Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 82

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

УА-ийн ӨХ сумын ЗД-д

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, Танхимын тэргүүн: М.Батсуурь,

            Шүүгчид:                                    Г.Банзрагч,

                                                                Б.Мөнхтуяа,

                                                                Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                           П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:             Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ц” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 634 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхдорж нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

  1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг хариуцагч УА-ийн ӨХ сумын ЗД-д даалгаж шийдвэрлэжээ.
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 634 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч УА-ийн ӨХ сумын ЗД- Ц.Сундуй хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ц” ХХК нь “Дэлт” гэх нэртэй газарт ХV-018151 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 05 дугаар сарын 01-нд тус сумын иргэдийн эрх ашгийг хөндөн хууль бусаар авсан. Тухайн үеийн аймгийн эрх барьж байсан дарга нар хууль зөрчиж олгосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн хариуг хуулийн дагуу хугацаанд нь өгсөн байхад тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зөрчсөн шийдвэр юм.

4. Мөн тусгай зөвшөөрөлтэй газарт өвөлждөг, хаварждаг малчид энэ үйлдлийг эс зөвшөөрч эсэргүүцэн гарын үсгээ зурж өгсөн. Энэ талаарх баримт байсаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

5. Тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “тус талбай нь өвөлжөө, хаваржааны гол бүс нутаг юм” гэж тогтоогоод байхад тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл юм. Өндөрхангай сумын Засаг даргын зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт “манай суманд 2015 онд олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх авсан бүх компаниудын тусгай зөвшөөрлийн эрхийг хуулийн дагуу шийдвэрлэж хүчингүй болгож өгнө үү” гэсэн албан тоот хүргүүлсэн байгаа.

6. Иймд, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ нь:

7. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Увс аймгийн Өндөрхангай сумын “Дэлт” гэх нэртэй газарт, 20177,98 гектор талбай бүхий XV-018151 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ц” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 323 дугаар шийдвэрээр 3 жилийн хугацаатай олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 848 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгажээ.

9. Хариуцагчаас ““Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тухайн үед эрх барьж байсан дарга нар хууль зөрчиж олгосон, малчдын малын бэлчээр тус хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаа учраас тухайн иргэдийн эрх ашгийг хөндөж байна” гэх үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2019 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзсан байна.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”, 56 дугаар зүйлийн 56.1-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд хариуцагч Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг хянан батлах үүрэгтэй, хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол эрх бүхий байгууллагад хандаж дүгнэлт гаргах эрхтэй болохоос байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байх эрхгүй, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

11. Хариуцагчаас “...2015 оны 05 дугаар сарын 01-нд тус сумын иргэдийн эрх ашгийг хөндөн хууль бусаар авсан. Тухайн үеийн аймгийн эрх барьж байсан дарга нар хууль зөрчиж олгосон” гэж гомдол гаргаж байгаа боловч энэ нь төлөвлөгөөг батлахгүй байх хууль зүйн үндэслэл биш юм.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.19-т “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрөл олгох эрхтэй болохоос иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрхгүй тул “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн хариуг хуулийн дагуу хугацаанд нь өгсөн байхад тусгай зөвшөөрлийг олгосон хууль зөрчсөн шийдвэр юм” гэх гомдол үндэслэлгүй.  

13. Мөн “Цалуу, Батсайхан, Цагааннуур, Жаргалант багийн 37 иргэнд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлсэн, малчид энэ үйлдлийг эс зөвшөөрч эсэргүүцэн гарын үсгээ зурж өгсөн эсэх баримтыг шүүх үнэлээгүй” гэх боловч иргэдэд тухайн өвөлжөө, хаваржааны газрыг хэзээ олгосон, хэдэн м.кв газраар давхцалтай талаарх нотлох баримт байхгүйн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах эсэх эрх зүйн харилцаанд хамаарахгүй юм.

14. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 634 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ