Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2020/02308

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02308

 

 

 

Ш.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03446 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Д-гийн хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 5-ны өдрийн 101/ШШ2018/03679 дугаар захирамжаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ш.Д-, М.М-нараас нийт 83 059 731 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгө Ү-000улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Нарны зам, 410 дугаар байр 000 тоот 2 өрөө, 69,9 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн 2019 оны 3 сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 101/Ш32019/04598 дугаартай захирамж, 101/ГХ2019/00395 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд 1 м.кв талбайг 2 000 000 төгрөгөөр худалдах үнийн саналыг бичгээр гаргахад Н- 2020 оны 4 сарын 2-ны өдрийн Шинжээч томилох тухай 4/181 дугаар тогтоол гаргаж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Нарны зам, 410 дугаар байр 000 тоот 2 өрөө, 69,9 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг Баян Модот ХХК -иар хийлгүүлэн 117 572 000 төгрөгөөр тогтоосон. Интернет дэх зар болон цахим хуудсанд нийтлэгдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололын орон сууцны 1 м.кв талбайн үнэ дунджаар 1 970 000 төгрөг байхад, миний өмчлөлийн орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 682 000 төгрөгөөр тогтоосон нь бодит үнэлгээг илт бууруулж, эд хөрөнгө өмчлөх эрхийг минь ноцтой зөрчиж байна. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэг хэсэгт зааснаар үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулж дахин үнэлгээ хийлгүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 6-ны өдрийн 101/ШШ2018/03679 дүгээр захирамжаар Ш.Д-, М.М-нараас 83 381 400 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 сарын 8-ны өдрийн 19261072 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Ш.Д-, М.М-нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгдөөгүй тул барьцааны хөрөнгө болох Ш.Д-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/ Нарны зам 410 дугаар байрны 000 тоот, 69,9 м.кв талбайтай, хоёр өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-000дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 19261072/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 сарын 24-ний өдрийн 19261072/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ш.Д- 139 800 000 төгрөгөөр үнэлж, М.М-санал ирүүлээгүй, төлбөр авагч Хаан банк шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 4 сарын 2-ны өдрийн 4/181 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-ийг томилоход 117 572 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг талуудад 2020 оны 4 сарын 10-ны өдрийн 4/13448 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Д-гийн гаргасан хариуцагч Н-т холбогдох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Нарны зам, 410 дугаар байр, 000 тоот хаягт байрлах Ү-000тоот улсын бүртгэлийн дугаартай хоёр өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг 2020 оны 4 сарын 22-ны хүлээн авч танилцсан бөгөөд уг өдрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж үзэж шүүгчийн 2020 оны 5 сарын 5-ны өдрийн 8608 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно заасны дагуу шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг хүлээн авсан өдрөө шүүхэд гомдол гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Д- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ./хх1-2, 41/

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 3679 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Ш.Д-, М.М-нараас 83 059 731 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 19261072 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх 4-8, 47/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ш.Д-гийн өмчлөлийн Ү-000улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол хороолол /13311/ Нарны зам 410 байр 000 тоотод байрлах, 69,9 мк.в талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаа хүчинтэй байна. /хх 50,54/

 

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн ба төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг 117 572 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаснаас үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна. /хх 58/

 

Хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 181 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баян-Модот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. /хх 59/

 

Баян-Модот ХХК-ийн үнэлгээний тайлангаар Ү-000улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол хороолол /13311/ Нарны зам 410 байр 000 тоотод байрлах, 69,9 мк.в талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 117 572 000 төгрөгөөр үнэлжээ. /хх 62-66/

 

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. 

 

Хэргийн 60 дугаар талд авагдсан баримтаар үнэлгээ хийсэн шинжээчид эрх үүргийг нь тайлбарласан, шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй, хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагыг ашигласан болох нь тогтоогдож байна. Үнэлгээний тайланд үнэлгээний байгууллагын хаяг, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар зэрэг тусгагдвал зохих мэдээллүүд тусгагдсан, шинжээч томилох, дүгнэлт гаргах ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй юм. /хх 60-70/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 101/ШШ2020/03446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД