Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 93

 

 

Т.А, Ц.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Б.Энхмэнд,

          Шүүгдэгч, хохирогч Т.А,

          Шүүгдэгч Ц.Ц,

          Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуугийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 315 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Т.А, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн 1707 0023 60055 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Т-ийн А, 1978 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 7 дугаар гудамжны 4 тоотод түр оршин суух,

Баганхангай, Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, /РД: /,

2. Ц овгийн Ц-ийн Ц, 1982 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Увс аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 2, эхнэрийн хамт, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн складын 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух,

          Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012  оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /РД: /,

Т.А нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхай дээр ажиллаж байхдаа Ц.М-тай уурхайн ам нийллээ, уурхайн амаа буруу ухлаа гэх шалтгаанаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Т.Ц- нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхай дээр ажиллаж байхдаа Т.А-ыг манай ах Ц.М-ыг зодлоо гэх шалтгааны улмаас болж түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Т.А, Ц.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.А, Ц.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн. Тэдгээрт холбогдох эрүүгийн 1707 0023 60055 дугаартай хэргийн шүүх хуралдааныг нээж шүүгдэгч нарын биеийн байцаалттай танилцах явцад шүүгдэгч Ц.Ц нь “бичиж чадахгүй муухан уншдаг гэх боловсролгүй” гэж байгаа ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй /1.3-д бичиг мэдэхгүй/” гэсэн тул шүүх хуралдааныг хааж Т.А, Ц.Ц нарт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь, Эрх зүйн эх толь бичигт “эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах, тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурах, хүрээлэн орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх, гадаад хэл, мэдээлэл зүйн анхны мэдлэг олгох зэргээр 5 жилийн хугацаагаар олгох боловсролыг бага боловсрол” гэж тайлбарласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36 дахь заалтад “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” хэлнэ, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж тус тус заажээ.

Гэтэл өөрийн нэрийг бүтэн бичиж чадахгүй, зарим үсгийнхээ буруу /харуулан/ зөвийг мэдэхгүй, үг өгүүлбэрээ бүтэн бичээгүй, муухан уншдаг, бичиж чадахгүй гэх гэмт хэрэгт холбогдсон Ц.Ц-ыг өмгөөлүүлэх эрхийг хангалгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, мөрдөгч 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Ц.М бусдад зодуулж бие махбодид нь хөнгөн /хохирол/ гэмтэл учирсан болох нь хохирогч /гэмт хэрэгт холбогдсон/ гэрч, Т.А, Ц.Ц нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжилгээний 79 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар бүртгэлийн Г-241 дугаартай гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам/ зааснаар эрүүгийн 1707 0023 60055 тоот хэрэг нээсэн атлаа үүнээс хойш ямар ч ажиллагаа хийлгүй, 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр цаашид хэн нь хэнийг цохих, ямар гэмтэл учруулсан болох, Т.Аын биед хөнгөн гэмтэл учруулсныг тогтоох тул хэрэг бүртгэлтийн хугацааг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1 сараар сунгуулахыг хүссэн байхад хяналт тавьж буй прокурор нь хоёрын тоонууд нь засвартай 12 сарын 30-ны өдрийг хүртэл 2 сараар сунгах гэх зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөрөвдүгээр хэсэг, арван долоодугаар бүлэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг тус тус ноцтой зөрчин хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш нь явуулах боломжгүй үндэслэл болж байна.

Иймд Т.А, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Эрдэнэбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Т.А нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Үүнд:

1. Ц.Ц-т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Монгол хэл, бичиг мэдэхгүй” гэх нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

- Ц.Ц нь гэрчээр 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр өгсөн мэдүүлэг, 2017   оны 12 дугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр танилцуулж яллагдагчаар байцаалт авч өөрөө уншиж танилцаж гарын үсэг зурсан, байцаалт өгөхдөө уншиж бичиж чадна гэдгээ хэлсэн тул өмгөөлөгч оролцуулаагүй, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн материалтай уншиж танилцаж гарын үсгээ зурсан, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлтийг гардан авч уншиж танилцаж гарын үсэг зурсан, мөн шүүх хуралдааны үед даргалагч шүүгч Ц.Цаас уншиж бичиж чадах уу гэж асуухад Ц.Ц нь шүүх хуралдааны танхимд байсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангаргийг бүрэн эхээр уншиж сонсгосон байдаг. Ц.Ц нь Монгол Улсын иргэн бөгөөд монгол хэл, бичиг мэддэг, уншиж бичиж чаддаг, бага боловсролтой байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн заалтуудад хамаарагдахгүй байна. Өөрөөр хэлбэл бага боловсролтой этгээдийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэсэн заалт хуульд байхгүй. Хавтаст хэргийн 48 дугаар талд “Би өмгөөлөгч авахгүй, Цогтоо” гэж Ц.Ц нь өөрийн гараар бичиж өгсөн зэргээс дүгнэхэд Ц.Ц-ыг “Монгол хэл, бичиг мэдэхгүй” гэх нь үгүйсгэгдэж байна.

2. Ц.Ц нь шүүх хурал дээр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангаргийг бүрэн эхээр уншиж сонсгосон боловч үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана ...” гэж заасныг зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

3. Хэрэгт хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан болох нь:

- 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн,

- 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэрэг бүртгэлтийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 сараар сунгасан,

- 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Ц.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн,

- 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Ц.Ц-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсан,

- Мөрдөгч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж зааснаар хэрэг бүртгэлтийн хугацааг сунгасан, мөрдөгч санал гаргасан тохиолдолд уг санал хэрэгт хийгдэх ажиллагаа зэргийг прокурор хянан үзээд 1 хоногоос 3 сар хүртэлх хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах эрхтэй тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан 2 сараар сунгасан нь прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд хийгдсэн ажил юм. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш 14 хоног буюу үндсэн хугацаанд нь хэргийг хянаж шүүхэд шилжүүлсэн байна.

4. Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн болох нь:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “гэмт хэргийг сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж прокурорт хэргийг шилжүүлнэ” гэсэн нь яллагдагч хүсэлт заавал гаргах шаардлагагүй, сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсан үеэс хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэнэ гэж ойлгогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ц нь хэргээ хялбаршуулсан жүрмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж өгөөгүй.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлнэ” гэж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ” гэж.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэж зааснаас үзэхэд яллагдагчаас хүлээлгэх хариуцлага болон бусад зүйлийн талаар зөвшөөрөл авахыг шаардах бус харин яллах дүгнэлтийг 24 цагийн дотор үйлдэн шүүхэд шилжүүлнэ гэж заасныг прокурор удирдлага болгосон.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэрийг хянан шийдвэрлэнэ” гэж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж зааснаас үзэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан тодорхой төрлийн гэмт хэргийг 72 цагийн дотор хянан шийдвэрлэж, шийтгэх эсхүл цагаатгах тогтоолын аль нэгийг гаргахаар байна.

Т.Ц нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмаар хэргийг хянан шийдвэрлэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

5. Шүүгчийн захирамжийн “захирамжлах нь” хэсэгт эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэж заасан байхад улсын яллагчийн эсэргүүцэл бичих эрхийг хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар улсын яллагч эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.

Прокурор Б.Энхмэнд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.

          Шүүгдэгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргээ шийдүүлмээр байна ...” гэв.

          Шүүгдэгч, хохирогч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргээ анхан шатны шүүхээр шийдүүлмээр байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас яллагдагч Т.А, Ц.Ц нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Т.А, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүгдэгч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар өгсөн  мэдүүлэгтэйгээ өөрөө танилцаж гарын үсэг зурсан, өмгөөлөгч авахгүй гэж тайлбарласан байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд уншиж, бичиж чадна гээд иргэдийн төлөөлөгчийн тангараг уншиж танилцуулсан талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгаагаас дүгнэж үзэхэд түүнийг монгол хэл, бичиг мэдэхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасан бөгөөд бага боловсролтой хүнд өмгөөлөгч оролцуулах талаар хуульчлаагүй байна. 

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хугацаа сунгах тухай асуудал прокурорын бүрэн эрхэд хамаарах бөгөөд эдгээрийг хянах эрх шүүхэд олгогдоогүй болохыг дурдаж байна.

Иймд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан улсын яллагчийн эсэргүүцлийг Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахгүй прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгааг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 315 дугаар захирамжийг хүчингүй болгож, Т.А, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл шүүгдэгч Т.А, Ц.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ