Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 3210

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/03210

Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч М.Мөнхтөр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ….. дүүрэг,…. дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, …в байр,…. тоотод оршин суух, …. овогт Б.З,

 

Нэхэмжлэгч: ….. дүүрэг,…. дугаар хороо, …дугаар байр,….тоотод оршин суух, П.Мнарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:….. дүүрэг, …. хороо,…. байр, … тоотод оршин суух, Боржигин овогтой Ц.Б холбогдох,

 

15,090,000 төгрөг болон Монгол улсын их сургуулийн диплом, цахилгааны инженерийн 3 дугаар зэргийн мэргэжлийн үнэмлэх гаргуулах тухай үндсэн

 

8,786,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Зминий бие “Юү эс би” ХХК-д 2009 оны 01 дүгээр сард “Борлуулалтын менежер” албан тушаалын дагуу “Компьютер ланд” дээрх лангуунд худалдагчаар ажиллаж байсан болно. Мөн 2011 оны 10 дугаар сард нөхөр П.Мөнхбаяр тус компанид камерын ажилтнаар орсон бөгөөд бид залуу гэр бүл, хоёр хүүхэдтэй учир хашаа байшин худалдан авахаар банкны зээл хөөцөлдөх үед тус компанийн захирал Ц.Б нь “...банкаар явах шаардлагагүй, компаниас мөнгийг төлье, танайх бага багаар төлж дуусга, бага хэмжээний хүү төлөөрэй” гэсэн тул бид өөрсдөө явж хайж олсон Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 38 гудамжны 653 тоот хашаа, 120 м.кв талбайтай хувийн сууцыг 13,500,000 төгрөгөөр худалдан авсан. Уг мөнгийг компаниас гаргасан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ компанийн захирал Ц.Бгийн нэр дээр гарсан бөгөөд бид мөнгөө төлж дууссанаар өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар анх тохиролцсон болно. Ингээд миний бие нөхрийн хамтаар тус компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2013 онд 1,550,000 төгрөг, 2014 онд 300,000 төгрөг болон 9,940,000 төгрөг, 2016 онд 3,300,000 төгрөгөөр нийт 15,090,000 төгрөгийг Ц.Бгийн 5020154086 тоот данс руу шилжүүлэн төлсөн. Миний бие гэр бүлийн хамтаар уг хашаа байшинд 2011 оноос буюу худалдан авсан үеэс амьдарч, хашаа байшинг өөрийн гэж бодож нэлээдгүй засан сайжруулсан бөгөөд мөнгөө төлж дууссан тул өмчлөх эрхээ шилжүүлэн өгөхийг захиралаас хүсэхэд шууд үгүй өгөхгүй гэсэн тул аргагүй эрхэнд хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан болно. Гэтэл Ц.Б нь уг хашаа байшинг анхнаасаа өөрийнх байсан, түрээслэсэн гэж худал гүтгэсэн. Уг хашаа байшинг би өөрөө олж улмаар нөхрийн хамт худалдагч талтай хэд хэдэн удаа уулзаад яг худалдан авах үедээ захиралтай хамт очиж уулзахад тэрээр “...зүгээр хашаа байшин байна, маргааш би мөнгийг нь өгье, танайх нүүж орохоо л бод” гэсэн. Өөрөөр хэлбэл уг хашаа байшинг манай гэр бүлд худалдан авч өгсөн гэж итгүүлэн улмаар биднээс 15,090,000 төгрөгийг төлүүлэх хүртлээ танайх гэж байсан атлаа мөнгийг төлж дуусангуут өгөхгүй гээд өөрийнхөө нэр дээр байсныг ашиглаж албадан нүүлгэн гаргуулах нэхэмжлэл гарган улмаар шүүх хангаж шийдвэрлэн бид гудамжинд гараад байна. Өөрөөр хэлбэл Ц.Б нь нэг ч төгрөг төлөлгүй маш сайн засан сайжруулсан хашаа байшинтай болсон бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болно. Мөн Ц.Бархасбадь нь ажилд авах үедээ мэргэжлийн диплом бичиг баримтыг эх хувиар нь авч хөдөлмөрийн гэрээний дагуу хадгалдаг бөгөөд ажлаас гарах тушаал гарган ажлаас гарснаас хойш мэргэжлийн баримт бичгийг огт өгөлгүй худлаа үнэн ярьсаар бараг жил гарангийн хугацаа болж байна. Гэтэл уг баримт бичиг буюу мэргэжлийн үнэмлэх, диплом нь бидний цаашдын ажил хөдөлмөр эрхлэхэд зайлшгүй шаардлагатай байхад намайг ажлаас гараад тухайн байгууллагатай ямар ч төлбөр тооцоогүй байсаар байхад, мөн манай дүү П.Мөнхсүлдийг ажлаасаа гараад 3 жил болох гэж байхад мэргэжлийн үнэмлэхийг нь одоог хүртэл өгөөгүй болно. Иймд Ц.Бгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжин авсан мөнгө болох 15,090,000 төгрөгийг гаргуулах, мөн миний МУИС-ийг 2009 онд ус судлалын инженер мэргэжлээр төгссөн D200920470 дугаартай бакалаврын диплом, манай дүү П.Мөнхсүлдийн Дорнод аймгийн шаталсан сургалттай Техник Технологийн сургуулийн барилгын тоног төхөөрөмж цахилгааны инженерийн 3 дугаар зэргийн мэргэжлийн үнэмлэхийг эх хувиар нь гаргуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05871 дүгээр шийдвэрээр бидний хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Б.Золжаргал, П.Мнар хүлээн авснаас хойш ямар нэг маргаан гаргаагүй, давж заалдаагүй. Б.Золжаргал, П.Мнар нь “Юү эс би” ХХК-д ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдаж, ажлаа хаяж явсан. Санхүүгийн албанаас удаа дараа шаардлага тавьсан боловч одоог хүртэл ирж санхүүгийн тооцоогоо дуусгаагүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй, тойрох хуудсаа зуруулаагүй явж байна. Б.Золжаргал, П.Мнарын диплом, үнэмлэх зэрэг нь одоо хүртэл байгууллага дээр хадгалагдаад явж байгаа. Ирж авах хүсэлтээ одоо хүртэл өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Ц.Б нь өнөөдөр Б.Золжаргалаас авсан 15,090,000 төгрөг болон засан сайжруулсан хашаа байшинтай болж, үндэслэлгүй хөрөнгөжөөд байна. Уг мөнгийг л Б.Збуцаан шаардаж байгаа.  Ц.Б нь Б.Золжаргал, П.Мөнхсүх нарыг ажилд авахдаа диплом, мэргэжлийн үнэмлэх хоёрыг нь авсан. Гэтэл тэрээр П.Мөнхсүлдийг ажлаас гараад 3 жил болж байхад мэргэжлийн үнэмлэхийг нь, Б.Золжаргалд дипломыг нь өгөөгүй. Иймээс нэхэмжлэгч Б.Знь 2013-2016 оны хооронд хашаа байшин авахаар хариуцагчид төлсөн 15,090,0000 төгрөг, Монгол улсын Их сургуулын бакалаврын дипломоо, П.Мнь өөрийн мэргэжлийн үнэмлэхээ Ц.Бгээс шаардаж шүүхэд хандсан.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. П.Мөнхсүлд, Б.Знар нь Ц.Бгийн “Юү эс би” ХХК-д ажиллаж байхдаа учруулсан хохирол, зээл, төлбөрийн асуудлын талаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Гэтэл энэ нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцааны үед үүссэн маргаан учраас Ц.Б нь хуулийн этгээдийн өмнөөс шаардах эрхгүй. Тэгээд ч хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч нар ийм хэмжээний хохирол, төлбөр учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05871 дүгээр шийдвэрээр Ц.Б, Б.Золжаргал, П.Мнарын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрт маргалдагч талуудын хэн аль нь гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон. Ц.Б нь Б.Золжаргалаас нийт 15,090,0000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан эсэх тал дээр ямар нэг маргаан байхгүй. Харин уг мөнгө нь хашаа, байшингийн түрээсийн төлбөр байсан бөгөөд уг асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн эзэмшлийн “Юү эс би” ХХК-д 2009 оноос хойш ажилласан. Б.Знь нөхөр П.Мөнхбаяртайгаа хамт тус компанид ажилладаг байсан. Ц.Б нь хариуцагч нарын амьдралыг дэмжих үүднээс 2009 оноос хойш удаа дараа цалин хөлсийг нь нэмэгдүүлсэн. Баянхошуунд хаяг дугаар байхгүй газарт гэр барьж амьдарч байсан учраас компаниас хөрөнгө гаргаж хашаа байшин авч өгч нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээг авсан. Хашаа байшинг нэхэмжлэгч нарт өмчлүүлэх талаар ямар нэг гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Харин Ц.Бгийн гаргасан мөнгөөр худалдаж авсан хашаа байшинд нэхэмжлэгч нар түрээсийн төлбөр төлж амьдарч байсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байсан. Б.Золжаргалаас төлсөн 15,090,000 төгрөг нь хашаа, байшинг худалдан авсан төлбөр биш харин түрээсийн төлбөр байсан. Талууд хашаа, байшинг 1 сарын 250,000 төгрөгөөр түрээслье гэж хоорондоо тохирсон. Хариуцагчийн хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Хариуцагч түрээсийн төлбөрөө л авч байсан юм. Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хувьд нэхэмжлэгч нар хариуцагчийн компанид ажиллаж байхдаа төлбөр тооцоогоо дуусгаагүй, тойрох хуудас зураагүй байгаа учраас компанитай холбоотой төлбөр тооцоогоо дуусгавал буцааж өгөхөд татгалзах зүйлгүй.

Б.Золжаргалын нөхөр П.Мөнхбаярыг нэхэмжлэлд бичсэн байсан. Гэвч П.Мөнхбаярын гаргасан алдаа, зөрчил, компанитай холбоотой маргаантай асуудлыг Б.Зхариуцах учраас сөрөг нэхэмжлэлээ бид Б.Зболон П.Мнарт холбогдуулж гаргаж байна.  Б.Зболон П.Мнараас “Юү эс би” ХХК буюу хариуцагч Ц.Бгийн компанид ажиллаж байх үедээ гаргасан дутагдал, зээл, төлбөрт нийт 8,786,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлээ дараах байдлаар тодруулан тайлбарлаж байна. Үүнд:

Нэг. Б.Золжаргалаас дараах зүйлийг нэхэмжилж байна. 

1/ Б.З“Юү эс би” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ Эрин” төвийн 2 дугаар давхар 204 тоотод үйл ажиллагаа явуулж байсан салбар дэлгүүрийг хариуцан ажиллаж байх хугацаанд “Дарь эх аривжих” ХЗХ-ноос 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Юү эс би” ХХК-ийн 5020231653 дугаартай “ХААН” банкны харилцах дансанд 1,950,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. Дээрхи 1,950,000 төгрөгийн орлого нь санхүүгийн ямар нэгэн баримтгүй байгаа учир тус дэлгүүрийн барааны, дутагдал, Б.Золжаргалын ажлын хариуцлагатай холбож тайлбарлана. Өөрөөр хэлбэл, “Дарь эх аривжих” ХЗХ нь хэзээ ч баримтгүйгээр шилжүүлсэн 1,950,000 төгрөгийг манай компаниас нэхэмжлээд ороод ирэх боломжтой учир уг мөнгийг Б.Золжаргалаар хариуцан төлүүлэх ёстой. Манай “Юү эс би” ХХК-ийн дансанд уг мөнгө одоо ч байгаа бөгөөд хэрэв хэн нэгэн нь нэхэмжлээд ирвэл бид гаргаж өгөх гээд байлгаж байгаа юм.

2/ Иргэн Ш.Эрдэнэбаатартай хийсэн зээлийн гэрээний үлдэгдлийг гаргуулна. Б.Знь манай “Юү эс би” ХХК-д ажиллаж байх хугацаанд компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор шинээр салбар нээх шаардлага гарсан. Тэгэхэд Б.Знь “...би шинээр нээх салбарыг хариуцаж ажиллая, манай дүү П.Мөнхсүлдийг ажилд авчих” гэж хэлсэн ба шинээр нээгдэх салбарт оруулах хөрөнгө оруулалтыг компаниас гаргуулах санал тавьсан. Компанийн зүгээс Б.Золжаргалын тавьсан саналын дагуу түүний сонгож авчирсан Ш.Эрдэнэбаатар гэх хүнтэй компанийг төлөөлөн 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийх эрхийг олгосон. Улмаар уг зээлсэн мөнгөөр нь шинэ салбарт тохижилтын ажил хийсэн. Үүнээс 1,400,000 төгрөгийг Б.Знь компанид эргүүлэн төлсөн бөгөөд одоо үлдэгдэл 1,600,000 төгрөг, алданги 800,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөгийг компанид төлөх ёстойг нэхэмжилж байна.

3/ Манай компани “Принт Хаус” ХХК-д 433,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг компанийн бараа, үйлчилгээгээр хийж гүйцэтгэсэн боловч тус орлого нь компанид орж ирээгүй. Санхүүгийн шалгалтын явцад татварын албанаас дээрхи ажил үйлчилгээний нэмэгдсэн өртөгийн албан татварын баримт гарч ирсэн учир тухайн үед уг ажлыг хариуцан ажиллаж байсан Б.Золжаргалаас дээрхи 433,000 төгрөгийг нэхэмжлэх үндэстэй юм.  Иймд дээрх үндэслэлүүдээр Ц.Б нь Б.Золжаргалаас 4,783,000 төгрөгийг шаардаж байна.

Хоёр: П.Мөнхсүлдийн дутагдал, төлбөрийн тухайд:

1/ П.Мнь Ц.Бгийн “Юү эс би” ХХК-д ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 100,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 150,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 700,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 4,500,000 төгрөг, нийт 5,450,000 төгрөг зээлж авсан. Үүнээс 4,790,000 төгрөгийг компанид эргүүлэн төлсөн. Одоо 660,000 төгрөг үлдсэн байгаа. Үүн дээр компанийн зүгээс гүйцэтгэх ёстой үүргийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 330,000 төгрөгийн алданги тооцсон байгаа тул нийт 990,000 төгрөгийг нэхэмжилнэ.

2/ П.Мнь “Юү эс би” ХХК-д ажиллаж байх хугацаандаа компанийн бараа бүтээгдэхүүнийг ашиглаж “Хотхон-8” СӨХ-нд камер суурилуулж өгсөн. Гэвч тэрээр компанийн бараа хэрэгслээр хийж гүйцэтгэсэн ажлын 270,000 төгрөгийг компанид буцааж төлөөгүй. Иймд уг мөнгийг буцаан шаардаж байна. 

3/ Цалингийн зөрүү 1,440,000 төгрөгийг буцаан шаардаж байна. Учир нь компанийн зүгээс П.Мөнхсүлдийн урьд эрхэлж байсан камөрын суурилуулалтын орон тоонд 440,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсныг цахилгааны инженер болгож цалинг 800,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэтэл П.Мнь шинээр тогтоож өгсөн ажлын байранд ажиллахгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир дээрхи хугацааны цалин хөлсийг 800,000 төгрөгөөр бодож олгох үндэслэлгүй учир илүү олгосон 1,440,000 төгрөгийг П.Мөнхсүлдээс нэхэмжилнэ.

4/ П.Мкомпанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж яваад зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас тус тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, засварын зардал нь 250,000 төгрөг болж манай компанид хохирол учруулсан. Иймд уг мөнгийг нэхэмжилнэ.

5/ Компанийн зүгээс хүлээлгэж өгсөн ажлын хувцас, багаж, хэрэгсэл зэрэг 253,000 төгрөгийн эд зүйлсийг өнөөдрийг хүртэл эргүүлж байгууллагад хүлээлгэж өгөөгүй. Дээрхи төлбөрийг буюу 253,000 төгрөгийг П.Мөнхсүлдээс нэхэмжилж байна.

6/ П.Мнь “Юү эс би” ХХК-д ажиллаж байх хугацаандаа компанийн бараа бүтээгдэхүүнийг ашиглаж “Очир-72” СӨХ-д хийж өгсөн хаалганы үнэ 800,000 төгрөгийг шаардана. Иймд дээрх үндэслэлүүдээр Ц.Б нь нийт 4,003,000 төгрөгийг П.Мөнхсүлдээс нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Үндсэн нэхэмжлэл:

 

Б.Знь 2016 онд хариуцагч Ц.Бд холбогдуулж Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 38 дугаар гудамжны 653 тоотод байршилтай, 120 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. 

 

Ц.Б нь дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба улмаар Б.Знарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн буюу Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 38 дугаар гудамжны 653 тоотод байршилтай, 120 м.кв талбайтай хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний үүрэгт 1,160,000 төгрөг гаргуулахаар  сөрөг нэхэмжлэлийг гарган маргаж байжээ. 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05871 дүгээр шийдвэрээр Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 38 дугаар гудамжны 653 тоотод байршилтай, 120 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Золжаргалын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудаас уг маргаан бүхий хувийн сууцнаас Б.Золжаргал, П.Мөнхсүлд, П.Мөнхбаяр нарыг албадан нүүлгэх хэсгийг хангаж, түрээсийн гэрээний үүрэгт 1,160,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байжээ.

 

Б.Знь Ц.Бгээс 15,090,000 төгрөг болон Монгол улсын их сургуулийг 2009 онд “ус судлалын инженер” мэргэжлээр төгссөн “D200920470” дугаартай бакалаврын дипломыг гаргуулахаар, харин П.Мнь Дорнод аймгийн шаталсан сургалттай “Техник технологийн сургууль”-ийн барилгын тоног төхөөрөмж, цахилгааны инженерийн 3 дугаар зэргийн мэргэжлийн үнэмлэхийг эх хувиар нь гаргуулахаар тус тус шүүхэд хандсан байна.

 

15,090,000 төгрөг гаргуулах шаардлага:

 

Б.Знь Ц.Бгээс 15,090,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Ц.Бгийн компанид ажиллаж байх хугацаанд Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 38 дугаар гудамжны 653 тоотод байршилтай, 120 м.кв талбайтай хувийн сууцны үнийг бага багаар төлж дуусгасан боловч тэрээр амалсан ёсоороо уг хашаа, байшинг миний өмчлөлд шилжүүлээгүй тул 2013-2016 онуудын хооронд Ц.Бгийн данс руу хийсэн 15,090,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй” гэж тайлбарласан.   

 

Хариуцагчийн зүгээс 15,090,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба “...Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 38 дугаар гудамжны 653 тоотод байршилтай, 120 м.кв талбайтай хувийн сууцыг Б.Знарт 1 сарын 250,000 төгрөгөөр түрээслэж байсан тул уг мөнгийг буцааж төлөхгүй”, “...тэгээд ч уг хашаа, байшингийн талаарх маргаантай асуудлыг шүүх нэгэнт шийдвэрлэсэн, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоосон” гэж өөрийн татгалзлаа тайлбарлаж байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05871 дүгээр шийдвэрээс үзэхэд Б.Зболон Ц.Б нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар бус харин Ц.Бг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,160,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нотлоогүй, үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй талаар шүүх дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй.

 

Б.Зболон Ц.Б нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй, хариуцагчийн “...Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 38 дугаар гудамжны 653 тоотод байршилтай, 120 м.кв талбайтай хувийн сууцыг Б.Знарт 1 сарын 250,000 төгрөгөөр түрээслэсэн тул Б.Золжаргалаас төлсөн 15,090,000 төгрөгийг буцаан төлөхгүй” гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байх тул уг мөнгийг Ц.Бгээс гаргуулж Б.Золжаргалд олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Диплом болон мэргэжлийн үнэмлэх гаргуулах:

 

Б.Зболон П.Мнар нь хариуцагч Ц.Бгийн “Юү эс би” ХХК-д ажилд орохдоо Монгол улсын их сургуулийг 2009 онд “ус судлалын инженер” мэргэжлээр төгссөн “D200920470” дугаартай бакалаврын диплом, Дорнод аймгийн шаталсан сургалттай “Техник технологийн сургууль”-ийн барилгын тоног төхөөрөмж, цахилгааны инженерийн 3 дугаар зэргийн мэргэжлийн үнэмлэхүүдээ эх хувиар нь тус компанид өгсөн, эдгээр диплом болон мэргэжлийн үнэмлэхүүд нь одоо “Юү эс би” ХХК-ийн эзэмшилд хадгалагдаж байгаа талаар зохигчид маргаагүй.  

 

Хэдийгээр өмчлөгч өөрийн эд хөрөнгөө эзэмших эрхгүй этгээдээс буюу бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгээр зохицуулсан боловч нэгэнт диплом болон мэргэжлийн үнэмлэхүүд нь Ц.Бгийн бус харин “Юү эс би” ХХК-ийн эзэмшилд хадгалагдаж байгаа учир уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Б.Зболон П.Мнар нь Ц.Бгийн “Юү эс би” ХХК-д 2009 оноос 2016 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг ажилтнаар нөхөн төлүүлэхээр ажил олгогч шүүхэд хандах эрхтэй.

 

Гэтэл Б.Зболон П.Мнар “Юү эс би” ХХК-д ажиллаж байх хугацаанд байгууллагад учруулсан гэх хохирлыг хуулийн этгээд бус иргэн Ц.Б нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул Б.Зболон П.Мнараас “Юү эс би” ХХК-д ажиллаж байх хугацаанд байгууллагад учруулсан хохиролд 8,786,000 төгрөг гаргуулах тухай Ц.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Бгээс 15,090,000 төгрөгийг гаргуулан Б.Золжаргалд олгож, Ц.Бгээс Монгол улсын их сургуулийг 2009 онд “ус судлалын инженер” мэргэжлээр төгссөн “D200920470” дугаартай бакалаврын диплом, Дорнод аймгийн шаталсан сургалттай “Техник технологийн сургууль”-ийн барилгын тоног төхөөрөмж, цахилгааны инженерийн 3 дугаар зэргийн мэргэжлийн үнэмлэхүүдийг эх хувиар нь гаргуулах тухай Б.Зболон П.Мнарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Зболон П.Мнараас 8,786,000 төгрөг гаргуулах тухай Ц.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,600 төгрөг, хариуцагчаас төлсөн 156,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгээс 233,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Золжаргалд олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                          
 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Н.ХАНГАЛ

 

                           ШҮҮГЧ                                                 М.МӨНХТӨР

 

                                                                                       Ч.МӨНХЦЭЦЭГ