Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00135

 

Б.Баярмаа, Т.Дөлгөөн, Т.Билгүүн нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/05913 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1939 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Баярмаа, Т.Дөлгөөн, Т.Билгүүн нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Батдэлгэр, Д.Түдэвдорж нарт холбогдох,

Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Харзат багийн Засаг даргын тамгын газрын зүүн талд байрлалтай 300 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын өмчлөгчөөр тогтоолгох, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, Э.Билэгсайхан, хариуцагч Д.Түдэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мянган, Д.Батсүх, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баярмаа нөхөр Д.Түдэвдоржтой 1991 оны 10 дугаар сарын 21-ны өдөр гэр бүл болж хамртан амьдраад 23 жил болж байна. Энэ хугацаанд 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр том хүү Т.Билгүүн, 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бага хүү Т.Дөлгөөн нар төрж, 2 хүүтэй болсон ба гэр бүлээрээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр улсын бүртгэлийн №0518000308, регисрийн №2634589 дугаартай, “Сухант” ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, Харзат багийн 16,17 дугаар байрны дунд “Сухант” нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг байсан.2008 онд Т.Баярмаа авто осолд орж, нуруундаа бэртэл авсны улмаас хэвтэрт орсон бөгөөд удаан хугацаагаар Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болсон.2009 оны 07 дугаар сард манай гэр бүлийн хуримтлалын мөнгөөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга бариулж, “Шинэ Сухант” дэлгүүр гэж нэрлэн 2009 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулсан. Энэ барилгыг ашиглалтанд оронгуут нөхөр бид хоёр улсын бүртгэлд бичиг баримт бүрдүүлж, хамт нотариатч дээр ороход Д.Түвдэндорж “Зээл авахад амар хялбар байдаг юм” гэж зүтгэсээр зөвхөн өөрийнхөө нэр дээр бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0518001391 дугаартай гэрчилгээ авсан болно.Иргэний хуулийн 126 дугаар зүйлд “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө”-ийг тодорхойлж өгсөн бөгөөд 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хувиарт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн” гэж заасан бөгөөд 126.2-т “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна” 126.2.1-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө” 126.2.2-т “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө” гэж тус тус заажээ.Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2 дэх хэсэгт заасны дагуу Д.Түдэвдоржийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа үйлчилгээний зориулалттай “Шинэ Сухант” дэлгүүрийн барилгыг хамтран өмчлөгчөөр гэр бүлийн гишүүд болох Б.Баярмаа, Т.Билгүүн, Т.Дөлгөөн биднийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Түдэвдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрлах “Шинэ Сухант” дэлгүүрийг 2008 оны 04 сард бариад, 2008 оны 10 сард ашиглалтад оруулаад, 2009 оны 1 сард үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 000800013 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг гардаж авсан. Тухайн үед Б.Баярмаа хотод амьдарч байсан. Би Говь-Алтай аймагт амьдарч байсан. Үүний дараа 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр барилгаа барьцаанд тавиад 70 000 000 төгрөгийн зээл авч, зээлээ өөрөө төлж 8 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байж байтал Б.Баярмаа чи миний бизнесийг дэмжээд мөнгө зээлүүлээч гэсэн санал тавьсан. Ингээд 2013 оны 7 сард 62 500 000 төгрөгийн зээл нэмж аваад, Б.Баярмаад 50 000 000 төгрөг өгсөн. Би банкны зээлийн хүү болох 2 хувийн хүү тооцож авч байсан. Б.Баярмаа зээлийн хүүг миний хаан банкны 5315229438 тоот данс руу шилжүүлж байсан. Уг төлбөрийг би банкинд төлөөд явж байтал 2014 оны 04 сараас эхлэн Б.Баярмаа зээлээ төлөхөө больсон.Би тухайн үед бизнес эрхэлдэггүй ямар ч орлогогүй байсан учир банкинд зээлээ төлж чадахгүй болж аргаа бараад Б.Баярмаатай очиж уулзахад хохино чи барилгаа банкинд өгөхгүй юу гэж хэлсэн. Ингээд Ч.Батдэлгэртэй очиж уулзаад барилгаа банкинд алдах гээд байна. Чи барилгыг худалдаж ав гэж гуйсан.Ч.Батдэлгэр барилгыг надаас худалдаж авч, өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Намайг шүүхээс дуудаад, би алга болоод санаатай өөр хүний нэр дээр шилжүүлсэн гэсэн нь худал, тийм зүйл байхгүй. Би Увс аймагт замын ажил хийгээд явж байсан. Банкны өр зээлээс болж барилгаа алдаж, өөр хүний нэр дээр шилжүүлсэн болохоос гэр бүлийн бизнесийг нууцаар өөрөө зарж борлуулсан үгүй хийсэн зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч Ч.Батдэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Батдэлгэр миний бие иргэн Д.Түдэвдоржоос Сухант-2 үйлчилгээний обьектыг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр худалдаж авсан. Шалтгаан нь Д.Түдэвдорж Хас банкнаас 2013 оны 7 дугаар сарын 25-нд 62 сая төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр зээлж аваад эхнэр Б.Баярмаад 50 сая төгрөгийг өгсөн боловч 2014 оны 04 дүгээр сар хүртэл зээл хүүгээ төлөөд үүнээс хойш төлж чадахгүй байгаа учир уг обьектоо хямд зарахаар боллоо гэж санал тавьсан. Өр зээлэнд ороод Б.Баярмаа 45 сая төгрөгөө, Түдэвдорж 10 сая гаран нийт 55 сая төгрөгөө төлөхгүй бол Хас банк өөрийн барьцаанд уг байшинг авахаар боллоо “хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэж үг бий чи аваадах гээд Түдэвдорж санал болгосон. Тэгээд би хуулийн дагуу ном дүрмээр нь худалдан авна шүү гэхэд тэгнээ тэгнэ гээд надад зарсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь зөвхөн Түдэвдорж дээр гэрчилгээтэй байсан. Тийм учраас би зөвшөөрч худалдан авсан. Уг барилгын өмчлөгч Баярмаа биш зөвхөн Түдэвдоржийн нэр дээр байсан учир би шударгаар наймаа хийж авсан. Би өөрийн данснаас бүх зээлийг төлж, Түдэвдорж Хас банкинд өргүй болсон хойноо эхнэр Баярмаа нь барилга худалдсан гэрээг хүчингүй болгоё гэх эрхгүй гэж бодож байна.Тийм л байсан бол банкны зээлээ төлөөд Баярмаа Түдэвдорж нар асуудлаа зохицуулахгүй одоо эрсдэлгүй болсон учир нийлж луйвардаж байна гэж үзэж байна.Ч.Батдэлгэр, Д.Түдэвдорж нарын хооронд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 55.000.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан, мөн хуулийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу Ч.Батдэлгэр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж байгаа. Өөр хүний өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж маргаж байгаа нь үндэслэлгүй.Иргэний хуулийн 110.4-т эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан. Мөн Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7.3, Иргэний хуулийн 183.1 дэх хэсгүүдэд “Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” гэсэн зохицуулалт бий.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2009 оноос барьцаалж зээл авч байсан талаар нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа. Үүнээс юу харагдаж байгаа вэ гэхээр Б.Баярмаа нь 2009 оноос эхлэн үл хөдлөх эд хөрөнгө Д.Түдэвдоржийн нэр дээр байсан гэдгийг мэдэж байсан, 2009 оноос хойш бүртгэлийн асуудлын талаар мараагүй нь харагдаж байна.Иймээс Ч.Батдэлгэрийн өмчлөх эрхийг хаах нь үндэслэлгүй.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийг 2013 оны 06 сард гаргасан. Ингээд хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах гэхэд Д.Түдэвдоржтой холбогдож чадахгүй байсан талаар шүүхэд авагдсан баримтууд дээр тэмдэглэл хийгдсэн байгаа. Ингээд Д.Түдэвдоржийн ээжтэй холбогдоход хөдөө байгаа талаар мэдсэн учир 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн даалгавраар хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан байдаг.Иймээс Д.Түдэвдорж шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд санаатай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Батдэлгэрт шилжүүлсэн гэх тайлбар нь нотлогдохгүй байна. Нөгөө талаас улсын бүртгэлтэй холбоотой асуудал дээр маргаж, мэтгэж байсан бол 2009 оноос эхлэн улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх талаар маргах байсан, гэтэл нэхэмжлэл гаргах хүртлээ энэ талаар огт маргаагүй байдаг.Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал буруу тайлбарлаж байгаа учир товчхон тайлбар хэлье. Өмнө нь шийдэгдсэн хэрэг дээр Б.Баярмаа нэхэмжлэлээсээ татгалзаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг шүүх хэрэгсэхгүй болгосон юм. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар мэдүүлгийг үндэслэж, Б.Баярмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/05913 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг Засаг даргын Тамгын газрын зүүн талд байрлах Шинэ Сухант үйлчилгээний төвийн барилгын хамтран өмчлөгчөөр Д.Түдэвдорж, Б.Баярмаа нар мөн болохыг тогтоож, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарын хооронд байгуулагдсан “Худалдах худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Дөлгөөн, Т.Билгүүн нар нь хариуцагч Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Баярмаа, Т.Билгүүн, Т.Дөлгөөн нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 469 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Түдэвдоржоос 561 925 төгрөг, хариуцагч Ч.Батдэлгэрээс 216 475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярмаад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1939 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/05913 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ч.Батдэлгэр, Д.Түдэвдорж нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Баярмаагийн Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Харзат сумын Засаг даргын Тамгын газрын зүүн талд байрлалтай 300 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч Д.Түдэвдоржоос 561 925 төгрөг, хариуцагч Ч.Батдэлгэрээс 216 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид Б.Баярмаад олгосугай” гэснийг “хариуцагч Д.Түдэвдоржоос 216 475 төгрөг, хариуцагч Ч.Батдэлгэрээс 216 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Түдэвдоржийн төлсөн 561 925 төгрөг, Ч.Батдэлгэрийн төлсөн 216 475 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Улсын буртгэлийн Ү-0518001391 дугаарт бүртгэлтэй, “Шинэ Сухант” үйлчилгээний төвийн барилга нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэр бүлийн хамтын үйл ажиллагааны орлогоор барьж ашиглалтанд оруулсан болох нь нотлогдож байгаа бөгөөд хариуцагч Д.Түдэвдорж нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр хүлээн зөвшөөрснөөр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1-д заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм.Хариуцагч Д.Түдэвдорж болон Ч.Батдэлгэр нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэж, Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна. ...Хариуцагчдын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ анхнаасаа хуурамч, Б.Баярмаагийн хамтран өмчлөгч болох нэхэмжлэл гаргасан даруйд өмчлөх эрхийг өөр бусдад шилжүүлсэн дүр үзүүлсэн төдийгүй, гэр бүлийн гишүүдээс нуун дарагдуулах зорилготой, мөн хууль зөрчиж хийсэн хучин төгөлдөр бус хэлцэл тул, гэрээгээр шилжүүлсэн авсан өмчлөх эрх болон мөнгийг харилцан буцаах боломжтой юм.Ч.Батдэлгэр, Д.Түдэвдорж нарын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хучин төгөлдөр бус хэлцэл хэмээн тогтоосон хэрнээ Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэн маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх бопомжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.” гэж заасан байна. Хариуцагч Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нар нь гэр бүлийн болон багын найзууд бөгөөд Ч.Батдэлгэр нь Д.Түдэвдорж, Б.Баярмаа нарын гэр бүлийн бизнесийн талаар болон маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хэзээ, ямар эх үүсвэрээр барьж ашиглалтанд оруулсан талаар тодорхой мэддэг хүн юм. ...Маргааны зүйл буюу барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь барьцааны гэрээнд 115 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээ 300 000 000 сая төгрөг байхад Ч.Батдэлгэр нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Д.Түдэвдоржоос 55 000 000 төгрөг авч худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхээ шилжүүлсэн гэх үйл баримтуудаас үзвэл Ч.Батдэлгэр нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг мэдсээр байж худалдаж авсан буюу өмчлөх эрхийн шударгаар олж авсан гэж үзэхээргүй байна.Дээр дурдсанаас үзвэл давж заалдах шатны шүүхээс Ч.Батдэлгэр, Д.Түдэвдорж нарын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хучин төгөлдөр бус хэлцэл хэмээн тогтоосон хэрнээ, маргааны зүйл болох эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 110 дугаар зүйлийн 110.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна.Д.Түдэвдорж өөрийн эхнэр болох Б.Баярмаа, хүү Т.Билгүүн, Т.Дөлгөөн нарт rap бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг өгөхгүй байх сонирхолтой байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар илэрхий тодорхой байгаа болно. Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эрхтэй болохыг шүүхээр тогтоолгох нь Түдэвдорж, Баярмаа нарын гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хууль зүйн үр дагавар үүсгэх тул Говь-Алтай аймгийн сум дундын шүүх ч тэр, Нийслэлийн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх ч гэсэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой байдлаар үнэлж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх ойлгомжгүй байдлаар бодит байдлыг нотолсон нотлох баримтыг гуйвуулан анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нарын хууль бус хэлцлийг хамгаалсан өөрчлөлт оруулж шүүхэд итгэх нэхэмжлэгчийн төдийгүй хуульч бидний итгэлийг алдагдуулсанд харамсаж байна.Иймд давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу 1939 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 5913 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Батдэлгэрийн өмгөөлөгч Д.Батсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь “...шүүхийн шийдвэр хууль ёсны байх...” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иргэн Ч.Батдэлгэрийн хувьд Д.Түдэвдоржтой байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хуулийн шаардлагуудад нийцсэн бөгөөд тэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан, хууль ёсны өмчлөгч юм. Анхан шатны шүүх хуульд байхгүй үндэслэлээр Ч.Батдэлгэрийн дээр дурдсан хуулийн хүрээнд олж авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн заалтад нийцээгүй....Энэхүү иргэний хэргийн маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө, иймээс хуульд заасан “хамтран өмчлөгч”, “гэр бүлийн гишүүн”-ий өмчлөх эрх нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б.Баярмаагийн хамтран өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдэн баталгаажсан байх ёстой.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар М.Баярмаа нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн гэх нөхцөл байдал огт тогтоогдож, нотлогдоогүй. Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар гаргадаг бөгөөд энэ нь шүүхийн практикт хуулийн тухайн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх жишиг болон тогтдог. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн 2009 оны 20 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг ба гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шаардах эрхтэй боловч эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй хэмээн маш тодорхой тайлбарласан. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.2, 128,4 дэх хэсгийн заалтуудыг буруугаар тайлбарлахын зэрэгцээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.3, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй дүгнэлтэд үндэслэж гарсан шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна. Ч.Батдэлгэр, Д.Түдэвдорж нарын хооронд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж байх үед болоод Ч.Батдэлгэр нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд М.Баярмаа нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт заасан журмын дагуу ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байгаа.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарт холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Түдэвдорж болон түүний өмгөөлөгч Б.Мянган нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээгээр Д.Түдэвдоржийн нэр дээр бүртгэлтэй байсан үйчилгээний зориулалттай 300 м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Ч.Батдэлгэрийн өмчлөлд шилжсэн билээ. Уг ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэж байна. Учир нь худалдсан үл хөдлөх эд хөрөнгө зөвхөн Д.Түдэвдоржийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Баярмаа банкны зээл төлөөгүйгээс үл хөдлөх эд хөрөнгө банкны өрөнд хураагдах эрсдэл бий болсон учир аргагүйн эрхэнд худалдсан байдаг. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмч хэмээн үзэх аваас нэхэмжлэгч Б.Баярмаагийн хувьд уг үл хөдлөх эд хөрөнгөөс хүртэх ёстой үр шимийг хүртсэн гэж үзэж байна. Уг үр шим нь Д.Түдэвдоржоос түүний ХААН банкны 5753292239 тоот дансруу 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 50 сая төгрөг юм.Нэхэмжлэгч Б.Баярмаагийн хувьд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө худалдсанаас учирсан хохирол буюу өөр ногдох хэсгийг Д.Түдэвдоржоос нэхэмжлэх эрхтэй юм. Гэтэл шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж, хэргийн үйл баримтанд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд тэр үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр зөвхөн Д.Түдэвдорж бүртгэгдсэн гэдгийг Б.Баярмаа мэдэж байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө Ч.Батдэлгэрийн нэр дээр шилжих хүртэл буюу 2014 он хүртэл өмчлөлийн асуудлаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, эрхээ зөрчигдсөн үеэс хамгаалуулах бүрэн боломжтой байсан байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс зохигчдын хооронд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлгүй хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Баярмаа, Т.Билгүүн, Т.Дөлгөөн нар нь Д.Түдэвдоржид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Д.Түдэвдоржийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа үйлчилгээний зориулалттай 2 давхар “Шинэ Сухант” дэлгүүрийн барилгыг хамтран өмчлөгчөөр тогтоолгох”-ыг шаарджээ \хх-ийн 1-2 дугаар тал\, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар Ч.Батдэлгэрийг татан, Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүсчээ. Нэхэмжлэгч Т.Билгүүн, Т.Дөлгөөн нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Хариуцагч Д.Түдэвдорж нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, бусдын өмчлөлд хуульд ёсоор шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч Б.Баярмаатай хамт банкны өмнө хариуцах зээлийн төлбөрийг төлж барагдуулах зоригоор маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулаагүй гэж маргасан байна. Хариуцагч Ч.Батдэлгэр нь “Шинэ сухант-2” дэлгүүрийн барилгыг хууль журмын дагуу улсын бүртгэлд бүртгэлтэй өмчлөгчөөс нь худалдан авч, уг эд хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлж, Б.Баярмаа болон Д.Түдэвдоржийн банкинд төлөх зээлийн төлбөрийг барагдуулсан тул бусдын эрхийг зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа гаргажээ.

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө Д.Түдэвдоржийн нэр дээр 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаад 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Ч.Батдэлгэрийн өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Худалдах-худалдан авах гэрээний үнэ 55 000 000 төгрөгөөр банкны зээлийн өр төлөгдсөн болох нь мөн баримтаар нотлогдсон байна. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1., 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан зохиуцуулалтыг баримтлан нэхэмжлэлийн хоёр шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4., 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасныг баримтлан хариуцагч нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон боловч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д заасан үндэслэл үүсээгүй гэж үзэн, хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүсэн эрх зүйн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүйгээс гадна зарим зохицуулалтыг  буруу тайлбарлаж хэрэглэсэн, харин давж заалдах шатны шүүх гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн асуудлыг зохицуулсан Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн хоёр шаардлагын нэгийг хангаж, нөгөө шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо логик уялдаагүй, зөрүүтэй дүгнэлт хийснийг хууль хэрэглээний алдаа гэж үзнэ. 

Иргэний хуулийн эдийн болон эдийн бус баялгийн харилцааг зохицуулсан 5 дугаар дэд хэсгийн өмчийн харилцаанд хамаарах 12 дугаар бүлгийн 3 дугаар дэд бүлэг нь гэр бүлийн хөрөнгийн эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. Энэхүү дэд бүлэгт туссан эрх зүйн хэм хэмжээнүүд нь гэрлэгчдийн болон гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцааг зохицуулдаг талаар хуулийн 125 дугаар зүйлийн 125.1., 125.2.-т заасан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү бүлэгт заагдсан эрх, үүрэг гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн хоорондох эд хөрөнгийн харилцаанд хамааралтай байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаардаг бөгөөд мөн зүйлийн 126.2.1., 126.2.2.-т зааснаар гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, уг хөрөнгөөр олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь мөн зүйлийн 126.2.4.-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байна. Улмаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа үйлчилгээний зориулалттай 2 давхар “Шинэ Сухант” дэлгүүрийн барилга зохигчдын гэрлэснээс хойш, хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон хөрөнгөөр бий болсон гэж үзэхээр байна.

Хуульд заасан дээрх зохицуулалт гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар харилцан бие биедээ гаргах гэрлэгчдийн шаардлагын эрх зүйн үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Баярмаагийн хариуцагч Д.Түдэвдоржид холбогдуулан гаргасан түүний нэр дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага хуулийн дээрх зохицуулалтын дагуу үндэслэлтэй байна.

Гагцхүү энэхүү шаардлага нь Д.Түдэвдорж тухайн эд хөрөнгийн өмчлөгч байгаа тохиолдолд хэрэгжих боломжтой юм. Харин эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн тохиолдолд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн дээрх зохицуулалт гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээдэд үйлчлэх үндэслэлгүй болно.

Хариуцагч Д.Түдэвдорж нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцахаас өмнө өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.    

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-д зааснаар гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах учиртай. Мөн зүйлийн 128.2., 128.3.-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах ёстой бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд авах бөгөөд гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т зааснаар бие биенээсээ шаардах эрхтэй боловч ийнхүү эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй болно.

Учир нь хуулийн 128 дугаар зүйлийн 128.3.-т “хуульд өөрөөр заагаагүй бол” хэлцэл  хүчин төгөлдөр бус байна гэж заажээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог байна. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3.-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх талаар заасан байна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг л өмчлөгч гэж үзэх бөгөөд уг бүртгэлд бүртгэгдээгүй боловч хамтран өмчлөх эрхтэй аливаа бусад хүмүүсийн талаар мэдэх боломжгүй бөгөөд энэ байдлыг шалгах шаардлагагүй юм.  

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2., 128.3.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ,  маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.Баярмаа, Д.Түдэвдорж нарыг тогтоосноор нэхэмжлэлийн шаардлагаас хальж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчжээ. Хариуцагч Д.Түдэвдоржийг тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь ч гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Түдэвдорж болон Ч.Батдэлгэр нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа Ч.Батдэлгэрийн хувьд зөвхөн Д.Түдэвдорж өмчлөгчөөр бүртгэлтэй байсан тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3.-т зааснаар хэлцэл хийх эрхтэй байсан гэж дүгнэсэн нь утга агуулгын зөрчилтэй болжээ. Худалдах-худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн бол уг гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгчтэй байгуулсан нь зөв гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагаварт хамааруулан дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Нэхэмжлэгч Б.Баярмаа үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг, өөрийгөө хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч, улмаар бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг зааглан ялгаагүй, нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.       

Дээрх үндэслэлээр хариуцагч Ч.Батдэлгэрийн өмгөөлөгч, хариуцагч Д.Түдэвдорж болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх тухай гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.Баярмаа нь хариуцагчийг гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн гэж үзвэл өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4.-т зааснаар шаардах эрхтэй болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/05913 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1939 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4., 128 дугаар зүйлийн 128.3.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай “Шинэ Сухант” дэлгүүрийн барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох Д.Түдэвдоржид холбогдох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарт холбогдох Б.Баярмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ч.Батдэлгэрээс төлсөн 216 475 төгрөгийг, хариуцагч Д.Түдэвдоржоос төлсөн 216 475 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН