Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0312

 

 

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0312

Улаанбаатар хот

 

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0183 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, С.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 122/ШШ2018/0183 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.2, 4.2.4, 4.2.5, 10 дугаар зүйлийн 10.1, 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-ыг цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах болон өрсөлдөх боломж олгох арга хэмжээ авахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хуагцааны цалин 11970757 /арван нэгэн сая есөн зуун далан мянга долоон зуун тавин долоо/ төгрөг гаргуулах нэхэмжлэгчид олгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу С.Б-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0183 дугаар шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэгдүгээр заалтын “... ажилгүй байсан хугацааны цалин 1970757 /арван нэгэн сая есөн зуун далан мянга долоон зуун тавин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох...” гэсэн хэсгийг эс хүлээн зөвшөөрч байна.

Учир нь надтай байгуулсан үр дүнгийн гэрээг цуцалсан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 35-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах буюу 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар ажлын 299 өдөр байгаа юм.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам” -д дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо “тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан.

Миний бие хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харахад сүүлийн 3 сарын цалин хөлс:

A. 2016 оны 10-р сард-974 682 төгрөг

Б. 2016 оны 11-р сард-1083 933 төгрөг

B. 2016 оны 12-р сард-1634 443 төгрөг байна.

Эндээс үзэхэд миний 1 сарын дундаж цалин 1231 019 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 58 619 төгрөг болж байгаа ба үүнийг ажилгүй байсан 299 хоногоор тооцоход нийт 17, 527,081 /арван долоон сая таван зуун хорин долоон мянга наян нэг/ төгрөг байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасны дагуу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/1111112018/0183 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “ ажилгүй байсан хугацааны цалин 11 970 757 төгрөг” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0183 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/10 дугаар тоот тушаалаар Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн Олон нийттэй харилцах албанд Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаал байхаар тусгасан, мөн хэлтсийн Удирдлага, нийтлэг үйлчилгээний албанд Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний албан тушаал байхаар тусгасан байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гарахаас өмнө Нийслэлийн эрүүл мэндийн газарт “Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэ”, “Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэнгэх албан тушаалууд тус тус байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Гэвч Нийслэлийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” А/786 дугаар захирамжаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан байх ба орон тооны хязгаарыг 50 хүртэл байхаар тогтоосонтой холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/111 дугаар тушаал гарч тус тушаалаарХууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэний” орон тоо хасагдсан бөгөөд Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний” орон тоо хадгалагдан үлдсэн байна.

Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Нийслэлийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/786 дугаар захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/111 дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар тус газрын хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан учир 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Дээрх хоёр мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэгт хадгалагдан үлдсэн зүйл байхгүй болох нь баримтаар тогтоогдож байгаа гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж дараах шаардлагуудыг гаргасан. Үүнд.

1. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгох

2. Миний урьд гүйцэтгэж байсан ажил үүрэг хэвээр хадгалагдаж байгаа орон тоо болох “Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний” ажлын байранд С.Баяржаргал намайг авч ажиллуулахыг нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгах

3. Миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг тус тус даалгаж өгнө үү.

Гэтэл анхан шатны шүүх ...нэхэмжлэгч С.Б Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу энэ хэргийн гуравдагч этгээд Б.О-г Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтнээр томилогдсон 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд дээрх гуравдагч этгээдийн ажлын байрны чиг үүргийг давхар хэрэгжүүлж байсан бөгөөд хэргийн оролцогчид энэ үйл баримттай маргаагүй байна...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.

Түүнчлэн шүүхээс “...хүнийн нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтнээр энэ хэргийн гуравдагч этгээд Б.О-г анх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээр, 14 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 02-ны өдөр Б/98 дугаар тушаалаар Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хариуцсан ахлах мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар дээрх албан тушаалд жинхлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараах зарчмыгбаримтлана” 4.2.2-д “ил төд байх”, 4.2.4-д “иргэдхуулъд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох эрх тэгш боломжтой байх ”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх ” гэсэн зарчимтай нийцээгүйн дээр нэхэмжлэгчийн “Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд өрсөлдүүлээгүй ” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруутгах боломжгүй байна...” гэж дүгнэсэн нь ямарч үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” заасныг зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийг хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан учир 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар анхан шатны шүүх нэг ч дүгнэлтийг хийлгүйгээр тус тушаалаас өмнө болсон үйл баримтын талаар дээрх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийн үйл баримтыг дутуу дүгнэж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын ажилгүй байсан хугацааны цалин “11970757 төгрөг” гэснийг өөрчилж “17527081” болгуулахаар, харин хариуцагчийн өмгөөлөгчөөс “...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлууд тус тус гаргажээ.

Нэхэмжлэгчээс Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжлийн ёс зүй, харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхээс уг шаардлагыг өөрчилж, нэхэмжлэгчийг цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжин ажиллах болон өрсөлдөх боломж олгох арга хэмжээ авахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцээгүй, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бол үргэлжлүүлэн ажиллуулах гэж заасан байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй хэмээн маргасан атлаа мөн хуулийн 27.2.4-д зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд өөр ажилд шилжих баталгаагаар хангагдах ёстой хэмээн 2 өөр үндэслэлээр тайлбарласан байна.

Хэрэв нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөр өөрөөр агуулгаар тайлбарлан маргаж буй нөхцөлд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулах боломжийг олгож, мөн хуулийн 53.3-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулах ёстой. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан боломжийг хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хууль, эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор хэрэгжүүлж байсан чиг үүрэг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан албан тушаалын чиг үүрэгт тусгагдсан эсэх, шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 100 хувь орсон, хариуцагчийн өмгөөлөгчөөс огт тусгагдаагүй гэсэн зөрүүтэй тайлбарыг хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүйгээр гадна нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын чиг үүргийн дийлэнх нь шилжсэн нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг хэрэгжүүлэх боломжтой.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2017 оны 437 дугаар тогтоолд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан эхний баталгаа болох “Цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” боломж байсан эсэхийг тодруулах зорилгоор одоогоор Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хэдэн хүн ажиллаж байгаа, хэдэн сул орон тоо байгаа, шинээр орсон мэргэжилтнүүд нь ямар чиг үүрэг хэрэгжүүлж байгаа, тэдгээрийн аль нэгийг нь нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжтой эсэх, өмнө нь байсан хүний нөөц хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүргээс нэхэмжлэгч хэдэн хувийг хэрэгжүүлж байсан, уг албан тушаалд ямар шаардлага тавигддаг байсан, одоо яагаад заавал “хүний их эмч” байхаар ажлын байрны шаардлагыг өөрчилсөн үндэслэл, шалтгаан зэргийг тодруулахаар холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Дээрх тогтоолд дурдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр гаргаж байгаа тодруулалгүйгээр “...хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтнээр энэ хэргийн гуравдагч этгээд Б.О-ийг анх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээр, 14 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 02-ны өдөр Б/98 дугаар тушаалаар “Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хариуцсан ахлах мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр”, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар дээрх албан тушаалд жинхлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараах зарчмыг баримтална” 4.2.2-д “ил тод байх”, 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэсэн зарчимтай нийцээгүйн дээр нэхэмжлэгчийн “Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд өрсөлдүүлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруутгах боломжгүй” гэсэн байдлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч С.Б-ын эрхэлж байсан ажил албан тушаал нь  Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/111 дүгээр тушаалаар батлагдсан бүтцэд байгаа, эсхүл огт байхгүй болсон, хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь хуваагдаж орсон юм уу гэдгийг дээрх дурдсанаар бүрэн тодруулах шаардлагатай.

Мөн нэхэмжлэгч С.Б-ыг ажлаас чөлөөлсний дараа Захиргаа төлөвлөлт хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст түүнтэй ижил статустай 5 мэргэжилтнийг шинээр авсан гэсэн тайлбартай холбогдуулан уг албан тушаалд томилох эсхүл өрсөлдүүлэх байсан эсэхийг тодруулалгүйгээр уг албан тушаалд өрсөлдүүлэх боломжоор хангаагүй нь буруу гэсэн дүгнэлт хийгээд Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжлийн ёс зүй харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгжүүлэх боломжтой гэсэн нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “нэхэмжлэгч С.Б-ыг өөр ажил албан тушаалд шилжих болон өрсөлдөх боломж олгох арга хэмжээ авахыг даалгаж” шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн эрх сэргэх нь тодорхойгүй нөхцөл байдал бий болгосон байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, хэрэгжих боломжгүй гарсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны дараагаар түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэгчийн ямар албан тушаалын, ямар ангилал зэрэглэлийн цалингаар, ямар хугацаанд яаж тооцож олгохыг тодорхой баримтаар тодорхойлсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрхээс дүгнэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ