Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 3446

 

 

 

 

 

            2020        10          06

                                 101/ШШ2020/03446

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үүрэг гүйцэтгэгч Ш.Д, М.М нараас нийт 83,059,731.89 төгрөг гаргуулан, барьцааны зүйл болох Ш.Д миний өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

 

Тус шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” дугаартай захирамж, дугаар гүйцэтгэх хуудас гарч одоо НШШГГт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

 

Би төлбөр төлөгч бөгөөд, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд барьцааны зүйл болох орон сууцны 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр худалдах үнийн саналыг бичгээр гаргахад НШШГГ нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Шинжээч томилох тухай” дугаар тогтоол гаргаж орон сууцны үнэлгээг “Б” ХХК -иар хийлгүүлэн 117,572,000 төгрөгөөр тогтоосон.

 

Интернет дэх зарын цахим хуудас болон фэйсбүүк сүлжээнд худалдахаар зар нийтлэгдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололын орон сууцны 1 м.кв талбайн үнэ дунджаар 1,970,000 төгрөг байхад, миний өмчлөлийн орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,682,000 төгрөгөөр тогтоосон нь миний үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг илт бууруулж, эд хөрөнгө өмчлөх эрхийг минь ноцтой зөрчиж байна.

 

Иймд, төлбөр төлөгч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ш.Д би дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэг хэсэгт зааснаар үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулж дахин үнэлгээ хийлгүүлэхээр гомдол гаргаж байна.

 

Ш.Д би НШШГгазрын мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэн бөгөөд уг өдрөө Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж үзэж 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” дугаар захирамж гаргасан.

 

Шүүгчийн захирамжид заасны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж дахин нэхэмжлэл гаргаж байгаа тул Иргэний хэрэг үүсгэж холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгээр захирамжаар Ш.Д, М.М нараас 83.381.400 төгрөгийг гаргуулж Х банкинд олгохоор шийдвэрлэсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Ш.Д, М.М нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгдөөгүй тул барьцааны хөрөнгө болох Ш.Д-гийн өмчлөлийн орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор хураасан.

 

Төлбөр хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ш.Д 139.800.000 төгрөгөөр үнэлж, М.М санал ирүүлээгүй, төлбөр авагч Х банк шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/181 дүгээр “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Б” ХХК-ийг томилоход 117.572.000 төгрөгөөр үнэлэгдсэн.

 

Үнэлгээний тайланг талуудад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/13448 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д-гаас хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тоот захирамжаар “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.Д, М.М нарт холбогдох 83,059,731.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай тухай иргэний хэргийг шийдвэрлэжээ.

 

Тодруулбал, тус шүүхийн тоот захирамжаар “Х банк” ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 48,632,710.00 төгрөг, зээлийн хүү 32,314,246.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,112,775.00 төгрөг, нийт 83,059,73.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хариуцагч Ш.Д, М.М нар хүлээн зөвшөөрч, улмаар зохигчид эвлэрсэн байна.

 

Гэвч хариуцагч нар тус захирамжийг сайн дураар биелүүлээгүй учраас тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр тоот гүйцэтгэх хуудсыг олгожээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн баримтаар тус байгууллага төлбөр төлөгч нараас 83,059,73.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг албадан биелүүлэхээр 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгч нарт мэдэгджээ.

 

Улмаар хариуцагч НШШГгазраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.

 

Тайлбарлавал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч НШШГгазраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч НШШГгазраас төлбөр төлөгч Ш.Д-гаас маргааны зүйл болсон түүний өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнийг 139,800,000.00 төгрөг гэснийг төлбөр авагч “Х банк” ХХК-ийн зүгээс үл хүлээн зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

 

Ингээд хариуцагч НШШГгазрын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тоот тогтоолоор дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохоор “Б” ХХК-ийг томилсон ба тус компанийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 117,572,000.00 төгрөг гэж үнэлжээ.

 

Энэ дүгнэлтэд тусгагдсанаар барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоохдоо ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг бодит байдалтай бүрэн танилцаж, үнэлгээгүй гэх тайлбар үндэслэлгүй ба тус компанийн С.Цэвээнролом нь уг үнэлгээг ямар эх сурвалжид үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэд байгаа зэргийг тус тус судалж, дүгнэсэн тухайгаа тодорхой тайлбарласан байна.  

 

Хөрөнгийн үнэлгээний тухай 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хараат бус байх” гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж тус тус заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж тус тус заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “Б” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин С.Ц нь тусгай зөвшөөрөлтэй, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байгаагаас гадна тус компани хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг ажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.Д нь “Б” ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, уг орон сууцны зах зээлийн ханшийг 117,572,000.00 төгрөгөөс илүү гэж маргаж буй тохиолдолд ийнхүү маргаан үүсгэсэн үеэс эхлэн татгалзлаа баримтаар нотлох ёстой бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй болно.

 

Харин хариуцагч НШШГГ нь хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ”үйлчлүүлэгч гэж хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1-д Хөрөнгийн үнэлгээг дараахь үндэслэлээр хийнэ” гээд 5.1.1-д “үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон”, 5.1.2-д “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа бол гомдол гаргасан үеэс тухайн эхлэн орон сууцны зах зээлийн ханшийг 117,572,000.00 төгрөгөөс илүү гэдгээ нотлох, хамгаалах учиртай.

 

Мөн  нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайлантай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр танилцсан бөгөөд хэрэв хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд тийнхүү хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд өгөх ёстой байтал хугацаа хэтрүүлж буюу 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргажээ. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Тодруулбал, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, мөн 76.2-т” хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан................................эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Д нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд гаргах хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Д-гийн гаргасан хариуцагч НШШГГт холбогдох хоёр өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР