Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 01256

 

 

 

 

 

 



 

        2020 оны 04 сарын 21 өдөр

               Дугаар 102/ШШ2020/01256

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э.А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: АТ ХХК-д холбогдох,

 

1,971,704 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.А нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн АТ ХХК-д бутлуурын машины операторын ажилд орж, ажиллаж эхэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаар Сүхбаатар аймаг, уурхай руу явах байсан. Өглөө цүнхтэй хувцсаа аваад очтол ар гэрээс ажил явдал гарлаа хүн нас барсан гэж дуудсан. Тэгээд захирлууд руу залгасан боловч утсаа авахгүй болохоор нь учир байдлаа жижүүрт хэлээд явсан. Ингээд 5 хоногийн дараа эргээд ирэхэд ажлаас чинь халсан өргөдлөө бич гэж Ж.Отгонбаяр нягтлан бодогч шахаж бичүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19/06 дугаартай захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны санаачлагаар ажлаас чөлөөлсөн гэж бичсэн байсан.  Ингээд миний бие Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж ажилгүйдлийн тэтгэмж авах гэтэл 2019 оны 4 дүгээр сараас АТ ХХК нь нийгмийн даатгалын  шимтгэлээ төлөөгүй байх тул ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй байна гэсэн. Хэрвээ компанийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж байсан бол ажилгүйдлийн тэтгэмжид 1,971,704 төгрөгийг авах ёстой байсан гэсэн. Иймд хариуцагч АТ ХХК-иас 1,971,704 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч АТ ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А нь 2018 оны 3 дугаар сараас эхлэн манай компанийн бутлуурын машины операторын ажлын байранд ажилд орсон. Э.А нь урьд нь ажлын байран дээр архи ууж, арга хэмжээ авагдсан, тухайн үед ажлаас халахыг сануулж байсан. Үүнээс 4 сарын дараа буюу 12 дугаар сарын 02-ны өдөр уурхай руу ажилд нь явуулахаар Э.Аыг дуудсан, гэтэл холбогдож чадаагүй тул энэ удаа амралтын хугацаа нь таарч байгаа юм гэж бодоод 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хүлээсэн. 12 дугаар сарын 06-ны өдөр Э.А нь өөрийнхөө ээлжинд ажилд явах ёстой байтал ирээгүй. Э.А нь үндэслэлгүй ажлаас халагдаагүй, ажлыг олон хоногоор тасалсан учраас халагдсан. Монгол Улсын нийгмийн даатгалын тухай хуулиар 14 хоногийн дотор өргөдлөө өгөх ёстой байсан байхад 14 хоног өнгөрсөн гэж үзэж байгаа тул нийгмийн даатгалаас мөнгө авах эрхээ алдсан. Э.А нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийгмийн даатгалд өргөдлөө өгсөн байдаг. Э.А нь 12 дугаар сарын 6-наас хойш ажлаа таслаад ирээгүй. Нийгмийн даатгалын хэлтэст 12 дугаар сарын 23-ны өдөр өргөдлөө өгсөн нь хуулийн 14 хоногийн хугацаа дууссан гэж үзэж байна гэжээ.

 

 Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч АТ ХХК-д холбогдуулан 1,971,704 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...тус компанийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19/06 дугаартай тушаалаар ажлаас халагдсаны дагуу ажилгүйдлийн тэтгэмжээ авахаар нийгмийн даатгалын байгууллагад хандахад ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэх үндэслэлээр надад ажилгүйдлийн тэтгэмж олгоогүй тул уг ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан 1,971,704 төгрөгийг ажил олгогчоос нэхэмжилж байна...гэж тайлбарлажээ..

 

Хариуцагч АТ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ... нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө 14 хоногийн дотор өгөх ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлж, уг тэтгэмжийг авах эрхээ алдсан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Э.А нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн АТ ХХК-ийн бутлуурын машины операторын ажлын байранд ажилд орж, ажиллаж байгаад тус компанийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19/06 дугаартай захирлын тушаалаар  ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан тушаал болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг харилцаа 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.

Ажил олгогч АТ ХХК нь Э.Аы нийгмийн даатгалын шимтгэлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл төлөх үүрэгтэй байх бөгөөд энэхүү үүргээ 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ гэжээ.

 

Гэтэл ажил олгогч АТ ХХК нь Э.Аы нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 7 сарын хугацаанд төлөөгүй байх тул Э.А нь  ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч АТ ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Э.Аыг нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжээр хохирсон гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас нийгмийн даатгалтын сангаас авах байсан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээгээр хохирол шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Амарсайхан нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халагдаж, мөн өдрөө ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажил хайгчаар бүртгэгдсэн байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ажилгүй болсноо бүртгүүлэх 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч талын гаргасан энэхүү тайлбар үндэслэлгүй байна. 

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э.Аы нийгмийн даатгалын сангаас авах байсан ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл болон 4 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Нэхэмжлэгч Э.А нь нийт 8 жил 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байх бөгөөд нийгмийн даатгалын дэвтэрт  бичигдсэн 2019 оны 9, 10, 11 дүгээр сарын цалингаар түүний сарын дундаж цалинг тооцвол, 1 сарын дундаж цалин 1,100,000 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 51,886  төгрөг болж байх бөгөөд үүний 50 хувь буюу 25,943 төгрөгийг 76 өдрөөр тооцон 1,971,698 төгрөгийг хариуцагч АТ ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгч Э.Ад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч АТ ХХК-аас 1,971,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч АТ ХХК-аас 1,971,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Ааас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлджээ, хариуцагч АТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46,497 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ЭНХЗАЯА