Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг ,

улсын яллагч Д.Агар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Алтанжолоо,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин ҮД:06-11, Б.Отгонтөгс ҮД:03-56,

          шинжээч эмч С.Одонгэрэл, Ч.Эрдэмболор,

шүүгдэгч Д.Б,

иргэдийн төлөөлөгч Д.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.Б

            Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3076 дугаар 105/2017/0249/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны үйл ажиллагаа явуулдаг “Жи-Эс-Паб” караокены гадна найз Амаргалдаж улмаар түүнийг толгойн тус газарт нь цохиж,  санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө найзуудтайгаа цуг караокед орж согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад дотор маргалдаад хоёулаа цуг гарч зугтаж байгаад манай найз Алтанхуяг газар унасан. Унахаар нь би босгох гэтэл даахгүй болохоор нь эргээд караоке руу очиж цуг байсан хүмүүсээ дуудсан. Тэгээд гэмтэл дээр очсон. Гэмтэл дээр байж байгаад 2 хоноод өнгөрсөн. Гэмтэлд мэс засалд орсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Амэдүүлэхдээ: Энэ хэрэг гарснаас хойш болон одоо Бярьж байгаа зүйл таалагдахгүй байна. Урьдны шүүх хурал дээр ч бас ингэж байсан. Би багаас нь энэ хүнийг мэднэ. Амьдрал ахуйг нь хүртэл мэднэ. Тийм учраас гомдлоо гээд манай дүү босоод ирэх биш гээд гомдолгүй гэсэн. Д.Б ярьж байгаа зүйлийг сонсохоор хэцүү байна. Би уг нь ойлгоод бодоод байна. Зардал 14.000.000 төгрөг гарсан. Үүнээс 10.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Сэтгэл санааны хохирол гээд ярьвал зөндөө асуудал байгаа. Би ээж аавтай чинь уулзсан. Цаашид хохирол гарвал нэхэмжилнэ гэдгээ хэлсэн байгаа. Ярьж байгаа байдал чинь таалагдахгүй байна. Би чамайг болон хоёр хүүхдийг чинь бодож байна. Цаашид зөв амьдраасай гэж бодож байна гэв.

            Талуудын хүсэлтээр хавтас хэргээс:

           Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  А.А: ...2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 07:00 цагийн үед талийгаач дүүгийн 88119375 дугаараас Бзалгаад “Аа гэмтлийн эмнэлэг дээр сэхээнд орчихлоо, уначихсан, яаралтай ирээрэй” гэж хэлсэн. Би тухайн үед ажилтай гадуур явж байсан болохоор 2-3 минутын дараа гэмтлийн эмнэлэг дээр очсон. Очиход талийгаач ухаангүй сэхээнд орсон байсан ба ороод харахад зүүн талын хөмсгийн орчимд нилээн том шархтай, оёдол тавьсан, баруун хацарт шарх, бага зэрэг зулгарсан шархтай байсан. Хамар, хацар, нүд гээд нүүр нь бүхэлдээ хавдсан байсан. Харахад нүд хальтирмаар болсон байсан. Эмчтэй нь уулзахад “хагалгаанд орно, эхний ээлжинд рентген зураг авна” гэсэн. Бгэмтлийн эмнэлэг дээр байхгүй байсан ба залгаад асуухад “цагдаа дээр байна, байцаалт өгч байна, санаа зоволтгүй, Аийн бүх бичиг баримт, түрийвч, гар утас, бөгж нь надад байгаа, би  аваачиж өгнө” гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээр байхад цуг ажилладаг Баярсайхан нь бас Баяраа /утас нь 91920055/ гэх залуутай ирсэн. Тухайн үед нь яасан юм бэ гэж асуухад Баяраа гэм хийсэн хүн шиг царайлаад “Аа уначихсан” гэж хэлсэн. Ням гариг байсан учир эмч нар нь ирэлгүй удсан ба 10:00 цагийн үед ирсэн. Тэгээд томографийн зураг авахуулахад тархины зүүн талд их хэмжээний цус хуралттай байсан учир яаралтай хагалгаанд орохоор болсон. Аав, ээж хүрч ирсэн. Хагалгаа 13:00 цагаас эхэлсэн. Бхагалгаа эхэлсний дараа ирсэн ба юу болсон талаар асуухад “талийгаач унасан, унахаар нь би такси бариад гэр рүү нь аваачсан, гэр рүү орох гэхэд явж чадахгүй байхаар нь Гэмтэл рүү хүргэсэн, гайгүй байх би бөөд үзүүлсэн, замаараа Ганданд ном уншуулчихлаа” гэж хэлээд арц өгсөн. Анх ирэхдээ Бтухайн үед их сандарсан байсан ба одоо бодоход надаас эмээгээд бөмбөлзөөд байсан. Би Бямба-Эрдэнийг багаас нь таних учир хараад л мэднэ. Тухайн үед талийгаач хагалгаанд орсон, гадуур эм, тариа авах гээд ажил зөндөө байсан учир Бд анхаарал хандуулж ярьж чадаагүй. Бхагалгаа үргэлжилж байхад “мөнгө олоод ирье” гээд 13:00 цаг өнгөрөөд явсан. Би Бэс мөнгө огт нэхээгүй ба өөрөө л явсан. Хагалгаа 16:00 цагийн үед дууссан ба хагалгаанд орсон эмч нар тоймтой зүйл огт хэлээгүй. Эмч нь “зүүн талын тархинд хурсан цусыг авахад маш бүдүүн судас тасарсан, тасарсан хэсгээс цус олгойдож их хэмжээний цус алдсан байсан шүү” гэж хэлсэн. Найдваргүй гэдгийг нь мэдсэн болохоор эмч нар юм яриагүй байх. Хагалгааны дараа Баярсайхан, Баяраа хоёр  ирэхээр нь би уур хүрээд хөөгөөд явуулсан. Б17:00-18:00 цагийн үед ирэхдээ 40.000 төгрөг авчирч өгсөн ба цуг байж байгаад орой 00:00 цагийн үед “хүүхэд гүйлгээд нилээн хэд хоносон” гэхээр нь би “гэртээ харь, хүүхдээ үзүүл” гээд унааны 5000 төгрөг өгөөд явуулсан. Хагалгаанд орсон өдөр нь биеийн байдлыг нь хараад өнжсөн. Би тухайн өдөр Гэмтлийн эмнэлгийн гадаа машин дотроо сахиж хоносон. Маргааш нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би 10:00 цагийн үед тархины тариаг нь авах гээд гадуур явж байхад ээж 12:00 цагийн үед утсаар залгаад “эмчтэй нь уулзлаа, ер нь найдваргүй гэж байна” гэж хэлсэн. Тухайн үед Бээжийн хажууд байсан ба “тийм байх учиргүй, би лам, бөөд үзүүлсэн, зүгээр гэсэн” гэж байсан гэсэн. Би тэр дороо яваад очсон ба ороод харахад зүүн талын гар хөл нь хөшсөн байсан. Би тухайн үед найдваргүй боллоо гэдгийг нь ойлгосон. Тэгээд бужигнаж байх хооронд Бявсан байсан. 16:45 цагт талийгаач нас барсан. Бид нар салах ёс гүйцэтгээд, лам хараар явсан. Талийгаачийн хашаанд гэр барьсан. Би шөнө 01:00 цагийн үед явсны дараа Б гэрт очсон байсан. Оронгуутаа хүнгэнэтэл уйлаад байхаар нь хамаатнууд хөөж гаргасан байсан. Би өглөө 07:00-08:00 цагийн үед очиход Б явсан байсан. Түүнээс хойш Б дахиж уулзаагүй. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баярсайхантай утсаар ярихад Баярсайхан “Жолоо ахаа би үнэнээ хэлье, Эрдэнээ талийгаач хоёр  зодолдсон юм, би танд үнэнийг нь хэлье гэсэн боловч хамт байсан хүмүүс дарамтлаад байхаар нь би чадаагүй юм, хэрэг болох үед талийгаачийг эмч, цагдаад мэдэгдье гэхэд Эрдэнээ чамд ямар хамаатай юм бэ, удахгүй ухаан орно гээд дайраад байсан” гэж хэлсэн. Би “чамайг яаж дарамталсан юм бэ” гэхэд “хамт байсан хүмүүс дарамталсан гэж хэлсэн. Би ингэж хэлсний дараа ер нэг маргаан зодооны асуудал болсон юм байна гэж ойлгосон. Тухайн Б, Баярсайхан хоёрын байгаа байдал нь сэжигтэй байсныг нь анзаарч мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Ганбаярын: ... 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 16:00 цагийн үөд ажлаа эхэлсэн. Би 1 давхарт пабыг караокег хариуцдаг. Тэрбиш 2 давхарын караоке өрөөг хариуцдаг юм. Би пабадаа ажиллаж байгаад 03:00 цагийн ажил арай гайгүй болох үед дээшээ 2 давхарт гарч ирсэн. Би Тэрбиш ахтай юм ярьж байсан ба удаагүй 2-3 минутын дараа гаднаас хар куртиктай ах орж ирэхдээ үүдэнд зогсож байсан залууд пизда 3-4 залуутай зодолдчихлоо гэж орж ирсэн. Харахад царай нь зүгээр байсан боловч баруун гарын хурууны үенүүд шалбарсан байсан. Тэр ах 1 тоот өрөөнд ороод жинсэн өмд, цагаан майктай залуутай цуг буцаад гарсан. Тэр 2 залууг гарсны дараа би доошоо паб руугаа буусан. Түүнээс хойш би дахиж дээшээ гараагүй. 04:00 цагт би пабаа хаагаад дээшээ гарч ирэхэд караоке хаагаад хүмүүсээ гаргаж байсан. Тэрбиш ах нэг залуу тооцооны оронд гар утсаа барьцаанд тавьсан, удахгүй ирээд авах байх гэж хэлсэн. Ямар учиртай хүн болохыг хэлээгүй. Бид хоёр караокегоо цэвэрлэж дуусаад унтсан. Намайг унтсаны дараа нөгөө залуу нь ирээд гар утсаа авсан юм шиг байсан. Өнөөдөр ажиллаж байхад цагдаа нар ирээд “шатан дээрээс хүн унасан” гээд камер шалгаад, Тэрбиш ахаас байцаалт аваад явсан... Би караокед ажиллаад удаагүй. Тэр хүмүүсийг огт танихгүй. Маргаан болсон талаар тухайн үед мэдээгүй. Сая л ахаасаа сонслоо. 03:00 цаг өнгөрч байхад дээшээ гараад байж байхад хар хөх куртиктай залуу “пизда, гадаа 3-4 залуучуудтай зодолдлоо” гэж хэлээд орж ирсэн. Царайнд нь бол зодолдсон шинж байгаагүй ба гарны хурууны үеүүд нь шинээр шалбарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баярсайханы: ...Аа, Эрдэнээ 2 хэзээ гарч явсныг мэдээгүй. Сууж байхад Эрдэнээ сандарсан байдалтай орж ирээд “манайхан Аа хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнээгийн хамт хэрэг болсон газар очиход талийгаач баруун зүг рүү толгойгоороо харж урд талаараа доошоо харж унасан байсан. Нүүр нь доошоо харсан байсан. Хурхираад унтаж байгаа юм шиг байхаар нь сэрээх гээд харахад нүүр нь битүү цус болсон байсан. Эрдэнээ бид хоёр  хамт 2-3 хүнтэй маргалдаад зодуулчихлаа, тэр хүмүүс цохиод зугтаачихлаа” гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрийн 86894364 дугаарын утаснаас 103-т залгаж дуудлага өгч хаягийг нь заасан. Дараа нь 102-т залгаж цагдаад дуудлага өгөх гэхэд Б“цагдаа дуудаад яах юм бэ, мань хоёр  сая хоорондоо муудалцаад би ингэчихлээ, Аа удахгүй босоод ирнэ, хоёрын хооронд юман дээр цагдаа дуудаад яах вэ” гэж хэлэхээр нь би больсон. Ингэж хэлэх үед өөр хүн байгаагүй. Удаагүй Баараа, Үүлэнсолонго, Цээгий нар хүрч ирээд талийгаачийг харсан. Би ийм болсон байхад цагдаа дуудъя гэхэд нөгөө хэд Эрдэнээгийн үгийг дэмжээд байсан. Би “түргэн дуудсан, яаж буцаах юм бэ” гэсэн. Эрдэнээ миний таньдаг Генерал нэртэй буудал байгаа, тэнд очоод шархыг нь янзалъя, Аа тэнд очоод сэргэнэ” гэхэд нөгөө хүмүүс дэмжсэн. Би “тэгвэл гэрт нь очъё, чи ээж, аавд хүлээлгэж өгөөд чи өөрөө энэ асуудлаа зохицуул, учрыг нь тайлбарлаж хэл” гэж хэлээд гэрт нь очихоор болсон. Эрдэнээ “чи түлхүүрээ өгчих би машиныг чинь бариад явъя” гээд талийгаачийг машины хойд талд суулгаад өөрөө бариад явсан. Бид нар такси бариад араас нь дагаад явсан. Талийгаачийн гэрийн гадаа ирэхэд Эрдэнээ айгаад “гэрт нь ороод яах вэ, таньдаг буудалд очоод шархыг цэвэрлээд сэргээчихье” гэж хэлсэн. Тэгээд Офиферуудын ордны хойд талд байх Генерал буудалд очсон. Очиход таньдаг ресепшин нь байхгүй байна гээд өөр таньдаг буудал руу нь явахаар болсон. Тэндээс Амгалангийн тийшээ замд буудалд очсон. Буудлын үүдэнд очоод би “би буцаж яваад талийгаачийн утсыг караокеноос авах ёстой, барьцаанд үлдээсэн, шархыг нь янзлах эм тариа аваад ирье, идэх юм аваад ирье” гэж хэлсэн. Талийгаачийн карт нь Үүлэнсолонгын гэрийн гадаа машин дотор нь үлдсэн гэж байсан учир тэндээс би такситайгаа цуг Үүлэнсолонгын байрны гадаа ирээд талийгаачийн машины голын хайрцагнаас талийгаачийн цүнхийг авсан. Цүнхэн дотор нь карт нь байсныг “Оргилуун” төвийн АТМ-д очиж уншуулаад 200.000 төгрөг авсан. Талийгаач өмнө нь надаар мөнгө авахуулж байсан болохоор картны нууц үгийг мэддэг байсан. Мөнгө аваад нөгөө караокед очиж үлдсэн 60.000 гаран төгрөгийн тооцоог нь хийж талийгаачийн утсыг авсан. Сансарын колонкийн КФС-ээс хоол аваад замаараа аптек хайхад онгорхой аптек байгаагүй. Замдаа Эрдэнээтэй ярихад талийгаачийг өрөөнд оруулаагүй гэхээр нь “яаралтай оруул” гэж хэлсэн. Тэгээд нөгөө буудалд очиход талийгаачийг дотогш оруулаад газар хэвтүүлсэн байсан. Үүлэнсолонго, Баараа хоёр  унтаж байсан. Эрдэнээ, Цээгий хоёр шархыг нь жоохон цэвэрлэх гэж оролдсон байсан ба гэрэлд харахад хөмсөг нь язарсан хүнд шархтай байхаар нь Эрдэнээд “энэ санаа чинь болохгүй юм байна, яаралтай эмнэлэгт үзүүл, та нар бүгд хэрэгт холбогдоно шүү” гэж анхааруулж хэлсэн. Тэгэхэд Цээгий “чи яасан муу амтай юм бэ, өглөө инээгээд босоод ирнэ” гэж хэлж байсныг санаж байна. Тэгэхээр нь би “тэгвэл би цагдаа дуудлаа” гэхэд Эрдэнээ “за тэгвэл гялс эмнэлэг явъя” гэж хэлсэн. Би талийгаачийн утаснаас 1950-д залгаж такси дуудсан. Такси ирэхээр нь би Эрдэнээд таксины мөнгө талийгаачтай цуг суулгаад явуулсан. Талийгаачийн утсыг Эрдэнээд өгөөд явуулсан. Бид нар үлдээд би “яаралтай үзүүлэхгүй бол болохгүй, Эрдэнээ өөрөө А цохьсон гэж надад хэлсэн” гэж хэлэхэд Цээгий тийм үү, тэгвэл ямар муухай юм бэ, худлаа хэлээд  гэж хэлсэн. Тэгээд бид нар араас нь очих гэхэд Баараа сэрэхгүй байсан учир үлдээгээд бид гурав гэмтлийн эмнэлэг дээр очсон. Очоод асуухад Эрдэнээ “гэр бүлд нь мэдэгдээгүй” гэсэн учир би хэлж байгаад Алтанжолоо ах руу Эрдэнээгээр яриулж мэдэгдсэн. Би талийгаачийн биеийн байдлыг асуухад Эрдэнээ “оёдол хийж байхад Хунадагаа гараараа түлхээд байсан” гээд бараг ухаан орсон юм шиг зүйл ярьсан. Сүүлд талийгаачийг нас барсны дараа мэдүүлэг өгөх үедээ Эрдэнээ Гэмтлийн эмнэлэгт байдаг цагдаад  талийгаачийг шатнаас унасан” гэж худлаа ярьсныг мэдсэн. Баараа, Үүлэнсолонго, Цээгий нарын хажууд Эрдэнээ яасан талаараа огт яриагүй. Би Эрдэнээгийн ярьсан зүйлийг Цээгий, Үүлэнсолонго нарт дамжуулж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 52-59-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч А.Үүлэнсолонгын: 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байхад 12:00-13:00 цагийн үед найз Алтан А, Баараа  нар утсаар залгаж дуудсан. Байрны гадаа Алтанхундагын машинтай байсан ба АлтанА утсаар UB-2 дээр, охин цагдаа нар гээд л нуусан маягийн зүйл ярьж байсан. 5-10 минут орчим зүгээр ойр зуурын юм ярьж байгаад явсан. Аийн төрсөн өдөр 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр болоод 4 хоног тэмдэглээд гэж ярьж байсан. Цуг ууя гэхээр нь би үгүй гээд орсон. Аа, Баараа нар яръя гээд салаад явсан. 19 цагийн үед Аа, Баараа нар нэг найзтайгаа ирээд гадагшаа гарч сууя гэсэн. Тэр найзыг нь Эрдэнээ гэж байсан. Би хүүхэдтэйгээ хоёулаа байна гэхэд тэгвэл танайд сууя гэж хэлээд  Аа бид хоёр хажуу талын “Миний маркет” дэлгүүрээс 0.75 литрийн “Соёрхол” архи 1 шил, ус, ундаа аваад орсон. Авсан архиа ууж байгаад  Цэндхүү рүү залгаж дуудсан. Цэндхүүгийн гэр Сансарт байдаг ба 1 цаг орчмын дараа хүрч ирсэн. Цэндхүүг ирэхэд  авсан нэг шил архиа дуусаад дахиж нэг шил архи, пиво авсан. Тэр зүйлүүдээ ууж байхад Аа руу нэг найз нь залгасан. Аа манай найз байна. би ажлаас халсан, буцаагаад ажилд авах гэж байгаа юм цаадах чинь ирээд сюрприз барина гэнэ гэхээр нь бид нар ирэхийг нь зөвшөөрсөн. 23:00 цагийн үед Аийн найз болох Баяраа ирсэн. Баяраа ирэхдээ гитартай орж ирсэн. Аа гитар дараад дуу дуулж суусан ба сүүлдээ караоеке орохоор болсон. Цээгий бид хоёр Баяраагийн машинтай гараад Цээгийгийн дүүг Сансарт гэрээс нь очиж аваад манай гэрт буцаж ирсэн. Цээгийгийн дүүг манай хүү Баттангарагийг харуулж үлдээгээд бид нар караоке орохоор болсон. Бид нар ойрхон караокед орно гээд Сансарын тойргийн хажуу талд байх “GS” pub караоекд орсон. Ороод 2 цаг захиалаад 1 шил архи, ус ундаа авсан. Дуулж бүжиглэж сууж байхад Аа өрөөнөөс гарчихаад орж ирэнгүүтээ Баяраагийн хөл рүү өшиглөсөн. Баяраа зөрүүлж нэг удаа өшиглөөд дарж унагаасан. Бид нар болиоч гэхэд тэр хоёр инээлдэж босч ирээд Аа бид хоёр муудалцаагүй гэсэн. Тухайн үед ширээн дээр байсан стакан хагарсан. Түүний дараахан Аа, Эрдэнээ хоёр тэврэлдээд гарсан. Гарсаны дараа Цээгий, Баяраа бид гурав дуулаад Баяраа зүгээр суусан. 3-4 дуу дуулсаны дараа нөгөө хоёр хаачив гэж байхад Эрдэнээ орж ирээд Аа уначихлаа гэж хэлсэн. Үүнээс хойш юу болсон талаар би юу ч санахгүй байна. уусан архиндаа согтож тасарсан. Нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгийн гадаа болсон Цээгий, Баяраа хоёртой таксинд 06:00-7:00 цагийн үед сэрсэн. Юу болсон талаар асуухад Баяраа Аа ухаан алдахаар нь авчирч өгсөн гэсэн. Бид нар гэмтлийн эмнэлэгийн дотор сууж байхдаа би яасан талаар асуухад    Баяраа Эрдэнээ А цохьсон юм шиг байна лээ тэр хоёр гадаа гарсан гэсэн 20 минутын орчим сууж байгаад такси бариад Цээгий бид хоёр манай гэрийн гадаа буусан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-64-р тал/

- Мөрдөн байцаалтанд гэрч Б.Цэндхүүгийн: …2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байхад 19:30 цагийн үед найз Үүлэнсолонго өөрийнхөө  88731998 дугаарын утаснаас залгаад манайд хүрээд ир ээж байхгүй байна. Батукатай /хүү нь/ байна гэж хэлсэн. Би хэнтэй байгаа юм бэ гэж асуухад манай найз ирсэн. Юм яриад байж байна гэсэн. Би удаагүй гараад алхаад 30 минутын дараа 20:00 цагийн үед гэрт нь очиход танихгүй гурван эрэгтэй хүн байсан. Үүлээ хүүхэдтэйгээ байсан. Тэд нар архи уугаад юм яриад сууж байсан. Тэр гурван залуучуудыг Алтан А, Эрдэнээ, Баараа гэж байсан. Би танихгүй хүмүүс зай бариад хол сууж байсан намайг наашаа суу гээд архинаасаа өгсөн. Би манай нөхөр хөдөө явсан байгаа, би хадмындаа амьдардаг, би архи дарс  хэрэглэмээргүй байна гээд би өгсөн архийг нь уугаагүй. Сүүлдээ АлтанА надад архи өгөөд бид нараас айж эмээх хэрэггүй, бид нарт ямар нэгэн санаа  оноо байхгүй, би Их засаг сургуульд ажилладаг, би буруу хүн биш, чи итгээд энийг авчих гэж хэлээд Атай архи өгөхөөр нь би уусан. Тэгээд юм ярьж байхад Баараа нь манgй Увс аймгийнх байсан. АлтанА шахсаар байгаад  3 А архи уулгасан. Тэгээд юм ярьж байхад АлтанА хүнтэй утсаар ярьж байгаад нэг хүн ирнэ. Ажлын хэргээр уулзах юм гэсэн. Нөгөө хүн нь ирээд  АлтанА гарч хэсэг байж байснаа нөгөө найзыгаа дагуулаад орж ирсэн. Тэр залууг Баяраа гэж байсан. Аа гитар тэвэрч орж ирсэн. Тэгээд бид нар сууцгаагаад Аа гитар тоглоод бид нар дуулцгаасан. Нилээн удаан сууж байгаад гарч караоке орохоор болсон. Тэгээд Үүлээгийн хүү Батукаг ганцааранг нь орхиж болохгүй учир Үүлээ бид хоёр Баяраагийн машинаар манай гэрт ирсэн. Тухайн үед манай дүү Мөнгөнөө манай гэрт байсныг аваад Үүлээгийн гэрт үлдээсэн. Тэр хооронд нөгөө хүмүүс Үүлээгийн гэрийн гадаа хүлээж байсан. Би дүүгээ авчирч байгаа болохоор эрэгтэй хүн байлгаад дэмий гээд  тэд нарыг гаргасан. Дүүгээ үлдээгээд хол газар явахгүй гээд бид нар Сансарын тойргийн хойд талд байх “Жи Эс Паб” гэх караокед орцгоосон. Орох үед би яг 2 цаг захиална гэсэн боловч караоке нь 2 цаг авбал нэг цаг үнэгүй байсан учир 3 цаг хийгдсэн. Караокед орж дахин архи аваад дуулж сууцгаасан. Аа ганцаарааа болон нэгэнтэй нь цуг орж гараад байсан. Тэрийг нь тоолгүй Үүлээ бид хоёр дуулаад л байсан. 0.75 литр архи аваад ууцгаасан. Эрэгтэй, эмэгтэйгээрээ хосолж дуулцгааж байхад Аа гаднаас орж ирснээ Баяраагийн хөл рүү өшиглөсөн. Баяраа Атай түлхэлцэж маргалдсан. Тэгэхээр нь би айгаад цүнхээ аваад хаалганы дэргэд зогссон. Үүлээг дуудаад  хоёулаа явсан дээр юм биш үү энэ хүмүүс чинь хоорондоо зодолдвол яах юм бэ гэсэн. Аа Баяраатай маргалдахаа больсон ба Аа хүрч ирээд чи явах гэж байгаа одоо тайвшир үргэлжлүүлж сууя гээд намайг суулгасан. Үүний дараа тэр залуучууд өрөөнөөс орж гараад хоорондоо эвлэрэх гээд ч байгаа юм уу, маргалдаад байгаа юм уу байгаад байсан. Түүнээс хойш нам гүм болоод  ууж дуулж бүжиглэцгээсэн. Би архи уугаад нилээд согтсон. Нэг харахад Баяраа, Баараа, Үүлээ бид дөрөв караокены өрөөнд сууж байсан ба Аа, Эрдэнээ   хоёр байхгүй байсан. Хэзээ гарсныг анзаараагүй. Тэгэхэд гаднаас Эрдэнээ гүйж орж ирээд Аа уначихлаа, босохгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар сандраад  гарцгаасан. Гараад караоекены  үүдний  шатан дээрээс гүйж буугаад нөгөө хүн чинь хаана байгаа юм бэ гэхэд Эрдэнээ түрүүлж очсон. Энд байна гэсэн. Бид нар очиход АлтанА газар унасан байсан. Харанхуй байсан.  дээр нь би маш их согтуу байсан учир ямар байдалтай байсныг анзаараагүй.  Хүмүүс яасан талаар нь асуухад Эрдэнээ зүгээр явж байгаад уначихлаа гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд түргэн дуудах болоод орилолдоод  эхэлсэн. Би гараад салхинд цохиулаад бүр согтож тасарсан. Юу ч санахгүй байна. Нэг сэрэхэд машин дотор унтаж явсан ба ямар машинтай хэнтэй явснаа анзаараагүй. Ямар ч байсан машинд явж байсан. Нэг газар ирээд бууцгаая гэхээр нь буухад зочид буудлын гадаа ирсэн байсан. Бид нар бүгдээрээ байсан.  Буудлын өрөөнд ороод би нэг сандал дээр суусан. Бусад бүгд л энд тэнд хэвтэцгээсэн. Миний дотор муухайраад арай ухаан ороод гайгүй болоод сэргэсэн. Эрдэнээгээс Аа гайгүй юу, эмнэлэгт хүргэж өгсөн үү гэж асуухад Эрдэнээ би ганцаараа оруулж чадахгүй байна, чи туслаач ээ гэсэн. Би  Эрдэнээтэй гарахад Аа машины хойд талд сууж байсан. Ухаангүй байсан ба хухирч байхаар нь унтсан гэж бодоод Эрдэнээтэй нийлээд өргөсөн. Аа их хүнд байсан ба би хөлнөөс нь өргөөд буудлын өрөөнд оруулсан. Хаалгаараа оруулаад гэрэлд харахад нүүр нь юманд зүлгэгдэж халцарсан, хөмсөг язраад цус болсон, улаан юм харагдсан. Би айгаад эмнэлэг дуудаж үзүүлэхгүй юм уу, энэ хүн чинь ингээд байж болохгүй гэсэн. Эрдэнээ маш их сандарсан байсан. Ингээд байж байхад Баяраа гаднаас орж ирээд эмнэлэгт хүргэнэ гэж сандраад   бүгд шоконд орж орилж эхэлсэн. Тэгээд Эрдэнээ, Баяраа хоёр буцаж дамжилж гараад таксинд суулгаад Эрдэнээ цуг явсан. Баяраа бид хоёр буцаж буудал руу ороод явах гэхэд Баараа тасраад сэрэхгүй байсан. Үүлээ унтаж байгаад яасан  гээд босоод ирсэн. Тэгээд Баяраа, Үүлээ, бид гурав такси бариад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд Баяраа Эрдэнээ рүү залгахад Эрдэнээ бууж ирсэн. Аа яаж байгаа талаар асуухад Эрдэнэ эмч нар сэхээнд аваад орсон бие нь муу байх шиг байна гэсэн. Үүр цайсан байсан ба  Бид гэмтлийн эмнэлэг дээр нилээн сууж байгаад гэр гэртээ харьцгаахаар явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-70-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Бааранхүүгийн: ...Аатай Үүлээгийн гэрийн гадаа уулзаад дэлгүүр орж архи ундаа авсан. Бид нар паб оръё гэхэд Үүлээ хүүхэдтэйгээ хоёулаа байна гэсэн. Тэгээд Үүлээгийн гэрт ороод архи ууцгаасан. Талийгаач би эхнэрээ гадаад явуулсан, сая ирээд надтай уулзахгүй байсан. Надад захиа бичээд орхисон байна. Салж байна. Эмэгтэй хүнийг тордож болохгүй юм байна. Би гутарсан гэж байсан. Авсан нэг шил архи шил архи дууссан ба дахиж нэг шил архи авсан. Үүлээ найзыгааа дуудсан. Найз нь гэх Цээгий ирээд бид нартай танилцсан. Тэгээд байж байхад талийгаач нэг хүнтэй утсаар яриад байсан. Чанга яригч дээрээ тавиад ярихад тэр залуу  анд нь чамд сюрпризтэй очно гэж хэлсэн. Талийгаач манай найз нэг жилийн өмнө  ажлаасаа гарсан, би ажилд авах гэж байгаа юм. Надад 1.000.000 төгрөг өгнө. Хэдүүлээ гарна гэсэн. 23:00 цагийн үед Баяраа ирсэн. Баяраатай талийгаачийн төрсөн өдрөөр нь танилцаж байсан. Баяраа гитар авчирсан ба талийгаач гитар тоглоод бид нар дуулцгаасан. Үүлээ хүүхдээ харуулах хүн байхгүй байсан ба  Цээгийн дүүгээр нь харуулах болоод Үүлээ, Цээгий, Баяраа нар явсан. Бид нар гадаа хүлээж байсан ба Цээгийгийн дүүг Үүлээгийн хүүхдийг үлдээсэн. Баар орох гэж байгаад караоке орохоор болсон. Замд явж байгаад караоке  харагдахаар нь яваад орсон. Ороод бид нар хэдэн төгрөг байгаа талаар ярилцсан. Баяраа 20.000 төгрөг, талийгаач 40.000 төгрөг өгөөд чи тооцоо хий гэсэн. Би мөнгийг нь аваагүй учир Эрдэнээд өгсөн. Ороод 1 шил архи аваад  ууж, дуулж бүжиглэсэн. Ингэж байхад талийгаач гаднаас өрөөнд орж ирснээ  Баяраагийн хөл рүү өшиглөсөн. Баяраа талийгаач хоёр маргалдаж, түлхэлцэж байхад талийгач газар унасан. Газар биеэрээ унаад босоод ирсэн. Талийгаач ширээнд сууснаа архины стакан аваад Баяраа руу шидсэн. Баярааг оноогүй. Цээгий явна гээд боссон. Маргаан болсны дараа Баяраа уурлаад чи дандаа тавьтаргүй зан гаргадаг хэдэн өдөрт хэдэн хүн зодсон гэсэн. Чамд хууль үйлчилнэ шүү гэсэн. Талийгаач найз нь чамайг ажилд авна гэхэд Баяраа би ажилд чинь орохгүй, чамайг ч гэсэн ажилгүй болгож чадна гэсэн. Талийгаач  уучилаарай гэхэд Баяраа куртикаа аваад явлаа гээд гарсан. Араас нь талийгаач явуулахгүй гээд зууралдаад гарсан. Би энэ хоёр яаж ч магадгүй гээд  араас нь дагаж гарсан. Намайг гарахад талийгаач Баярааг явуулахгүй гээд  тэвэрч авсан. Баяраагийн түрийвч газар унахаар нь би аваад өгсөн. Би тэр хоёрт жаахан юм уучихаад маргалдаж болохгүй гэж хэлсэн. Тэр хоёр Баараа орж бай чамд хамаагүй гэж хэлсэн. Би жаахан холдоод хараад зогссон. Тэр хоёр хуучин ажлынхаа юмыг яриад зогсож байсан. Би буцааж ороход Эрдэнээ тэр хоёр зүгээр үү гэхэд би зүгээрээ Баяраа явахаа больчихлоо гэсэн. Тэр хоёр орж ирэхгүй 5 минут орчим болохоор би буцаж гарахад тэр хоёр караокены хашааны хаалганы хажууд яриад зогсож байсан. Намайг очиход Баяраа зөрөөд  караоке руу орох гэхэд би хоорондоо маргаж яах юм бэ мөнгөтэй хүн, тэнэг хүн хоёр хүн цохидог юм гэж хэлсэн. Баяраа караоке руу орсон. Талийгаачтай цуг орох гээд шатаар өгсөж байхад талийгаач намайг татахад миний футболка урагдсан. Миний футболка угаасаа хуучин футболка байсан.  Тэгэхэд талийгаач уучилаарай гээд намайг үнссэн. Өрөө рүү орох гээд явж байхдаа өөрийнхөө  футболкийг тайлаад надад өгсөн. Бид хоёр ороод цуг байсан хүмүүстээ би сая татахад футболка урагдлаа бид хоёр маргалдаагүй гэж хэлсэн. Тэгээд бид нар ороод үргэлжлүүлээд архи ууж дуулж бүжиглэцгээсэн. Эхэлж авсан нэг шил архи дуусаад дахиж нэг шил архи авсан. Тэр архи ууж эхлээд би согтож тасарсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд зочид буудалд ганцаараа сэрсэн. 12:00-13:00 цагийн үе байсан. Би гарах  гэхэд зочид буудлын  эгч мөнгөө өгч байж гар гэсэн. Би тэр эгчид талийгаачийн утсыг өгөөд залгуулахад найз чинь гэмтлийн эмнэлэг дээр байна гэсэн. Би яасан юм бол гэж асуухад танай найзууд зургуулаа орж ирсэн. Хоорондоо зодолдсон юм шиг нэгийгээ чирээд явсан. Чамайг үлдээгээд явсан гэж хэлсэн. Удаагүй талийгаачийн утас холбогдохгүй болсон. Би эгчийг гуйж байгаад 14:00 цагийн үед гараад алхсан. Миний гар утас байхгүй болсон байсан. Би алхаад Сансарт дүүгийндээ ирэхэд хүн байгаагүй учир Үүлээгийн гэрт иэрэхд  эгч нь хаалгаа онгойлгохоор нь  би айл андууурсан гэж хэлээд буцсан. Үүлээгийн гэрийн гадаа нилээн удаан суусан. 20:00-21:00 цагийн үед Үүлээ тагтан дээрээ гараад юм хийж байхдаа намайг хараад чи юу хийж байгаа юм бэ гээд гарч ирсэн. Би юу болсон бэ, намайг яагаад орхисон бэ, миний утас хаана байна гэхэд Үүлээ, Эрдэнээ А хоёр гараад явсан, бид нар караокед үлдсэн. Эрдэнээ буцаж орж ирээд талийгаачийг уначихлаа гэж хэлээд гарсан. Нүүр нь цус Аа сэрэхгүй хурхираад байсан, тэгэхээр нь зочид буудалд ирсэн, зочид буудалд ирсний дараа Гэмтэл рүү аваад явсан. Чиний утсыг яасныг мэдэхгүй, зочид буудалд чи ороод унтсан. Чамайг сэрэх гээд чадаагүй, тэгээд бид А аваад гэмтэл рүү явсан гэж хэлсэн. Би тийм аймаар юм болсон юм уу хүнд зодуулсан юм уу гэхэд Үүлээ Эрдэнэ тэр хоёр гараад дараа нь Эрдэнээ бид нарыг дуудсан. Хүн зодсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Би бас муудсан байсан. Зарим юмыг мэдэхгүй байна. Би Үүлээгийн утаснаас Баяраа руу  залгаад асуухад Эрдэнээ гэмтэл дээр байгаа, чиний утсыг мэдэхгүй, талийгаач тааруу байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 70-72-р тал/

 Мөрдөн байцаалтанд гэрч О.Баянмөнхийн: ...Манай харуулын байр хойшоогоо харсан нэг цонхтой, баруун тийш харсан нэг том цонхтой, урагшаа харсан нэг жижиг цонхтой, би баруун талын цонхоор хараад сууж байтал “Цома” оффисын урд талд цагаан цоохор цамцтай 160-170 см өндөртэй, 25-35 орчим насны, нөгөөдөх нь хар бараан өнгийн цамцтай, 25-30 орчим насны хоёр залуу  нэг хүнийг өргөөд машин руу оруулж байсан. Хоёр залуу жижиг саарал өнгийн япон машины зүүн талын хаалгыг онгойлгочихсон хар бараан өнгийн хувцастай залууг дамжилаад суулгаж байсан. Тэгээд цагаан цоохор цамцтай залуу нь уг саарал жижиг машины баруун талын хойд хаалгаар тойрч суугаад машинтайгаа яваад өгсөн. ...ажлаа хүлээлцэж байгаад 10 цагийн үед гэртээ харих гээд “Цома” оффисын урд талд шөнийн 03:00 цагийн үед саарал өнгийн жижиг Япон машинд хүн дамжилаад хийж байсан газраар явтал өтгөн улаан өнгийн цус  газар тусчихсан, дунд нь хар өнгийн цустай даавуу байсан юм. Тэгээд би харчихаад гэр рүүгээ явсан юм. Тухайн үед юун цус болсон юм бол гэж бодоод өнгөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/

Шүүхийн Шинжилгээний  Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн ¹1615 тоот  дүгнэлтэнд:

             1. Талийгаач Абиед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун зулай, чамархай, дух, суурийн хэсгийн тархины хатуу хальсан доорхи цус хураа, тархи дарагдал, тархины дагз хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцарсан шарх, няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна.

           4.Талийгаач нь эмчилгээ хийлгэж байсан тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй.

           5.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

           6. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Шинжээч эмч  А.Амгаланболд гэх дүгнэлт /1-р хх-ийн 130-131-р тал/

          - Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-21-р тал 132-р тал/

             Шинжээч эмч А.Амгаланболдын: ...талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дух, баруун зүүн хацар, хамрын нуруу хэсгийн зулгаралт гэмтлүүд нь босоо зурагдал бүхий гэмтлүүд байсан учир тууш чиглэлтэйгээр нүүрэн хэсгээр хатуу гадаргуу дээр унах үед үүсэх боломжтой 2 талын хөмсөгний шарх, 2 нүдний хөмсөгний цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь цохих, цохигдох үед үүсэх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Үхэлд хүргэх тархины баруун зулай, чамархай дух, суурийн хэсгийг хамарсан тархины хатуу хальсан доорх цусан хураа нь цохих болон унах үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136-р тал/ 

-Шүүгдэгч Д.Б Шүүх сэтгэц гэм судлалын ¹907 дугаартай  дүгнэлтэнд:

1. Д.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан. Тэр үед өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна.

2. Д.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэдэг баримт мэдээлэл үгүй байна.

3. Д.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Д.Б нь хэргийн талаар асуусан асуултанд хариулах чадвартай байна.

5. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт /хх-ийн 148-р тал/

-  Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн  Шүүх  эмнэлэгийн үзлэг хийсэн 1452 дугаартай актанд:

...Урьд гаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1615 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...талийгаачид учирсан хоёр нүдний дээд, доод зовхи, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дотор хэсэг, баруун хөмсөгний гадна хэсэг дэх шарх, духны баруун хэсэг баруун хөмсөгний төвгөр, зүүн хөмсөг, баруун, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу хэсгийн зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт хурц ир үзүүргүй /Жишээ нь: Хүний гар, хөл, мод, чулуу, хана, газар гэх мэт/ зүйлүүд хамаарна. Дээрхи гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн учраас үүссэн дарааллыг нь нарийвчлан тогтоох боломжгүй байна...хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх учир унах, цохих аль ч үед үүсэх боломжтой...дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мөн унах, цохих аль ч үед үүсэх боломжтой...2015 оны 08 сард талийгаачид тархины битүү гэмтэл, их тархины зүүн чамархай, дух, зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...талийгаачид учирсан тархины битүү гэмтэл, тархины баруун зулай, чамархай, дух, суурийн хэсгийн тархины хатуу хальсан доорх цус хураа, тархи дарагдал, тархины дагз хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцарсан шарх, няцрал, цус хуралт, зулгаралт, толгойн баруун, зүүн чамархай, зулай хэсгийн хуйхны дотор гадаргуу болон ясны хальсан дах цус хуралт, баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтлүүд нь 2016 оны 08-р сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой...талийгаачийн нүүрэнд үүссэн гэмтэл, гавал тархинд учирсан гэмтлүүд нь нэг үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх тархины битүү гэмтлийг авснаас хойш хүн ухамсарт хөдөлгөөн хийх боломжтой эсэх нь тухайн хүний бие мах бодийн онцлогоос шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байна...2015 оны 08 сард үүссэн хуучин гэмтэл нь 2016 оны 08 сард үүссэн шинэ гэмтэлд нөлөөлөөгүй...талийгаач нь 2016 оны 08 дугаар сард учирсан тархины шинэ гэмтлийн улмаас нас баржээ. Шинжээч эмч Ө.Сарангэрэл, Ч.Эрдэнболор,   М.Золжаргал гэх дүгнэлт /хх-ийн 141-143-р тал/ зэрэг нотлох баримтуудыг   шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан  бичгийн  нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүдээс дүгнэхэд: 2016 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны үйл ажиллагаа явуулдаг “Жи-Эс-Паб” караокед  Д.Б, Б.Бааранхүү, Б.Цэндээхүү, А.Үүлэнсолонго, Б.Баярсайхан, талийгаач А.АлтанА нар орсон байх ба хамгийн сүүлд Д.Б , А.АлтанА нар каракокегээс хамт гараад талийгаач А.АлтанА эргэж  орж ирээгүй, биедээ гэмтэл авсан үйл баримт болсон байна.

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баярсайханы: ...Аа, Эрдэнээ 2 хэзээ гарч явсныг мэдээгүй. Сууж байхад Эрдэнээ сандарсан байдалтай орж ирээд “манайхан Аа хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнээгийн хамт хэрэг болсон газар очиход талийгаач баруун зүг рүү толгойгоороо харж урд талаараа доошоо харж унасан байсан. Нүүр нь доошоо харсан байсан. Хурхираад унтаж байгаа юм шиг байхаар нь сэрээх гээд харахад нүүр нь битүү цус болсон байсан. Эрдэнээ бид хоёр  хамт 2-3 хүнтэй маргалдаад зодуулчихлаа, тэр хүмүүс цохиод зугтаачихлаа” гэж ярьсан... гэх мэдүүлэг,

            Мөрдөн байцаалтанд гэрч А.Үүлэнсолонгын: ...Түүний дараахан Аа, Эрдэнээ хоёр тэврэлдээд гарсан. Гарсаны дараа Цээгий, Баяраа бид гурав дуулаад Баяраа зүгээр суусан. 3-4 дуу дуулсны дараа нөгөө хоёр хаачив гэж байхад Эрдэнээ орж ирээд Аа уначихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтанд Б.Цэндээхүүгийн: ...Нэг харахад Баяраа, Баараа, Үүлээ бид дөрөв караокены өрөөнд сууж байсан ба Аа, Эрдэнээ хоёр байхгүй  байсан. Хэзээ гарсныг анзаараагүй. Тэгэхэд гаднаас Эрдэнээ гүйж орж ирээд  Аа уначихлаа, босохгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар сандраад  гарцгаасан. Гараад караоекены үүдний шатан дээрээс гүйж буугаад нөгөө хүн чинь хаана байгаа юм бэ гэхэд Эрдэнээ түрүүлж очсон. Энд байна гэсэн. Бид нар очиход АлтанА газар унасан байсан... гэх мэдүүлэг,

            Мөрдөн байцаалтанд Б.Бааранхүүгийн: ...Эрдэнээ А хоёр гараад явсан, бид нар караокед үлдсэн. Эрдэнээ буцаж орж ирээд талийгаачийг уначихлаа  гэж хэлээд гарсан. Нүүр нь цус болсон, Аа сэрэхгүй хурхираад байсан, тэгэхээр нь зочид буудалд ирсэн, зочид буудалд ирсний дараа Гэмтэл рүү аваад явсан…гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч Аамь нас хохирсон үхлийн шалтгаан Д.Бтэй шууд холбоотой байна.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны үйл ажиллагаа явуулдаг “Жи-Эс-Паб” караокены гадна найз Амаргалдаж, улмаар түүнийг толгойн тус газарт нь цохиж, санаатай алсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн  дүгнэлт, камерын бичлэг, бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож  байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Б гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд арваас дээш арван таван жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд...  наймаас  арван таван  жил хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилжээ.

Иймд Д.Б гэм буруугийн үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байна.

Шүүгдэгч Д.Б үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүний эдлэх ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ань оршуулгын зардалд 14.634.428 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Б, түүний ар гэрийнхэн төлж барагдуулсан тул одоогоор түүнийг төлөх төлбөргүй гэж үзлээ. /3-р хх-н 109-р тал/  

Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /1-р хх-н 188-р тал/

            Шүүгдэгч Д.Бнь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоолоор баривчилсан, 2016 оны 09 дүгээр сарын 02-ний сэжигтнээр 14 хоног цагдан хоригдож, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс нийт яллагдагчаар цагдан хоригдож, 2017 оны 02 дугаар сарын 12-ныг хүртэл нийт 530 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол, сэжигтнийг цагдан хорих шүүгчийн захирамж, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна. /1-р хх-н 157-173-р тал/

            Иймд Д.Б цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ялын доод хэмжээг оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. 2015  оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос Д.Б гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт  үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Б овогт Д.Б-г хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Б-д 8 /найман/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зааснаар Б 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 530 хоногийг ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Д.Б нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Си-Диг  уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

8. Хохирогч А цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох  нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Д.Б д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд шүүгдэгч нар, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                      Б.АРИУНХИШИГ

                                                                                       Э.ЧИНГИС.