Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01057

 

2022           11            08                                         001/ХТ2022/01057

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02300 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2139 дүгээр магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Д Э Т” ХХК, “ХБ” ХХК-д тус тус холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алдангид 68,580,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Тэмүлэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Х” ХХК нь “Д Э Т” ХХК, “ХБ” ХХК-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алдангид 68,580,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02300 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “ХБ” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийг Баянгол дүүрэг, 13 дугаар хороонд байрлах “С М” /S M/ худалдаа, үйлчилгээний төвийн 107 тоот үйлчилгээний зориулалттай, 48.5 м2 хэмжээтэй талбайн өмчлөгчөөр тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч “Д Э Т” ХХК-д даалгаж, хариуцагч “Д Э Т” ХХК-иас 68,580,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,844,505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д Э Т” ХХК-иас 1,844,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2139 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Тэмүлэн хяналтын гомдолдоо: Магадлалыг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ...Шийдвэрээр “Х” ХХК-ийг Баянгол дүүрэг, 13-р хороонд байрлах “С М” худалдаа, үйлчилгээний төвийн 107 тоот үйлчилгээний зориулалттай, 48.5 м2 хэмжээтэй талбайн өмчлөгчөөр тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч “Д Э Т” ХХК-д даалгаж, хариуцагчаас 68,580,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч “Д Э Т” ХХК-ийн гаргасан гомдлоор тус хэргийг хянан хэлэлцэж “Нэхэмжлэлд дурдсан 107 тоот 48.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “ХБ” ХХК-ийн өмчлөлд байгаа гэх тайлбарыг “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан байхад анхан шатны шүүхээс уг үйл баримтыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ”, “Хэд хэдэн удаагийн хэлцлээр “ХБ” ХХК-д уг барилгын тодорхой хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн ба үүний дотор маргаан бүхий 107 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө орсон эсэх нь эргэлзээтэй байна”, “Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр өмчлөх эрх шилжсэнийг тодорхойлох боломжгүй юм” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэж Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, “С М” худалдааны төвийн 1-р давхрын зураг төсөл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа болон 2020.06.12-ны өдөр тус худалдааны төвийн 1-р давхарт үзлэг хийж тэмдэглэлийг тус тус хэрэгт хавсаргаж, холбогдох дүгнэлтийг хийсэн байдаг. Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2020.04.27-ны өдрийн 785 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирсэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтууд болон 2020.06.12-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс харахад “ХБ” ХХК-ийн гаргаж буй ““С М” худалдааны төвийн 1-р давхрын 107 тоот 48.5 м.кв талбайг өмчилж авсан” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Учир нь “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбарт “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 00846 тоот захирамжаар “С М” худалдааны төвийн 1-р давхрын 107 тоот 48.5 м.кв талбайг шилжүүлэн авсан гэх боловч энэ нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.04.27-ны өдрийн 785 дугаартай албан бичиг болон түүний хавсралтаар ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа зэргээр няцаагдсан. Дээрх улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг болон хавсралтаар ирүүлсэн лавлагаа, бүртгэлийн баримт бичгүүдээс харахад “ХБ” ХХК нь маргаан бүхий “С М” худалдааны төвийн 1-р давхарт байрлах 107 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэл байдаггүй юм. Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан үзэж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л баримтуудыг холбогдох байгууллагаас болон оролцогч талуудаас гаргуулан авч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй байна.

6. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Д Э Т” ХХК, “ХБ” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алдангид 68,580,940 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “ХБ” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзжээ. Хариуцагч “Х” ХХК өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг маргаагүй агуулгатай тайлбар гаргаж, харин алдангийг төлөхгүй гэсэн бол хариуцагч “ХБ” ХХК нэхэмжлэлийн зүйл болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, “С М” /S M/ худалдааны төвийн 1 давхарт байрлах 107 тоот үйлчилгээний талбайг зээлийн үүргийг хангуулж, өөрийн өмчлөлд шилжүүлж авсан хөрөнгө гэж мэтгэлцжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан журмыг зөрчөөгүй байна.

8. “Х” ХХК, “Д Э Т” ХХК-тай 2015.11.30-ны өдөр үйлчилгээний талбай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Д Э Т” ХХК нь Баянгол дүүрэг, 13 дугаар хороонд байрлах “С М” /S M/ худалдаа, үйлчилгээний төвд үйлчилгээний зориулалттай, 107 тоотод байршилтай 48.5 м.кв талбайг худалдах, “Х” ХХК нь 1 м.кв талбайг 4,600,000 төгрөгөөр тооцон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон, “Х” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж талбайн үнэд нийт 223,100,000 төгрөг төлсөн боловч “Д Э Т” ХХК үл хөдлөх хөрөнгө болон өмчлөх эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үйл баримт маргаангүй байна.

9. Талууд дараа нь буюу 2017.06.12-ны өдөр гэрээний зүйлийг өөрчилж, 104, 105 тоот талбайгаас 48.5 м.кв талбайг Х ХХК-д шилжүүлэхээр тохирсон, “Х” ХХК уг талбайг эзэмшиж ашиглаж байсан боловч “ХБ” ХХК-аас тухайн талбайг чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн, нэхэмжлэгчийн эзэмшиж буй 48.5м.кв талбай “ХБ” ХХК-ийн өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэгч нь анх тохирсон 107 тоот үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргахдаа уг хөрөнгө нь барьцаалагдаагүй гэж үзжээ. Улсын бүртгэлийн байгууллагын 2020.04.27-ны өдрийн албан бичгээс үзвэл маргааны зүйл болох 107 тоот талбай барьцаалагдсан талаар мэдээлэл байхгүй боловч 107 тоот талбайг “ХБ” ХХК өөрийн өмчлөлийн зүйл гэж тайлбар гаргасан, үүнээс гадна нэхэмжлэгчийн эзэмшиж буй 48,5м2 талбайг чөлөөлүүлэх болсон үндэслэлийг тодруулж, эргэлзээгүй болгох шаардлагатай байсан, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагч “Д Э Т” ХХК нь 107 тоот үл хөдлөх хөрөнгө хэний өмчлөлд бүртгэлтэй байгаа, нэхэмжлэгч талд өмчлөх эрхийг яагаад шилжүүлээгүй талаар тодорхой, ойлгомжтой тайлбар гаргаагүй, шүүх энэ талаар тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.

10. Нэхэмжлэгчийн одоо эзэмшиж буй 104, 105 тоотын дунд байрлах 48.5м.кв талбай “ХБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй тухай баримт хэрэгт байх боловч “Д Э Т” ХХК буцааж худалдаж авсан гэх тайлбар гаргаснаас үзэхэд уг хөрөнгө нь “Д Э Т” ХХК-ийн өмчлөлд байгаа эсэх энэ талбайгаа өмчлөлдөө авах боломж байгаа эсэх, эсвэл 107 тоот талбайг авах зорилготой эсэхийг тодруулах нь зохистой байхыг үгүйсгэхгүй.

11. Түүнчлэн “Д Э Т” ХХК 2016.10.26-ны өдөр “ХБ” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 1-р давхрын 1870 м.кв талбайг худалдсан байх ба үүнд 107 тоот үйлчилгээний талбай ороогүй болох нь гэрээний схем зургаас харагдаж байх боловч “ХБ” ХХК ямар үндэслэлээр уг талбайг өөрийн өмчлөлийн зүйл гэж маргаж байгааг тодруулах нь ач холбогдолтой, улмаар нэхэмжлэгчийн зүгээс “ХБ” ХХК-д холбогдох  шаардлага байж болох эсэхийг эргэлзээгүй тогтоох нь үндэслэл бүхий байжээ.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2139 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 500,855 төгрөг, 70,200 төгрөг, 1,273,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧИД                                                            Н.БАЯРМАА

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД