Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1036

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н улсын яллагч М.Э, хохирогч Д.Г, шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт С.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 04357 1090 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч С.Э нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг "Даймонд" зочид буудалд үйлчлүүлж байхдаа буудлын ресепшин иргэн Д.Г шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г мэдүүлэхдээ: “…Би хуулийн сургууль төгссөн хүн байна гээд надруу дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь шууд миний зүүн шанаа руу гараараа цохиж гэмтэл учруулаад үснээс зулгаагаад дээрээс өшиглөсөн. Би гомдолтой байна. Би ямар ч шалтгаангүйгээр энэ хүнд зодуулсан. Сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөгийг сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байна.” гэв.

   Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Д.Г өгсөн мэдүүлэг /хх-н 6-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6262 дугаартай дүгнэлт /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Э яллагдагчаар өгсөн тэмдэглэл /хх-н 35-37/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас шүүгдэгч С.Э нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг "Даймонд" зочид буудалд үйлчлүүлж байхдаа буудлын ресепшин иргэн Д.Г шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч С.Э 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг "Даймонд" зочид буудалд үйлчлүүлж байхдаа буудлын ресепшин иргэн Д.г шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Г хохирогчоор өгсөн: “...Би хуулийн сургууль төгссөн хүн байна гээд надруу дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь шууд миний зүүн шанаа руу гараараа цохиж гэмтэл учруулаад үснээс зулгаагаад дээрээс өшиглөсөн. Миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Мөн үснээс зулгааж хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн." гэх мэдүүлэг /хх-н 6/;

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6262 дугаар,

          1. Д.Г биед тархи доргилт, зүүн дээд зовхи, 2 талын шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгарал, шилэн хүзүүний баруун хэсэгт үс халцарч унасан гэмтэл тогтоогдлоо,  

          2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 16/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч С.Э ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Харин хохирогч энэ гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохиролд 5 сая төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаараа нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.