Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00137

 

А.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00744 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1889 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч А.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Монзун Лунхай” ХХК-д холбогдох,

Үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монзун Лунхай” ХХК 2014 оны 02 дугаар сард үүсгэн байгуулагдаж байхад анх би үйлчлэгчээр ажилд орсон. Тухайн үед ажилд ороход Монголд “Монзун Лунхай” ХХК-ийн захирал байхгүй байж байгаад 2014 оны 03 дугаар сард ирж н.Отгонбаяр, н.Оюунтуяа, н.Цэцэгээ бид нарыг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд үндсэн ажилтнаар авсан. Ажил ороход хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Түүнээс хойш би энэ байгууллагад тасралтгүй ажиллаж байна.Ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2015 оны 09 дүгээр сараас эхлэн тус компанийн ажилчид Вива сити хороололд очиж ажиллахаар явах үед ганцаараа үйлчлэгчээр үлдсэн. Тэр үед “Монзун Лунхай” ХХК-ийн зүгээс таны цалинг нэмнэ, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөнө гэсэн болзолтойгоор би үйлчлэгчээр ажиллаад үлдсэн. 2015 оны 10 дугаар сараас эхлэн миний бие өвдөөд чөлөө авсан. “Монзун Лунхай” ХХК-ийн захирал надад хэлэхдээ таныг ажил үүргээ сайн биелүүлдэг тул компанийн зүгээс хугацаагүй 192 000 төгрөгийн цалинтай чөлөө олгож байна, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэнэ, та биеэ сайн эмчлүүлээд хэзээ ч хамаагүй эргээд ажилдаа орж болно гэсэн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр чөлөө авснаас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн.Намайг өвчтэй, чөлөөтэй байхад ажлаас халсан байна. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа халагдсан гэдгээ мэдсэн. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: А.Байгалмаа нь 2014 оны 03 дугаар сараас эхлэн “Монзун Лунхай” ХХК-д үйлчлэгчээр ажилд орсон. Тэр хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ сайн гүйцэтгэдэг байсан. 2015 оны 09 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн үргэлжлүүлэн нэхэмжлэгч чөлөө авах хүсэлтээ гарган зохих журмын дагуу чөлөө авсан. А.Байгалмааг эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байх хугацаанд 192 000 төгрөгийн цалин олгож, эмчилгээний зардалд тодорхой хэмжээний төлбөр мөнгө өгч байсан. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тухайн хариуцах орон сууцны засвар, үйлчилгээг “Тохилог шинэ ертөнц” СӨХ-д үйл ажиллагааг хүлээлгэн өгсөн. “Тохилог шинэ ертөнц” СӨХ үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр орон тооны өөрчлөлт хийж, ажилчид хасагдсан. Нэхэмжлэгч эргэж ажилдаа орох талаар хүсэлт огт гаргаагүй.Нэхэмжлэгчийн чөлөө авснаас хойш 2015 оны 10, 11, 12, 2016 оны 01 дүгээр сард цалинг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэн 900 000 төгрөгийн эмчилгээний зардлыг шилжүүлсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч эргээд ажилдаа орох хүсэлтийг гаргаагүй, цаашид чөлөөний үргэлжлэх хугацаа тодорхойгүй байсан учраас ажлаас халах тушаалыг гаргасан. Ажлаас халах тухайгаа 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр утсаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгчийг манай компанид хандан 2016 оны 02 дугаар сараас эхлэн 04 дүгээр сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хүссэн хүсэлтийг гаргахад бичилт хийж өгөхийг зөвшөөрөөд ажлаас халагдсан тушаалыг нь өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00744 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар А.Байгалмааг “Монзун Лунхай” ХХК-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Монзун Лунхай” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5 125 206 төгрөг гаргуулан А.Байгалмаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар А.Байгалмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Монзун Лунхай” ХХК-иас 96 953 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1889 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00744 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 96 953 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:А.Байгалмаа нь манай компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг үндсэн ажилтан биш. Манай компани 86-р байрыг барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд бүрэн борлуулалт хийгдэж оршин суугчид нүүж орох хүртэл тодорхойгүй хугацаагаар байрны цэвэрлэгээ үйлчилгээг компанийн зүгээс хариуцан ажиллах болсон. Ингээд бусад ажилчид болон А.Байгалмааг авч ажиллуулсан. Анхан шатны шүүхээс А.Байгалмаагийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын, дэвтэр, цалингийн тодорхойлолт, А.Байгалмаагийн данс руу мөнгө шилжүүлсэн Хаан банкны баримтуудаас ажиллаж байсан нь тогтоогдож байна гэжээ. Зохигчид ажиллаж байсан гэдэгтэй хэн нь ч маргаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан уу хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан уу гэдгийг шүүхээс тогтоогоогүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага төрийн бус, шашны болон бусад байгууллага иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд заавал даатгуулна.” гэж заасан байдаг тул нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүргийг ажил олгогч болон даатгуулагч хүлээж байдаг. “Монзун Лунхай” ХХК нь хэдийгээр ажил олгогч хэдий ч нэхэмжлэгч хариуцагчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй.А.Байгалмаа нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа ирээгүй ба эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Компанийн зүгээс энэ үед цалинг нь ажилласнаар тооцож, бүтэн олгосон. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А.Байгалмаа өргөдөл гаргаж, эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, чөлөө олгохыг хүссэн. Түүнийг ажиллаагүй хугацаанд буюу 2015 оны 11, 12 болон 2016 оны 1 дүгээр саруудад цалин, эмчилгээний зардлыг шилжүүлсэн. Энэ хугацаанд буюу бүтэн 3 сарын хугацаанд тэрээр ажилдаа хэдийд эргэж орох тухай мэдэгдээгүй, нэг ч удаа хүсэлт тавиагүй бөгөөд чөлөөний хугацаа тодорхойгүй байсан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан гэж гаргасан, ажлаас үндэслэлгүй халсан гэж тайлбарласан. Гэтэл ажлаас чөлөө авсан шалтгаан болох эрүүл мэндийн байдлыг үнэлж тогтоосон эмнэлгийн хуудас, магадлагаа, ямар оноштой хэдий хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан, цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжтой эсэхийг тодруулалгүй анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэдгийг давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хариуцагчаас асуулт асууж хавтаст хэрэгт нотлох баримтаар дээрх бичиг баримтыг яагаад гаргаж өгөөгүй учир шалтгааныг тодруулан тухайн нөхцөл байдлыг үнэлсэн.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ:

Хариуцагч “Монзун Лунхай” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Байгалмаатай эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийг батлуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргажээ.

Энэхүү гэрээнд:

“1. “Монзун Лунхай” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин олговорт Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183\ШШ2016\00744 дугаар шийдвэрээр тогтоосон 5 125 206 төгрөгийг А.Байгалмаад олгож, 2016 оны 11, 12 дугаар сар хүртэлх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, шимтгэл хураамж төлнө.

2.А.Байгалмаа нь “Монзун Лунхай” ХХК-ийн үйлчилгээний ажилд эргэн орохгүй гэдгээ илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон олговрыг хяналтын шатны шүүхээс эвлэрлийг баталгаажуулсаны дараа хүлээн авахаар тогтов” гэжээ.

Талууд гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх ба хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн болохоо шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байх ба ийнхүү эвлэрсний эрх зүйн үр дагаврыг талуудын хэн алин нь ойлгосон байх тул эвлэрлийг баталж, А.Байгалмаагийн нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4., 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00744 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1889 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч “Монзун Лунхай” ХХК-иас А.Байгалмаад ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5 125 206 төгрөгийг олгох, 2016 оны 11, 12 дугаар сар хүртэлх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, шимтгэл хураамж төлөх, нэхэмжлэгч .А.Байгалмаа “Монзун Лунхай” ХХК-ийн үйлчилгээний ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзах тухай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96 953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН