Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 5913

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ДЗ67050108 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг,  13 дугаар хороолол 163 дугаар байрны, 13 тоотод оршин суух, Дамбил овогт Балъянжавын Баярмаа,

            Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ДЮ96070116 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо,  13 дугаар хороолол 163 дугаар байрны, 13 тоотод оршин суух, Боржигин овогт Түдэвдоржийн Дөлгөөн,

            Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ДЮ91093033 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг,  25 дугаар хороо, 13 дугаар хороолол 163 дугаар байрны, 13 тоотод оршин суух, Боржигин овогт Түдэвдоржийн Билгүүн нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Монгол улсын иргэн ДЮ68121510 регистрийн дугаартай, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 4 дүгээр баг, Харзат, 2 дугаар байр 1-18 тоотод оршин суух, Жалайрчо овогт Чинбатын Батдэлгэр,

            Хариуцагч: Монгол улсын иргэн ДЮ69081017 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг,  25 дугаар хороо, 13 дугаар хороолол 163 дугаар байрны, 13 тоотод оршин суух, Боржигин овогт Даваажавын Түдэвдоржид холболдох,

            Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, Н.Тайван, хариуцагч Д.Түдэвдорж, түүний өмгөөлөгч Б.Мянган, хариуцагч Ч.Батдэлгэрийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярмаа, Т.Дөлгөөн, Т.Билгүүн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Иргэн Б.Баярмаа нөхөр Д.Түдэвдоржтой 1991 оны 10 дугаар сарын 21-ны өдөр гэр бүл болж хамртан амьдраад 23 жил болж байна. Энэ хугацаанд 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр том хүү Т.Билгүүн, 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бага хүү Т.Дөлгөөн нар төрж 2 хүүтэй болсон ба гэр бүлээрээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр улсын бүртгэлийн №0518000308, регисрийн №2634589 дугаартай, “Сухант” ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, Харзат багийн 16,17 дугаар байрны дунд “Сухант” нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг байсан. 2008 онд Т.Баярмаа  би авто осолд орж, нуруундаа бэртэл авсаны улмаас хэвтэрт орсон бөгөөд удаан хугацаагаар Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болсон. 2009 оны 07 дугаар сард манай гэр бүлийн хуримтлалын мөнгөөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай 150м х 150 м хэмжээтэй 2 давхар барилга бариулж “Шинэ Сухант” дэлгүүр гэж нэрлэн2009 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулсан. Энэ барилгыг ашиглалтанд оронгуут нөхөр бид 2 улсын бүртгэлд бичиг баримт бүрдүүлж хамт нотариатч дээр ороход Д.Түвдэндорж уг барилгыг нэг хүний өмч хэмээн гэрчлүүлэхээр хэлэхэд нь би “Яагаад нэг хүний өмч байдаг юм бэ? Ам бүл дөрвүүлээ байж” гэтэл Д.Түдэвдорж “Зээл авахад амар хялбар байдаг юм” гэж зүтгэсээр зөвхөн өөрийнхөө нэр дээр бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0518001391 дугаартай гэрчилчилгээ авсан болно. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө”-ийг тодорхойлж өгсөн бөгөөд 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хувиарт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн  хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн” гэж заасан бөгөөд 126.2-т “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна” 126.2.1-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө” 126.2.2-т “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө” гэж тус тус заажээ. Иймд Монгол улсын иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2 дэх хэсэгт заасны дагуу Д.Түдэвдоржийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа үйлчилгээний зориулалттай “Шинэ Сухант” дэлгүүрийн барилгыг хамтран өмчлөгчөөр гэр бүлийн гишүүд болох Б.Баярмаа, Т.Билгүүн, Т.Дөлгөөн биднийг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Түдэвдорж болон өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрлах “Шинэ Сухант” дэлгүүрийг 2008 оны 04 сард бариад, 2008 оны 10 сард ашиглалтад оруулаад, 2009 оны 1 сард үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. 2009 оны 01 сарын 15 ны өдөр 000800013 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг гардаж авсан. Тухайн үед Б.Баярмаа хотод амьдарч байсан. Би Говь-Алтай аймагт амьдарч байсан. Үүний дараа 2010 оны 06 сарын 22-ны өдөр барилгаа барьцаанд тавиад 70.000.000 төгрөгийн зээл авч, зээлээ өөрөө төлж 8.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байж байтал Б.Баярмаа чи миний бизнесийг дэмжээд мөнгө зээлүүлээч гэсэн санал тавьсан. Ингээд 2013 оны 07 сард 62.500.000 төгрөгийн зээл нэмж аваад, Б.Баярмаад 50.000.000 төгрөг өгсөн. Би банкны зээлийн хүү болох 2 хувийн хүү тооцож авч байсан. Б.Баярмаа зээлийн хүүг миний хаан банкны 5315229438 тоот данс руу шилжүүлж байсан. Уг төлбөрийг би банкинд төлөөд явж байтал 2014 оны 04 сараас эхлэн Б.Баярмаа зээлээ төлөхөө больсон. Би тухайн үед бизнес эрхэлдэггүй ямар ч орлогогүй байсан учир банкинд зээлээ төлж чадахгүй болж аргаа бараад Б.Баярмаатай очиж уулзахад хохино чи барилгаа банкинд өгөхгүй юу гэж хэлсэн. Ингээд Ч.Батдэлгэртэй очиж уулзаад барилгаа банкинд алдах гэд байна. Чи барилгыг худалдаж ав гэж гуйсан. Ч.Батдэлгэр барилгыг надаас худалдаж авч, өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Намайг шүүхээс дуудаад, би алга болоод санаатай өөр хүний нэр дээр шилжүүлсэн гэсэн нь худал, тийм зүйл байхгүй. Би Увс аймагт замын ажил хийгээд явж байсан. Банкны өр зээлээс болж барилгаа алдаж, өөр хүний нэр дээр шилжүүлсэн болохоос гэр бүлийн бизнесийг нууцаар өөрөө зарж борлуулсан үгүй хийсэн зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч Ч.Батдэлгэр шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Батдэлгэр миний бие иргэн Д.Түдэвдоржоос Сухант-2 үйлчилгээний обьектыг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр худалдаж авсан. Шалтгаан нь Д.Түдэвдорж Хас банкнаас 2013 оны 07 дугаар сарын 25-нд 62 сая төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр зээлж аваад эхнэр Б.Баярмаад 50 сая төгрөгийг өгсөн боловч 2014 оны 4 дүгээр сар хүртэл зээл хүүгээ төлөөд үүнээс хойш төлж чадахгүй байгаа учир уг обьектоо хямд зарахаар боллоо гэж санал тавьсан. Өр зээлэнд ороод Б.Баярмаа 45 сая төгрөгөө, Түдэвдорж 10 сая гаран нийт 55 сая төгрөгөө төлөхгүй бол Хас банк өөрийн барьцаанд уг байшинг авахаар боллоо “хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэж үг бий чи аваадах гээд Түдэвдорж санал болгосон. Банкинд алдсанаас чи авсан нь дээр гээд тэгээд ч чамд ашигтай гээд байсан. Тэгээд би хуулийн дагуу ном дүрмээр нь худалдан авна шүү гэхэд тэгнээ тэгнэ гээд надад зарсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь зөвхөн Түдэвдорж дээр гэрчилгээтэй байсан. Тийм учраас би зөвшөөрч худалдан авсан. Уг барилгын өмчлөгч Баярмаа биш зөвхөн Түдэвдоржийн нэр дээр байсан учир би шударгаар наймаа хийж авсан. Би өөрийн данснаас бүх зээлийг төлж Түдэвдорж Хас банкинд өргүй болсон хойноо эхнэр Баярмаа нь барилга худалдсан гэрээг хүчингүй болгоё гэх эрхгүй гэж бодож байна. Тийм л байсан бол банкны зээлээ төлөөд Баярмаа Түдэвдорж нар асуудлаа зохицуулахгүй одоо эрсдэлгүй болсон учир нийлж луйвардаж байна гэж үзэж байна. Ч.Батдэлгэр, Д.Түдэвдорж нарын хооронд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 55.000.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулагдсан. Худалдах худалдан авах гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Түдэвдорж буюу нэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан, мөн хас банкны барьцаанд байсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч тал 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна. 56.1.1 дэх хэсгийг хэрэглэхийн тулд нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчсөн юм бэ гэсэн асуудал яригдах ёстой. Нэхэмжлэгч талаас иргэний хуулийн 126.1 дэх хэсгийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч 126.1 дэх хэсгийг хэрхэн яаж зөрчсөн талаар баримт байхгүй, нэхэмжлэгч талаас нотолж чадахгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан, мөн хуулийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу Ч.Батдэлгэр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж байгаа. Өөр хүний өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 110.4 т Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан. Мөн Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад  эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7.3, Иргэний хуулийн 183.1 дэх хэсгүүдэд: “Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” гэсэн зохицуулалт бий. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2009 оноос барьцаалж зээл авч байсан талаар  нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа. Үүнээс юу харагдаж байгаа вэ гэхээр Б.Баярмаа нь 2009 оноос эхлэн үл хөдлөх эд хөрөнгө Д.Түдэвдоржийн нэр дээр байсан гэдгийг мэдэж байсан, 2009 оноос хойш бүртгэлийн асуудлын талаар мараагүй, мэтгээгүй нь харагдаж байна. Иймээс Ч.Батдэлгэрийн өмчлөх эрхийг хаах нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийг 2013 оны 06 сард гаргасан. Ингээд хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах гэхэд Д.Түдэвдоржтой холбогдож чадахгүй байсан талаар шүүхэд авагдсан баримтууд дээр тэмдэглэл хийгдсэн байгаа. Ингээд Д.Түдэвдоржийн ээжтэй холбогдоход хөдөө байгаа талаар мэдсэн учир 2014 оны 09 сарын 18-ны өдөр шүүхийн даалгавараар хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан байдаг. Иймээс Д.Түдэвдорж шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд санаатай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Батдэлгэрт шилжүүлсэн гэх тайлбар нь нотлогдохгүй байна.

Нөгөө талаас улсын бүртгэлтэй холбоотой асуудал дээр маргаж, мэтгэжбайсан бол 2009 оноос эхлэн улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх талаар маргах байсан, гэтэл нэхэмжлэл гаргах хүртлээ энэ талаар огт маргаагүй байдаг. Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал буруу тайлбарлаж байгаа учир товчхон тайлбар хэлье. Өмнө нь шийдэгдсэн хэрэг дээр Б.Баярмаа нэхэмжлэлээсээ татгалзаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг шүүх хэрэгсэхгүй болгосон юм. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар мэдүүлгийг үндэслэж, Б.Баярмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Баярмаа, Т.Билгүүн, Т.Дөлгөөн нар нь хариуцагч Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарт холбогдуулан Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Харзат багт байрлах “Шинэ сухант” дэлгүүрийн барилгын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч Д.Түдэвдорж нь 2009 оноос хойш нэхэмжлэгчтэй амьдраагүй, тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч авсан банкны зээлээ төлөөгүй улмаас банкны зээлийг төлөх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

            Хариуцагч Ч.Батдэлгэр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ ганцхан Д.Түдэвдоржийн нэр дээр бүртгэлтэй байсан тул би шудрагаар өмчлөх эрхийг олж авсан  тул худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Баярмаа хариуцагч Д.Түдэвдорж нар нь 1991 оны 10 дугаар сарын 21-ны өдөр гэр бүл болсныг 1991 оны 10 дугаар сарын 21-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 966 дугаарт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 1996 оны 07 дүгээр сарын 01-ны өдөр хүү Т.Дөлгөөн, 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү Т.Билгүүн нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Т.Дөлгөөн, Т.Билгүүн нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Талуудын маргаж буй улсын бүртгэлийн Ү-0518001391 дугаарт бүртгэгдсэн, Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Харзат баг Есөн булаг сумын Засаг даргын тамгын газрын зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай 300 м.кв тайлбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 22-ныг хүртэл хугацаанд Д.Түдэвдорж нь өмчлөгчөөр бүртгэлтэй байсан бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Ч.Батдэлгэрийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 177 дугаар захирамжаар тус сумын Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын зүүн талд байрлах 225 м.кв талбай бүхий газрыг “Сухант” ХХК-нд худалдаа үйлчилгээний зориулалтаар олгогдсон газарт уг үл хөдлөх хөрөнгийг 2009 онд барьж ашиглалтад оруулсан байх бөгөөд “Сухант” ХХК нь “Сухант” нэрээр хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх бөгөөд талууд үүнд маргаагүй.

Хүнс, ундаа, тамхины төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа /согтууруулах ундаа/ худалдах үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан 2634589 регистрийн дугаартай “Сухант” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Б.Баярмаа бүртгэгдсэн байна. /1 дүгээр хавтас, 86-103 дугаар тал/

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна гэж заасан.

Аливаа өмч анхдагч /шинээр эд юмс бий болгосноор/, үүсмэл /гэрээ, хэлцлийн үндсэн дээр/ аргаар үүсдэг бөгөөд талуудын маргаж буй Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Харзат баг Есөн булаг сумын Засаг даргын тамгын газрын зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай 300 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь анхдагч аргаар буюу гэрлэгсдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч нь тухайн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хэний нэр дээр бүртгэгдсэнээс үл хамаарах бөгөөд энэ тохиолдолд бүртгэл үнэн зөв байх зарчимаас илүүтэйгээр өмчлөх эрхийн зарчмыг харгалзан үзэх нь зүйтэй юм.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т дундаа хамтран өмчлөгч нь өмчөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч Д.Түдэвдорж нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр бусдад худалдах эрхтэй байхаар хуулиар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Хуулиар хориглосон зүйлс талуудын хэлцлийн обьект болдоггүй бөгөөд 56.1.1 дэх заалтаар аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон заалтыг зөрчсөн бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох агуулгатай.

Хэдийгээр нэхэмжлэгч нь тус хэлцэл хууль зөрчсөн гэж тодорхойлсон боловч шүүх 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” байна гэж үзэв.

 Иймд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг Засаг даргын Тамгын газрын зүүн талд байрлах Шинэ Сухант үйлчилгээний төвийн барилгын хамтран өмчлөгчөөр Д.Түдэвдорж, Б.Баярмаа нар мөн болохыг тогтоож, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарын хооронд байгуулагдсан “Худалдах худалдан авах” гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Т.Дөлгөөн, Т.Билгүүн нар хариуцагч Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг Засаг даргын Тамгын газрын зүүн талд байрлах Шинэ Сухант үйлчилгээний төвийн барилгын хамтран өмчлөгчөөр Д.Түдэвдорж, Б.Баярмаа нар мөн болохыг тогтоож, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарын хооронд байгуулагдсан “Худалдах худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Дөлгөөн, Т.Билгүүн нар нь хариуцагч Д.Түдэвдорж, Ч.Батдэлгэр нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Баярмаа, Т.Билгүүн, Т.Дөлгөөн нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.469.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Түдэвдоржоос 561.925 төгрөг, хариуцагч Ч.Батдэлгэрээс 216.475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярмаад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.ЭНХЖАРГАЛ