Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/00718

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/00718

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104/ШШ2020/00049 дугаар шийдвэртэй Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Т, Г.э нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 65 242 805 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагч Х.Т, Г.э нар Х ХХК-ийн Налайх тооцооны төвтэй 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Эд хөрөнгө барьцаалах гэрээ тус тус байгуулж, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 70 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 33 093 861 төгрөг, хүү 21 928 402 төгрөг, хугацаа хэтрүүлснээс нэмэгдүүлсэн хүү 7 247 төгрөг, нийт 55 029 510 төгрөг төлсөн. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс гэрээний үүргээ хойш бүрэн биелүүлээгүй тул банкны зээлийн эдийн засагч тэдэнтэй уулзаж зөрчлөө арилгах талаар удаа дараа мэдэгдэж, уулзаж, мэдэгдэл хүргүүлэхэд байраа зараад зээлийн төлбөрийг бүхэлд нь төлнө гэж байсан ч төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Банк зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 тоот тушаалаар баталсан хавсралтын Банкны хүү бодох аргачлал, хүү бодох ил тод журам-д заасны дагуу баталгаажуулсан программаас тооцоолон гаргахад үндсэн зээлийн үлдэгдэл 36 906 139 төгрөг, хүү 24 511 991 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 824 675 төгрөг, нийт 65 242 805 төгрөг болсон. Хариуцагч нар зээлээ хуваарийн дагуу буцаан төлсөн бол 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусах байсан. Гэтэл хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Зээлийн хүүгийн хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр тооцсон. Ингэхдээ нэг жилийн хүүг 365 хоногт хувааж 1 өдрийн хүүг 46 027 төгрөгөөр гаргасан. Зөрчил үүссэн үеийн хүүг хасагдсан зээлийн үлдэгдлээс тооцож хуримтлагдсан хоногт үржүүлээд төлөгдсөн хүүг хасахад 24 511 991 төгрөг гаргасан. Иймд хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргахгүй байгаа тохиолдолд 12 сарын хугацааны дотор төлбөрийн график гарган эвлэрэх боломжтой. Хариуцагч Х.Т, Г.э нар шүүх хуралдааны шатанд зээлийн хүүг тооцоолж үзээд нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар бүхэлд нь маргахгүй зөвшөөрсөн ч буцаан төлөх хугацааны талаар тохирохгүй байгаа тул эвлэрэх боломжгүй гэж үзэж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 36 906 139 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 24 511 991 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3 824 675 төгрөг, нийт 65 242 805 төгрөг гаргуулж, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийн Ү-2207004130 дугаарт бүртгэлтэй, 000376162 дугаар гэрчилгээтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант гудамж, 13 дугаар байрны 19 тоотод байрлах 72,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна. Харин бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Х.Т, Г.э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Х ХХК-тай №ЗГ/7321 дугаар зээлийн гэрээг байгуулан 36 сарын хугацаатай, 70 000 000 төгрөг зээлж авсан. Дээрх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 56 000 000 төгрөг төлсөн. Төлөгдсөн мөнгөн дүн дээр маргах зүйлгүй. Бид зээл авснаас хойш 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зээлээ төлж байсан. Гэтэл бидний явуулж байсан үйл ажиллагаа доголдож 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлээ төлөөгүй. Иймд банк гэрээний дагуу 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцоолж гаргасан хүү 28 411 736 төгрөгөөс төлсөн хүүг хасч тооцоход 6 483 361 төгрөг гарч байсан тул хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан. Гэхдээ энэ хугацаанаас хойшхи хүүг тооцож үзэхэд төлөгдөөгүй үлдсэн зээлийн нэг сарын хүү 738 000 төгрөг болж байх ба 17 сард үржүүлэхэд 12 548 000 төгрөг, нийт хүү 19 031 361 төгрөг болж байна. Мөн бид 12 сарын хугацаанд 65 242 805 төгрөг төлж чадахгүй. Иймд эвлэрэх боломжгүй тул шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан чингынхан Халзангийн Т, Жавшин Гоосүрэнгийн э нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 65 242 805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Т, Г.э нар шүүхийн шийдвэрт заасан үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгө Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант гудамж, 13 дугаар байрны 19 тоотод байрлах 72.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, нэхэмжлэлээс хөдлөх хөрөнгө /Самсунг маркийн 43 инчийн зурагт, Самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч, арьс, шир, нэхий, ноос, ноолуур зэрэг түүхий эд/-өөс үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624 565 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Т, Г.э нараас 624 565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын өмгөөлөгч О.Гантулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчин бодитой үнэн зөв дүгнээгүй шийдвэрлэсэн. Хариуцагч Х.Т, Г.э нар нь 70 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Х ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 36 сарын хугацаатай буюу зээл төлөх хуваарийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл төлөхөөр тохиролцон зээлж авсан. Дээрх зээлийн дагуу төлөх төлбөрөөс нийт 55 029 510 төгрөгийг төлжээ, үүнээс үндсэн зээлээс 33 093 861 төгрөг, хүүгийн төлбөрт 21 928 402 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 247 төгрөг тус тус төлсөн байна. Гэтэл нэхэмжлэгч тал 65 242 805 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилснийг шүүх бодит нөхцөл байдлыг харгалзалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нар нь 44 787 669 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа атал үндэслэлгүй 20 455 136 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ ёсоор зээлийн үндсэн төлбөр 70 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 28 411 763 төгрөг буюу нийт үндсэн зээл, хүүгийн хамт, 98 411 763 төгрөг төлөхөөр байжээ. Үүнээс төлөөгүй зээлийн үндсэн үлдэгдэл 37 007 635 төгрөг, зээлийн хүү 6 483 361 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20 хувь буюу 1 296 673 төгрөг, буюу нийт үлдэгдэл 44 787 669 төгрөг төлөх байтал 65 242 805 төгрөг хариуцагч нараас гаргуулж үндэслэлгүй 20 455 136 төгрөгийг олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргалаа. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй хэт нэг талыг баримталж нотлох баримтыг зохих ёсоор үнэлэлгүй шийдвэрлэсэн тул шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х.Т, Г.э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 36 906 139 төгрөг, хүү 24 511 991 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 824 675 төгрөг, нийт 65 242 805 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 43 505 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 38/

Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/7321 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Х.Т, Г.э нар зээлдүүлэгч Х ХХК-аас 70 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн, зээлийн барьцаанд Х.Тийн өмчлөлийн Налайх дүүргийн 2-р хороо, Жаргалант /12791/ гудамж 13 байр, 19 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. /хх.11-19/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх.11-19/ Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлөдөр байдлын талаар маргаагүй.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 33 093 861 төгрөг, зээлийн хүүд 21 928 402 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7 247 төгрөг нийт 56 029 510 төгрөг төлжээ. /хх.21-22/

Гэрээний 2.1.6-д Зээлийн гэрээний хугацаа 36 сар, зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тоолно. Зээлдэгч зээлийн төлбөрийг энэ хугацааны дотор хэсэгчлэн төлөх хуваарийг банктай зээл олголт эргэн төлөлтийн хуваарь-т заасны дагуу тохиролцоно гэж заасан байна. Х ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгчийн дансанд 70 000 000 төгрөг шилжин орсон байх тул зээлийн гэрээний хугацааг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дууссан гэж үзлээ.

Зээлдэгчийн үүргийн биелэлтэд доголдол гарсан тохиолдолд зээлдүүлэгч гэрээний 5.1.1, 5.1.7-д заасан арга хэмжээг аваагүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 10 сар 18 хоногийн дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 61/01/4026, 61/01/4043, 61/01/4064 дугаартай албан бичгээр гэрээний үүргээ биелүүлэхийг шаарджээ.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлэхээр заасан бөгөөд зээлдэгч Х ХХК нь гэрээний хугацаа дууссан үеэс зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаагүй байна.

Х ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 61/01/4064 тоот мэдэгдэх хуудас нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулахгүй бол шүүхэд хандана гэх агуулгатай байна. Иймд Х ХХК-ийн дээрх мэдэгдэх хуудсанд заасан 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хүүгээ шаардсан гэж үзэж, 6 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцлоо. Үндсэн зээлийн үлдэгдэл, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаа хэтэрсэн хүү, өмнөх хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү нийт 55 832 429 төгрөг төлүүлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Х.Т, Г.э нар уг шийдвэрт заасан үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг харьяаллын дагуу Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104/ШШ2020/00049 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...хариуцагч Хан чингынхан Халзангийн Т, Жавшин Гоосүрэнгийн э нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 65 242 805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, гэснийг ...хариуцагч Хан чингынхан Халзангийн Т, Жавшин Гоосүрэнгийн э нараас зээлийн гэрээний үүрэгт нийтз 55 832 429 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 410 376 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын хариуцагч Х.Т, Г.э нараас улсын тэмдэгтийн хураамж 624 565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож гэснийг хариуцагч Х.Т, Г.э нараас 437 112.15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Тийн төлсөн 260 228 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО