  

Үүнээс үзвэл хариуцагч нь хяналт шалгалтыг явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах...хяналт шалгалт нь хараат бус, шударга байх”, 4.1.4-т заасан “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцах” зарчмуудыг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийн “М” ХХК-д холбогдох 1,2,3 дахь заалт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн материалд авагдсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  02-04/381 тоот албан бичгээс үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч нь тус байгууллагад хандаж гомдол гаргаснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй тухай хариуг авсан байгаа нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.6-д заасантай нийцэж байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.6, 5.7, 5.9, 5.11, 52 дугаар зүйлийн 52.2, 52.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийн “М” ХХК–д холбогдох 1,2,3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА