Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01526

 

  

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104/ШШ2020/00049 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 718 дугаар магадлалтай,

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х.Төмөрхуяг, Г.Эрдэнэтуяа нарт холбогдох,

 

Зээлийн гэрээ-ний үүрэгт 65,242,805 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх, хариуцагч нарын өмгөөлөгч О.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.Төмөрхуяг, Г.Эрдэнэтуяа нар Хаан банк ХХК-ийн Налайх тооцооны төвтэй 2015.06.11-ний өдөр ЗГ/7321 дугаар Зээлийн гэрээ, №БПҮ/7321 дугаар Баталгаат ипотекийн гэрээ, №БГХ/7321 дугаар эд хөрөнгө барьцаалах гэрээ тус тус байгуулж, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 70,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 33,093,861 төгрөг, хүү 21,928,402 төгрөг, хугацаа хэтрүүлснээс нэмэгдүүлсэн хүү 7,247 төгрөг, нийт 55,029,510 төгрөг төлсөн.

Гэхдээ үүргээ 2017.06.02-ны өдрөөс хойш бүрэн биелүүлээгүй тул банкны зээлийн эдийн засагч тэдэнтэй уулзаж зөрчлөө арилгах талаар удаа дараа мэдэгдэж, уулзаж, мэдэгдэл хүргүүлэхэд байраа зараад зээлийн төлбөрийг бүхэлд нь төлнө гэж байсан ч төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч нар зээлийн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан. Банк зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.12.13-ны өдрийн А-236 тоот тушаалаар баталсан хавсралтын Банкны хүү бодох аргачлал, хүү бодох ил тод журамд заасны дагуу баталгаажуулсан программаас тооцоолон гаргахад үндсэн зээлийн үлдэгдэл 36,906,139 төгрөг, хүү 24,511,991 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,824,675 төгрөг, нийт 65,242,805 төгрөг болсон. Үүнд алдаатай буруу тооцсон зүйл байхгүй. Харин хариуцагч нар зээлээ хуваарийн дагуу буцаан төлсөн бол 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусах байсан. Гэтэл хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл хасагдахгүй тул хүү тэр хэрээр өндөр бодогдсон. Зээлийн хүүгийн хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр тооцсон. Ингэхдээ нэг жилийн хүүг 365 хоногт хувааж 1 өдрийн хүүг 46,027 төгрөгөөр гаргасан. Зөрчил үүссэн үеийн хүүг хасагдсан зээлийн үлдэгдлээс тооцож хуримтлагдсан хоногт үржүүлээд төлөгдсөн хүүг хасахад 24,511,991 төгрөг гаргасан. Иймд хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргахгүй байгаа тохиолдолд 12 сарын хугацааны дотор төлбөрийн график гарган эвлэрэх боломжтой. Хариуцагч Х.Төмөрхуяг, Г.Эрдэнэтуяа нар шүүх хуралдааны шатанд зээлийн хүүг тооцоолж үзээд нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар бүхэлд нь маргахгүй зөвшөөрсөн ч буцаан төлөх хугацааны талаар тохирохгүй байгаа тул эвлэрэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 36,906,139 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 24,511,991 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,824,675 төгрөг, нийт 65,242,805 төгрөг гаргуулж, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх хөрөнгийн Ү-2207004130 дугаарт бүртгэлтэй, 000376162 дугаар гэрчилгээтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант гудамж, 13 дугаар байрны 19 тоотод байрлах 72.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна. Харин бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2015.06.11-ний өдөр Хаан банк ХХК-тай №ЗГ/7321 дугаар зээлийн гэрээг байгуулан 36 сарын хугацаатай, 70,000,000 төгрөг зээлж авсан. Дээрх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 56,000,000 төгрөг төлсөн. Төлөгдсөн мөнгөн дүн дээр маргах зүйлгүй. Бид зээл авснаас хойш 2017.05.04-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зээлээ төлж байсан. Гэтэл бидний явуулж байсан үйл ажиллагаа доголдож 2017.06.05-ны өдрөөс 2018.06.05-ны өдөр хүртэл зээлээ төлөөгүй. Иймд банк гэрээний дагуу 2018.06.05-ны өдөр хүртэл тооцоолж гаргасан хүү 28,411,736 төгрөгөөс төлсөн хүүг хасч тооцоход 6,483,361 төгрөг гарч байсан тул хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан. Харин шүүх хуралдааны шатанд хүүний хугацааг буруу тооцон маргасан болохоо ойлгосон. Гэхдээ энэ хугацаанаас хойших хүүг тооцож үзэхэд төлөгдөөгүй үлдсэн зээлийн нэг сарын хүү 738,000 төгрөг болж байх ба 17 сард үржүүлэхэд 12,548,000 төгрөг, нийт хүү 19,031,361 төгрөг болж байна. Мөн бид 12 сарын хугацаанд 65,242,805 төгрөг төлж чадахгүй. Иймд эвлэрэх боломжгүй тул шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104/ШШ2020/00049 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Ханчингынхан Халзангийн Төмөрхуяг, Жавшин Гоосүрэнгийн Эрдэнэтуяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 65,242,805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2., 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч Х.Төмөрхуяг, Г.Эрдэнэтуяа нар шүүхийн шийдвэрт заасан үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгө /Эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004130 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгийн 000376162 дугаар гэрчилгээтэй, нэг иргэний өмч, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант гудамж, 13 дугаар байрны 19 тоотод байрлах 72.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц/-ийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, нэхэмжлэлээс хөдлөх хөрөнгө /Самсунг маркийн 43 инчийн зурагт, Самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч, арьс, шир, нэхий, ноос, ноолуур зэрэг түүхий эд/-өөс үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,565 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Төмөрхуяг, Г.Эрдэнэтуяа нараас 624,565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 718 дугаар магадлалаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104/ШШ2020/00049 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...хариуцагч Хан чингынхан Халзангийн Төмөрхуяг, Жавшин Гоосүрэнгийн Эрдэнэтуяа нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 65 242 805 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, гэснийг ...хариуцагч Хан чингынхан Халзангийн Төмөрхуяг, Жавшин Гоосүрэнгийн Эрдэнэтуяа нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 55,832,429 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,410,376 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын хариуцагч Х.Төмөрхуяг, Г.Эрдэнэтуяа нараас улсын тэмдэгтийн хураамж 624,565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож гэснийг хариуцагч Х.Төмөрхуяг, Г.Эрдэнэтуяа нараас 437,112.15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Төмөрхуягийн төлсөн 260,228 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 9,410,376 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн Магадлалын Хянавал хэсэгт ...Гэрээний 2.1.6-д Зээлийн гэрээний хугацаа 36 сар, зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тоолно.Зээлдэгч зээлийн төлбөрийг энэ хугацааны дотор хэсэгчлэн төлөх хуваарийг банктай Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-т заасны дагуу тохиролцоно. гэж заасан байна. Хаан банк ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2015.06.12-ны өдөр зээлдэгчийн дансанд 70,000,000 төгрөг шилжин орсон байх тул зээлийн гэрээний хугацааг 2018.06.12-ны өдөр дууссан гэж үзлээ. Зээлдэгчийн үүргийн биелэлтэд доголдол гарсан тохиолдолд зээлдүүлэгч гэрээний 5.1.1, 5.1.7-д заасан арга хэмжээг аваагүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 10 сар 18 хоногийн дараа буюу 2019.04.30-ны өдрөөс хойш 61/01/4026, 61/01/4043, 61/01/4064 дугаартай албан бичгээр гэрээний үүргээ биелүүлэхийг шаарджээ.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлэхээр заасан бөгөөд зээлдэгч Хаан банк ХХК нь гэрээний хугацаа дууссан үеэс зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаагүй байна. Хаан банк ХХК-ийн 2019.05.31-ний өдрийн 61/01/4064 тоот мэдэгдэх хуудас нь 2019.06.07-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулахгүй бол шүүхэд хандана гэх агуулгатай байна. Иймд Хаан банк ХХК-ийн дээрх мэдэгдэх хуудсанд заасан 6-р сарын 07-ны өдрөөс эхлэн хүүгээ шаардсан гэж үзэж 6-р сарын 07-ны өдрөөс 11-р сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаа хэтэрсэн хүү, өмнөх хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү нийт 55,832,429 төгрөг төлүүлэх нь зүйтэй байна. ...Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. гэж хэтэрхий нэг талыг барьсан, гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийг буруутгасан байдлаар дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийн буруутай үйлдэл бус болно. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд зээлээ хуваарьт хугацаанд төлөх үүрэгтэйг үүрэг гүйцэтгэгч өөрөө мэдэж байгаа бөгөөд мэдэхгүй гэх үндэслэл байхгүй, энэ талаар хэрэгт баримтаар нотлогдоогүй. Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг тооцох талаар гэрээний 2.1.5, 2.4.2-т тус тус зээлийн гэрээгээр тохирсон. Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээнд хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. Монгол улсын Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т ...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна... Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-Д Зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор ч хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй, мөн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч Х.Төмөрхуяг, Г.Эрдэнэтуяа нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл шүүх нь 2019.06.07-ны өдрөөс 2019.11.22-ны өдрийг хүртэлх хугацаа хэтэрсэн хүү, өмнөх хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү нийт 55,832,429 төгрөг төлүүлэх нь зүйтэй байна. гэж шийдвэрлэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаагүйгээс болж зээлдэгчид зээлээ төлөөгүй, хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж зээлдүүлэгчийг буруутгаж, зээлдэгч нарыг хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж болохгүй. Хэрвээ хариуцагч нар зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон гэж үзвэл өөрсдөө ч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой, эрх нь ч нээлттэй байсан. Хаан банк ХХК-д хариуцагч Х.Төмөрхуяг, Г.Эрдэнэтуяа нар нь зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон гэсэн хүсэлт гаргаж байгаагүй талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, нотлох баримт болон шүүх хуралдааны явцад хэлсэн тайлбаруудаас харагдаж байгаа болно.

Мөн магадлалын хянавал хэсэгт: Зээлдэгчийн үүргийн биелэлтэд доголдол гарсан тохиолдолд зээлдүүлэгч гэрээний 5.1.1, 5.1.7-д заасан арга хэмжээг аваагүй гэжээ. Зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.7 дахь зохицуулалт нь зээлдүүлэгчид олгогдсон эрх, боломж бөгөөд энэ нь заавал биелүүлэх үүргийн шинж чанартай биш. Нэхэмжлэгчийн гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зарчимтай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.30-ны өдрийн 718 тоот магадлалд өөрчлөлт оруулж, 2020.01.27-ны өдрийн 104/ШШ2019/00049 тоот анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь Х.Төмөрхуяг, Г.Эрдэнэтуяа нарт холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт 65,242,805 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 55,832,429 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 9,410,376 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

1.   Зохигчийн хооронд байгуулагдсан 2015.06.11-ний өдрийн Зээлийн гэрээгээр банк 70,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгох, зээлдэгч гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр тохирч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Х.Төмөрхуягийн өмчлөлийн Налайх дүүргийн 2-р хороо, Жаргалант /12791/ гудамж, 13 дугаар байрны 19 тоот, 72.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Самсунг маркийн 43 инчийн телевизор, 2 хаалгатай хөргөгч, арьс шир, нэхий, ноос, ноолуур бүхий түүхий эд бараа материалыг барьцаалж, Баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулжээ.

 

Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгө болох 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 33,093,831 төгрөг, зээлийн хүүд 21,928,402 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,247 төгрөг, нийт 55,029,510 төгрөгийг төлсөн, гэрээний хугацаа дууссан боловч зээлийг төлж барагдуулаагүй үндэслэлээр банк үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 36,906,139 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 24,511,991 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,824,675 төгрөг, нийт 65,242,805 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч, хүү 19,031,361 төгрөг болж байна, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2.   Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1., 153 дугаар зүйлийн 153.1., 156 дугаар зүйлийн 156.2.-т нийцсэн байна.

 

Банк, эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

3.   Анхан шатны шүүх зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг гаргуулах, үүрэг гүйцэтгэгч үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага хууль зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

4.   Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...Хаан банк гэрээний хугацаа дууссан үеэс зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаагүй, ...2019.05.31-ний өдрийн мэдэгдэх хуудсанд ...2019.06.07-ны өдрийн дотор гэрээний төлбөрийг төлж барагдуулахгүй бол шүүхэд хандана... гэсэн агуулгатай байна, иймд дээрх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцно... гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 9,410,376 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх бөгөөд банк хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан, хариуцагч байраа зараад зээлийн төлбөрийг бүхэлд нь төлнө гэж байсан талаарх зохигчийн тайлбарт давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч гэрээний хугацаа өнгөрснөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргалгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн нь зээлдэгчийг гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөхгүй, нэхэмжлэлийг багасгах эрх зүйн үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэх зохицуулалтыг давж заалдах шатны шүүх зөрчсөн байна.

 

Иймд ...давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...хэтэрхий нэг талыг барьж, гэрээний шударга байдалд нийцээгүй, үүрэг гүйцэтгэгчийг буруутгасан байдлаар дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлгүй байна... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 718 дугаар магадлалыг хүчингүй болгож, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104/ШШ2020/00049 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Хаан банк ХХК-иас 2020.04.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,516.02 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД