Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00454

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00454

 

 

 

Б.Золжаргал, П.Мөнхсүлд нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/03210 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Золжаргал, П.Мөнхсүлд нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Бархасбадьхүүд холбогдох

15 090 000 төгрөг болон Монгол улсын их сургуулийн диплом, цахилгааны инженерийн 3 дугаар зэргийн мэргэжлийн үнэмлэх гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 8 786 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Золжаргал нь Юү эс би ХХК-д 2009 оны 01 дүгээр сард Борлуулалтын менежер албан тушаалын дагуу Компьютер ланд дээрх лангуунд худалдагчаар ажилласан. 2011 оны 10 дугаар сард нөхөр П.Мөнхбаяр тус компанид камерын ажилтнаар орсон бөгөөд залуу гэр бүл, хоёр хүүхэдтэй учир хашаа байшин худалдан авахаар банкны зээл хөөцөлдөх үед тус компанийн захирал Ц.Бархасбадьхүү нь ...банкаар явах шаардлагагүй, компаниас мөнгийг төлье, танайх бага багаар төлж дуусга, бага хэмжээний хүү төлөөрэй гэсэн тул өөрсдөө явж хайж олсон Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 38 дугаар гудамжны 653 тоот хашаа, 120 м.кв талбайтай хувийн сууцыг 13 500 000 төгрөгөөр худалдан авсан. Уг мөнгийг компаниас гаргасан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ компанийн захирал Ц.Бархасбадьхүүгийн нэр дээр гарсан бөгөөд бид мөнгөө төлж дууссанаар өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар анх тохиролцсон болно. Тус компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2013 онд 1 550 000 төгрөг, 2014 онд 300 000 төгрөг болон 9 940 000 төгрөг, 2016 онд 3 300 000 төгрөг нийт 15 090 000 төгрөгийг Ц.Бархасбадьхүүгийн 5020154086 тоот данс руу шилжүүлэн төлсөн. Б.Золжаргал нь гэр бүлийн хамтаар уг хашаа байшинд 2011 оноос буюу худалдан авсан үеэс амьдарч, хашаа байшинг өөрийн гэж бодож нэлээдгүй засан сайжруулсан бөгөөд мөнгөө төлж дууссан тул өмчлөх эрхээ шилжүүлэн өгөхийг захирлаас хүсэхэд шууд үгүй өгөхгүй гэсэн тул аргагүй эрхэнд хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан болно.

Гэтэл Ц.Бархасбадьхүү нь уг хашаа байшинг анхнаасаа өөрийнх байсан, түрээсэлсэн гэж худал гүтгэсэн. Уг хашаа байшинг олж улмаар нөхрийн хамт худалдагч талтай хэд хэдэн удаа уулзаад яг худалдан авах үедээ захиралтай хамт очиж уулзахад тэрээр ...зүгээр хашаа байшин байна, маргааш би мөнгийг нь өгье, танайх нүүж орохоо л бод гэсэн. Өөрөөр хэлбэл уг хашаа байшинг худалдан авч өгсөн гэж итгүүлэн улмаар 15 090 000 төгрөгийг төлүүлэх хүртлээ танайх гэж байсан атлаа мөнгийг төлж дуусангуут өгөхгүй гээд өөрийнхөө нэр дээр байсныг ашиглаж албадан нүүлгэн гаргуулах нэхэмжлэл гарган улмаар шүүх хангаж шийдвэрлэсэн. Ц.Бархасбадьхүү нь мөнгө төлөлгүй маш сайн засан сайжруулсан хашаа байшинтай болсон бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болно.

Мөн Ц.Бархасбадьхүү нь ажилд авах үедээ мэргэжлийн диплом бичиг баримтыг эх хувиар нь авч хөдөлмөрийн гэрээний дагуу хадгалдаг бөгөөд ажлаас гарах тушаал гарч ажлаас халагдсанаас хойш мэргэжлийн баримт бичгийг огт өгөлгүй худал ярьсан. Гэтэл уг баримт бичиг буюу мэргэжлийн үнэмлэх, диплом нь бидний цаашдын ажил хөдөлмөр эрхлэхэд зайлшгүй шаардлагатай, ажлаас гараад тухайн байгууллагатай ямар ч төлбөр тооцоогүй байсаар байхад, мөн П.Мөнхсүлдийг ажлаасаа гараад 3 жил болох гэж байхад одоог хүртэл өгөөгүй болно. Иймд Ц.Бархасбадьхүүгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжин авсан мөнгө болох 15 090 000 төгрөгийг гаргуулах, мөн Б.Золжаргалын МУИС-ийг 2009 онд ус судлалын инженер мэргэжлээр төгссөн D200920470 дугаартай бакалаврын диплом, П.Мөнхсүлдийн Дорнод аймгийн шаталсан сургалттай Техник Технологийн сургуулийн барилгын тоног төхөөрөмж цахилгааны инженерийн 3 дугаар зэргийн мэргэжлийн үнэмлэхийг эх хувиар нь гаргуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05871 дүгээр шийдвэрээр талуудын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Б.Золжаргал, П.Мөнхсүлд нар хүлээн авснаас хойш ямар нэг маргаан гаргаагүй, давж заалдаагүй. Ц.Бархасбадьхүү нь Б.Золжаргалаас нийт 15,090,0000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан эсэх тал дээр ямар нэг маргаан байхгүй. Харин уг мөнгө нь хашаа, байшингийн түрээсийн төлбөр байсан бөгөөд уг асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн эзэмшлийн Юү эс би ХХК-д 2009 оноос хойш ажилласан. Б.Золжаргал нь нөхөр П.Мөнхбаяртайгаа хамт тус компанид ажилладаг байсан. Ц.Бархасбадьхүү нь хариуцагч нарын амьдралыг дэмжих үүднээс 2009 оноос хойш удаа дараа цалин хөлсийг нь нэмэгдүүлсэн. Баянхошуунд хаяг дугаар байхгүй газарт гэр барьж амьдарч байсан учраас компаниас хөрөнгө гаргаж хашаа байшин авч өгч нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээг авсан. Хашаа байшинг нэхэмжлэгч нарт өмчлүүлэх талаар ямар нэг гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Харин Ц.Бархасбадьхүүгийн гаргасан мөнгөөр худалдаж авсан хашаа байшинд нэхэмжлэгч нар түрээсийн төлбөр төлж амьдарч байсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байсан. Б.Золжаргалаас төлсөн 15 090 000 төгрөг нь хашаа, байшинг худалдан авсан төлбөр биш харин түрээсийн төлбөр байсан. Талууд хашаа, байшинг 1 сарын 250 000 төгрөгөөр түрээсэлье гэж хоорондоо тохирсон. Хариуцагчийн хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Хариуцагч түрээсийн төлбөрөө л авч байсан юм. Б.Золжаргал, П.Мөнхсүлд нар нь Юү эс би ХХК-д ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдаж, ажлаа хаяж явсан. Санхүүгийн албанаас удаа дараа шаардлага тавьсан боловч одоог хүртэл ирж санхүүгийн тооцоогоо дуусгаагүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй, тойрох хуудсаа зуруулаагүй явж байна. Б.Золжаргал, П.Мөнхсүлд нарын диплом, үнэмлэх зэрэг нь одоо хүртэл байгууллага дээр хадгалагдаад явж байгаа. Ирж авах хүсэлтээ одоо хүртэл өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Золжаргалын нөхөр П.Мөнхбаярыг нэхэмжлэлд бичсэн. П.Мөнхбаярын гаргасан алдаа, зөрчил, компанитай холбоотой маргаантай асуудлыг Б.Золжаргал хариуцах учраас сөрөг нэхэмжлэлээ бид Б.Золжаргал болон П.Мөнхсүлд нарт холбогдуулж гаргаж байна. Б.Золжаргал болон П.Мөнхсүлд нараас Юү эс би ХХК буюу хариуцагч Ц.Бархасбадьхүүгийн компанид ажиллаж байх үедээ гаргасан дутагдал, зээл, төлбөрт нийт 8,786,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Б.Золжаргалаас дараах зүйлийг нэхэмжилж байна.

1. Б.Золжаргал Юү эс би ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ Эрин төвийн 2 дугаар давхар 204 тоотод үйл ажиллагаа явуулж байсан салбар дэлгүүрийг хариуцан ажиллаж байх хугацаанд Дарь эх аривжих ХЗХ-ноос 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Юү эс би ХХК-ийн 5020231653 дугаартай Хаан банк ХХК-ийн харилцах дансанд 1 950 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. Дээрх 1 950 000 төгрөгийн орлого нь санхүүгийн ямар нэгэн баримтгүй байгаа учир тус дэлгүүрийн барааны, дутагдал, Б.Золжаргалын ажлын хариуцлагатай холбож тайлбарлана. Өөрөөр хэлбэл, Дарь эх аривжих ХЗХ нь хэзээ ч баримтгүйгээр шилжүүлсэн 1 950 000 төгрөгийг манай компаниас нэхэмжлээд ороод ирэх боломжтой учир уг мөнгийг Б.Золжаргалаар хариуцан төлүүлэх ёстой. Манай Юү эс би ХХК-ийн дансанд уг мөнгө одоо ч байгаа бөгөөд хэрэв хэн нэгэн нь нэхэмжлээд ирвэл бид гаргаж өгөх гээд байлгаж байгаа юм.

2. Иргэн Ш.Эрдэнэбаатартай хийсэн зээлийн гэрээний үлдэгдлийг гаргуулна. Б.Золжаргал нь манай Юү эс би ХХК-д ажиллаж байх хугацаанд компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор шинээр салбар нээх шаардлага гарсан. Тэгэхэд Б.Золжаргал нь ...би шинээр нээх салбарыг хариуцаж ажиллая, манай дүү П.Мөнхсүлдийг ажилд авчих гэж хэлсэн ба шинээр нээгдэх салбарт оруулах хөрөнгө оруулалтыг компаниас гаргуулах санал тавьсан. Компанийн зүгээс Б.Золжаргалын тавьсан саналын дагуу түүний сонгож авчирсан Ш.Эрдэнэбаатар гэх хүнтэй компанийг төлөөлөн 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийх эрхийг олгосон. Улмаар уг зээлсэн мөнгөөр нь шинэ салбарт тохижилтын ажил хийсэн. Үүнээс 1 400 000 төгрөгийг Б.Золжаргал нь компанид эргүүлэн төлсөн бөгөөд одоо үлдэгдэл 1 600 000 төгрөг, алданги 800 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг компанид төлөх ёстой.

3. Манай компани Принт Хаус ХХК-д 433 000 төгрөгийн өртөг бүхий ажлыг компанийн бараа, үйлчилгээгээр хийж гүйцэтгэсэн боловч тус орлого нь компанид орж ирээгүй. Санхүүгийн шалгалтын явцад татварын албанаас дээрхи ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гарч ирсэн учир тухайн үед уг ажлыг хариуцан ажиллаж байсан Б.Золжаргалаас дээрхи 433 000 төгрөгийг гаргуулна. Иймд дээрх үндэслэлүүдээр Ц.Бархасбадьхүү нь Б.Золжаргалаас 4 783 000 төгрөгийг шаардаж байна.

П.Мөнхсүлдийн дутагдал, төлбөрийн тухайд

1. П.Мөнхсүлд нь Ц.Бархасбадьхүүгийн Юү эс би ХХК-д ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 100 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 150 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 700 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 4 500 000 төгрөг, нийт 5 450 000 төгрөг зээлж авсан. Үүнээс 4 790 000 төгрөгийг компанид эргүүлэн төлсөн. Одоо 660 000 төгрөг үлдсэн байгаа. Үүн дээр компанийн зүгээс гүйцэтгэх ёстой үүргийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 330 000 төгрөгийн алданги тооцсон.

2. П.Мөнхсүлд нь Юү эс би ХХК-д ажиллаж байх хугацаандаа компанийн бараа бүтээгдэхүүнийг ашиглаж Хотхон-8 СӨХ-нд камер суурилуулж өгсөн. Гэвч тэрээр компанийн бараа хэрэгслээр хийж гүйцэтгэсэн ажлын 270 000 төгрөгийг компанид буцааж төлөөгүй.

3. Цалингийн зөрүү 1 440 000 төгрөгийг буцаан шаардаж байна. Учир нь компанийн зүгээс П.Мөнхсүлдийн урьд эрхэлж байсан камерын суурилуулалтын орон тоонд 440 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсныг цахилгааны инженер болгож цалинг 800 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэтэл П.Мөнхсүлд нь шинээр тогтоож өгсөн ажлын байранд ажиллахгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир дээрх хугацааны цалин хөлсийг 800 000 төгрөгөөр бодож олгох үндэслэлгүй учир 1 440 000 төгрөг илүү олгосон.

4. П.Мөнхсүлд компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж яваад зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас тус тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, засварын зардал нь 250,000 төгрөг болж манай компанид хохирол учруулсан

5. Компанийн зүгээс хүлээлгэж өгсөн ажлын хувцас, багаж, хэрэгсэл зэрэг 253 000 төгрөгийн эд зүйлсийг өнөөдрийг хүртэл эргүүлж байгууллагад хүлээлгэж өгөөгүй.

6. П.Мөнхсүлд нь Юү эс би ХХК-д ажиллаж байх хугацаандаа компанийн бараа бүтээгдэхүүнийг ашиглаж Очир-72 СӨХ-д хийж өгсөн хаалганы үнэ 800,000 төгрөгийг шаардана. Иймд дээрх үндэслэлүүдээр Ц.Бархасбадьхүү нь нийт 4,003,000 төгрөгийг П.Мөнхсүлдээс нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. П.Мөнхсүлд, Б.Золжаргал нар нь Ц.Бархасбадьхүүгийн Юү эс би ХХК-д ажиллаж байхдаа учруулсан хохирол, зээл, төлбөрийн асуудлын талаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцааны үед үүссэн маргаан учраас Ц.Бархасбадьхүү нь хуулийн этгээдийн өмнөөс шаардах эрхгүй. Тэгээд ч хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч нар ийм хэмжээний хохирол, төлбөр учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Бархасбадьхүүгээс 15 090 000 төгрөгийг гаргуулан Б.Золжаргалд олгож, Ц.Бархасбадьхүүгээс Монгол улсын их сургуулийг 2009 онд ус судлалын инженер мэргэжлээр төгссөн D200920470 дугаартай бакалаврын диплом, Дорнод аймгийн шаталсан сургалттай Техник технологийн сургууль-ийн барилгын тоног төхөөрөмж, цахилгааны инженерийн 3 дугаар зэргийн мэргэжлийн үнэмлэхүүдийг эх хувиар нь гаргуулах тухай Б.Золжаргал болон П.Мөнхсүлд нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан Б.Золжаргал болон П.Мөнхсүлд нараас 8 786 000 төгрөг гаргуулах тухай Ц.Бархасбадьхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 600 төгрөг, хариуцагчаас төлсөн 156 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бархасбадьхүүгээс 233 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Золжаргалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Золжаргал, П.Мөнхсүлд нарын нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ц.Бархасбадьхүүгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дүгнэж үзээд нэхэмжлэлийн шаардлага гаргах субьект болон тус шаардлагыг хариуцах жинхэнэ хариуцагч нарыг иргэн, хуулийн этгээдийн статусаар ялгаатай байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ байдлаараа анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримталж шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг тогтоосон атлаа нэхэмжлэгчийн 15 090 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Иргэний хуулийн 106, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталж хангаж шийдвэрлэж байгаа нь хууль бус юм. Хариуцагч Ц.Бархасбадьхүүгийн зүгээс нэхэмжлэгч Б.Золжаргал, П.Мөнхсүлд нартай өмнө нь иргэний хувиар ямар ч харилцаа үүсгэж байсан зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагчийн эзэмшлийн Юү Эс Би ХХК-д ажилладаг энэ байдлаараа ажил олгогч, ажилтны байр сууринаас аливаа асуудалд хандаж шийдвэрлэж ирсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай тогтоогддог.

Энэ байдлаараа нэхэмжлэгч нарын 15 090 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон иргэн Ц.Бархасбадьхүү гэх хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг ноцтой зөрчсөн, хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй байна. Нэгэнт нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг иргэн Ц.Бархасбадьхүүд зарим хэсгийг Юү Эс Би ХХК тус тус хамаарна гэж тайлбарлан шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Золжаргал, П.Мөнхсүлд нар нь хариуцагч Ц.Бархасбадьхүүд холбогдуулан 15 090 000 төгрөг болон Монгол улсын их сургуулийн диплом, цахилгааны инженерийн 3 дугаар зэргийн мэргэжлийн үнэмлэх гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 8 786 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 38 дугаар гудамжны 653 тоот хашаа, 120 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгч нь Ц.Бархасбадьхүү бөгөөд уг хашаа байшингийн үнэд Б.Золжаргал түүний нөхөр П.Мөнхбаяр нар 15 090 000 төгрөгийг Ц.Бархасбадьхүүгийн Хаан банкан дах 5020832676 тоот дансанд шилжүүлэн төлсөн үйл баримт нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05871 дүгээр шийдвэр, Б.Золжаргалын депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна. /хх-6-21, 30-33/

Б.Золжаргал өмнө нь Ц.Бархасбадьхүүд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05871 дүгээр шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 38 дугаар гудамжны 653 тоот хашаа, 120 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас уг маргаан бүхий хувийн сууцнаас Б.Золжаргал, П.Мөнхсүлд, П.Мөнхбаяр нарыг албадан нүүлгэх хэсгийг хангаж, түрээсийн гэрээний үүрэгт 1 160 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Талуудын хооронд дээрх хашаа байшинг түрээслэх болон хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлохгүй, зохигч болон хэргийн оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй гэж шүүх тус тус дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсгийг зөрчөөгүй. Хариуцагчийн хөлслөх болон түрээсийн гэрээний төлбөр, хөлс авсан гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 15 090 000 төгрөгийг Ц.Бархасбадьхүү нь үндэслэлгүй хөрөнгөжсөний улмаас нэхэмжлэгч уг хөрөнгөө түүнээс шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцсэн. Нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаар Ц.Бархасбадьхүүг тодорхойлсон, 15 090 000 төгрөгийг хуулийн этгээдийн бус түүний хувийн дансанд шилжүүлсэн тул шүүх дээрх 15 090 000 төгрөгийг Ц.Бархасбадьхүүгээс гаргуулсан нь зөв бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Мөн Б.Золжаргал, П.Мөнхсүлд нарын Юу эс би ХХК-д ажиллаж байх хугацааны үйл баримт, хохирол, төлбөр тооцоог хуулийн этгээд бус, иргэнтэй холбогдуулан шаардаж байгаа нь үндэслэлгүй болох талаар дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар тухайн шаардлага гаргахдаа зохигчийг зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/03210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Б.НАРМАНДАХ