Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01522

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01256 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.А хариуцагч А ХХК -д холбогдуулан гаргасан хохиролд нийт 1 971 704 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Э.Амарсайхан нь 2018 оны 02 сараас хариуцагч компанид бутлуурын машины оператораар ажилласан. 2019 оны 12 сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дөхөмийн уурхай руу явах байсан боловч ар гэрийн гачигдлын улмаас явах боломжгүй болсон. Энэ талаар захирлуудад мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй. Ингээд нөхцөл байдлыг жижүүрт хэлээд 5 хоногийн дараа ажилдаа ирэхэд ажлаас халагдах өргөдлөө бич гэж шахсан. 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 19/06 дугаар захирлын тушаалд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан ажилтан буюу Э.Амарсайхан өөрийн санаачилгаар ажлаас халагдсан асуудал байхгүй. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авах гэтэл 2019 оны 04 сараас А ХХК нийгмийн даатгалын төлбөрөө төлөөгүй, мөн Э.А г 1 971 704 төгрөг авах ёстой гэсэн тул нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй хариуцагчаас 1 971 704 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Э.Амарсайхан нь захирлын 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 18/04 дугаар тушаалаар тус компанид бутлуурын машины оператор албан тушаалд томилогдсон. Ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль, компанийн хөдөлмөрийн дотоод журам, уурхайн кемпийн дотоод журмыг ноцтой зөрчин архи ууж ажил тасалсан тул компанийн захирлын 2019 оны 08 сарын 01-ний өдрийн 19/02 дугаар тушаалаар ажлаас халахыг сануулж, торгуулийн шийтгэл авсан. 2019 оны 12 сарын 02-ны өдөр уурхайд яаралтай ажил гарч Э.Амарсайхантай холбогдох гээд чадаагүй тул жолооч Ч.Ерөөлтийг гэр рүү нь явуулахад гэртээ ирээгүй 5 хоног архи уугаад алга болсон тухай хэлсэн. 2019 оны 12 сарын 06-ны өдөр уурхайд ээлжийн ажилд явах байсан боловч ирээгүй. 2019 оны 12 сарын 18-ны өдөр компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ж.Баярцэнгэлтэй утсаар холбогдоход хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцална гэж хэлсэн. Үүний дараа нийгмийн даатгалаас тэтгэмж авах хүсэлтэй байх тул өөрийн хүсэлтээр ажлаас халагдах тухай өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу 2019 оны 12 сарын 23-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Компанийн зүгээс Э.А г шахаж өргөдөл бичүүлээгүй болно гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК -аас 1 971 698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Амарсайханд олгож, үлдэх 6 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Амарсайханаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 46 497 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Амарсайханд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Э.Амарсайхан нь тус компанид бутлуурын машины операторчноор ажиллаж байсан бөгөөд 2019 оны 12 сарын 06-ны өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 15 хоног ажлаа таслан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. 2019 оны 12 сарын 23-ны өдөр нийгмийн даатгалд ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө өгсөн нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хуулийн хугацаанаас хэтэрсэн байх тул тэтгэмж авах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Э.Амарсайхан нь А ХХК -д холбогдуулан ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирсон гэх үндэслэлээр 1 971 704 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгчийн ажил тасалж зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ. /хх 1, 20/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2018 оны 03 сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл бутлуурын машины оператораар ажиллаж байсан үйл баримт С.Амарсайханы Нийгмийн даатгалын дэвтэр-ийн хуулбар, хариуцагч А ХХК -ийн захирлын 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 19/06 дугаар тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 5, 6/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг ажил олгогч хүлээдэг. Хариуцагч компани нь хуульд заасан уг үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын Ерөнхий газрын архивын /хх 10-12/ баримтаар тогтоогдсон, үүний улмаас Э.Амарсайхан нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангахгүй болж, улмаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдаж хохирсон байна. /хх 10-12/

 

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлд заасны дагуу Э.А авах ёстой байсан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг зөв тооцон А ХХК -аас 1 971 698 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулах зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ. Хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой үүссэн хохирол арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй.

 

Түүнчлэн, Э.Амарсайхан нь хуульд заасан хугацааг хэтрүүлж нийгмийн даатгалын байгууллагад хандсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь... гэснийг ...228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч А ХХК -ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200511778775 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР