Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 98

 

М.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо, Н.Цэцэгмаа, Ч.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 996 дугаар магадлалтай, М.С-д холбогдох 1802000000191 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Д.Оросоо нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт М-ийн С.

М.С нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Ч” /Ch буюу цаашид С гэх/ -ийн хооронд 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “А” дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх ХХХ дугаартай гэрээний 9 дүгээр зүйлийн “Гэрээний хэрэгжилттэй холбоотой Монгол улсын татвар ногдуулах дараах татвар, хураамжийг гүйцэтгэгч хариуцна” гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч тал БНХАУ-ын “Ч” /C/ нь Монгол улсад төлөгдөх татвар, хураамжийг хариуцахаар үүрэг хүлээсэн байхад албан тушаалын эрх мэдлээ урвуулан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдаанд “А” дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээнд Монгол улсад ногдуулах татвар хураамжийг гүйцэтгэгч тал хариуцна гэж заасныг танилцуулалгүйгээр “...Амгалан дулааны  станцын  барилга  угсралтын ажил хийж гүйцэтгэх явцад ...газар чөлөөлөх, төмөр зам барьж байгуулах ...зэрэг тооцоогүй ажлууд нэмэгдсэн учраас Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй...” гэсэн бодит үндэслэл, тооцоолол, судалгаанд тулгуурлаагүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, уг хуралдаанд оролцсон гишүүдээр тухайн асуудлыг дэмжүүлж Засгийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-1/38 дугаартай албан бичгээр Гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Улсын Их Хурлаас 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр батлан гаргуулж тухайн хуулиудын дагуу Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг батлуулж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж БНХАУ-ын “Ч” /С/-д давуу байдал бий болгон тус дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн 8.731.362.025 төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас үндэслэлгүйгээр чөлөөлүүлж Монгол улсын эрх, ашиг сонирхолд 8.484.264.045 төгрөгцйн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн М.С нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаар тушаалаар байгуулагдсан “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих” /Дархан-Уул/ (ХХҮI.1.63) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах Үнэлгээний хорооны даргаар Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.П-ыг томилуулж, түүнд “Тендерт оролцож буй компаниудаас “Х” ХХК-ийг шалгаруул” гэсэн хууль бус үүргийг амаар өгч, тус компанийн Ерөнхий захирал А.Х-ын тендерт шалгарах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Үнэлгээний хорооны дарга Я.П нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 301 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т заасан “Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэснийг зөрчиж үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн 7 гишүүнээс П.Э, Б.Б, Г.Т, Б.Ө, Р.Д нар нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд оролцоогүй, дээрх журамд заасны дагуу ирц бүрдээгүй байхад тухайн гишүүдийг оролцсон мэтээр хууль бусаар хурлын ирцийг бүрдүүлж “Х” ХХК-ийг тендерт шалгаруулсаны төлөө өөрийн үүсгэн байгуулсан ХХК, “Х” ХХК-уудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/05 дугаартай “Түншлэлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээндээ тендер зуучлалын хөлс /2014.05.16-ны өдрийн ЭХА-31/14/ гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 800.000.000 төгрөгийг авна гэж тусган, гэрээгээр халхавчлан “Х” ХХК-ийн ерөнхий захирал А.Х-аас:

- Өөрийн хүү С-ын Д-ын эзэмшлийн Хаан банкин дахь ххх дугаарын дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 60.000.000 төгрөг,

- Мөн С.Д-ын эзэмшлийн Голомт банкин дахь ххх дугаарын дансаар 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг, мөн өдрөө 2.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг,

- Мөн өөрийн үүсгэн байгуулсан “З” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь ххх дугаарын дансаар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 200.000.000 төгрөгийг, нийт 266.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч М.С-д Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 1.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б овогт М-ийн С-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 4 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.С-ээс 266.000.000 /хоёр зуун жаран зургаан сая/ төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Д.Доржсүрэн, Д.Оросоо нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.С гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.С надад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ял оноохдоо хувийн байдлыг харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Миний бие өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооцож, хорих ял оноож шийдвэрлэсэн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хүлээн зөвшөөрч байгаа болно. Миний бие төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа хуулиар хүлээсэн үүрэг, ёс зүйгээ хөсөрдүүлж, гэмт хэрэгт ял шийтгүүлсэндээ туйлын харамсаж байгаагаа хяналтын шатны шүүхэд хандан илэрхийлж, уучлалт хүсэж байна. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь торгуулийн ялтай, сонгомол санкцтай. М.С надад торгуулийн ял оноож болохгүй нөхцөл байдал хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй тул хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглэхгүй байна гэж үзэж байна. Би одоо 55 настай, ахимаг настай, даралт ихсэх өвчтэй, эхнэр Д.Б чихрийн шижин өвчнөөр олон жил өвдсөнөөс олон эрхтэний хавсарсан өвчтэй болсон, намайг ял шийтгүүлснээс хойш буюу 2019 оны 10 дугаар сард БНСУ-д очиж ходоод тайруулах хагалгаа хийлгэсэн, одоо хүүхдүүд тусдаа гарсан ганцаараа амьдардаг тул асаргаа шаардлагатай байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, багасгаж өгнө үү. Торгуулийн ялаар сольж өгөх хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү. М.С би хохирлыг төлж барагдуулах болно” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхүүд М.С-ын гэмт хэргийг үйлдэж эхэлсэн цаг хугацаа, дууссан цаг хугацааны тухайд эргэлзээ бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч Н.Цэцэгмаа миний бие, “М.С нь ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах ажлын хэсгийн даргад Тендерт оролцож буй компаниудаас “Х” ХХК-ийг шалгаруул гэсэн хууль бус үүргийг амаар өгч /энэ үеэс гэмт хэргийн үйлдэл эхэлж/, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, “Х” ХХК-ийг тендерт шалгаруулсаны төлөө “З” ХХК, “Х” ХХК-ийн хооронд хоёр жилийн хугацаатай 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 01/05 дугаартай “Түншлэлийн гэрээ” байгуулж, хахууль авахаар тохиролцсон”-оор гэмт үйлдэл нь төгссөн, улмаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа тул хяналтын шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянахдаа, гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ төгссөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаарх анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс гаргасан дүгнэлт, шийдвэрийг хянаж хуулийг нэг мөр хэрэглэж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхээс М.С-д хорих ял оногдуулахдаа Түншлэлийн гэрээнд тусгагдсан гэрээний дүнг харгалзан үзлээ гэж дүгнэснийг ч анхаарч үзэх шаардлагатай. Авлигын гэмт хэргийн хор уршиг нь авсан хахуулийн хэмжээ биш, харин төр, нийгэм, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан үр дагавар гэдгийг анхаарч, хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэдэг “гэм буруугүйд тооцох зарчим”-ыг хэрэгжүүлж, түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ хяналтын шатны шүүх дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хянаж өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс “...Шүүгдэгч М.С-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн дүгнээд уг ял М.С-ын хувийн байдалд тохирсон эсэхэд дүгнэлт хийгээгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3.1-д заасан заалтыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгчид ял оноосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь сонгомол санкцтай бөгөөд, М.С-ын хувийн байдлын ямар шинж нь түүнд торгуулийн ял оноож болох үндэслэлийг үгүйсгэж байгаа болох, ямар шинжид нь тулгуурлан 4 жилийн хорих ял оноох үндэслэлтэй байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар М.С нь Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд тэрээр шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын заалтуудыг ойлгож, хүндэтгэлтэй хандаж, төрийн өндөр албан тушаалтны хувьд хуулиар хүлээсэн үүрэг, ёс зүйгээ ноцтой зөрчиж, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж харамсаж байгаагаа хяналтын шатны шүүхэд хандан бичгээр илэрхийлж, өөрөө нас ахисан, даралт ихсэх өвчний улмаас биеийн эрүүл мэндийн байдал тааруу байгаа, эхнэр Б нь чихрийн шижин өвчнөөр 24 жилийн турш өвдсөнөөс олон эрхтний өвчлөлд өртөж 2006, 2015, 2019 онуудад онд зүрхний төрөлхийн цоорхойг нөхөх, мөн уушигны сэртэнгийн бөглөрлийг авах хагалгаа, савны хоргүй хавдар авахуулах хагалгаа, БНСУ-д ходоод тайруулах хагалгааг тус тус хийлгэснээс ганцаараа амьдрахад хэцүү, бусдын асаргаа шаардлагатай байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан   үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял оноож өгнө үү хэмээн хүсэлт гаргасныг уламжилж байна. Иймд хяналтын шатны шүүхээс миний үйлчлүүлэгч М.С-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг зохих хэмжээгээр багасгаж хөнгөрүүлэх, эсхүл торгуулийн ял оноож, шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. М.С нь хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө хохирлоо төлж барагдуулах болно гэсэн боловч түүний хөрөнгө битүүмжлэлтэй, өөрөө хоригдож байгаа учраас төлж чадаагүй. Хэрвээ хяналтын шатны шүүхээс хөрөнгийн битүүмжлэлийн асуудлыг шийдвэрлэвэл хохирлыг төлөх боломжтой” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар хориглосон нотлох баримтыг ашиглаж шийдвэр гаргасан үзэж байна. Шүүх 14 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх хуудаст байгаа яллагдагч А.Х-ын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлгийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон. А.Х-ын энэ мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бэхжүүлж аваагүй хууль бус нотлох баримт байдаг юм. Уг мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар яллагдагч А.Х-аас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 18 минутад авч эхэлсэн боловч хэдэн цаг үргэлжилсэн, дууссан цаг нь байхгүй байгаа нь мэдүүлэг авах ажиллагаа 4 цагаас дээш хугацаагаар үргэлжилсэн, завсарлага аваагүй, шөнийн цагаар үргэлжилсэн байж болох, эрүү шүүлт тулгаж авсан гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Хуульд заасан журмыг зөрчсөн буюу мэдүүлэг авч дууссан цаг хугацаагүй, нотлох баримтын хууль зүйн шаардлага хангахгүй уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсан. Анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 8-д заасан шаардлагад нийцэхгүй байна. Яллагдагч А.Х нь 2018 оны 02 дугаар сарын 05, 02 дугаар сарын 08, 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 08 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчийн мэдүүлэг, нийт 5 удаа өгсөн мэдүүлэгтээ “... Энэ 60 сая төгрөг нь М ах залгаад тоглож байгаад мөнгө алдчихлаа, чи 60 сая төгрөг өгч байгаач гэсэн. Ах өөрөө дансаа өгөөд шилжүүлсэн байх ... тариалангийн зам дээр манайд 3 ковш байсан юм. Ковш хэрэгтэй болоод асууж байсан чинь манай ах М надад нэг шинэ ковш байна. 200 сая төгрөгөөр авах уу гэсэн. Түрээслэснээс ашигтай юм байна гэж үзээд авсан. Би ковшийн мөнгө 200 сая төгрөгийг шилжүүл гэсэн ... Би С-ээс 200 сая төгрөгийн ковшийг ахаараа дамжуулж худалдан авсан. М ах надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 60 сая, 6 сая төгрөг ч гэсэн мөн адил ах хүнд өгчих гэсэн болохоор нь өгсөн юм ...” гэж удаа дараа мэдүүлж байсан. Энэ хэргийн гол гэрч М гэдэг хүнээс мэдүүлэг аваагүй. Авлигатай тэмцэх газарт иргэн А.Х 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамгийн сүүлд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөөд 3 хоногийн дараа 2018 оны 11 дүгээр сарын 10-нд Буянт-Ухаагаар гарч Турк улсад очсон байдаг. А.Х нь яагаад өөрийнхөө эсрэг, хүн гүтгэсэн мэдүүлэг өгөх болов гэдэгт бодитой дүгнэлт өгөөгүй. Гэтэл А.Х нь сүүлд мэдүүлэг өгсөн өдрөөс хойш 36 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тухайн мэдүүлгээсээ эргээд буцсан байдаг. Яллагдагч А.Х нь Турк улсын Истанбул дахь Монгол Улсын Элчин сайдын яам дээр өөрийн биеэр 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр очиж Хан-Уул дүүргийн шүүхэд өөрийн гараараа тодорхойлолт бичиж ирүүлсэн байна. Уг тодорхойлолтыг иргэн А.Х нь Турк дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Ерөнхий Консулын газраар дамжуулж явуулсан бөгөөд Турк дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Ерөнхий консулын газрын албан ёсны тэмдэг дарж хуулийн дагуу баталгаажуулсан байдаг. Энэ нотлох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, гэвч шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан. Яллагдагч А.Х-ын өмнө өгсөн 5 удаагийн мэдүүлэг, Туркээс ирүүлсэн тодорхойлолт, түүнтэй ярьсан ярианы бичлэг СД болон сүүлд өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлэг нь хоорондоо илт зөрүүтэй байгаа юм. Нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байгаа энэ тохиолдолд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн алдааг залруулах, нотлох баримтын зөрүүг арилгуулах, аль мэдүүлэг нь үнэн зөв, үндэслэлтэй болохыг тодруулах үпдэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй байсан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.4-д “өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон байсан” этгээдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллагдагч А.Х-ын эрүүл мэнд, сэтгэл санааны байдал эрс муудаж, эрүүл мэндэд нь бодитойгоор нөлөөлсөн. Эрүүл мэндийн хувьд хүнд, хорт хавдартай хүн өвчний улмаас үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болсон байдаг. Энэ байдал ч энэ хэрэг дээр маш тодорхой харагдаж байна. Үүнийг ч бас хуулиар яллах, гэм буруутайг нотлох баримт болгож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй гэж хориглосон байна. Анхан шатны шүүхэд бид А.Х-ын эрүүл мэндийн шинжилгээний хариу, Турк улсаас ирүүлсэн тодорхойлолт, утасны бичлэг, СД зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, эдгээр нотлох баримтаар А.Х нь өвчний улмаас зөв мэдүүлэг өгөх чадваргүй, өөрийн амь нас, эрүүл мэндийн үүднээс худал мэдүүлэг өгсөн гэдэг нь харагдаж байсан, шүүх энэ нөхцөл байдлыг тодруулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн алдааг залруулах үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй байсан юм.

Яллагдагч А.Х нь эрүүл мэндийн ноцтой шалтгааны улмаас мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ буцсан, худал мэдүүлэг өгсөн, мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан нь тодорхой болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл байдал шүүх хуралдаанаар нотлогдох боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлага үүссэн байсан. Яллагдагч А.Х-аас дахин мэдүүлэг авах, нотлох баримтын зөрүүг гаргах, яллагдагч А.Х, М.С хоёрыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах, мөн гол гэрч А.М-аас мэдүүлэг авах, иргэн А.Х нь Турк улсад эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалггаантай байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шаардлагатай бол гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа талаараа анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргасан. Харин анхан шатны шүүх хурлын дараа, давж заалдах шатны шүүхэд хэрэг ирсэний дараа иргэн А.Х нь Монгол улсад ирсэн тухай мэдээлэл бидэнд ирсэн, иймд бид Нийслэлийн прокурорын газарт 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр албан тоотоор хүсэлт явуулж, Монгол улсад ирсэн эсэхийг шалгах, тодруулах талаар хүсэлтээ өгсөн. Нийслэлийн прокурорын газраас уг асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байгаа болно.

Яллагдагч А.Х нь Авлигатай тэмцэх газарт авлигын гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан бөгөөд А.Х нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн гэж үзвэл уг мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-т зааснаар дангаараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Энэ ч бас шүүгдэгч М.С-д мөн хамааралтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3-д яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа гэм буруутайг нотлох шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан.

Иргэн А.Х ноцтой шалтгааны улмаас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийнхөө эсрэг болон хүнийг гүтгэсэн мэдүүлэг өгсөн. Үүнээс 3 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Буянт-Ухаагаар Монгол Улсаас гарсан. Ингэхдээ 1 хоногийн өмнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-нд Авлигатай тэмцэх газраас А.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох мөрдөгчийн санал гаргасан байдаг юм. А.Х ямар нөхцөл байдалд байсан, яагаад худал мэдүүлэг өгөв, Авлигатай тэмцэх газраас яагаад хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав, Авлигатай тэмцэх газар яагаад түүнд холбогдох хэргийг тусгаарласан гээд сонин үйл явдал болж өнгөрсөн болно. Бид үүнийг шалгаж тодруулах ёстой гэж үзэж байгаа. Хууль бусаар худал мэдүүлэг өгүүлэх, шахалт, дарамт үзүүлэх зэрэг ийм хууль зөрчсөн ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурал болохоор улсын хилээр гарч явдаг, шүүх хурлын дараа буцаж орж ирээд байдаг нь Авлигатай тэмцэх газар болон иргэн А.Х нар хууль бусаар хамтран ажиллаад байна гэдгийг харуулж байна.

Энэ хэрэг дээр хэд хэдэн тусдаа үйл баримт, нөхцөл байдал байгаа юм, эдгээр бодит үйл баримт, нөхцөл байдалд бодитойгоор мэргэжлийн түвшинд эрх зүйн үнэлэлт дүгнэлт хийхгүй, асуудалд ерөнхий байдлаар хандаж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, яллах талын нотлох баримтад хөтлөгдсөн байдал илт харагдаж байгаа болно.

Эрчим хүчний сайд М.С-ын хувийн байдлын хувьд Засгийн газрын гишүүн, парламентад 2-3 удаа сонгогдсон, төр, нийгмийн зүтгэлтэн, улс төр, эрх зүйн ухамсар, соёл төлөвшсөн хүн. Бодит амьдрал дээр байгууллага, иргэдээс янз бүрийн хүсэлт, өргөдөл ирдэг, тэр болгоныг шийдэх боломжтой бол хуулийн хүрээнд шийддэг, боломжгүй, хуульд нийцэхгүй зүйлийг нь хуулийн хүрээнд шийднэ, боломжтой бол дэмжинэ гээд явдаг. Яг үүнтэй адил “Х” ХХК-иас тендерт орох гэсэн юм гээд дэмжлэг хүссэн зүйл байдаг, Үнэлгээний хорооны дарга Д.П гэдэг хүнд судалж үзээрэй, боломжтой бол дэмжээрэй гээд хэлсэн байдаг. Үнэлгээний хороо хуулийн хүрээнд ажиллаад боломжгүй байна гээд шийдсэн байсан бол ямар ч асуудал байхгүй байсан. М.С-ын зүгээс шахаж шаардсан, дарамталсан зүйл огт байгаагүй юм. Үнэлгээний хорооны дарга Д.П гэдэг хүн бол төрийн удирдах албан тушаалтны хувьд, Үнэлгээний хорооны даргын хувьд маш хариуцлагагүй ажилласан. Хуулиар үүрэг хүлээсэн, эрх бүхий албан тушаалтан. Энэ хүн үнэлгээний хорооны ажлыг хууль, журмын дагуу зохион байгуулаагүй, албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ хүний санаатай хийсэн үйлдэл, үйл ажиллагааг М.С-д халдаах ёсгүй. Энэ хүн хууль зүйн хувьд тодорхой эрх, үүрэг хүлээсэн төрийн удирдах албан тушаалтан, энэ албан тушаалтны үйлдэлд тусад нь эрх зүйн дүгнэлт өгөх ёстой. Энэ хүний хийсэн үйлдлийг М.С хариуцах ёсгүй, М.С үнэлгээний хорооны дарга биш. Энэ нөхцөл байдлыг ялгаж дүгнэж үзээгүй.

“3” ХХК-иас “Х” ХХК нь ковш зарсан асуудал байдаг. Энэ асуудал дээр бодитой дүгнэлт хийж чадахгүй, яллах талын нотлох баримтад хөтлөгдөж байгаа байдал бий. “Түншлэлийн гэрээ”-тэй холбоотой асуудал байдаг бөгөөд “Х” ХХК болон “З” ХХК-ийн хооронд “З” ХХК-иас банкнаас зээл авах зорилгоор хийсэн хуурамч гэрээтэй холбоотой асуудал. Хэрвээ уг гэрээ авлигын гэрээ байсан юм бол 800 сая төгрөгнөөс 266.000.000 сая төгрөг хасагдаад үлдсэн 600 сая төгрөгийн асуудлыг яагаад шалгахгүй, сонирхохгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирдэг. Үлдсэн гэх 600 сая төгрөгийг авлигад авсан эсэх, өгсөн эсэх, эд зүйлээр өгсөн гээд хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй шалгах ёстой зүйл юм. Тэгэхээр энэ гэрээ бол авлигын гэрээ биш, зээл авах зорилгоор бүрдүүлсэн дүр үзүүлсэн хэлцэл гэсэн дүгнэлт хийх үндэслэл байгаа болно. Мөрдөн байцаалтын явцад энэ 4 үйл баримт, нөхцөл байдал хоорондоо үл холбогдох тусдаа зүйлс байсан. Шүүх М.С-ыг 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 01/05 дугаартай Түншлэлийн гэрээг байгуулж, тус гэрээний үндсэн дээр гэрээгээр халхавчилж бусдаас 266.000.000 сая төгрөгийн хахууль авсан гэж ял оногдуулсан. Гэтэл дээрх хуулийн заалтаар хэрэв гэмт хэрэг гэж үзсэн тохиолдолд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буюу уг гэрээг байгуулсан үеэс эхлэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Шүүх уг гэрээг байгуулсны үндсэн дээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байж шийдвэртээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

10 дахь хавтаст хэрэгт авагдсан “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Д-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг /137-138/, гэрч Д.М-ын мэдүүлэг /140-141/ зэргээр Хаан банкнаас зээл авах зорилгоор Түншлэлийн хуурамч гэрээ хийсэн болох нь нотлогдоно, мөн гэрч А.Х-ын мэдүүлэг /163/ зээл авах зорилгоор ийм гэрээ хийсэн нь нотлогдож байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүх “... дээрхи Түншлэлийн гэрээг Хаан банкнаас зээл авах зорилгоор хийсэн байдал тогтоогдоогүй бөгөөд тус банкнаас уг гэрээг үндэслэн мөнгө зээлсэн баримт байхгүй байна...” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Уг гэрээг үндэслэн зээл авсан, зээлийн гэрээ байгуулсан баримт нотлох баримтаар байгаа болно. Мөн 13 дахь хавтаст хэргийн 104-105 дугаар хуудаст авагдсан Хаан банкны зээлийн мэргэжилтэн, гэрч Ч.Г-ийн мэдүүлгээр уг Түншлэлийн гэрээг үндэслэн зээл олгосон нь тодорхой байдаг. Хавтаст хэрэгт авагдсан Хаан банктай байгуулсан зээлийн гэрээ, тодорхойлолт зэргээр зээл авсан гэдэг нь тодорхой байгаа бөгөөд үнэн хэрэгтээ Түншлэлийн гэрээгээр халхавчлан авлига аваагүй, харин Хаан банкнаас зээл авсан нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Иймд Түншлэлийн гэрээ хийсэн зорилго, үр дагавар нь тодорхой байхад уг Түншлэлийн гэрээг яллагдагчийн эсрэг ашиглах хууль зүйн үндэслэл болохгүй.

“Х” ХХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр А.М-ын эхнэр 137 сая төгрөгийг ковшны үнэ гэж шилжүүлсэн байдаг. Харин С.К уг мөнгөнөөс 94 сая төгрөгийг “З” ХХК-д ковшны үнэ гэсэн зориулалтаар биш, машины үнэ гэж өөр зориулалтаар шилжүүлсэн байдаг. Хэрвээ нь ковшны төлбөр шилжүүлэх байсан бол ковшны төлбөр гэсэн зориулалтаар шилжүүлэх байсан, гэтэл төлбөр нь явцдаа зориулалт нь өөрчлөгдсөн байгааг шалгаж тогтоогоогүй. Энэ талаар С.К болон М.С нараас тайлбар, мэдүүлэг аваагүй болно. Ковшны үнэ гэхэд 70 сая, 137 сая, 200 сая төгрөг гэх зэргээр илт зөрүүтэй байхад зөрүүг арилгаагүй, дутуу шалгасан гэж үзэж байна. Ковшны төлбөрт шилжүүлсэн 200 сая төгрөгийг авлига мэтээр харагдуулах гэж мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг барьж дутуу явуулсан байхад энэ бүх нөхцөл байдлыг анхан шатны шүүх эргэлзээгүй болгосны дараа нотлох баримтаар тооцож шийдвэр гаргах ёстой байсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ шүүгдэгчид уг хэргийг үйлдээгүй болохыг нотлох ач холбогдолтой байж болох яллагдагч А.Х-ын зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй, А.Х-ын дарамт, шахалтад орж өөрийнхөө эсрэг өгсөн болон М.С-ыг худал гүтгэсэн хууль журмын дагуу авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй мэдүүлэгт үндэслэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, яллах талын нотлох баримтанд хөтлөгдсөн буюу хэт нэг талыг барьсан, энэ хэргийн талаар хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, шаардлагатай гэрч нарыг асуугаагүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан, хэргийн талаар бодит дүгнэлт хийж чадаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой А.Х-ын зөрүүтэй мэдүүлгийн зөрүүг арилгуулах, шаардлагатай бусад гэрч нарыг асуух, мөрдөн байцаалтын явцад хууль зөрчсөн процессын алдааг засах зэрэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй байсан. Иймд шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, М.С-д ял оноосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэргийн бодит байдал нь шүүхийн тогтоолд заасан үндэслэлд нийцээгүй, хэргийг үгүйсгэх ач холбогдолтой байж болохуйц нотлох баримтыг үнэлээгүй, үнэлэхгүй байгаа үндэслэлээ дурдаагүй, яллах талын нотлох баримтад хэт хөтлөгдсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолын эс зөвшөөрч буй хэсгийг хүчингүй болгож, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгөхийг хүсье” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос хоёр үйлдлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь гэм бурууд тохирсон байна. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар дуусаагүй байна. Тендерт шалгаруул гэх үүрэг өгсөн, 8 тэрбум төгрөгийн тендерийн ашгийн үнийн дүнгийн 10 хувийг авах тохиролцоо, хахууль авах үйлдэл зэрэг нь үргэлжилсэн гэж үзэж байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Шүүх М.С-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.С болон түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Д.Оросоо нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хяналаа. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М.С нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу тус яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргад “Х” компанийг шалгаруул” гэсэн хууль бус үүрэг амаар өгөх байдлаар шууд нөлөөлж, тендерт шалгаруулсны хариуд “Х” компаниас тендерийн үнийн дүнгийн 10 хувийг “зуучлалын хөлс” болгон авах агуулга бүхий “Түншлэлийн гэрээ”-г өөрийн үүсгэн байгуулсан “З” ХХК-тай байгуулж,

 

Улмаар өөрийн хүү С.Д-ын “Хаан” болон “Голомт” банкны дансаар 2014 оны 11 дүгээр сарын 18, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд нийт 66 сая төгрөг,

Өөрийн хамаарал бүхий “З” ХХК-ийн “Хаан” банк дахь харилцах дансаар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 200 сая төгрөг, нийт 266 сая төгрөгийн хахуулийг “Х” ХХК-ийн захирал А.Х-аас авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ. 

Тухайлбал, сайд нөлөөлсөн учраас үнэлгээний хорооны хуралд оролцоогүй нэр бүхий гишүүдийг оролцсон мэтээр хурлын материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалт явагдсан талаар мэдүүлсэн нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, “З” ХХК-ийн захирлын албыг хашиж байгаа шүүгдэгчийн хүү С.Д-ын “... Хотгор зам компанитай хамтран ажиллаж байгаагүй учраас “Түншлэлийн гэрээ” байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээнд өөрийнх нь гарын үсэгний дардас дарагдсан байгааг тайлбарлаж, аав нь харилцах дансыг нь ашигласан болохыг гэрчилсэн мэдүүлэг болон “З” болон “Х” компанийн дансны хуулга зэрэг бичгийн бусад нотлох баримтаар шүүгдэгчийн хахууль авсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хахууль авсан гэмт үйлдэл нь дан ганц хахууль өгөгч А.Х /гадаад руу оргон зайлсан учир хэргийг нь тусгаарласан/-ын мэдүүлгээр бус хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан “... хүн гүтгэж өөрийн эсрэг өгсөн Х-ын мэдүүлэгт бодит дүгнэлт хийгээгүй. Х мэдүүлгээсээ буцаж тодорхойлолт ирүүлснийг шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч үнэлэлт, дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Хэт яллах талыг барьж Хын өмнө өгсөн 5 удаагийн мэдүүлэг, Туркээс ирүүлсэн тодорхойлолт, ярианы бичлэг болон сүүлд өөрийн эсрэг өгсөн мэдүүлэг нь хоорондоо илт зөрүүтэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах” тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий этгээдийн цуглуулж бэхжүүлсэн баримт сэлтийг шүүх хянан хэлэлцэж “нотлох баримт”-ад тооцох эсэхийг шийдвэрлэдэг бөгөөд оргон зайлсан яллагдагч А.Х-аас өмгөөлөгчид гаргаж өгсөн “тодорхойлолт” гэх баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.  

Шүүгдэгч М.С-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хасч, хязгаарлах замаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүйн дээр шүүхийн тогтоол гарахад чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

М.С нь гэрээгээр халхавчлан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэргийн хохирлыг гэрээнд заасан үнийн дүнгээр бус хахууль болгож авсан мөнгөний хэмжээ буюу 266 сая төгрөгөөр тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн тул “... гэрээнд заасан үнийн дүнгийн үлдэх хэсгийг шалгах ёстой” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоогийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд буюу үргэлжилсэн үйлдлээр А.Х-аас 266 сая төгрөгийн хахууль авсан үйлдэл нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах боловч шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хэргийг зөв зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан “... шүүх С-ын гэмт хэрэг үйлдэж эхэлсэн болон дууссан цаг хугацааны тухайд эргэлзээ бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тухай гомдол болон шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нарын “хорих ялыг торгох ял болгон өөрчлөх тухай” гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт эд хөрөнгийг хурааж, 5-аас дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жилээр тогтоосон байна.

Иймд шүүх 2015 оны Эрүүгийн хуулийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж сонгон хэрэглэсэн нь зөв бөгөөд хуулийн ашигтай байдлыг харгалзан буцаан хэрэглэхдээ хуучин хуульд зааснаас доогуур хэмжээний буюу 4 жил хорих ял оногдуулсан нь хууль хэрэглээний оновчтой шийдэл болно.

Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын төрийн сайдын эрх мэдлийг буруугаар ашигласан этгээдэд торгох ял оногдуулах нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд нийцэхгүйн дээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх боловч учруулсан хохирлоо бодит байдлаар нөхөн төлж барагдуулаагүй болохыг онцлон дурдвал зохино.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх М.С-ын “... Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын “Ч” /С/-ийн хооронд 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх” ХХХ дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд “Гэрээний хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын татвар ногдуулах татвар, хураамжийг гүйцэтгэгч тал хариуцна” гэж заасан байтал албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Засгийн газрын 2014 оны 4 дүгээр хуралдаанд “... Амгалан дулааны станцын  барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх явцад газар чөлөөлөх, төмөр зам барьж байгуулах зэрэг тооцоолоогүй ажлууд нэмэгдсэн учир гааль болон нэмүү өртөгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй” гэсэн бодит үндэслэл, тооцоолол, судалгаанд тулгуурлаагүй асуудлыг танилцуулж, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлуулж, уг хуулийн дагуу Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх “А” дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг батлуулж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэгч С-д давуу байдал бий болгон тус дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжид ногдох 8.731.362.025 төгрөгийн албан татвараас үндэслэлгүй чөлөөлүүлж Монгол Улсын эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг нотлогдон тогтоогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхийн энэхүү шийдвэрт хэргийн оролцогч талуудын хэн аль нь гомдол гаргаагүй боловч хяналтын шатны шүүх хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээг бүхэлд нь хянасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 996 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч М.С болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо, Н.Цэцэгмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                     Ч.ХОСБАЯР