Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00625

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00625

 

Д.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00260 дугаар шийдвэртэй

Д.Нын нэхэмжлэлтэй хариуцагч С ТӨХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 100 251 325 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, С ТӨХК-ийн 2019.10.25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь С ТӨХК-д 1988 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр анх онгоцны үйлчлэгчээр ажилд орж, тус байгууллагад нийт 32 жил тасралтгүй ажилласан. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/380 тоот Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Борлуулалтын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/460 тоот тушаалаар уг албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Д.Н нь дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж. Улсын дээд шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч С ТӨХК нь хуулийн хүчин төгөлдөр болсон Улсын дээд шүүхийн тогтоолыг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудасны хамт бичүүлсэн. Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38 776 500 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан заалтуудыг С ТӨХК нь биелүүлсэн боловч Д.Ныг С ТӨХК-ийн ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газарт Борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон заалтыг биелүүлэхгүй явсаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын Б/773 тоот тушаалаар буцааж ажилд нь эгүүлэн томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан тул Д.Н нь ажилгүй байсан хугацааны олговорт 38 776 500 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тооцоолон нэхэмжилсэн бөгөөд уг өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа буюу ажлын 247 өдрийн цалинтай тэнцэх олговорт 100 251 325.07 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Мөн хөдөлмөрийн гэрээ сунгагдсан хугацаа 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болох талуудын хэн аль нь түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд дахин 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээний хугацаа анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэж байна. Мөн Улсын дээд шүүхийн тогтоол нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр танилцуулан сонсгомогц хүчинтэй тул ажил олгогч буюу С ТӨХК нь уг тогтоолын дагуу 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Д.Ныг ажилд эгүүлэн томилж, 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Иймд С ТӨХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож. урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч С ТӨХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 25-ны Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож Д.Ныг ажилд нь эгүүлэн тогтоолгох, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол нь уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох тул ажил олгогч нь уг тогтоолын дагуу Д.Ныг ажилд нь эгүүлэн тогтоох ёстой байсан учир хөдөлмөрийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгагдах ёстой гэж өөрсдийнхөө хүсэл зоригийг тулгаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Энэ асуудал өмнө нь шийдэгдээд Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Шийдсэн хэрэг дээр дахиад нэхэмжлэл гаргаад яваад байгааг шүүх хүлээж авах боломжгүй. Анх 2017 оны хөдөлмөрийн гэрээг 2018 онд дуусгавар болгосон, 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хугацаатай гэрээ байгуулагдсан байна гэдгийг Улсын дээд шүүх шийдсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар хугацаатай гэрээ байгуулагдсан гэдэг нь тогтоогддог. Давж заалдах шатны шүүхээс Д.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04-0/07 дугаартай хөдөлмөрийн гэрээ анх заасан хугацаа буюу нэг жилийн хугацаагаар сунгагдсан гэж дүгнэсэн тул ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэрийг гаргасан. Тэгээд хариуцагч тал маргаад маргаан нь Улсын дээд шүүх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Д.Нын хөдөлмөрийн гэрээний хугацаа өнөөдөр дуусаж байгаа. Гэрээний хугацааг цаашид сунгах эсэх асуудлыг ажил олгогч, ажилтан нар хоорондоо тохиролцож шийдвэрлэнэ уг тогтоол саад болохгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдөр ажил олгогч нь шууд өөрийн өмнө ажиллаж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох ёстой гэсэн зүйл яриад байна. Д.Над ажлын байранд нь эгүүлэн тогтоох боломжгүй гэж хэлж байсан. Учир нь энэ ажлын байр Д.Нын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход байхгүй болсон гэдгийг хэн аль нь мэдэж байсан. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тушаал гарсан талаар гэвэл нэхэмжлэгч талаас гүйцэтгэх хуудас бичүүлсэн, гүйцэтгэх хуудсыг Улсын Дээд шүүхийн ажилд нь эгүүлэн тогтоосон гэсний дагуу хөдөлмөрийн гэрээ дууссанаас 5 сарын өмнө гарсан шийдвэрийн дагуу бичүүлсэн. Д.Нын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэдгийг мэдэгдсэн, уг ажлын байр чинь байхгүй болсон гэдгийг хэлсэн. Д.Н би гүйцэтгэх хуудас бичүүлсэн юм чинь заавал Берлинд очиж ажил хийнэ, энэ л ажлыг хийнэ гээд дайраад байсан, гэтэл ажил олгогчид тухайн ажлын байр байхгүй гэсэн тайлбарыг өгсөн. 2019 оны нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээний асуудлыг л энд ярьж байгаа. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан үеийн ажилгүй байсан дутуу цалингаа нэхэмжлэх эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн хэргийн 10 дугаар хуудсанд Хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайлан тодорхойлсон 38 776 500 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Мөн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх 5 сарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг өгсөн, үүнийг бол Улсын дээд шүүх шийдсэн асуудал. Энэ тэдний ярьж байгаа шиг нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл гэсэн асуудал биш шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхойлсон үнийн дүнгээр олгохоор шийдвэрлэсэн. Д.Н 7 000 000-8 000 000 төгрөг аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал яригдах болоод байна. Бид нар 2013 оноос төлөөлөгчийн газар бол тусдаа 30 хувийн цалинтай үлдсэн цалин буюу байр, гадаад улсад амьдрах боломжоор хангах үүднээс ажил олгогч цалингийн хувь тогтоодог. Үүн дээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл 2 хувиар, нийгмийн даатгалын шимтгэл 10.5 хувиар тооцогддог байгаа. Д.Над өгсөн цалин хөлсөө тооцохоор Д.Н 6 сард ажилд томилогдоод, түүнээс хойш визний асуудлаар 11 сарын 12 хүртэл ажлаа хийгээгүй, үүнийг шүүх энэ үед та сул зогссон байна тийм учраас ажил олгогч танд цалин өгөх ёсгүй гээд шийдсэн. Тэрнээс хойш 6 сараар 6 462 750 төгрөгөөр тооцож шүүхийн шийдвэр гарсан байна. Тэгэхээр нэхэмжлээд байгаа шаардлага нь анх өөрийнх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэгдсэн, өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг бүрэн авсан байна. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинд 42 211 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Над олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Д.Нын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч С ТӨХК-нд даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С ТӨХК холбогдох С ТӨХК-ийн захирлын 2019.10.25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659 206.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 369 005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгч Д.Над 2018-12-14-ний өдрөөс 2019-05-18- ний өдөр /104 хоног/-ийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалинд нийт 42 211 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн 1 өдрийн цалинг 405 875 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй хэмээн үзэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Над 2018-12-14-ний өдрөөс 2019-05-18-ний өдрийг хүртэлх ажлын 104 хоногт ажилгүй байсан хугацааны дундаж цалинд нийт 42 211 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн татвар суутгасан буюу татварын хасалт бүхий 1 хоногийн ажлын хөлсийг 405 875 төгрөгөөр тооцсон нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоолсон тооцооллоос зөрүүтэй ойлгомжгүй байна. 2018-12-14-ний өдрийн 2463 дугаар Магадлалаар ажилгүй байсан хугацааны олговорт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайлан тодорхойлсон дүнг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болохоос давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх дундаж цалин хөлсийг тооцоолж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмээн дүгнэлт хийх нь өрөөсгөл юм. Учир нь 2017-05-17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.1-д ажилтны сарын цалинг 3,000 евро байхаар заасан боловч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн үнэлгээний үндсэн хөлс нь евроны ханшны өөрчлөлтөөс шалтгаалан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хувьд 1,9-2,5 сая төгрөгт хэлбэлзэж байсан болох нь 2013-04-05-ны өдрийн №Б/272 тоот гүйцэтгэх захирлын гадаад орон дахь төлөөлөгчийн газруудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний суурь жишгийг шинэчлэн баталсан тушаалаар нотлогдоно. Тус тушаалын хавсралтаар хөдөлмөрийн хөлсний суурь жишгийг тогтоохдоо нийт цалин хөлсийг орон сууцны зардал 70%-иар тооцож, түүн дээр хөдөлмөрийн хөлс буюу үндсэн цалинг 30% -иар тооцон тэдгээрийн нийлбэрийг ажилтанд олгосон байдаг. Нэхэмжлэгч Д.Нын хувьд нийгмийн даатгалын шимтгэл сард 240 000-264 000 төгрөг эрүүл мэндийн даатгалд 480 000 төгрөг төлж байсан болох нь баримтаар тогтоогддог. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, Засгийн газрын 2017- 09-13-ны өдрийн №251 дугаар тогтоолын 2 дахь заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоохоор хэмээн заасан байх бөгөөд 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 000 төгрөг байсан бөгөөд 3 200 000 төгрөгөөс дээш цалинтай ажилтны хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хязгаар нь 320 000 байхаар журамлагдсан байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д.Ныг шүүхээс урьд эрхэлж байсан ажил, тушаалд нь эгүүлэн тогтоосон тул түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч нь олгох үүрэгтэй. Түүнчлэн талууд 2019.05.18-ны өдөр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох эсэх асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх ёстой байсан ч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг 2019 оны 10-р сарын 25-ны өдөр биелүүлж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон. Уг өдрийг хүртэл 112 хоног нэхэмжлэгч нь ажилгүй байсан тул ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Д.Ныг ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд шүүхээс уг ажлын байрыг байнгын ажлын байр болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн ч хөдөлмөрийн гэрээг чөлөөтэй байгуулах нь талуудын эрхэд хамаарах тул гэрээний хугацааг дууссанаас хойш гарсан ажил олгогчийн шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэнэ. Мөн нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэрийг ажил олгогч нь гаргаж хөдөлмөрийн харилцаа шинээр үүссэн тул С ТӨХК-ийн 2019 оны 10-р сарын 25-ны өдрийн Б/774 тоот тушаалаар дахин Д.Ныг ажлаас чөлөөлж байгаа үндэслэлгүй юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажил, албан тушаал нь байхгүй болсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч үүнийгээ нотлоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36-р зүйлийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу хэрвээ нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон бол түүнийг хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил, эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалд ажил олгогч нь томилох үүрэгтэй байсан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Н хариуцагч С ТӨХК-д холбогдуулан нэгт, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаа буюу 247 хоногийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 100 251 325 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

хоёрт, С-ын ТӨХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд авч байсан ажилд эгүүлэн тогтоолгох, уг хугацаанаас ажилд эгүүлэн тогтоолгох хүртэлх хугацааны олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

Нэг: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 100 251 325 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд С ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/380 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Ныг ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын борлуулалтын менежерийн албан тушаалд томилж, нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажил олгогчийн санаачилгаар 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/460 дугаар тушаалаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Д.Н ажилгүй байсан хугацааны олговорт 100 251 325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02410 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2463 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Ныг ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын борлуулалтын менежерийн албан тушаалд нь эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38 776 500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2019/00697 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан байна. /хх.11-23/

Ажил олгогч байгууллага 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б/773 тоот тушаалаар ажилтан Д.Ныг ажилд эгүүлэн томилсон, мөн өдрийн Б/774 тоот тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. /хх.10,24/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2463 дугаар хүчин төгөлдөр магадлалаар нэхэмжлэгч Д.Нын ажилгүй байсан хугацааг 96 хоногоор тооцож /нэхэмжлэгчийг ажлаас халсан өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30 хүртэлх/ олговорт 38 776 500 төгрөг олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 100 251 325 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд уг асуудлыг анхан шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаагаар тооцож, 104 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 42 211 000 төгрөг олгохоор шийдвэрлэж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан заалттай нийцсэн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчийн гар дээр олгох буюу суутгал хийгдсэн цалин хөлсийг анхан шатны шүүх буруу тооцсон гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжгүй байна. Учир нь хэрэгт нэхэмжлэгчийн авч байсан цалингийн дэлгэрэнгүй, нийгмийн даатгалын дэвтрийн хуулгууд авагдсан, шүүх нэхэмжлэгчийн 3 сарын цалингийн дундаж цалин 8 726 330 төгрөг, нэг өдрийн цалин нь 405 876 төгрөг гэж тооцож түүний ажилгүй байсан хугацааны 104 хоногоор тооцоход нэхэмжлэгчид 42 211 000 олгохоор гаргасан тооцоо нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь заалттай нийцжээ. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар өмнөх хүчин төгөлдөр шүүхийн магадлалаар нэхэмжлэгч Д.Нын нэг өдрийн цалин нь 405 876 төгрөг гэж тооцсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй болно.

Хоёр. С-ын ТӨХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд авч байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Ажил олгогч буюу С ТӨХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/774 тоот тушаалаар ажилтан Д.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон, хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгосон байна.

Ажил олгогчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/380 дугаар тушаалаар ажилтан Д.Ныг ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын борлуулалтын менежерийн албан тушаалд томилж, нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон үйл баримт байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтад Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж тус тус заажээ. Ажил олгогч байгууллага ажилтан Д.Н нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаагаар байгуулагдсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн нийтлэг үндэслэлтэй нийцжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2463 дугаар хүчин төгөлдөр магадлалаар талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг анх заасан хугацаа буюу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгагдсан гэж үзэж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон байдал нь талууд тухайн гэрээний хугацааг цаашид сунгах эсхүл дуусгавар болгоход шүүхийн дээрх шийдвэр нөлөөлөхгүй юм. Иймд ажил олгогч тал хөдөлмөрийн гэрээгээ 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгон цаашид гэрээг сунгаагүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Нын С ТӨХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд авч байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх гэрээний хугацааг дуусгавар болох хугацаа болон олговрыг тооцоог буруу тооцсон гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 448 152 төгрөг, хариуцагаас төлсөн 369 005 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО