Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00472

 

*****ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00260 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар  сарын 20-ны өдрийн 625 дугаар магадлалтай,

 *****ын нэхэмжлэлтэй,

“*****” ТӨХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 100,251,325 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, “*****” ТӨХК-ийн 2019.10.25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч *****ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Г.Д-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ***** нь “*****” ТӨХК-д 1988.04.06-ны өдөр анх онгоцны үйлчлэгчээр ажилд орж, тус байгууллагад нийт 32 жил тасралтгүй ажилласан. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2017.5.17-ны өдрийн Б/380 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Борлуулалтын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад, 2018.6.13-ны өдрийн Б/460 тоот тушаалаар уг албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. ***** нь дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч “*****” ТӨХК нь хуулийн хүчин төгөлдөр болсон Улсын дээд шүүхийн тогтоолыг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудасны хамт бичүүлсэн. Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,776,500 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан заалтуудыг “*****” ТӨХК нь биелүүлсэн боловч *****ыг “*****” ТӨХК-ийн ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газарт Борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон заалтыг биелүүлэхгүй явсаар 2019.10.25-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын Б/773 тоот тушаалаар буцааж ажилд нь эгүүлэн томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан тул ***** нь ажилгүй байсан хугацааны олговорт 38,776,500 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа буюу 2018.10.30-ны өдрийн байдлаар тооцоолон нэхэмжилсэн бөгөөд уг өдрөөс хойш ажилд эгүүлэн томилсон 2019.10.25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа буюу ажлын 247 өдрийн цалинтай тэнцэх олговорт 100,251,325.07 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Мөн хөдөлмөрийн гэрээ сунгагдсан хугацаа 2019.5.18-ны өдөр дуусгавар болох, талуудын хэн аль нь түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд дахин 2020.5.18-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээний хугацаа анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэж байна. Мөн Улсын дээд шүүхийн тогтоол нь 2019.5.16-ны өдөр танилцуулан сонсгомогц хүчинтэй тул ажил олгогч буюу “*****” ТӨХК нь уг тогтоолын дагуу 2019.5.17-ны өдөр *****ыг ажилд эгүүлэн томилж, 2019.5.18-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Иймд “*****” ТӨХК-ийн 2019.10.25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “*****” ТӨХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: ...Энэ асуудал өмнө нь шийдэгдээд Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Шийдсэн хэрэг дээр дахиад нэхэмжлэл гаргаад яваад байгааг шүүх хүлээж авах боломжгүй. Анх 2017 оны хөдөлмөрийн гэрээг 2018 онд дуусгавар болгосон, 2019.5.18-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хугацаатай гэрээ байгуулагдсан байна гэдгийг Улсын дээд шүүх шийдсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар хугацаатай гэрээ байгуулагдсан гэдэг нь тогтоогддог. Давж заалдах шатны шүүхээс *****тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2017.5.17-ны өдрийн 04-0/07 дугаартай хөдөлмөрийн гэрээ анх заасан хугацаа буюу нэг жилийн хугацаагаар сунгагдсан гэж дүгнэсэн тул ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэрийг гаргасан. Улсын дээд шүүх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ *****ын хөдөлмөрийн гэрээний хугацаа өнөөдөр дуусаж байгаа, гэрээний хугацааг цаашид сунгах эсэх асуудлыг ажил олгогч, ажилтан нар хоорондоо тохиролцож шийдвэрлэнэ, уг тогтоол саад болохгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл ажил олгогч нь шууд өөрийн өмнө ажиллаж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох ёстой гэсэн зүйл яриад байна. *****ад ажлын байранд нь эгүүлэн тогтоох боломжгүй гэж хэлж байсан. Учир нь энэ ажлын байр *****ын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход байхгүй болсон гэдгийг хэн аль нь мэдэж байсан. Нэхэмжлэгч талаас гүйцэтгэх хуудас бичүүлсэн, гүйцэтгэх хуудсыг Улсын дээд шүүхийн ажилд нь эгүүлэн тогтоосон гэсний дагуу хөдөлмөрийн гэрээ дууссанаас 5 сарын өмнө гарсан шийдвэрийн дагуу бичүүлсэн. *****ын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэдгийг мэдэгдсэн, уг ажлын байр чинь байхгүй болсон гэдгийг хэлсэн. 2019 оны нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээний асуудлыг л энд ярьж байгаа. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан үеийн ажилгүй байсан дутуу цалингаа нэхэмжлэх эрхтэй. Шүүхээс хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайлан тодорхойлсон 38,776,500 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Мөн 2018.5.18-ны өдрөөс 2018.11.22-ны өдөр хүртэлх 5 сарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг өгсөн, үүнийг Улсын дээд шүүх шийдсэн. ***** 7,000,000-8,000,000 төгрөг аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал яригдах болоод байна. 2013 оноос төлөөлөгчийн газар бол тусдаа 30 хувийн цалинтай, үлдсэн цалин буюу байр, гадаад улсад амьдрах боломжоор хангах үүднээс ажил олгогч цалингийн хувь тогтоодог. Үүний дээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл 2 хувиар, нийгмийн даатгалын шимтгэл 10.5 хувиар тооцогддог. ***** 6 сард ажилд томилогдоод, түүнээс хойш визний асуудлаар 11 сарын 12-ны өдрийг хүртэл ажлаа хийгээгүй, үүнийг шүүх энэ үед та сул зогссон байна тийм учраас ажил олгогч танд цалин өгөх ёсгүй гээд шийдсэн. Тэрнээс хойш 6 сараар 6,462,750 төгрөгөөр тооцож шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлээд байгаа шаардлага нь анх өөрийнх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэгдсэн, өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг бүрэн авсан байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00260 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*****” ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны цалинд 42,211,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч *****ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “*****” ТӨХК-нд даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “*****” ТӨХК-д холбогдох “*****” ТӨХК-ийн захирлын 2019.10.25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч *****ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659,206.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 369,005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар  сарын 20-ны өдрийн 625 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 448,152 төгрөг, хариуцагчаас төлсөн 369,005 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалын зарим хэсэг буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 58,040,268 төгрөг, “*****” ТӨХК-ийн 2019.10.25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 8-р хуудсанд “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.14-ний өдрийн 2463 дугаар хүчин төгөлдөр магадлалаар нэхэмжлэгч *****ын ажилгүй байсан хугацааг 96 хоногоор тооцож /нэхэмжлэгчийг ажлаас халсан өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30 хүртэлх/ олговорт 38,776, 500 төгрөг олгож шийдвэрлэсэн байна” гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч нь 2018.10.30-ны өдрөөс 2018.12.14-ний өдрийг хүртэл буюу 31 хоногийн хугацаанд ажилгүй байсан байхад уг хугацааг анхан болон давж заалдах шатны шүүхээс ажилгүй байсан хугацаанд оруулж тооцохгүй байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан бөгөөд нэхэмжлэгчийн дээрх ажилгүй байсан хугацаанд 31 хоногийг тооцож, олговор олгохгүй байгаа нь уг заалттай нийцэхгүй байна. Мөн давж заалдах шатны шүүхээс ямар үндэслэлээр анхан шатны шүүхийн  шийдвэр гарсан 2018.10.30-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2018.12.14-ний өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 31 хоногийг ажилгүй байсан хугацаанд тооцож олговор олгохгүй, дүгнэлт хийхгүй байгаа нь учир дутагдалтай байна.

2019.05.18-ны өдрөөс 2019.10.25-ны өдрийг хүртэлх хугацаа болох 112 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор 45,458,112 төгрөг гаргуулах тухайд: Нэхэмжлэгч ***** болон хариуцагч “*****” ТӨХК нь 2019.05.18-ны өдөр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох эсэх асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх ёстой байсан ч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй. Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж хариуцагч нь шүүхийн шийдвэрийг 2019.10.25-ны өдөр биелүүлж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд уг өдрийг хүртэл 112 хоног нэхэмжлэгч нь ажилгүй байсан тул ажилгүй байсан хугацааныхаа цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч *****ыг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон тул тэрээр “*****” ТӨХК-д бүх насаараа ажилласан хүнийхээ хувьд эргэж ажилдаа орно гэсэн хүлээлттэйгээр ажил олгогчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл өөр ажил, төрөл эрхлээгүй бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2019.05.16-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон шийдвэр гарсан 2019.10.25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан тул уг хугацааныхаа цалинтай тэнцэх олговрыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээг чөлөөтэй байгуулах нь талуудын эрхэд хамаарах тул гэрээний хугацааг дууссанаас хойш гарсан ажил олгогчийн шийдвэр нь эрх зүйн үр дагавар үүсгэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ хугацаанд нь сайн дураараа хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар болох нэхэмжлэгчийг ажилд томилох хүртэл /2019.10.25-ны өдрийг хүртэл/ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажил олгогч нь хариуцах ёстой. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 143 хоногийн цалинтай тэнцэх олговорт 58,040,268 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

“*****” ТӨХК-ийн 2019.10.25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд: “*****” ТӨХК нь нэхэмжлэгч *****ыг 2019.10.25-ны өдрийн Б/773 тоот тушаалаар ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газарт Борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн томилсон боловч хариуцагчийн зүгээс өмнөх гурван шатны шүүхэд гаргасан тайлбартаа дээрх ажлын байр байхгүй болсон гэдэг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон бол түүнийг хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил, эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалд ажил олгогч нь томилох үүрэгтэй байсан. Гэтэл “*****” ТӨХК нь байхгүй болсон ажлын байранд нэхэмжлэгчийг томилж байгааг шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хэрвээ хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлж *****ад адил чанарын өөр, ажил албан тушаал санал болгож мөн түүний саналыг сонссон бол талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа шинээр үүсч нэхэмжлэгч нь дахин ажилгүй болж хохирохгүй байсан. Мөн талууд хөдөлмөрийн гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй тул дээрх тушаалыг нэг талын санаачлагаар түүнд мэдэгдэлгүй гаргаж байгаа нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, “*****” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.10.25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, зохих ёсоор ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын шийдэл зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “...Нэхэмжлэгч нь 2018.10.30-ны өдрөөс 2018.12.14-ний өдрийг хүртэл буюу 31 хоногийн хугацаанд ажилгүй байсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс уг хугацааг тооцохгүй байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцэхгүй, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан...” гэх үндэслэлийн тухайд, анхан шатны шүүхээс дурдсан хугацааны олговрыг гаргаагүй үндэслэлээ тайлбарлахдаа “...Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2463 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгсөн ба нэхэмжлэгч ***** нь уг олгосон дундаж цалин хөлстэй холбогдуулан Улсын дээд шүүхэд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчид 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгосон гэж үзнэ” гэсэн нь үндэслэл муутай болсон, давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай болжээ.

Учир нь, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2463 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2410 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, /нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон хэмжээгээр буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх/ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн, уг магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 697 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилогдох хүртэл хугацааны ажилгүй байсан үеийн цалин, хөлсийг дахин нэхэмжлэх эрхтэй, гэхдээ уг эрхийг хэрэгжүүлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Нэхэмжлэгчийн хувьд дээр дурдсан давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2410 дугаар магадлал хүчин төгөлдөр болсноор буюу Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 697 дугаар тогтоол гарсан үеэс “эрхээ зөрчигдсөнөө мэдсэн” гэж үзнэ, учир нь уг тогтоолд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 5 сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилсэнд тооцож, түүнээс хойш сунгах эсэхийг ажил олгогч өөрөө шийдвэрлэхээр заасан ба нэгэнт хариуцагчийн зүгээс уг хугацааг сунгаагүй /эс үйлдэхүйгээрээ/ тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзнэ, иймд нэхэмжлэгч нь энэ өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан, гэвч тэрээр 2019 оны 11 дүгээр сарын 28-нд буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш даруй 6 сарын дараа шүүхэд хандсанаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаа угтаа алджээ.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, цалин хөлсний олговортой холбоотой шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн, үүнд хариуцагчийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргаагүй тул магадлалыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд буюу түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцээд 2018.10.30-ны өдрөөс /анхан шатны шүүхийн шийдвэр гарсан/ 2018.12.14-ний өдрийг хүртэл /давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан/ буюу 31 хоногийн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл үндэслэлтэй гэж үзэн энэ талаарх гомдлыг хангахгүй орхилоо.

“Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар 2019 оны 10 дугаар сарын 25-нд албадан биелүүлсэн, гэтэл шүүх 2019.05.18-ны өдрөөс /хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж үзсэн/ 2019.10.25-ны өдөр /маргаан бүхий тушаал гарсан/ хүртэлх хугацааны 112 хоногийн цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгоогүй нь буруу, хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй явдалд нэхэмжлэгчийг буруутгах ёсгүй тул шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгчийг ажилд томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 58,040,268 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан өөрчлөлт хийж өгнө үү...” гэсэн утгатай хяналтын гомдлын тухайд, дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухай дүгнэлтээр уг гомдол үгүйсгэгдэхээс гадна анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн “...Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 697 дугаар тогтоолд “...Иймд 2017.05.18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019.05.18-ны өдрөөс хойш үргэлжлүүлэх, дуусгавар болгох эсэхийг ажил олгогч болон ажилтан шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүй болно...” гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгч *****ын хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019.05.18-ны өдөр хүртэл үргэлжилсэн гэж шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтад талууд маргах эрхгүй тул Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.14-ний өдрийн 2463 дугаар магадлалаар тогтоосон дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг олгов...” гэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн 2463 дугаар магадлал гарсан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны /104 хоног/ цалинд 42,211,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв юм.

Дахин тодруулахад, шүүхийн шийдвэрээр /УДШ-ийн 2019 оны 697 дугаар тогтоол/ нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 5 сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилсэнд тооцож, түүнээс хойш сунгах эсэхийг ажил олгогч өөрөө шийдвэрлэхээр заасан ба нэгэнт хариуцагчийн зүгээс уг хугацааг сунгаагүй, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул түүнээс хойш нэхэмжлэгчийг “ажилгүй байсан” гэж үзэхгүй, харин хариуцагч цаг хугацааны хувьд хожим нь буюу 2019 оны 10 сарын 25-ны өдөр маргаан бүхий Б/774 тоот тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь нэгэнт дуусгавар болсон гэрээний хувьд ач холбогдолгүй, иймд уг тушаалыг хууль бус гэж үзэхгүй.

Мөн дээрх үндэслэлээр “...шүүхүүд “*****” ТӨХК-ийн 2019.10.25-ны өдрийн Б/774 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, “...хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон бол түүнийг хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил, эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалд томилох үүрэгтэй байсан. Гэтэл “*****” ТӨХК нь байхгүй болсон ажлын байранд нэхэмжлэгчийг томилж байгааг шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Хэрвээ хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлж *****ад адил чанарын өөр, ажил албан тушаал санал болгож мөн түүний саналыг сонссон бол талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа шинээр үүсч нэхэмжлэгч нь дахин ажилгүй болж хохирохгүй байсан. Мөн талууд хөдөлмөрийн гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй тул дээрх тушаалыг нэг талын санаачлагаар түүнд мэдэгдэлгүй гаргаж байгаа нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна...” гэх гомдлын тухайд, маргаан бүхий тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.“хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэснийг үндэслэсэн ба уг нөхцөл нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол...” гэх нөхцөлд хамаарахгүй, нэхэмжлэгч анхнаасаа хугацаатай хөдөлмөрийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан тул гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гарсан маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэхгүй юм.

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00260 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар  сарын 20-ны өдрийн 625 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 448,152 төгрөг  төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         П.ЗОЛЗАЯА

                      ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                  Б.МӨНХТУЯА

                                                                                                    Х.СОНИНБАЯР

                                                                                                   Б.УНДРАХ