Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/03213

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/03213

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Т 

 

Нэхэмжлэгч: М.Д нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  НШГА-д холбогдох

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч М.Д-ийн төлөөлөгч А.Т, түүний өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн А.Т миний гэр бүлийн хүн М.Д нь ЛФ ББСБ ХХК-иас өөрсдийн өмчлөлд байгаа ... тоот хаягт байрлах Ү-2203013392 улсын бүртгэлийн дугаартай, 000016712 тоот гэрчилгээтэй 3 өрөө орон сууцны байрыг барьцаалан 65,000,000 төгрөгийг зээлсэн.

Гэвч тодорхой шалтгааны улмаас төлж чадалгүй явсаар ЛФ ББСБ ХХК-ийн 2016 оны 09 сарын 08-ны өдрийн дугаар 181/ШШ2016/00637 тоот шийдвэрээр 101,183,416 төгрөг төлөх болсон.

Төлбөр төлөгч А.Т, М.Д-н нэр дээр*******наас 2017 оны 09 сарын 13-ны 3/22336 тоот мэдэгдэл ирсэн бөгөөд уг мэдэгдлийг Монгол шуудан компанийн 28-р салбараас 2017 оны 09 сарын 23-ны өдөр хүлээн авсан болно.

Уг мэдэгдэлд дурдсанаар бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон шинжээчийн үнэлсэн үнэлгээ одоогийн зах зээлийн үнэ ханшнаас хэтэрхий доогуур байна. Бид уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин зах зээлийн бодит үнэлгээгээр үнэлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 08-ны өдрийн 637 дугаар шийдвэрээр М.Д-с 101,183,418 төгрөгийг гаргуулж ЛФ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 сарын 03-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу А.Т, М.Д нарын хамтран өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013392 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжилж, хураасан.

Тус орон сууцыг өмчлөгч тус бүр 400,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр авагч талд танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээ 131,750,000 төгрөгөөр тогтоосон.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул А.Т, М.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Т, М.Д нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 131,750,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч А.Т, М.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр А.Т, М.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нар нь орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох талаар хангалттай ажиллагаа хийгээгүй, үнэлгээг хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй байна гэж тайлбарладаг бол хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргадаг.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 08-ны өдрийн 181\ШШ2016\00637 дугаар шийдвэрээр М.Д-с 101,183,418 төгрөгийг гаргуулан ЛФ ББСБ ХХК-д олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхий улсын бүртгэлийн Ү-2203013392 дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолоор хураажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн саналаа өгөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарт мэдэгдсэний дагуу А.Т, М.Д нар нь үл хөдлөх эд хөрөнгөө 400,000,000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

Улмаар, төлбөр авагч ЛФ ББСБ ХХК нь 2017 оны 08 сарын 28-ны өдөр Шинжээч томилуулах тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан байх тул төлбөр төлөгч, хамтран өмчлөгч, төлбөр авагч талуудыг үнийн саналаа тохиролцоогүй гэж үзнэ.

 

Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 222 тоот тогтоолоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан... тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасантай нийцжээ.

 

ИЭ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргажээ.

 

Хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан зах зээлийн бодит үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч тал орон сууцны үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч А.Т, М.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үнэлгээний талаарх мэдэгдлийг 2017 оны 09 сарын 23-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байх тул нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, ... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 131,750,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлүүлэх тухай, А.Т, М.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР