Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02139

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02300 дугаар шийдвэртэй,

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д ХХК,  *** банк ХХК-д тус тус холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алдангид 68 580 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Д ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт 48.5 м.кв талбайг худалдан авахаар харилцан тохиролцсон.

Гэрээний үнэд нийт 223 100 000 төгрөг төлсөн 2017 оны 06 дугаар сарын үед Д ХХК-ийн зүгээс Соло молл худалдааны төвийн 1, 2 дугаар давхарт И-март хайпермаркет байрлан ажиллахаар болсон. Энэ нь танай талбайтай давхацаж байх тул талбайн байрлалыг өөрчлөх тухай санал тавьсан, гэрээнд заасан өөр байршилд шилжүүлсэн, бидэнд тус худалдааны төвийн баруун талын үүдэн хэсэгт 53,56 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний талбайг хүлээлгэж өгсөн.

Д ХХК-ийн зүгээс бидэнд өнөөдрийг хүртэл улсын комиссын актыг болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөөгүй. Гэтэл *** банк ХХК-иас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2а/341 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт Д ХХК нь тус банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт Соло молл төвийн 1, 2 дугаар давхарын үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шилжүүлсэн бөгөөд танай эмийн сан уг шилжүүлсэн хэсэгт байршиж байна гэж дурдаж, талбайг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн.

Бидний хооронд байгуулагдсан гэрээний 7.2 дахь хэсэгт ашиглалтанд оруулахаар 3.5-д заасан хугацаа 45 хоногоор хойшилсон тохиолдолд худалдагч тал алданги төлөхгүй. 46 дахь хоногоос эхлэн худалдан авагч талд гэрээний үнийн дүнгийн 20 хувийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө гэж заасан байдаг. Д ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 1537 хоногийн хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул нийт 68 580 940 төгрөгийн алдангийг манай компанид төлөхөөр байна.

Иймд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Соло молл худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах, 107 дугаар бүхий 48.5 м.кв худалдаа үйлчилгээний талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Д ХХК-иас алдангид 68 580 940 төгрөгийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгаж өгнө үү.

Хэрэг цугларсан баримтуудаас үзэхэд бидний өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа маргааны зүйл болох талбай нь *** банк ХХК-д шилжээгүй болох нь тогтоогдож байх тул *** банк ХХК-аас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 15/15-008 тоот зээлийн төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр худалдааны төвийн 1 дүгээр давхарын 104 тоотын 88.6 м.кв талбай, 105 тоотын 180 м.кв талбайг тус тус *** банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 1 дүгээр давхарын 1 870 м.кв талбай нь *** банк ХХК-ийн өмчлөлд шилжсэн.

Тус 1 870 м.кв талбайд 107 тоотын 48.5 м.кв талбай нь хамаарахгүй тул *** банк ХХК нь талбай чөлөөлүүлэх үндэслэлгүй. Х ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр SS15-001 тоот Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Скайхайпермаркет ХХК-тай /Имарт/ түрээсийн гэрээ байгуулсан ба Х ХХК-тай тохиролцон харилцан ашигтай байх нөхцөлөөр 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн SS15-001 тоот гэрээний нэмэлт хэлцлийг баталгаажуулан байгуулсан.

Энэхүү хэлэлцээр Х ХХК нь 1 дүгээр давхарын 107 тоотоос 104, 105 тоотын нийт 268.6 м.кв талбайн 48.5 м.кв талбай руу шилжсэн. Иймд манай компанийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад саад учруулсан буруутай үйлдэл байхгүй тул 68 580 940 төгрөгийн алдангийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Худалдааны төвийн 1 дүгээр давхарын 104, 105 тоотын 286.6 м.кв талбайгаас 48.5 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг *** банк ХХК-д даалгаж өгөхөөр тус тус шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *** банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** банк ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлд аливаа эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэл хийгээгүй. Нөгөө талаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг бөгөөд *** банк ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр одоо нэхэмжлэгчийн байршиж буй Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай Соло молл төвийн 1 дүгээр давхарын 104 тоот 88.6 м.кв талбай, 105 тоот 180 м.кв талбайн өмчлөгч болсон.

Энэ нь нэхэмжлэгч болон хариуцагч Д ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэх гэрээний уг талбайг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар аливаа эрхгүй байсныг гэрчлэх бөгөөд нэхэмжлэгчид уг талбайг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00846 дугаар захирамжаар Д ХХК нь 3,082,117,500 төгрөгт тооцон Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205043374 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн 2 дугаар давхарын 2108.85 м.кв талбай, 1 дүгээр давхарын 174.2 м.кв талбайг тус тус *** банк ХХК-ийн өмчлөлд 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжүүлж, үлдэх 10 893 373 418 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 28-нд төлөх, төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол /160921/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, Д ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай, Ү-2205034474 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд одоо уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байна.

Өөрөөр хэлбэл, Д ХХК-ийн өмчлөлд байгаа талбайг албадан дуудлага худалдаа явуулж зээлийн төлбөрийг төлүүлэх ажиллагаа дуусахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Маргааны зүйл болох 107 тоот нь *** банк ХХК-ийн өмчлөлд Д ХХК-аас шилжин ирсэн, манаай өмчлөлийн талбай байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч *** банк ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийг Баянгол дүүрэг, 13 дугаар хороонд байрлах Соло молл /Solo mall/ худалдаа, үйлчилгээний төвийн 107 тоот үйлчилгээний зориулалттай, 48.5 м.кв хэмжээтэй талбайн өмчлөгчөөр тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Д ХХК-д даалгаж, хариуцагч Д ХХК-иас 68,580,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 844 505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 1 844 505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Манай компани нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр худалдааны төвийн 1 дүгээр давхарын 104 тоотын 88.6м.кв талбай, 105 тоотын 180м.кв талбайг тус тус *** банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 1 дүгээр давхарын 1870 м.кв талбай нь *** банк ХХК-ийн өмчлөлд шилжсэн.

Х ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Скайхайпермаркет ХХК-тай /И март/ Түрээсийн гэрээ байгуулсан ба Х ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний нэмэлт хэлцлийг баталгаажуулан байгуулсан. Энэхүү хэлцлээр Х ХХК нь 1 дүгээр давхарын 107 тоотоос 104, 105 тоотын нийт 268.6м.кв талбайн 48,5м.кв талбай руу шилжсэн.

Иймд Х ХХК нь дээрх хэлцлүүдийг мэдсээр байж өөрсдөө хүлээн зөвшөөрч талбайгаа шилжүүлэн, тус талбайдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ашиг орлого олж байгаа билээ. Манай компаний зүгээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад саад учруулсан буруутай үйлдэл байхгүй тул алданги 68 580 940 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д ХХК, *** банк ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алдангид 68 580 940 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** банк ХХК-нд холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

 

Х ХХК нь Д ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д ХХК нь Баянгол дүүрэг, 13 дугаар хороонд байрлах Соло молл /Solo mall/ худалдаа, үйлчилгээний төвд үйлчилгээний зориулалттай, 107 тоотод байршилтай 48.5 м.кв талбайг худалдах, Х ХХК нь 1 м.кв талбайг 4 600 000 төгрөгөөр тооцон, нийт 223 100 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Х ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж гэрээний үнэд нийт 223 100 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэлд дурдсан 107 тоот 48.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *** банк ХХК-ийн өмчлөлд байгаа гэх тайлбарыг *** банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан баайхад анхан шатны шүүхээс уг үйл баримтыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэргийн баримтаас үзвэл Д ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Ү-2205034474 дугаарт бүртэлтэй 27176.33 м.кв талбай бүхий 5 давхар барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж байсан ба одоогийн байдлаар 21155.73 м.кв талбайгаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна. Хэд хэдэн удаагийн хэлцлээр *** банк ХХК-д уг барилгын тодорхой хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн ба үүний дотор маргаан бүхий 107 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө орсон эсэх нь эргэлзээтэй байна.

 

Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр өмчлөх эрх шилжсэнийг тодорхойлох боломжгүй юм.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох *** банк ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж байгаа тохиолдолд түүний үр дагаврыг шүүхээс тайлбарлаж өгсөн эсэх, түүнчлэн уг зөрүүтэй, эргэлзээтэй, тогтоогдоогүй баримтыг тодруулж талуудыг мэтгэлцүүлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх байжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт, алдааг залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА