Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 744

 

 

 

 

 

     2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/00744

                       Улаанбаатар хот

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаант 13-31 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, Жалайр овогтой Авирмэдийн Байгалмаа /РД:ДЮ74042863/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:”Монзун Лунхай” ХХК /Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, S3 тоотод оршин байрлах/-д холбогдох,

Үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, зохих бичилтийг хийлгүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч А.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.                                                                                                  

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Монзун Лунхай” ХХК 2014 оны 02 дугаар сард үүсгэн байгуулагдаж байхад анх би үйлчлэгчээр ажилд орсон. Тухайн үед ажилд ороход Монголд “Монзун Лунхай” ХХК-ны захирал байхгүй байж байгаад 2014 оны 03 дугаар сард ирж н.Отгонбаяр, н.Оюунтуяа, н.Цэцэгээ бид нарыг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд үндсэн ажилтнаар авсан. Ажил ороход хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Түүнээс хойш би энэ байгууллагад тасралтгүй ажиллаж байна. Ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2015 оны 09 дүгээр сараас эхлэн тус компаны ажилчид Вива сити хороололд очиж ажиллахаар явах үед ганцаараа үйлчлэгчээр үлдсэн. Тэр үед “Мон зун Лунхай” ХХК-ны зүгээс таны цалинг нэмнэ, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөнө гэсэн болзолтойгоор би үйлчлэгчээр ажиллаад үлдсэн. 2015 оны 10 дугаар сараас эхлэн миний бие өвдөөд чөлөө авсан.  “Мон зун Лунхай” ХХК-ны захирал надад хэлэхдээ таныг ажил үүргээ сайн биелүүлдэг тул компаны зүгээс хугацаагүй 192.000 төгрөгний цалинтай чөлөө олгож байна, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэнэ, та биеэ сайн эмчлүүлээд хэзээ ч хамаагүй эргээд ажилдаа орж болно гэсэн. 2015 оны 10 дугаар сард 21-ний өдөр чөлөө авснаас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Намайг өвчтэй, чөлөөтэй байхад ажлаас халсан байна. 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа халагдсан гэдгээ мэдсэн. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэв.

Хариуцагч Монзун Лунхай констракшн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Манай компани 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Дамдинсүрэнгийн гудамж, 86 дугаар байрыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд манай компаниас тухайн барилгын цэвэрлэгээ үйлчилгээг хангах үүднээс 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс А.Цэцэгээ, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр А.Байгалмаа, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр н.Отгонбаатар, н.Оюунтуяа нартай харилцан тохиролцон сарын 500,000 төгрөгөөр долоо хоногийн 6 өдөр ажиллах нөхцөлтэй түр авч ажиллуулсан. 2014 оны 7 дугаар сард ажилтан н.Отгонбаатар нь компанийн эд зүйл хулгайлан ажилдаа ирээгүй тул ажлаас чөлөөлж бусад 3 үйлчлэгчийн цалинг харилцан тохиролцсоны үндсэн дээр тус тус 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж тооцсон. Мөн сар бүр ирцийн урамшууллын мөнгө болох 100,000 төгрөгийг бэлнээр олгож байсан. Нэхэмжлэгч удаан хугацаагаар ганцаараа ажиллаж байсан учраас бие ядарч улмаар цус алдаж байгууллагын зөвшөөрлөөр чөлөө авсан. Манай компанийн хэрэгжүүлж буй төслийн борлуулалтын алба 2015 оны 5 дугаар сард вива сити хороололд байрлах болсонтой холбогдуулан үйлчлэгч В.Оюунтуяаг Вива сити хорооллын үйлчлэгчээр авч ажиллуулах болсон. Иймээс компаниас оффисийн үйлчлэгч А.Цэцэгээг А.Байгалмаатай хамтран тус барилгын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж ажиллуулсан. Энэ хугацаанд А.Цэцэгээг тэтгэвэр тогтоолгох хугацаа болсон мөн цэвэрлэгээ үйлчилгээг сайн гүйцэтгээгүй шалтгаанаар 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсөн. Тухайн хугацаанд А.Байгалмаа нь цэвэрлэгээг хангаж ажиллаж байсан. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан ба компаниас холбогдох листийг олгосон ба тухайн өвчтэй хугацаанд цалинг бүтэн тооцож олгосон. Мөн дахин 2015 оны 10 дугаар сарын 21-нд өөрийн гаргасан өргөдөлдөө 2015 оноос эхлэн биеийн байдал тааруу байгаа тул ажлаас түр хугацаагаар чөлөөлж өгнө үү гэсэн байдаг. А.Байгалмаа нь 2015 оны 10 дугаар сард нийт 11 хоног ажилласан ба 2015 оны 10 сарын 21-ний өдөр эрүүл мэндийн шалтгаан нь умайн хүзүүний хорт хавдарын урьдал үе гэж оншлогдсон талаар мэдэгдэж эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба компанийн зүгээс зохих журмын дагуу чөлөө олгосон байдаг. А.Байгалмаагийн удаан хугацаагаар ганцаараа ажиллаж байсан учраас биеийн байдал муудсан гэсэн нь 2 сар хүрэхгүй хугацааг хэлж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халагдсан гэдгээ мэдсэн гэж нэхэмжлэгч хэлж байна. Энэ хугацаанд компани ажлаа хэвийн хэмжээнд ажиллуулахын тулд 86 дугаар байрыг СӨХ-ны мэргэжлийн байгууллагад нь шилжүүлэх шийдвэр гарсан. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн 86 дугаар байрны контор, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг “Тохилог шинэ ертөнц” ХХК хариуцан ажиллах болсонтой холбогдуулан үйлчлэгчийн орон тоог хассан компани тушаал гарсан байдаг. А.Байгалмаа ажилтны ажлаагүй хугацаанд буюу 2015 оны 11, 12 болон 2016 оны 1 дүгээр сард компаниас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192,000 төгрөгөөр цалин тооцож нийт 576,000 төгрөг олгосон. Мөн эмчилгээний зардал 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг байгууллагаас тусламж болгон тус тус олгосон. Компани 2016 оны 1 дүгээр сарын 25-нд А.Байгалмааг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан бөгөөд тухайн өдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 25-нд А.Байгалмаад утсаар мэдэгдсэн байдаг. 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр эмчилгээний зардалд мөнгө шилжүүлэхдээ утсаар 2 дугаар сараас эхлэн холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцаж төлөх, ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдсэн. Харин 2016 оны 4 дүгээр сард А.Байгалмаа утсаар холбогдон 2,3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураараа төлөлгүй хоцорсон, компаниас нөхөж төлөх боломжтой эсэх талаар утсаар лавлан асуусан, мөн ажлаас чөлөөлсөн захиралын тушаалаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь ажлаас чөлөөлж байгаа тухайгаа өөрөө мэдэж байсан төдийгүй өөрөө хүлээн зөвшөөрч 2,3-р сарын нийгмийн даатгалын шимтгэлийг компаниар төлүүлэхийг хүссэн энэ хүсэлтийн дагуу 2,3-р сарын нийгмийн даатгалын шимтгэлийг компани нөхөж тайлагнахыг зөвшөөрч түүний 2015 онд ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг 4-р сард тооцон олгох талаар мэдэгдсэн байдаг. Компанийн зүгээс А.Байгалмаад 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажиллаагүй байхад нийт 3 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгөөр нийт 3 удаа буюу 576,000, эмчилгээний зардалд нийт 3 удаагаар 900,000 төгрөг олгосон бөгөөд нийгмийн даатгалын дэвтрийг бичилтийг 11, 12, 01 сараар хийлгэж өгсөн бөгөөд дахин 2, 3 дугаар сарын бичилтийг хийж өгөхийг хүртэл компаниас зөвшөөрсөн байдаг. А.Байгалмаагийн 2016 оны 5 дугаар сарын 27-нд ажлаас халагдсан гэдгээ мэдсэн гэдэг нь худал үндэслэлгүй бөгөөд А.Байгалмаа нь 2016 оны 4 сарын 26-ны өдөр “Монзун Лунхай констракшн” ХХК захиралд гаргасан өргөдөлдөө ажлын байр байхгүй болсон ажилгүй болсон тухайгаа дурдсан байдаг. Түүнчлэн ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.2-т хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар заасан тул А.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, “Монзун Лунхай” констракшн ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагч тус компани нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Натурфүүд ХХК оршин байдаг. Иймээс А.Байгалмаагийн үндэслэлгүйгээр ажлаас халсан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх зэрэг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А.Байгалмаа нь 2014 оны 03 дугаар сараас эхлэн “Монзун Лунхай” ХХК-д үйлчлэгчээр ажилд орсон. Тэр хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ сайн гүйцэтгэдэг байсан. 2015 оны 09 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн үргэлжлүүлэн нэхэмжлэгч чөлөө авах хүсэлтээ гарган зохих журмын дагуу чөлөө авсан. А.Байгалмааг эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байх хугацаанд 192.000 төгрөгний цалин олгож, эмчилгээний зардалд тодорхой хэмжээний төлбөр мөнгө өгч байсан. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тухайн хариуцах орон сууцны засвар, үйлчилгээг “Тохилог шинэ ертөнц” СӨХ-д үйл ажиллагааг хүлээлгэн өгсөн. “Тохилог шинэ ертөнц” СӨХ үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр орон тооны өөрчлөлт хийж, ажилчид хасагдсан. Нэхэмжлэгч эргэж ажилдаа орох талаар хүсэлт огт гаргаагүй. Нэхэмжлэгчийн чөлөө авснаас хойш 2015 оны 10,11,12, 2016 оны 01 дүгээр сард цалинг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэн 900.000 төгрөний эмчилгээний зардлыг шилжүүлсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч эргээд ажилдаа орох хүсэлтийг гаргаагүй, цаашид чөлөөний үргэлжлэх хугацаа тодорхойгүй байсан учраас ажлаас халах тушаалыг гаргасан. Ажлаас  халах тухайгаа 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр утсаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгчийг манай компанид хандан 2016 оны 02 дугаар сараас эхлэн 04 дүгээр сарын хугацаааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хүссэн хүсэлтийг гаргахад бичилт хийж өгөхийг зөвшөөрөөд ажлаас халагдсан тушаалыг нь өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

         

Нэхэмжлэгч А.Байгалмаа нь хариуцагч ”Монзун Лунхай” ХХК-д холбогдуулан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, зохих бичилтийг хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг шаардах эрхтэй ба  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 07/16 тоот тушаалыг нэхэмжлэгч А.Байгалмаа нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, гомдлоо тус шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх /нэг сарын/ хугацааг хэтрүүлээгүй байх ба энэ талаар талууд маргаагүй. Хариуцагч 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалаа гардуулсанаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс би хөдөлмөрийн ямар нэг зөрчил гаргаагүй, “...манай дарга таныг ажил үүргээ сайн биелүүлдэг тул компаний зүгээс хугацаагүй 192.000 төгрөгний цалинтай чөлөө олгож байна. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийгдэнэ, та биеэ сайн эмчлүүлээд эргээд ажилдаа орж болно гэж чөлөө өгчихөөд, надад мэдэгдэлгүй ажлаас халсан тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй” гэж, хариуцагчаас “...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тухайн хариуцах орон сууцны засвар, үйлчилгээг “Тохилог шинэ ертөнц” СӨХ-д үйл ажиллагааг хүлээлгэн өгсөн. “Тохилог шинэ ертөнц” СӨХ үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр орон тоо хассан тул  А.Байгалмааг ажлаас нь халсан. Мөн үйлчлэгч А.Байгалмаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас  нэхэмжлэлийг  нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байна.

 

Тус компанийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 07/16 тоот “Үүрэгт ажлаас  чөлөөлөх тухай” тушаалаар ажил олгогчийн санаачлагаар А.Байгалмааг тус компанийн үйлчлэгчийн  ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...” гэж зааснаас  үзвэл хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн, “Монзун Лунхай” ХХК нь байнгын шинжтэй уг ажлыг үйлчлэгч А.Байгалмаагаар /2014-2016 он/ гүйцэтгүүлэхдээ түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь буруу юм.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд ”Монзун Лунхай” ХХК-д үйлчлэгч гэсэн ажлын байр үгүй болсон гэх нотлох баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

          Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдсэн гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамраалтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

 

           Нэхэмжлэгч А.Байгалмаа нь 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс “Монзун Лунхай” ХХК-д үйлчлэгчээр ажилласан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 193/16 тоот цалингийн тодорхойлолт, “Монзун Лунхай” ХХК-иас А.Байгалмаагийн 5009104357 дансруу мөнгө шилжүүлсэн Хаан банкны баримтууд, 2015 оны 11, 12, 1 дүгээр саруудад өгч байсан Хаан банкны дансаар цалин олгох ажилтнуудын жагсаалт, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтрийн хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

 “Монзун Лунхай” ХХК-ийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 25-ний өдрийн 07/16 тоот “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус компанийн үйлчлэгч А.Байгалмааг  үндэслэлгүйгээр ажлаас халсан тул нэхэмжлэгч А.Байгалмааг ” “Монзун Лунхай” ХХК-ййн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5,125,206 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 Нэхэмэжлэгч А.Байгалмаагийн №565506 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн дундаж цалинг 667,188 төгрөгөөр /2015 оны 8, 9, 10 сарын цалин/, 1 өдрийн цалинг 30,326 төгрөгөөр тус тус тооцсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул ажилтан А.Байгалмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамжийг нөхөн бичихийг шийдвэрт дурдах нь зүйтэй .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь: 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар А.Байгалмааг “Монзун Лунхай” ХХК-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.  

 

 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Монзун Лунхай” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5,125,206 төгрөг гаргуулан А.Байгалмаад олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар А.Байгалмаагийн  нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагчид даалгасугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Монзун Лунхай” ХХК-иас 96,953 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

 5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг  дурьдсугай.

 

     6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.САНСАРМАА