Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0766

 

“Монре констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ундрахтамир, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нарангарав, гуравдагч этгээд “Мөнхийн үсэг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 748 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор, “Монре констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэгт  холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 748 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.6, 5.7, 5.9, 5.11, 52.2, 52.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Монре констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн       02-04-129/1459 тоот дүгнэлтийг “Монре констракшн” ХХК-д холбогдох 1,2,3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.

      Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, багасагах, ихэсгэх эрхгүй этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байхад хэрэг хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь доорх байдлаар тогтоогдож байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 тоот албан бичигт /"Монре констракшн" ХХК-ийн эзэмшил газрын баруун талд "Мөнхийн үсэг" ХХК нь ... тухайн газрыг шалгаж, тухайн газар дээрх зөрчлийг арилгуулж эрчим хүчээр хангахгүй байхыг хангагч байгууллагууд руу мэдэгдэл өгч хамтран ажиллана уу/ гэжээ. Дээрх албан бичигтэй танилцан шалгахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн хэмжээнд газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх /Нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө, хот байгуулалтын баримт бичиг буюу хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж газар эзэмшиж, ашигласан/, 2.1.4 дэх /Эзэмшил газрын хэмжээг дур мэдэн ихэсгэсэн/, 2.1.6 дахь /Барилга, байгууламжийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй өргөтгөсөн, шинээр барьсан;/ 2.1.11 дэх /Зурвас газар, хамгаалалтын бүс, аюулгүйн болон эрүүл ахуйн бүс, зам, шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж, ашигласан/ заалтуудад тусгагдсан зөрчил/ зөрчил гэж Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг/  байсан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.10.2 дахь /Зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох арга хэмжээ авах, зөрчлийг арилгах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гаргах/ заалтыг үндэслэн шийдвэр гаргахаар хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн.

Дээрх албан бичигт дурдагдсан "Мөнхийн үсэг" ХХК, "Монре констракшн"      ХХК-иуд нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд тусгагдсан маргаан биш "Мөнхийн үсэг" ХХК, "Монре констракшн" ХХК-иудад газар олголтын асуудлыг шийдвэрлэхдээ төрийн байгууллага нь Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам", Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан "Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвас, засвар үйлчилгээний журам",  Эрүүл мэндийн сайдын 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 51/75 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм"-д заасан заалтуудыг мөрдөхгүйгээр газар олгосон зөрчлүүдэд улсын байцаагчийн эрхийн хүрээнд GS-11-0223:2013 дугаар стандартын дагуу дүгнэлт /MNS5140-1:2011 дугаар стандартаар тогтоосон "дүгнэлт" гэж ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлж гаргасан баримт бичиг/-ийг үйлдэн гаргасан нь хяналтын хамрах хүрээг хэтрүүлээгүй бөгөөд "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” хэсгийг зөрчөөгүй. Мөн удирдамжид Нийслэлийн Өмчийн харилцааны газар, "Мөнхийн үсэг" ХХК, "Монре констракшн" ХХК-иудыг хамруулан хяналт шалгалтыг хийнэ гэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь “хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 52 дугаар зүйлийн 52.3 дахь “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэх хэсгүүдийг зөрчөөгүй. Зөрчил гаргасан Нийслэлийн Газрын албаны /хуучин нэрээр/ мэргэжилтэн Ц.Шижирт арга хэмжээ авахуулах талаар 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02-02/2990 тоот албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

2. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 тоот албан бичгийг манай байгууллагад ирүүлснээр Дэд бүтцийн хяналтын хэлтэст шалгагдаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэст шилжин ирснээр хэлтсийн дарга      Д.Бат-Өлзий нь "Холбогдох материал дээр дүгнэлт гаргах" цохолттойгоор Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг надад хүлээлгэн өгсөн тул 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 02-02/515 тоот "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжийг боловсруулж дэд дарга Э.Болорчулуунаар батлуулан хяналт шалгалтыг хуульд заасан хугацаанд /4 хоногийн дотор/ эхлүүлсэн. Шалгалтын хугацаанд нотлох баримт болох хяналтын хэмжилт хийж ирээгүйгээс удирдамжийн хугацаа нь дууссан тул GS-11-0223:2013 дугаар бүхий Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 9 дүгээр зүйлийн 1.15 дах /Хяналт шалгалтын удирдамж нь эрх бүхий албан тушаалтнаар батлагдсан, нэгдсэн дугаартай байж хүчин төгөлдөр баримт бичиг болохоос гадна зөвхөн удирдамж баталсан албан тушаалтан удирдамжийн хугацаа, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно/ гэх заалтыг үндэслэн шалгалтын үргэлжлэх хугацааг сунгах гэсэн боловч дэд дарга Э.Болорчулуун амралттай сунгах боломжгүй байсан тул дахин 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02-03/589 тоот "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжийг боловсруулж дэд дарга С.Даваасүрэнгээр батлуулсан. Энэ нь "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь “энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” хэсгийг зөрчөөгүй.

            3. Хяналт шалгалтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгахдаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хан-Уул дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ц.Отгонбямба, "Монре констракшн" ХХК, "Мөнхийн үсэг" ХХК-иудын холбогдох хүмүүстэй 2015 оны 07 дугаар сард өөрийн биеэр уулзаж, шалгалтын зорилго, бүрэлдэхүүн, удирдамжийн талаар танилцуулж, дээрх компаниудаас /өөрсдөөс нь/ шаардлагатай нотлох баримтуудыг авсан. "Монре констракшн ХХК-ийн захиралтай удаа дараа холбогдсоны эцэст 8 хуудас материалыг менежер нь авчирч өгсөн мөн "Монре констракшн" ХХК-ийн захирал нь өөрөө 2015 оны 09 дүгээр сард утсаар байцаагч над руу залган манай компанитай холбоотой дүгнэлт гарсан уу гэж асууж байсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.2 дахь “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх”, 4.1.4 дэх “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах” 5 дугаар зүйлийн 5.6 дахь “хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ./ хэсэг, заалтуудыг зөрчөөгүй болно.

            4. Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга                   Д.Бат-Өлзийгийн "Холбогдох материал дээр дүгнэлт гаргах" цохолт, мөн газар олголтыг шийдвэрлэхдээ холбогдох хууль, журмуудыг зөрчсөн тул Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хан-Уул дүүргийг хариуцсан газар зохион байгуулагч Ц.Отгонбямбатай уулзан шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэж, 1 хувийг нь өгсөн. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх “хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана” хэсгийг зөрчөөгүй болно.

            5. Шалгалтын явц, үр дүн, шалгалтаар гаргаж байгаа шийдвэрийн талаар удирдамжид заасны дагуу тухай бүр нь дээд удирдах албан тушаалтанд /дэд дарга Э.Болорчулуун, хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Бат-Өлзий нарт/ танилцуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх “улсын байцаагч шалгалтын тэмдэглэл болон үр дүнгийн талаар дээд шатны улсын байцаагчид тухайн шалгалт дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулна” хэсгийг зөрчөөгүй болно.

6. “Монре констракшн" ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү" гэж нэхэмжлэлийг гаргасан байхад 2016 оны 04 дүгээр сарын 14 болон 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ундрахтамир нь "... дүгнэлтийн тус компанид холбогдох 1, 2, 3 дахь хэсэг буюу өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах" гэж өөрчлөөд байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх эрхгүй этгээд гаргаж байна гэж үзэж байна.

                        7. Анхан шатны шүүхээс зөвхөн хяналт шалгалтын үйл явц, процесстой холбогдуулан дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл                       "Монре констракшн" ХХК-иас шүүхэд нэхэмжлэлдээ дээрх процессийн гэх зөрчлөөс гадна дүгнэлтийг хууль бус гэж үзэхдээ тухайлбал дүгнэлтийн 1 дэх хэсэгт "өөрийн эзэмшил газраа хураалгах нэрийн дор шиээр 8000 м.кв газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан..." гэх бөгөөд энэ нь 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа манай эзэмшил газрын үргэлжлэл талбай учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалт хамаарахгүй, 2 дахь заалтын газар доорх дулааны шугам, үерийн далан газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй..." гэх зэргээр дүгнэлтийг хууль зүйн үндэслэлийг буруутгадаг. Гэтэл "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д "үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тус бүрт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн журам зөрчсөн гэх үндэслэлээр маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, улсын байцаагчийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

“Монре констракшн” ХХК нь эзэмшил газарт нь дур мэдэн, зөвшөөрөлгүйгээр “Мөнхийн үсэг” ХХК үйлдвэрлэлийн барилга барьсан талаарх гомдлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан байна.

Дээрх гомдлын дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “Монре констракшн” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын баруун талд “Мөнхийн үсэг” ХХК нь 2013-2014 онд бусдын эзэмшил газар руу халдан газар эзэмших эрхгүй, барилгын асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас зохих зөвшөөрөлгүй, барилга эхлэх, үргэжлүүлэх зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн барилга барин ашиглаж байна. Иймд тухайн газрыг шалгаж тус газар дээрх зөрчлийг арилгуулж эрчим хүчээр хангахгүй байхыг хангагч байгууллагууд руу мэдэгдэл өгч хамтран ажиллана уу” гэсэн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 02/1711 тоот албан бичгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ.

Харин дээрх хүсэлтийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс ажлын 10 хоногт “Монре констракшн” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК, “Уорлд Трэвел” ХХК, иргэн Д.Энхболдын эзэмшил газарт хяналт шалгалтыг явуулах талаарх “Байгууллагын хүсэлт, өргөдөл гомдлын дагуу шалгалт хийх тухай” 2015 оны 07 дугаар сарын 02-02/515 дугаар хяналт шалгалтын удирдамжийг  Мэргэжлийн  хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун, мөн “Монре констракшн” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК, “Дашваанжил” ХХК, иргэн Ц.Эрдэнэчимэгийн эзэмшил газарт 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын 10 хоногт хяналт шалгалт явуулахаар “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02-03/589 дугаар хяналт шалгалтын удирдамжийг дэд дарга С.Даваасүрэн нар тус тус баталжээ.

Гэтэл дээрх удирдамжуудад заасан хугацаанд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг нь хяналт шалгалтыг явуулаагүй  болох нь  хэргийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдож байх  тул  хариуцагчийг  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол тухай объект дээрх хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг 2015 оны оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 02/1711 тоот албан бичгээс үзэхэд хяналт шалгалт явуулах болсон үндэслэлээ “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд орон сууцны зориулалтаар “Монре констракшн” ХХК-ийн 15834 м.кв газрыг эзэмшиж байгаа бөгөөд уг газрынхаа баруун талд “Мөнхийн үсэг” ХХК нь зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн барилга барьсан зөрчлийг арилгуулах” гэж тодорхойлсон байна.

Тодруулбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д зааснаар улсын байцаагч нь зөвхөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичигт дурдсан үндэслэлийн хүрээнд буюу бусдын газар эзэмших эрхийг “Мөнхийн үсэг” ХХК зөрчсөн гэх, нөгөөтэйгүүр бусдын газар дээр дур мэдэн зөвшөөрөлгүй барилга барьсан гэх зөрчлийг “Мөнхийн үсэг” ХХК гаргасан эсэхийг шалгаж, түүнтэй холбоотой дүгнэлтийг гаргах байжээ.

Тиймээс Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг  2015 оны оны  09 дүгээр сарын  23-ны өдрийн 02-04-129/1459 тоот дүгнэлтийн 1, 2, 3 дахь заалтаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, Газрын гэрчилгээ олгох журмын 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.6, 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолын 2.2, 2.3 дахь заалтыг “Монре констракшн” ХХК нь зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу юм.

Иймд хариуцагч улсын байцаагч нь маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 5.9, 5.10-д заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ээр тогтоогдсон гэж үзэж Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Болорцэцэг 2015 оны оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459  1, 2, 3 дахь заалт буюу нэхэмжлэгч “Монре констрашн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.  

Захиргааны актыг гаргахдаа холбогдох хууль болон журамд заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтан гаргаагүй болох нь тогтоогдсон тохиолдол тухайн  актыг  хууль  зөрчсөн  захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох эрхийг  хэрэг хянан шийдвэрлэх хуулиар шүүх олгосон байх тул хариуцагчийн гаргасан “анхан шатны шүүхээс зөвхөн хяналт шалгалтын үйл явц, процесстой холбогдуулан дүгнэлт хийсэн байдлаар хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                  ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                 ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

                 ШҮҮГЧ                                                                      С.МӨНХЖАРГАЛ

                 ШҮҮГЧ                                                                     Э.ХАЛИУНБАЯР