Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00453

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00453

 

 

 

 

М.Дэлгэрмаа, А.Тулга нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/03213 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Дэлгэрмаа, А.Тулга нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Орон сууцны үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Баяраа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч А.Тулга шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн А.Тулга, Дэлгэрмаа нар нь Лотус финанс ББСБ ХХК-иас өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, 31-69 тоот хаягт байрлах Ү-2203013392 улсын бүртгэлийн дугаартай, 000016712 тоот гэрчилгээтэй 3 өрөө орон сууцны байрыг барьцаалан 65 000 000 төгрөгийг зээлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас төлж чадалгүй явсаар Лотус финанс ББСБ ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 181/ШШ2016/00637 тоот шийдвэрээр 101 183 416 төгрөг төлөх болсон. Төлбөр төлөгч А.Тулга, М.Дэлгэрмаагийн нэр дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны 3/22336 тоот мэдэгдэл ирсэн бөгөөд уг мэдэгдлийг Монгол шуудан компанийн 28-р салбараас 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан болно. Уг мэдэгдэлд дурдсанаар бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон шинжээчийн үнэлсэн үнэлгээ одоогийн зах зээлийн үнэ ханшнаас хэтэрхий доогуур байна. Бид уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин зах зээлийн бодит үнэлгээгээр үнэлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 637 дугаар шийдвэрээр М.Дэлгэрмаагаас 101 183 418 төгрөгийг гаргуулж Лотус финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу А.Тулга, М.Дэлгэрмаа нарын хамтран өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013392 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжилж, хураасан.

Тус орон сууцыг өмчлөгч тус бүр 400 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр авагч талд танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээ 131 750 000 төгрөгөөр тогтоосон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул А.Тулга, М.Дэлгэрмаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Сөүл гудамж, 31-р байр, 69 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 131 750 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлүүлэх тухай, А.Тулга, М.Дэлгэрмаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Тулга давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр ...Итгэлт эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргажээ. ... хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан зах зээлийн бодит үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон шинжээчийн үнэлгээгээр гаргасан 131 750 000 төгрөгийн үнэлгээ нь ямар үндэслэлээр гаргаж ирсэн, зах зээлийн одоогийн ханштай хэрхэн уялдаж байгаа нь баримтаар нотлогдоогүй юм. Энэ талаар хариуцагч тал ямар нэг тайлбар өгөөгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар болон эд хөрөнгийн талаар үнэлгээ гаргасан гэх хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх маргаж буй шинжээчийн гаргасан үнэлгээний талаар бодитой мэтээр дүгнэсэн нь шүүх хөндлөнгийн байх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, уг хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Дэлгэрмаа, А.Тулга нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууцны үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд зохигчид Итгэлт эстимэйт ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Сөүл гудамж, 31-р байр, 69 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 131 750 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний талаар маргасан байна.

Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал тохиролцоогүйгээс шийдвэр гүйцэтгэгч дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон./хх-44/ Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээгээр тогтоосон 131 150 000 төгрөгийн үнэлгээ нь ямар үндэслэлээр хийгдсэн нь тодорхойгүй, үндэслэл муутай талаар маргаж байгаа тохиолдолд шинжээчийн эрх зүйн байдал, дүгнэлтийн хүчинтэй эсэхийг дүгнэх нь ач холбогдолтой байна. Итгэлт эстимэйт ХХК-ийн ирүүлсэн дүгнэлтэд зөвхөн үнэлгээчин гарын үсэг зурж өөрийн хувийн тамгыг дарсан ба шинжээчээр томилогдсон хуулийн этгээдийн тамгагүй, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй тул томилогдсон шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. /Х.х-ийн 45-49 дүгээр тал/

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4.9-т хөрөнгийн үнэлгээ хийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж заасан. Итгэлт эстимэйт ХХК хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд мөн эсэх, эрх бүхий этгээд дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байх тул Хөрөнгө үнэлгээний тайлан гэх бичгийн баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд учир дутагдалтай байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүй гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/03213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ